Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00858

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00858

 

 

Д.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/00585 дугаар шийдвэртэй,

Д.Ө-ын нэхэмжлэлтэй

Ч.М-д холбогдох,

Хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар, хариуцагч Ч.М-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.Ө- нь БНХАУ-ын иргэн ЗБ /Z/-тай 2012 онд гэр бүл болсон, гэр бүлийн бизнес хийх зорилгоор Монгол улсад бүртгэлтэй Чинг Хиен Вей Еэ ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн нийт хувьцааны 24 хувийг нөхөр болох ЗБ, 76 хувийг Д.Ө- эзэмшихээр болж, компанийн гүйцэтгэх захирлаар ЗБ томилогдон ажиллаж байсан. Улмаар Чинг Хиен Вей Еэ ХХК нь М ХХК-тай харилцан тохиролцож, тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг худалдан авахаар болсон. Энэхүү ажилд зуучилж тусалсан Ч.М-д баярлаж, талархсаны илэрхийлэл болгон нөхөр ЗБтай ярилцаад өөрийн эзэмшиж буй хувьцааны 50 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхдээ 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан. Чинг Хиен Вей Еэ ХХК нь М ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газарт орших ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг худалдан авсан.

Гэтэл Чинг Хиен Вей Еэ ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Ч.М- нь компанийн худалдан борлуулсан жоншны мөнгийг хувьдаа завших, компанийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулах зэрэг үйлдлийг хийх болсон. Энэ бүх үйлдлүүд нь даамжирч сүүлдээ Чинг Хиен Вей Еэ ХХК-ийг өөрийн болгох, компанийн өмч хөрөнгийг өөртөө авахаар улайрч, энэ хүслээ гүйцэлдүүлэхээр тус компанийн гүйцэтгэх захирал болох ЗБ болон намайг компанийн өмч хөрөнгө завшсан, үрэгдүүлсэн гэсэн асуудлаар 2021 оноос эхлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар зэрэгт өргөдөл гаргаж шалгуулсан. Ч.М-гийн гомдлыг холбогдох газраас шалгаж гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоосон. Бидний хувьд Ч.М-г ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй, компанийн үйл ажиллагааг өргөтгөх, ашиг орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах байх гэж бодсон боловч эсрэгээрээ компанид хохирол учруулсан үйлдэл хийж, биднийг удаа дараа Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа нь намайг ноцтой гомдоож байгаа үйлдэл юм.

Иймд бидний хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.М- Хэнтий аймагт хувиараа жонш олборлож, М ХХК-д худалдаж байсан. М ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, жонш олборлодог, орос эзэнтэй байсан. Тус компани нь үйл ажиллагаа явуулж байх явцдаа Ч.М-д 250,000,000 төгрөгийн өртэй болсон. Ингээд оросууд үйл ажиллагаагаа зогсоож, нутаг буцах болоход дээрх 250,000,000 төгрөгийн асуудал үлдсэн. Ч.М- болон М ХХК хоорондоо тооцоо нийлж, М ХХК нь 250,000,000 төгрөгийн өрөндөө Хэнтий аймгийн Батноров сумын Сэрвэн нэртэй газар байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэхээр санал болгосон. Тусгай зөвшөөрлийг иргэний нэр дээр шилжүүлэх боломжгүй. Энэ үеэр Чинг Хиен Вэй Eэ ХХК-ийн захирал ЗБ Ч.М-тай уулзаж, хамтран ажиллахаар болж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Чинг Хиен Вэй Eэ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой 100 гаруй сая төгрөгийг Чинг Хиен Вэй Eэ ХХК Ч.М-д төлөх, Ч.М- тус компанийн хувьцаа эзэмшигч болохоор, мөн Сүн нэртэй хятад хүн хөрөнгө оруулж, хамт ашиг олохоор тохирсон. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, ЗБгийн эхнэр Ч.Өнөржаргалаас Ч.М-д 50 хувийн хувьцаа шилжин ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл, бидний хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой бусад татварын асуудал байсан учраас бэлэглэл нэрийн дор хувьцаа шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Чинг Хиен Вэй Eэ ХХК-ийн нэр дээр шилжсэн. Харин гэрчилгээ нь М ХХК-ийн нэр дээр байгаа, бид гэрчилгээгээ солиулж авч чадаагүй, харин шилжсэн гэдэг тэмдэглэгээ нь тусгай зөвшөөрлийн хавсралтад бичигдсэн байдаг.

Чинг Хиен Вэй Eэ ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ч.М- болж, бусад гишүүд 24 хувь, 26 хувийг эзэмших болж, 3 гишүүнтэй болж, үйл ажиллагаа явуулахаар болсон. Харин компанийн захирал ЗБ нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.М-д мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, уурхайд олборлолт хийсэн. Тухайн олборлолтоос олсон орлогоо өөрсдөө авсан. Түүнчлэн уурхайд байсан тэсрэх бодис, техник хэрэгслийг надад мэдэгдэлгүй авсан байдаг. Хэрэв компани ямар нэгэн ашиг олох юм бол Ч.М- тухайн ашгийн 50 хувийг авах эрхтэй, алдагдал гарах юм бол 50 хувийн эрсдэлийг үүрэх зарчимтайгаар ажиллах байтал Ч.М-д мэдэгдэлгүйгээр жонш олборлодог байдал үүссэн. Тиймээс тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд цагдаагийн газарт хандаж, шалгуулах эрхийнхээ хүрээнд Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгуулсан нь үнэн. Энэ нь нэхэмжлэгч Д.Ө-ыг ноцтой гомдоосон үйлдэл биш, анхнаасаа Д.Ө-тай ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, нөхөр ЗБтай л харилцаж байсан. Нэхэмжлэгч Д.Ө-тай холбоотой ямар нэгэн гомдол гаргасан, шалгуулсан зүйл байхгүй. Талуудын хооронд хийгдсэн гэрээ бол хэлбэрийн төдий бэлэглэлийн гэрээ байсан болохоос биш бодит байдал дээр тухайн компанийг тусгай зөвшөөрөлтэй болгож хамтарч ажиллахаар болсон асуудал юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар хариуцагч Ч.М-д холбогдох 2017 оны 06 дугаар зүйлийн 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Д.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.а. Шүүх маргааны зүйлийн талаар зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Ч.М- нь компанийн хувьцаа эзэмшигч болсны дараа нэхэмжлэгч өөрийг нь болон нөхөр ЗБг компанийн өмч хөрөнгийг завшсан, компанийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газар тус тус гомдол гаргаж шалгуулсан нь ноцтой гомдоосон хэмээн үзэж Ч.М-тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлййн шаардлагыг гаргасан.

Харин шүүхээс Д.Ө- болон Ч.М- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлыг компанийн дотоод асуудал гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Компанийн тухай хуулиар компанийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, санхүү, хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг гэх мэт асуудлыг зохицуулсан байдаг. Тэгвэл компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд ноцтой гомдоох асуудал иргэний эрх зүйн харилцаанд хамаарах юм.

4.б. Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн. Шүүхээс хариуцагч Ч.М-, нэхэмжлэгч Д.Ө-ын нөхөр БНХАУ-ын иргэн ЗБ нарын хооронд хариу үүргийн шинжтэй аман хэлцлийг үндэслэн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, энэ аман тохиролцоонд нэхэмжлэгч Д.Ө- огт оролцоогүй, түүнчлэн өөрийн эзэмшлийн компанийн хувьцааг хариу төлбөргүйгээр хариуцагч Ч.М-д бэлэглэх хүсэл зориг байгаагүй, компанийн хувьцаа, эрх шилжүүлэхтэй холбоотой татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэл нэртэй гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч Д.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, талуудын маргааны зүйл болох 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр зохицуулахгүй асуудлыг дүгнэсэн.

4.в. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүх мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэлийг дүгнээгүй, зөвхөн Б.Сундуйжавын мэдүүлгийг энэхүү маргаанд ач холбогдолтой гэж дүгнэж, уг мэдүүлгийг үндэслэн Чинг Хиен Вей Еэ ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдсан М ХХК-аас Ч.М-г 250,000,000 төгрөгийг авлагатай байсныг тогтоосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Шүүхээс гэрч Ж.Сандуйжавын дээрх мэдүүлгийн дагуу М ХХК-аас татварын болон санхүүгийн тайлан, Ч.М-н 250,000,000 төгрөгийг авлагыг нотолсон баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: М ХХК-ийн захирал Б.Сандуйжав нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг Чинг Хиен Вей Еэ ХХКшилжүүлж өгсөн. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэлийг Д.Ө- гаргасан болохоос БНХАУ-ын иргэн ЗБ гаргаагүй. ЗБгийн асуудал тусдаа яригдах ёстой. Б.Сандуйжав, Сүн нар хоорондоо тусдаа зүйл ярьж ажил эхлүүлсэн. Тухайн үед Д.Ө- огт оролцоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл нь 10,000 төгрөгийн хувьцааны цаана уурхай байж байгаа. Гэтэл 10,000 төгрөгийн хувьцаа гэж яриад байна. 10,000 төгрөгийн хувьцаа гэж одоо байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй хувьцаа нь өөр үнэлгээтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх талуудын өгсөн нотлох баримтын хэмжээнд зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Ө- нь хариуцагч Ч.М-д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт М ХХК нь Ч.М-д төлбөрийг үүрэгтэй байсан, уг компани нь төлбөртөө тооцож ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Чинг хиен вэй еэ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, Чинг Хиен Вей Еэ ХХК нь тусгай зөвшөөрөл шилжүүлсний үнэ болох хариу төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэх үйл баримтыг тогтоосон байна.

 

Энэ үйл баримт нь гуравдагч этгээд болох БНХАУ-ын иргэн ЗБ, Чинг Хиен Вей Еэ ХХК, М ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байгаа эсэхийг шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.М-, нэхэмжлэгч Д.Ө-ын нөхөр БНХАУ-ын иргэн Зао Ванбоа /Z/ нарын хооронд хийгдсэн гэх амаар байгуулсан хэлцэл, хариуцагч Ч.М- нь М ХХК-аас авлагатай байсан эсэх, тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Чинг хиен вэй еэ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх болсон үндэслэлийг тодруулснаар компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулах хүсэл зориг тодорхой болох учиртай.

 

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул талуудын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдал, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Эдгээр дүгнэлтийг хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан нөхцөлөөр хэргийг хянах шаардлагагүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03401 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА