Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0460

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ё*******ын Ш*******, 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******, 

Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н*******,

Гуравдагч этгээд: С*******ийн Г*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А*******,

Маргааны төрөл: Гомдол гаргагчид оногдуулсан шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Ё.Ш*******, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, гуравдагч этгээд С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ё.Ш*******ээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Бд холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б нь тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/304 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул эрх залгамжлагчаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг тогтоосон боловч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Нийслэл дэх Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбогдуулан дахин эрх залгамжлагчаар Хотын стандарт, хяналтын газрыг тогтоосон.

Гэвч газрын харилцааны чиг үүргийн хяналтын улсын байцаагчдыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хяналтын хэлтэст шилжүүлсэн талаар Хотын стандарт, хяналтын газраас мэдэгдсэний дагуу уг хэргийн хариуцагчийн эрх залгамжлагчаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг тогтоожээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийг үндэслэн Ё.Ш*******т Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж 31/1 хаягт байрлах нэгж талбарын 14******* дугаартай 480 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Иргэн С.Г*******  Ё.Ш******* олгогдсон газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар ашиглаж байгаа эсэхэд шалгалт хийлгэхээр гаргасан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн огноотой хүсэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-02/285 дугаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б нь Ё.Ш*******т холбогдуулан нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газар ашигласан гэх зөрчилд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн 2202000097 дугаар хэргийг нээж,  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэлийг оногдуулж, өөрийн эзэмшил газрын баруун, урд, зүүн талд байрлах нийтийн эзэмшлийн зам, талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчлөө арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлжээ.

3. Гомдол гаргагч дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргахад шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2022/4645 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, дахин 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргажээ.

4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: 

Миний өмчлөлийн газрын зүүн талд иргэн С.Г******* нь /дундуур нь зам, дулааны шугам явсан болно/ 800 м.кв газар эзэмшдэг ба 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30x10 харьцаатай зоорьтой, 2 давхар барилга барихаар Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектор төлөвлөлтийн даалгавар гарсан нь иргэн миний өмчлөлийн эд хөрөнгөд ноцтой хор уршиг учирч, миний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрх хөндөгдөж, Монгол Улсын хууль дүрэм, норм зөрчигдөх нөхцөл байдал үүссэн юм. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр миний өмчлөлийн барилгын консолын хэсгийг албадан буулгахаас сэргийлж, Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон нотлох баримт шалгуулах эрх сэргэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх юм. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектураар батлуулан барилгын ажлаа эхлүүлж 2010 оны 12 дугаар сард дуусгасан. Яг зураг төслийн дагуу баригдсан бөгөөд ямар нэн өөрчлөлт ороогүй. 2010 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 26 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс хүлээн авсан.

Комиссын гишүүн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газрын харилцаа холбооны улсын ахлах байцаагч Д.Б нь барилгыг хүлээн авахдаа газрын ямар нэгэн зөрчилгүй гэж хүлээн авах талаар саналаа өгсөн байдаг.” гэв.

6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барьсан барилгын зөрчлийг хэрхэн арилгах талаар эрх бүхий албан тушаалтны даалгаварт байхгүй байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Нийслэлийн Засаг даргад хандах ёстой гэж тайлбар хэлж байсан. Зөрчлийг хэрхэн арилгах талаар нарийвчлан зааж өгөх ёстой. Зөрчлийг огт байхгүй гэж бид хэлээгүй. Гэхдээ Зөрчлийн тухай хууль хэрэгжихээс өмнөх үйл явдал юм. Монгол Улсын үл хөдлөхийн гэрчилгээтэй, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектураар батлуулсан зургийн дагуу баригдсан, улсын комисс хуралдаж хүлээн авсан барилга юм. Зөрчилд буруутай этгээд хэн бэ гэвэл төрийн албан хаагч өөрсдөө буруутай. Улсын комисс хүлээж авахдаа зөрчилтэй гэж үзсэн бол зөрчлийг бид арилгах боломжтой байсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д зааснаар үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байхад хэн нэгний гомдол хүсэлтээр төрийн байгууллага ажиллагаа хийсэнд гомдолтой байна. 

Зөрчлийн тухай хуульд гомдол, мэдээлэл гаргавал зөрчлийн хэрэг үүсгэж шалгах ёстой байдаг. Гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч зөрчил гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Энэ зөрчлийг хэрхэн арилгах нь тодорхойгүй байгааг шүүх харгалзан үзнэ үү. Зөрчлийн тухай хууль хэрэгжихээс 6 жилийн өмнө уг барилгыг улсын комисс хүлээн авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарчихсан. Зөрчлийн хууль хэрэгжсэний дараа барилгад ямар ч өөрчлөлт оруулаагүй. Улсын комисс хүлээн авснаас хойш хэвээр байгаа гэдгийг дахин тодотгож хэлье. Зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудас болон даалгавар ойлгомжгүй, үндэслэлгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим алдагдсан. 11 жилийн өмнө комиссын гишүүн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин газрын харилцаа холбооны улсын ахлах байцаагч Д.Б нь газрын маргаан байхгүй гээд хүлээн авсан байхад 11 жилийн дараа хэн нэгний гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэлийн хуудас гарсан нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа тооцдог. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дуусаад аль хэдийн 10 жил болсон. Зөрчлийг хэрхэн арилгах вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ зөрчлийг иргэн Ё.Ш******* гаргаагүй. Ерөнхий архитектурч, улсын комисст ажилласан албан хаагчдын үйлдлээс хойш энэ зөрчил бий болоогүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.” гэв. 

