Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00731

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00731

 

 

 

**********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00807 дугаар шийдвэртэй,

**********гийн нэхэмжлэлтэй, ***********-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 71,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *********** нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний хувийг шүүгч нарт эх хувиар нь хүргүүлснийг хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан хийж байхад танхимд байх микрофон гэнэт хүчтэй дуугарснаас болж зүүн чих юм сонсохгүй байсан тул хурлыг тараад шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн.

Ингээд 7 хоног эмчилгээ хийлгэж бүрэн сонсгол ороогүй учир Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч Дорноговь аймагт хөл хорио тогтоож, гарч, ороход шаардлагатай үед зөвшөөрөл олгодог байснаас шалтгаалан 05 дугаар сарын 24-ний өдөр 13А маягтаар 1 дүгээр эмнэлэгт очиж эмчийн зааврын дагуу бүхий л шинжилгээ, бичлэгийг хийлгэж эргэж ирээд эмчдээ үзүүлсэн, аймгийн нэгдсэн эмнэлэг байгаа бүх боломжийнхоо хэрээр эмчилгээ хийсэн боловч дээрдээгүй, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор оруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон.

*********** нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг шаардсан боловч мөн л цар тахлаас шалтгаалан комисс бүрдэхгүй байна гэсээр 10 дугаар сарын 06-ны өдөр цахимаар хуралдаж, шийдвэрээ өгсөн. Уг шийдвэрийг ***********-д явуулахаар туслахдаа өгсөн ба энэ үед би ээлжийн амралттай ажилдаа очихгүй байх, эмнэлгийн чөлөөтэй байх, зарим тохиолдолд зөвхөн шүүх бүрэлдэхүүнд орох байдлаар ажиллаж байсан учраас шийдвэрийг явуулсан гэж итгээд 11 дүгээр сарын 03-ны өдөр ***********-тай холбогдоход н.Даваасүрэн гэх хүн өөрийнхөө цахим хаягийг өгч одоо над руу явуул гэснээр тэр дор нь явуулсан.

Гэтэл үдээс хойш нь нэхэмжлэгчийн цахим хаягаар даатгуулагчид эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч баримтыг ирүүлээгүй тул нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.7-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг уламжилж байна гэсэн агуулга бүхий 02/471 дугаартай албан тоот ирүүлсэн.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хянаад даатгуулагчийн өвчлөлийн түүх нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн архаг явцтай өвчин гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба мөн даатгуулагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор даатгагчид нэмэлт материалыг хүргүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэнэ үү гэсэн байдаг.

Гэвч ямар ч хариу өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандах тухай гэрээний заалт, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болохыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ***********-ийн менежер гэх эмэгтэйтэй холбогдож мэдсэн...

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж, тус хорооны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээ авч даатгалын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 9/541 дугаарт албан тоотоор дахин шийдвэрлэх шаардлагагүй, нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь шүүгчээр 36 жил, прокуророор 4 жил нийт 40 жил хуульчаар ажиллахдаа чихний өвчнөөр болон сонсгол муудах өвчнөөр өвчилж байгаагүй, ер нь энэ өвчнөөр эмнэлэгт хандаж байгаагүй ба сүүлийн 3 жилийн хугацаанд мэдрэлийн судас дарагдаж, нурууны суулт өвчнөөр эмчлүүлж байсан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 9/4410 дугаартай албан бичгээс үзэхэд *********** нь даатгуулагчийн өвчлөлийн түүх нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн архаг явцтай өвчин гэж эмчлэгч эмчийн өмнөөс үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т даатгалын эрсдэл гэдэгт даатгуулагчид хохирол учруулж болохуйц гэрээгээр тохирсон нөхцөл, үйлдэл, орчин, үйл явдлыг, 2.1.5-д даатгалын тохиолдол гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 2.1.10-т гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг, Даатгалын зүйл гэж 3.1-т Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл байна, Даатгалын эрсдэл гэж 4.1-т Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцов. 4.1.9-д заасан өвчлөлүүдийг жагсааж хамгийн сүүлд бусад гэнэтийн өвчлөлүүд гэж заасан байна.

Эдгээрээс үзэхэд хэзээ ч хүлээгдэж байгаагүй, ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэх явцад, техниктэй харьцах үеийн гэнэтийн бусад өвчлөлд хамаарч, хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон, гэрээний 6.3.2-т заасан хугацаанд даатгагчид уг шийдвэрийг хүргүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээний үүргээ даатгуулагчийн хувьд биелүүлсэн.

Улмаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ***********-д өөрийн биеэр очиж нөхөн төлбөрийн газрын захирал Ж.Даваасүрэнтэй уулзахад эвлэрлийн журмаар арбитраар шийдвэрлүүлэх санал тавьсныг татгалзсан. Учир нь маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг хуулиар тогтоосныг зөрчих эрх байхгүй бөгөөд хуульч хүний хувьд хуулиа зөрчих нь ёс зүйд нийцэхгүй гэж үзсэн.

***********-ийн зүгээс иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлмээргүй байна, иргэний шүүх нь дандаа шүүгчийнхээ талд шийддэг, цаг хугацааны хувьд анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр дамжсанаас цаг их зарцуулдаг, тэгээд ч таны нөхөн олговрыг олгоход 71,000,000 төгрөг гарах тул хорооныхоо хурлаар хэлэлцүүлж эргээд хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй.

Иймд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ***********-иас өөрсдийнх нь бодож өгсний дагуу даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөр 71,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь анх 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаар дамжуулан нөхөн төлбөрийн баримтаа ирүүлсэн бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан гэх боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг ирүүлээгүй.

Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.3-т Хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн буюу бүр мөсөн алдсан тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэхэд бүрдүүлэн өгөхөөр заасан тул даатгагчаас 6 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон комиссын шийдвэрийг ирүүлэхийг даатгуулагчид мэдэгдсэн.

Гэвч даатгуулагчаас холбогдох баримтыг ирүүлээгүй удсан ба энэ хооронд утсаар болон и-мейлээр баримтаа ирүүлэх талаар сануулж байсан. Ингээд даатгуулагч 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт баримт ирүүлсэн боловч тэдгээр нь 3 нүүр эмчийн тэмдэглэл байсан бөгөөд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг мөн л ирүүлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр комиссын шийдвэрээ ирүүлэх талаар дахин и-мейлээр мэдэгдсэн боловч даатгуулагч шаардлагатай баримтыг ирүүлэхгүй байсан тул 11 дүгээр сарын 03-ны өдөр даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн нөхөн төлбөр олгох боломжгүй талаар албан бичиг илгээсэн.

Харин даатгуулагч нь Хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтийг 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн ба даатгагч баримтыг судлан хариу өгөхөөс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байсан. Иймд нэхэмжлэгчийн баримтаа бүрэн бүрдүүлсний дараа баримт дутуу хэмээн нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

*********** нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар гэрээнд заасан эрсдэлийн /гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл/ улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал нөхөн төлбөрийг олгохоор зохицуулсан.

Тодруулбал, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9, 2.1.10-т гэнэтийн осол гэж хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гадны шинж чанартай хүчин зүйлийн шууд үр дүнд даатгуулагчийн амь нас болон бие эрхтний гэмтэл, өвчлөлд хүргэх ослыг, гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг гэж тус тус тодорхойлсон. Тиймээс гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлөөс бусад архаг хууч өвчинтэй холбоотой аливаа зардалд нөхөн төлбөр олгодоггүй.

Даатгуулагчаас ирүүлсэн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд зүүн чихнээс шингэн гарах зовуурьтай, СТ-д зүүн хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан склероз өөрчлөлттэй талаар дурдсан, УНТЭ-ийн эмч Д.Уянгын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эмчийн тэмдэглэлд Сhronic otitis media AS буюу архаг хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд сонсгол III-IV зэрэгт буурсан нь уг өвчин даатгалын гэрээ эхлэхээс өмнө эхэлсэн байсан ба чанга дуу чимээ нь уг өвчнийг сэдээгч болсон талаарх нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, даатгагч нь дур мэдэн даатгуулагчийн өвчлөлийг архаг хэмээн дүгнэсэн бус даатгуулагчаас ирүүлсэн эмчийн тэмдэглэл, оношинд үндэслэн шийдвэр гаргасан.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь заавал биелэгдэх шинжгүй бөгөөд энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 02/642 тоот албан бичгээр мэдэгдсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар хариуцагч ***********-д холбогдох даатгалын гэрээний үүрэг 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээний 4.1-д Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцов. Үүнд: гээд байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл, техниктэй харьцах үеийн эрсдэл, ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд, гуравдагч этгээдээс учруулах эрсдэл, бусдад хорлогдох, зодуулах, буу, хутга, мэс зэрэг зэвсэгт болон гадны дайралтад өртөх зэрэг эрсдэл, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн, гэнэтийн өвчлөл гэж нэрлэн зааж, 4.1.9-д гэнэтийн өвчлөлийг нэрлэн заасны зэрэгцээ үүнээс бусад гэнэтийн өвчлөлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцжээ.

Гэрээний утга нь нэрлэн зааснаас бусад гэнэтийн өвчлөлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор талууд тохиролцсон гэж ойлгогдохоор байна.

Шүүх гэрээний шууд утгыг анхаараагүй, гэрээний ямар нөхцөл, ямар агуулгатай харьцуулсан нь тодорхойгүй, энэ нь хуульд хэрхэн нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Гэрээний 2.1.10-т "гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгоно" гэж тодорхойлжээ гэсэн дүгнэлт хийсэн.

Эх сурвалж нь тодорхойгүй, эмчийн мэдлэг мэргэжил шаардлагатай асуудалд "гэнэтийн өвчлөл гэж архаг хууч өвчин болон түүний сэдрэлтээс бусад, өмнө нь оношлогдож байгаагүй, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэнэтийн хурц өвчлөлтийг хэлэх бөгөөд" хэмээн дүгнэсэн нь хууль зөрчсөн, нотлох баримтад тулгуурлаагүй, нэг талыг баримтлан, хариуцагчийн татгалзлыг дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон.

Сонсгол гэнэт буурсан нь архаг хууч өвчтэй байсан нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, эсхүл сонсгол бууралтын архаг өвчтэй байгаад тэр нь сэдэрсэн болох нь ямар нотлох баримтаар нотлогдсон эсэх, сонсгол буурна гэдгийг урьдчилан таамаглах боломжтой байсан эсэх, өмнө нь сонсгол бууралт өвчнөөр оношлогдож байсан ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй.

Гэрээний 2.1.10-т гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгоно гэж заасан. Өөрийгөө сонсгол бууралттай болно гэж хэзээ ч хүлээж байгаагүй, 59 хувиар хөдөлмөрийн чадвараа алдаж, шүүхийн тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болсон.

Хариуцагч талын хүсэлтээр дахин шинжээч томилоход би өөрийн биеэр шинжээч нарт үзүүлж, өвчтөний картаа эх хувиар нь шалгуулахад урьд нь сонсгол болон чихний өвчний талаар үзүүлж байсан ямар ч бичилт байгаагүй.

Шүүх хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд анагаахын шинжлэх ухаанд шинэ өвчнийг 14-21 хоногийн дараагаас эхлэн хуучин эмгэг гэж үзэхийн зэрэгцээ мөн 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол архаг өвчин гэж үздэг болохыг тогтоосон байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь миний өвчин үүссэнээс хойш 21 хоногоос дээш 3 сарын дараа гэсэн 2-р шатны эмнэлгийн эмч нарын онош, шинжилгээний баримтуудыг үндэслэсэн ба эдгээр нь цаг хугацааны хувьд хуучин, архаг өвчинд тооцогдсон үе хамаарч байгааг шүүх анхаарч үзээгүй. Шинжээчийн дүгнэлтээр дан ганц микрофоны чанга дуунаас сонсгол буурах боломжгүй гэх боловч сонсгол бууралтын шалтгааныг тогтоох боломжгүй гэж үзсэн нь хоёрдмол утгатай ба энэ талаар хариуцагчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд зөвхөн микрофоны чанга дуунаас сонсгол буурах боломжгүй гэсэн атлаа шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн хоёрдмол утгатай байгааг шүүх анхаараагүй.

Сонсгол буурсан даруйд мэргэжлийн эмчид хандсан нотлох баримт болох өвчтөний карт хэрэгт авагдсан бөгөөд анх үзсэн эмч сонсгол бууралт гэсэн онош бичсэнийг шүүх яагаад үнэлээгүй болохоо дүгнээгүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Жаргалхүү 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/15 дугаартай албан тоотдоо: Захирамжийн 4-р асуултын хувьд чанга дуу, чимээний хүч, Давтамжаас хамааран ямар ч хэлбэрийн сонсгол бууралт үүсгэж болох бөгөөд энэ нь өвчний түүх, шалтгаан (дууны хүч, хэмжээ), эмнэлзүйн олон хүчин зүйлсийн шалтгаантай болохыг хүлээн авна уу. гэсэн нь мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар сонсголын гэнэт бууралтад олон хүчин зүйл нөлөөлдөг болох нь давхар нотлогдож байна.

Миний өвчний карт нь 2006 онд анх нээгдсэн бөгөөд энэхүү картад урьд нь чихний болон сонсголын талаар өвчилж байсан, эмчилгээ хийлгэж байсан гэх эмнэлзүйн болон эмчийн ямар ч бичилт байхгүй байгаа нь энэ өвчнөөр оношлогдож байгаагүйг нотолж байна.

Шүүх хавтаст хэргийн 15-д авагдсан Бодь даатгал компанид эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0496182 дугаартай шийдвэрийг и-мейл хаягаар явуулсныг нотлох баримтаар үнэлээгүй гэжээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0496182 дугаартай шийдвэр нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.2-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосноос хойш 30 өдрийн дотор явуулах үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн үед цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар явуулснаа цахим хаягаасаа шууд гаргаж нотлох баримтаар өгсөн, үүнийг хариуцагч тал татгалзаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа харин даатгуулагч нь хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтийг 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн ба даатгагч баримтыг судлан хариу өгөхөөс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байсан" гэсэн нь 11 дүгээр сарын 04-ний өдөр баримтыг хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй байхад нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн гэж үзэж байна.

Шүүх нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын үнэлэмжийг нягт нямбай, тал бүрээс нь шинжлэн судлаагүйн зэрэгцээ Даатгалын гэрээний 8.2.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн үед ажлын 5 өдрийн дотор даатгагчид мэдэгдэх, энэ хугацаанд мэдэгдэх боломжгүй байсан бол түүнийг нотолсон баримт, материалыг авчрах гэсэн даатгалын гэрээ байгуулагчийн эрхийг тодорхойлсон зүйл заалтыг баримтлан даатгуулагч нөхөн төлбөр шаардах эрхгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нь сонсгол бууралтыг гэрээнээс өмнө үүссэн гэх нотлох баримт гаргаагүй.

Сонсгол бууралт нь гэрээнээс өмнө үүссэн архаг хууч өвчин байсан гэх нөхцөл байдал дүгнэлтээр тогтоогдоогүй.

0101100041248 дугаартай даатгалын гэрээ нь "Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ" гэж субъектын хувьд жирийн иргэнтэй байгуулсан гэрээнээс өөр бөгөөд зөвхөн шүүгч, Ерөнхий шүүгчийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл байхаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д тодорхойлон байна. Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан бусад гэнэтийн өвчлөл үүссэн нь 4.1-д заасан үндсэн эрсдэлд тооцогдоно гэж үзэж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн, нэг бүрчлэн хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэг тал нь шүүгч байгаа учраас иргэнтэй байгуулсан гэрээ биш гэх тайлбарыг ойлгохгүй байна. Даатгалын байгуулсан гэрээ нь гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлтэй холбоотой даатгалын гэрээ юм. Гэрээний ямар эрсдэл байх гэдэгт байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал ахуй, мал амьтны нөлөөллөөр үүсэх зэрэг 4.1.9-д гэнэтийн өвчлөл гэж заасан. Үүнд бүх эрсдэлийг жагсаах боломжгүй. Жишээ нь мухар олгой, цус харвалт, хоол боловсруулах эрхтний түгжрэл, татаж унах, харвалт зэрэг эрсдэлүүдийг заасан. Даатгалын тохиолдолд мухар олгой, таталт уналт байсан бол үгийн шууд утгыг хэрэглэж, гэрээг хэрэглэж болно. Маргааны зүйл нь 1 удаагийн дуу авианы хэлбэлзэл нь чихний 2 талын өөрчлөлтийг, баруун чих хоёрдугаар түвшний, зүүн чих 3 дугаар түвшин хүртэл сонсгол бууралт үүсэх эсэх байгаа учраас нэхэмжлэгч бусад гэнэтийн өвчлөлд хамаарна гэж үзсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ***********-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 71,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч даатгалын тохиолдол үүсээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ********** нь ***********-тай 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын HIA01C20160007 дугаартай гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ.

Талууд гэрээний 2.1.4-т даатгалын эрсдэл гэдэгт даатгуулагчид хохирол учруулж болохуйц гэрээгээр тохирсон нөхцөл, үйлдэл, орчин, үйл явдлыг, 2.1.5-д даатгалын тохиолдол гэдэгт даатгуулагчийн амь, нас эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 2.1.10-т гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг, 4.1.1-4.1.8-д байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, техниктэй харьцах үеийн эрсдэл зэргийг тодорхойлжээ.

Мөн талууд гэрээний 4.1.9-д гэнэтийн өвчлөлийн тохиолдлуудыг нээлттэй жагсаалтаар тодорхойлсон байна. /хх6/

2.б. Нэхэмжлэгч ********** нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн шүүх хуралдаан хийж байхад танхимд байх микрофон гэнэт хүчтэй дуугарснаас зүүн чих нь сонсохоо больсон, эмнэлгийн байгууллагад хандсан, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 59 хувиар тогтоосон, гэнэтийн өвчлөл буюу даатгалын тохиолдол бий болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр авахаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ***********-д хандаахад хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 02/471 тоот албан бичгээр даатгалын гэрээ, холбогдох баримт бичгийг судлан үзэхэд нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ.

2.в. Нэхэмжлэгч нь дээрх хариуг аваад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус тус Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Уг хорооноос 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 9/541 тоот албан бичгээр хариу өгчээ.

 

3. Зохигч даатгалын тохиолдол буй болсон эсэх, гэрээнд заасан гэнэтийн өвчлөлд нэхэмжлэгчийн тохиолдол хамаарах эсэхэд маргажээ.

3.а.Нэхэмжлэгч ********** нь сонсгол буурсан шалтгаанаар эмнэлгийн байгууллагуудад хандсан. Диспансерийн хяналтын дэвтрийн бичилтүүд, Н90,6 дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн хоёр талын холимог оношоор ердийн өвчний жагсаалтын 1-6-1 ХЗ заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 59 хувиар тогтоосон акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар, хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан. /хх/

3.б.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 707 тоот шинжээчийн дүгнэлтэд ...нэг удаагийн дуу авианы хэлбэлзлээс /микрофоны гэнэт чанга дуугарах/ болж дуу хүлээн авах болон дамжуулах хэлбэрийн хоёр талын холимог сонсгол бууралт үүсэхгүй, удаан хугацааны нөлөөллөөс сонсгол бууралт үүсэж болно. ...**********д зүүн чихний архаг үрэвсэл, хоёр чихний мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүссэн байх ба эдгээр эмгэг өөрчлөлт нь архаг эмгэг процесс байна. Халдвар, үрэвсэл, гэмтэл насжилт, эрхтэн системийн эмгэгүүд зэрэг олон шалтгаанаар сонсгол бууралт үүсэх тул **********д үүссэн сонсгол бууралтын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ. /хх85-86/

Мөн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлтэд ...**********гийн эрүүл мэнд хяналтын дэвтэр болон бусад бичиг (2021 оны 2 дугаар сараас хойш хийгдсэн сонсголын бичлэгүүдийг үндэслэн) баримтуудыг үндэслэн сонсголын бууралтын түвшинг ДЭМБ-н ангиллаар баруун чихний сонсголын түвшинг мэдрэл-мэдрэхүйн 2-р зэрэгтэй, зүүн чихний сонсголын түвшинг холимог хэлбэрийн 3-р зэрэгтэй бууралттай байна гэж үзлээ. ...Дан ганц микрофоны чанга дуу нь зүүн чихний хэнгэргэн хальсанд сорвижилт үүсгэн сонсгол бууруулахгүй гэжээ. /хх114-116/

Тусгай мэдлэг шаардагдсан асуудлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох бөгөөд нэхэмжлэгчийн өвчин нь гэнэтийн өвчлөл гэх ангилалд хамаарахгүй, дан ганц микрофоны чанга дуу нь зүүн чихний хэнгэргэн хальсанд сорвижилт үүсгэн сонсгол бууруулахгүй гэж шинжээчид үзсэнийг анхан шатны шүүхээс гэрээний заалттай харьцуулан зөв дүгнэжээ.

Талууд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т гэнэтийн өвчлөл гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг ойлгоно гэж тодорхойлжээ.

Шинжээч **********д зүүн чихний архаг үрэвсэл, хоёр чихний мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүссэн байх ба эдгээр эмгэг өөрчлөлт нь архаг эмгэг процесс байна гэж дүгнэснийг үгүйсгэх баримтууд хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүхээс даатгалын гэрээний 8.2.1-д зааснаар даатгуулагч нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний заалт буруу тайлбарласан, нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй талаар гомдол гаргасан.

Анхан шатны шүүх гэнэтийн өвчлөл гэх ойлголт, шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын акт, зохигчийн тайлбарыг зөв харьцуулан дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2 дахь хэсэгт тус тус зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн өвчин нь даатгалын тохиолдолд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/00807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД