Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/00807

 

 

 

 

 

 

 

 

        2023      02        16

182/ШШ2023/00807

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 0 дугаар баг, 0 дүгээр байр, Д 16-7 тоот хаягт оршин суух, М овогт Н-ийн А /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Ж гудамж-3, Бодь цамхаг 0 давхарт байрлах, “БД” ХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын гэрээний үүрэг 71,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            1. Нэхэмжлэгч Н.А хариуцагч “БД” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэг 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “БД” ХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ”-г 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний хувийг шүүгч нарт эх хувиар нь хүргүүлснийг хүлээн авсан.

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан хийж байхад хуралдааны танхимд байх микрофон гэнэт хүчтэй чарласнаас болж зүүн чих юм сонсохгүй байсан тул хурлыг тараад шууд аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн.

Ингээд 7 хоног эмчилгээ хийлгэж бүрэн сонсгол ороогүй учир Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч тухайн цаг хугацаанд цар тахлын улмаас Дорноговь аймаг хөл хорио тогтоож аймгийн Онцгой штабаас гарч, орох хөдөлгөөнийг шаардлагатай үед зөвшөөрөл олгодог байсан нөхцөл байдлаас шалтгаалан 5 дугаар сарын 24-ний өдөр 13А маягтаар 1 дүгээр эмнэлэгт очиж эмчийн зааврын дагуу бүхий л шинжилгээ, бичлэгийг хийлгэж эргэж ирээд эмчдээ үзүүлсэн, аймгийн нэгдсэн эмнэлэг байгаа бүх боломжийнхоо хэрээр эмчилгээ хийсэн боловч дээрдээгүй учраас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор оруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосоэ...

... “БД” ХК надаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг шаардсан боловч мөн л цар тахлаас шалтгаалан комисс бүрдэхгүй байна гэсээр 10 дугаар сарын 06-ны өдөр цахимаар хуралдаж, шийдвэрээ надад өгсөн. Уг шийдвэрийг “БД” ХК-д явуулахаар туслахдаа өгсөн ба энэ үед би ээлжийн амралттай ажилдаа очихгүй байх, эмнэлгийн чөлөөтэй байх, зарим тохиолдолд зөвхөн бүрэлдэхүүнд орох байдлаар ажиллаж байсан учраас шийдвэрийг явуулсан гэж итгэж байгаад 11 дүгээр сарын 03-ны өдөр “БД” ХК-тай холбогдоход Д гэх хүн өөрийнхөө цахим хаягийг өгч одоо над руу явуул гэснээр тэр дор нь явуулсан.

Гэтэл үдээс хойш нь миний цахим хаягаар “даатгуулагчид эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч баримтыг ирүүлэгүй байгаа тул нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг уламжилж байна” гэсэн агуулга бүхий 02/471 дугаартай албан тоот ирүүлсэн.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гэрээнд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо миний гомдлыг хянаад “даатгуулагчийн өвчлөлийн түүх нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн архаг явцтай өвчин гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба мөн даатгуулагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор даатгагчид нэмэлт материалыг хүргүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэнэ үү” гэсэн байдаг.

Гэвч надад ямар ч хариу өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандах тухай гэрээний заалт, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болохыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “БД” ХК-ийн менежер гэх эмэгтэйтэй холбогдож мэдсэн...

...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж, танай гаргасан шийдвэрийг биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээ авч даатгалын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 9/541 дугаарт албан тоотоор дахин шийдвэрлэх шаардлагагүй, нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу ирүүлсэн.

Би шүүгчээр 36 жил, прокуророор 4 жил нийт 40 жил хуульчаар ажиллахдаа чихний өвчнөөр болон сонсгол муудах өвчнөөр өвчилж байгаагүй, ер нь энэ өвчнөөр эмнэлэгт хандаж байгаагүй ба сүүлийн 3 жилийн хугацаанд мэдрэлийн судас дарагдаж, нурууны суулт өвчнөөр эмчлүүлж байсан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 9/4410 дугаартай албан бичгээс үзэхэд “БД” ХК нь намайг “даатгуулагчийн өвчлөлийн түүх нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн архаг явцтай өвчин гэж үзсэн” нь юуг үндэслэн эмчлэгч эмчийн өмнөөс үндэслэлгүйгээр дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна.

...Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т “даатгалын эрсдэл” гэдэгт даатгуулагчид хохирол учруулж болохуйц гэрээгээр тохирсон нөхцөл, үйлдэл, орчин, үйл явдлыг, 2.1.5-д “даатгалын тохиолдол” гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 2.1.10-т “гэнэтийн өвчлөл” гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг, Даатгалын зүйл гэж 3.1-т Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл байна, Даатгалын эрсдэл гэж 4.1-т Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцов. 4.1.9-д заасан өвчлөлүүдийг жагсааж хамгийн сүүлд бусад гэнэтийн өвчлөлүүд гэж заасан байна.

Эдгээрээс үзэхэд миний өвчлөл нь хэзээ ч хүлээгдэж байгаагүй, ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэх явцад, техниктэй харьцах үеийн гэнэтийн бусад өвчлөлд хамаарч, хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон, гэрээний 6.3.2-т заасан хугацаанд даатгагчид уг шийдвэрийг хүргүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээний үүргээ даатгуулагчийн хувьд биелүүлсэн.

Миний бие 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “БД” ХК-д өөрийн биеэр очиж нөхөн төлбөрийн газрын захирал Ж.Дтэй уулзахад эвлэрлийн журмаар арбитраар шийдвэрлүүлэх санал тавьсныг татгалзсан. Учир нь маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг хуулиар тогтоосныг зөрчих эрх байхгүй бөгөөд хуульч хүний хувьд хуулиа зөрчих нь ёс зүйд нийцэхгүй гэж үзсэн.

“БД” ХК-ийн зүгээс иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлмээргүй байна, иргэний шүүх нь дандаа шүүгчийнхээ талд шийддэг, цаг хугацааны хувьд анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр дамжсанаас цаг их зарцуулдаг, тэгээд ч таны нөхөн олговрыг олгоход 71,000,000 төгрөг гарах тул хорооныхоо хурлаар хэлэлцүүлж эргээд хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй.

Иймд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “БД” ХК-иас өөрсдийнх нь бодож өгсний дагуу даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөр 71,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

 

            2. Хариуцагч “БД” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухайд нэхэмжлэгч нь “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг “БД” ХК-д явуулахаар туслахдаа өгсөн... явуулсан гэж итгэж байгаад 11 дүгээр сарын 03-ны өдөр “БД” ХК-тай холбогдоход Д гэх хүн өөрийнхөө цахим хаягийг өгч одоо над руу явуул гэснээр тэр дор нь явуулсан. Гэтэл үдээс хойш нь миний цахим хаягаар “даатгуулагчид эмнэлэг ходөлмөрийн магадлах тул нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй байна хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг уламжилж байна гэсэн агуулга бүхий 02/471 дугаартай албан тоот ирүүлсэн” гэж байна.

Гэтэл нэхэмжлэгч нь анх 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаар дамжуулан нөхөн төлбөрийн баримтаа ирүүлсэн бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан гэх боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг ирүүлээгүй.

Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.3-т “Хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн буюу бүрмөсөн алдсан тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр”-ийг даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд бүрдүүлэн өгөхөөр заасан тул даатгагчаас 6 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон комиссын шийдвэрийг ирүүлэхийг даатгуулагчид мэдэгдсэн.

Гэвч даатгуулагчаас холбогдох баримтыг ирүүлээгүй удсан ба энэ хооронд утсаар болон имейлээр баримтаа ирүүлэх талаар сануулж байсан. Ингээд даатгуулагч 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт баримт ирүүлсэн боловч тэдгээр нь 3 нүүр эмчийн тэмдэглэл байсан бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг мөн л ирүүлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр комиссын шийдвэрээ ирүүлэх талаар дахин имейлээр мэдэгдсэн боловч даатгуулагч шаардлагатай баримтыг ирүүлэхгүй байсан тул 11 дүгээр сарын 03-ны өдөр даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн нөхөн төлбөр олгох боломжгүй талаар албан бичиг илгээсэн.

Харин даатгуулагч нь хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтийг 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн ба даатгагч баримтыг судлан хариу өгөхөөс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байсан. Иймд нэхэмжлэгчийн “баримтаа бүрэн бүрдүүлсний дараа баримт дутуу хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзсан” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

            “БД” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар “гэрээнд заасан эрсдэлийн /гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл/ улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал нөхөн төлбөрийг олгох”-оор зохицуулсан.

Тодруулбал, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9, 2.1.10-т “гэнэтийн осол гэж хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гадны шинж чанартай хүчин зүйлийн шууд үр дүнд даатгуулагчийн амь нас болон бие эрхтний гэмтэл, өвчлөлд хүргэх ослыг”, “гэнэтийн өвчлөл” гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг” гэж тус тус тодорхойлсон. Тиймээс гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлөөс бусад архаг хууч өвчинтэй холбоотой аливаа зардалд нөхөн төлбөр олгодоггүй. Нэхэмжлэгч нь “БД” ХК нь намайг “даатгуулагчийн өвчлөлийн түүх нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн архаг явцтай өвчин гэж үзсэн” нь юуг үндэслэн эмчлэгч эмчийн өмнөөс үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна” хэмээн сонсгол алдалтаа гэнэт үүссэн гэж тайлбарлажээ.

Гэвч даатгуулагчаас ирүүлсэн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд “зүүн чихнээс шингэн гарах зовууртай, СТ-д зүүн хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан склероз өөрчлөлттэй ” талаар дурдсан, УНТЭ-ийн эмч Д.У-ын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн тэмдэглэлд Сhronic otitis media AS буюу архаг хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд сонсгол III-IV зэрэгт буурсан нь уг өвчин даатгалын гэрээ эхлэхээс өмнө эхэлсэн байсан ба чанга дуу чимээ нь уг өвчнийг сэдээгч болсон талаарх нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, даатгагч нь дур мэдэн даатгуулагчийн өвчлөлийг архаг хэмээн дүгнэсэн бус даатгуулагчаас ирүүлсэн эмчийн тэмдэглэл, оношид үндэслэн шийдвэр гаргасан.

Даатгагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэг хүлээгээгүй тухайд Нэхэмжлэгч нь “Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандах тухай гэрээний заалт, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй” гэжээ. Санхүүгийн зохицуулах хорооны уг шийдвэр нь заавал биелэгдэх шинжгүй бөгөөд энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 02/642 тоот албан бичгээр мэдэгдсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өвчлөл архаг байсан нь түүний амбулаторийн карт дахь эмчийн тэмдэглэл мөн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоогдсон учраас даатгалын гэрээнд заасан тохиолдол үүссэн гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.07-ны өдөр 512,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

- HIA01C20160007 дугаартай “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” /хх-ийн 6 х/,

- “БД” ХК-ийн 2021.11.03-ны өдрийн “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” 02/471 тоот албан бичиг /хх-ийн 7 х/,

- 2021.11.12-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол /хх-ийн 8-9 х/,

- 2021.12.21-ний өдрийн 9/4410 тоот Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /хх-ийн 10-11 х/,

- 2022.01.19-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан хүсэлт /хх-ийн 12-13 х/,

- 2022.02.18-ны өдрийн 9/541 тоот Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /хх-ийн 14 х/,

- 0496182 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 16 х/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 17 х/,

- Ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 18 х/,

- Диспансерийн хяналтын дэвтэр /хх-ийн 35-38 х/,

- Шинжилгээний баримтууд /хх-ийн 39-42 х/,

- 2021.12.30-ны өдрийн 02/642 тоот “БД” ХК-ийн албан бичиг /хх-ийн 43 х/

- 2021.02.26-ны өдрийн 2021/ШЦТ/31 дугаар Шийтгэх тогтоол /хх-ийн 124-126 х/ зэрэг баримтуудыг,

 

            3.1. Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.04.29-ний өдрийн 01/0375 тоот Ж.Д, Б.Т, Б.Г нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 23 х/,

- Улсын бүртгэлийн 0000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 24 х/,

- 2022.05.27-ны өдрийн 01/0451 тоот Ц.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 50 х/,

- 2022.06.24-ний өдрийн 01/0542 тоот Б.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 69 х/ зэрэг баримтуудыг

 

            3.2. Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022.05.27-ны өдрийн 182/ШЗ2022/07204 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.09.07-ны өдрийн 707 тоот “Шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 85-86 х/,

- 2022.11.29-ний өдрийн 182/ШЗ2022/15332 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023.01.05-ны өдрийн 48 тоот “Шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 114-116 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            “БД” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “БД” ХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан хийж байхад шүүх хуралдааны танхимд байх микрофон гэнэт хүчтэй чарласнаас болж зүүн чих юм сонсохгүй байсан... талуудын хооронд 2020.12.22-ны өдөр байгуулсан Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан даатгалын тохиолдол буюу эрсдэл үүссэн учраас нөхөн төлбөрт /хариуцагчийн бодож өгснөөр/ 71,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.12.20-ны өдрийн Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын HIA01C20160007 дугаартай гэрээ /хх-ийн 6 х/, 2021.11.12-нд Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол /хх-ийн 8-9 х/, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.02.18-ны өдрийн 9/541 тоот /хх-ийн 14 х/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0496182 дугаартай акт /хх-ийн 16 х/, Диспансерийн хяналтын дэвтэр /хх-ийн 35-38 х/, 2021.05.24-ний өдрийн “Ай ти мед дүрс оношлогооны төв”-ийн комьпютерт томографийн шинжилгээний хариу /хх-ийн 39-42 х/, Бодь даатгалаас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2021.12.30-ны өдрийн 02/642 тоот /хх-ийн 43 х/,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022.09.07-ны өдрийн 707 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86 х/, 2023.01.05-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-116 х/, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Н.А нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байх хугацаандаа “БД” ХК-тай 2020.12.20-ны өдөр “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын HIA01C20160007 дугаартай гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулжээ.

 

Энэхүү гэрээгээр талууд даатгалын зүйл, орчин, эрсдэл, тохиолдол буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Тодруулбал дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т “даатгалын эрсдэл” гэдэгт даатгуулагчид хохирол учруулж болохуйц гэрээгээр тохирсон нөхцөл, үйлдэл, орчин, үйл явдлыг,

2.1.5-д “даатгалын тохиолдол” гэдэгт даатгуулагчийн амь, нас эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг,

2.1.10-т “гэнэтийн өвчлөл” гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг,

2.1.11-т “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх” гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхлэх, албан томилолтоор ажиллах, ажлын байрандаа амрах, ажилдаа ирэх, буцах замд аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байх үед болон шүүхээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцох эсхүл тэдгээртэй адилтгах бүхий л ажлуудыг хамруулан ойлгоно,

4.1-д “Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцов”. Үүнд:

4.1.1-4.1.8 хүртэл Байгалийн эрсдэл, Ахуйн эрсдэл, ... Техниктэй харьцах үеийн эрсдэл, Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй ... эрсдэлүүдийг,

4.1.9-д Гэнэтийн өвчлөл: “Мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг үрэвслийн сэдрэлт”, “Гэдэсний хурц түгжрэл, хоол боловсруулах эрхтэний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочимог шигдээс, тархины цусан хангамж багасах, тархины судасны хатуурал, тархины хаван үүсэх, үе мөчний бүх төрлийн өвчин, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого, хордлогын халдвар”, “Хүн малын гоц халдварт болон халдварт өвчин”, “Бусад гэнэтийн өвчлөлтүүд”-ийг даатгалын эрсдэлд тооцохоор тодорхойлсон байна. /хх-ийн 6 х/

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас эрүүл мэнд ... байна гэж, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэжээ.

 

Хууль болон гэрээний дээрх заалтуудаас үзвэл шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад даатгалын эрсдэлд хамаарах хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндэд нь хохирол учирсан, үүнээс шалтгаалж ажил үүргээ гүйцэтгээгүй бол даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх үүсэхээр байна.

 

Даатгалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь нөхөн төлбөр авахаар 2021.06.23-нд “БД” ХК-д хандаж өргөдлөө өгснийг хариуцагч хүлээн аваад 2021.11.03-ны өдөр 02/471 тоот албан бичгээр “...даатгалын гэрээ, холбогдох баримт бичгийг судлан үзэхэд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна...” гэсэн хариуг хүргүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх хариуг аваад 2021.11.12, 2022.01.19-нд тус тус Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2022.02.18-ны өдрийн 9/541 тоот албан бичгээр “...хорооны 222 оны 9/4410 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн тул дахин хянах шаардлагагүй болно. ...даатгалын гэрээний болон нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэжээ.

 

Талууд даатгалын гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд харин гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.9-ийн “Бусад гэнэтийн өвчлөлтүүд” гэх даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар маргасан.

 

Шүүх гэрээний утгыг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан шаардлагад нийцдэг.

 

Гэнэтийн өвчлөл гэж архаг хууч өвчин болон түүний сэдрэлтээс бусад, өмнө нь оношлогдож байгаагүй, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэнэтийн хурц өвчлөлтийг хэлэх бөгөөд дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т “гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь 2021.02.26-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн шүүх хуралдаан хийж байхад хуралдааны танхимд байх микрофон гэнэт хүчтэй чарласнаас болж зүүн чих нь сонсохоо больсоны улмаас эмнэлгийн байгууллагад хандсан гэх тайлбар нь Диспансерийн хяналтын дэвтрийн бичилтүүд, Н90.6 дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн хоёр талын холимог оношоор ердийн өвчний жагсаалтын 1-6-1 ХЗ заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 59 хувиар тогтоосон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тус тус тогтоогдож байгаа хэдий ч шинжээчийн дүгнэлтүүдээр талуудын байгуулсан гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал: Шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар, хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээчээр 2 удаа томилсон.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.09.07-ны өдрийн 707 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Нэг удаагийн дуу авианы хэлбэлзлээс /микрофоны гэнэт чанга дуугарах/ болж дуу хүлээн авах болон дамжуулах хэлбэрийн хоёр талын холимог сонсгол бууралт үүсэхгүй, удаан хугацааны нөлөөлөлөөс сонсгол бууралт үүсч болно.

2. Н.Ад зүүн чихний архаг үрэвсэл, хоёр чихний мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүссэн байх ба эдгээр эмгэг өөрчлөлт нь архаг эмгэг процесс байна. Халдвар, үрэвсэл, гэмтэл насжилт, эрхтэн системийн эмгэгүүд зэрэг олон шалтгаанаар сонсгол бууралт үүсэх  тул Н.Ад үүссэн сонсгол бууралтын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй /хх-ийн 85-86 х/ гэж,

 

2023.01.05-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Гэмтэл бүр нь өөр өөрийн онцлог, эдгэрэлтийн явцаасаа шалтгаалан хугацаа нь өөр, өөр байдаг. Эдгэрэлтийн үедээ байгаа гэмтлийг хуучин гэж үзнэ. Анагаах ухааны шинжлэх ухаанд гэмтэл үүссэнээс хойш 14-21 хоногийн дараанаас нөхөн төлжилт үүсэж эхэлдэг гэж үздэг тул шинэ гэмтлийг 14-21 хоногийг хуучин гэмтлийн ангилалд ордог болно.

2. Өвчний цочмог үе нь өнгөрч, өвчний явц, эдгэрэл, нөхөн төлжилт зэрэг явагдаж байгаа үеийг архаг өвчин гэдэг. Мөн архаг өвчин гэдэг нь 3 сараас дээш хугацаанд тухайн эмгэгээр өвдсөн тохиолдолд архаг эмгэг гэж үзнэ.

3. Иргэн Н.Агийн эрүүл мэнд хяналтын дэвтэр болон бусад бичиг (2021.02 сараас хойш хийгдсэн сонсголын бичлэгүүдийг үндэслэн) баримтуудыг үндэслэн сонсголын бууралтын түвшинг ДЭМБ-н ангилалаар баруун чихний сонсголын түвшинг мэдрэл-мэдрэхүйн 2-р зэрэгтэй, зүүн чихний сонсголын түвшинг холимог хэлбэрийн 3-р зэрэгтэй бууралттай байна гэж үзлээ.

4. Дан ганц микрофоны чанга дуу нь зүүн чихний хэнгэргэн хальсанд сорвижилт үүсгэн сонсгол бууруулахгүй гэжээ. /хх-ийн 114-116 х/

 

Дээрх дүгнэлтүүдээр нэг удаагийн дуу авианы хэлбэлзлээс /микрофоны гэнэт чанга дуугарах/ болж зүүн чихний хэнгэргэн хальсанд сорвижилт үүсч, дуу хүлээн авах болон дамжуулах хэлбэрийн хоёр талын холимог сонсгол бууралт үүсэхгүй болох нь тогтоогдсон учраас даатгалын гэрээний 8.2.1-д зааснаар даатгуулагч нөхөн төлбөр шаардах эрхгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч “БД” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэг 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            Мөн нэхэмжлэгч Н.Агаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 7, 10-11, 15, 44-46, хариуцагч “БД” ХК-иас нотлох баримтаар өгсөн 128-130 дугаар хуудсанд тус тус авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаах хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.  Талууд дээрх баримтуудыг гаргуулах болон үзлэг хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар хариуцагч “БД” ХК-д холбогдох даатгалын гэрээний үүрэг 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Х.ДАШДЭЧМАА