       7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Шалгалтаар газар эзэмшигч Ё.Ш******* нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газрын хил заагаас хэтрүүлэн өөрийн эзэмшил газрын зүүн талд хаалт, хашлага байршуулсан, баруун хойд талд хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдийг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил үйлдсэн байх болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Илэрсэн зөрчлийг иргэн Ё.Ш*******т мэдэгдэхэд хүлээн зөвшөөрөөгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн прокурорын нэгдсэн бүртгэлийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 220200097 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн хянан шалгах ажиллагааг эхлүүлэхэд геодезийн тусгай зөвшөөрөлтэй “О” ХХК-ийн хийсэн хяналтын хэмжилтээр баруун хойд талаар 1.67 метр, баруун урд талаар 1.39 метр, зүүн урд талаар 1.55 метр тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан болох нь тогтоогдсон тул оролцогч нараас тайлбар мэдүүлгийг авч, нотлох баримтын үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтын дагуу 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай хугацаатай даалгаврыг хүргүүлсэн.

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/111 дүгээр албан бичгээр хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтээр иргэн Ё.Ш*******ийн барьсан барилга нь 31 м.кв, 62 м.кв, шат 28 м.кв талбайгаар өөрийн эзэмшлийн нэгж талбарын 14******* дугаартай газраас илүү гарсан байна гэжээ.

Иймд улсын байцаагч Э.Бын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ё.Ш*******т оногдуулсан 0034303 дугаартай торгуулийн шийтгэл болон “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай" даалгаврыг хэвээр үлдээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргаж өгнө үү." гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар гэдэг нь зөвхөн хөрс шороог хэлэхгүй. Зөрчлийн тухай хуулиар илүү гарсан хэмжээгээр торгуулийн арга хэмжээ авч албан даалгавар гарсан. Албан даалгаварт зөрчлийг арилгах хугацааг зааж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10-д эрх бүхий албан хаагчийн зөвшөөрөлгүй газар ашигласан гэдэг заалтыг баримталсан. Зөрчлийг арилгах албан шаардлагад дурдсаны дагуу обьектыг буулгавал зөрчил арилна. Нэгэнт баригдсан барилгыг хэрхэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал. Нөхцөл байдлаа тайлбарлаж Нийслэлийн Засаг даргад хүсэлт өгөх эрх бий.” гэв.

9. Гуравдагч этгээд татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“Миний бие Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ******* тоотын оршин суугч билээ. Иргэний үүргээ биелүүлж Ё.Ш*******ийн зөрчлийг эрх бүхий байгууллагад мэдээлсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн шалгалт хийж нотолж арга хэмжээ авсан байдаг.

Иймд хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Ё.Ш*******ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль зөрчсөн үйлдлээ бусдад тохож өөрсдөө зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Б байцаагч зургаа өгөөрэй гэж бичсэн байсан. Өгчихсөн байсан бол 11 жилийн өмнө гомдол гаргагчийн зөрчил илэрхий болох байсан. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.“Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.”Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”, 1.1.”хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” гэж заажээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан С.Г*******оос гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-02/285 дугаар удирдамжаар Ё.Ш*******ийн өөрийн эзэмших эрх бүхий газраа эзэмшиж байгаа байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд нийцсэн байна.

  1. Гомдол гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Ё.Ш*******т Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж 31/1 хаягт байрлах нэгж талбарын 14******* дугаартай 480 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг ашигласан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан “О” ХХК-ийн хэмжилт хийсэн зураг, тус компанийн зөвлөх инженер Б.Даас авсан гэрчийн мэдүүлэг болон шүүхээс томилогдсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/67 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. 

3. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б нь Ё.Ш*******ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. 

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.“Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1.“шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;”, 47 дугаар зүйлийн 47.1.“Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шинжээчийн зардлыг гомдол гаргагчаас гаргуулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Ё.Ш*******ээс гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар Геодезийн хэмжилтийн ажлын шинжээчийн дүгнэлттэй холбоотой 1,886,663 төгрөгийн зардлыг гомдол гаргагч Ё.Ш*******ээс гаргуулан тус шүүхийн Төрийн сан дахь дансанд нөхөн төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН