Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02686

 

 

 

 

 

                           

 

 

                                      

       2023      09        05 

                       181/ШШ2023/02686

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, Т ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод байрлах М ХХК /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 242,253,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А,

Гэрчээр З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний зэгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 242,253,884 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Т ХХК нь М ХХК-ийн 13875 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд геологийн судалгааны зориулалтаар 600 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үүнтэй холбоотойгоор керний геологийн бичиглэл, баримтжуулалт, дээжлэлт, керн зүсэх ажлуудыг хийж гүйцэтгэхээр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр,

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших 13875 дугаар лицензтэй талбайд 300 тууш метр, 3 цооног өрөмдөж, суултын яндан ф219 мм ган хоолой суулгахаар харилцан тохиролцож Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ-г М ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр,

Т ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг ковшийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй уурхай дээр ажиллуулж түрээслүүлэхээр Ковш түрээслэх гэрээ-г М ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулсан.

Нэг. Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд:

Талуудын байгуулсан “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д Гүйцэтгэх ажлын нийт хөлс 780,000,000 төгрөг, өрмийн тээврийн зардалд 3,500,000 төгрөг байхаар, 3.2-д Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 хонгийн дотор урьдчилгаа 10 хувь буюу 78,000,000 төгрөгийг тээврийн зардал 3,500,000 төгрөгийн хамт гүйцэтгэгчийн Хасбанкин дахь 5002360854 тоот харилцах дансанд төлөхөөр тус тус харилцан тохиролсон боловч захиалагч нь гэрээнд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй элдэв шалтгаан хэлэн хойшлуулсаар байсан.

Гэвч Т ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өрмийн ангиа төслийн талбайд аваачиж, өрмийн ажлаа эхлүүлсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-ийн Ерөнхий геологич, Уурхайн даргын удирдлаган дор гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан боловч гэрээний 3.1-д заасан ажлын хөлсөө Захиалагч хугаацаандаа төлөөгүй учраас цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гүйцэтгэгчийн хувьд хийсэн ажлаа Захиалагчид хүлээлгэн өгөн тооцоо нийлж, ажлын хөлсөө гэрээнд заасан хугацаанд өгөхийг тухай бүрт шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй.

Талуудын хооронд байгуулсан 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиалагчийн шаардлагыг хангасан ажлыг гүйцэтгэгчээс хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй гэж заасан байхад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болно.

Дээрх Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 1 дүгээр зүйлйн 1.1-д заасан ажлаас нийт 1060 тууш метр өрөмдлөг хийсэн буюу 137,800,000+3,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэнээс 13,248,058 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авч 128,051,942 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёр. Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд:

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ”-нии 1 дүгээр зүйлийн 1.3-д Нэг тууш метрийн үнэ 300 000 /гурван зуун мянган/ төгрөг, гэрээний нийт үнэ 90,000,000 /ерэн сая/ төгрөг болно, 4 дүгээр зүйлийн 4.1.Талууд гэрээг байгуулсны дараагаар гүйцэтгэгч тал ажлаа эхлэхэд бэлэн болсныг албан ёсоор мэдэгдмэгц захиалагч нь гүйцэтгэгчид тээврийн зардал болон нийт ажлын төлбөрөөс урьдчилгаа 30% буюу 27,000,000 төгрөгийг төлнө. гэж тус тус харилцан тохиролцсон.

Манай байгууллагын хувьд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасан өрөмдлөгийн ажлаа эхлүүлж 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлыг дуусгасан.

Гүйцэтгэгчийн зүгээс хийсэн ажлаа Захиалагч талд албан ёсоор хүлээлгэн өгч тооцоо нийлэн холбогдох ажлын хөлсөө авахыг хүссэн боловч Захиалагч нь ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ нэн дариу биелүүлэхийг удаа дараа шахаж шаардсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагад өгөх төлбөр тооцооны актыг гарган өгсөн байдагч энэ нь тооцооны илт зөрүүтэй байдаг.

Дээрх гэрээний дагуу манай байгууллага 254 тууш метр өрөмдлөг хийж, 3 цооног суулгаж нийт 76,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцтгэснээс 25,748,058 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авч 50,451,942 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гурав: 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/07/05 дугаар Ковш түрээслэх гэрээн-ий хувьд:

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Гэрээний зорилго: Түрээслэгч нь түрээслүүлэгч талын Ковшийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр бодон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй уурхай дээр ажиллаж /1 өдрийн 16 цагаас дээш/ бүтээгдэхүүнийг ачих болон бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.” гэж харилцан тохиролцсон.

Түрээслүүлэгч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн Ковшийг Түрээслүүлэгч талд хүлээлгэн өгсөн бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сарын хугацаанд ковшийг түрээслэсэн болно. Энэ хугацаан дахь түрээсийн төлбөрийг тооцон үзвэл 80,000,000 төгрөг болж байна.

Ковш түрээслэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэхүү гэрээний дагуу түрээслэгч нь түрээслэгчид 1 сарын 20,000,000 төгрөгийг сарын эцсийн өдөр төлнө...” гэж заасан байдаг боловч Түрээслэгч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээсийн төлбөрөөс 16,250,000 төгрөгийн төлбөрийг төлж 63,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 128,051,942 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөр 50,451,942 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/07/05 дугаар “Ковш түрээслэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөр 63,750,000 төгрөг, нийт 242,253,884 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК-аас манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Манай компани 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр “Номин-Ус” ХХК-тай “Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат өрөмдлөх ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж байсан ба тухайн цаг үед өөр компаниар өрөмдлөгийн ажил хийх гэрээ байгуулж байгаагүй болно. “Номин-Ус” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр болох 223,820,000 /хоёр зуун хорин гурван сая найман зуун хорин мянган/ төгрөгийг төлж барагдуулж тооцоо дууссан байдаг.

Харин “Номин-Ус” ХХК-ийн захирал З.Мөнхсайхан манай компанид өөрийн найз “Т” ХХК-ний молдокийг түрээсэлж байсан ба түрээсийн төлбөр 13,151,795 /арван гурван сая нэг зуун тавин нэгэн мянга таван зуун наян/ төгрөгийг тухайн үед шилжүүлж байсан, өөр төлбөр тооцоо “Номин-Ус” ХХК болон “Т” ХХК-тай байхгүй.

Ямар нотлох баримт үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлд 3 гэрээг дурьдаж нотлох баримтаар хавсаргасан гэсэн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна, энэ талаар манай компани холбогдох хуулийн байгууллагад хандах болно.

Тухайн үед Номин-Ус ХХК-ийн захирал З.Мөнхсайханы гуйлтаар Т ХХК-ийн захирал А.Нармандахын ятгалтаар банкнаас зээл авч өрөм авах гэсэн юм, гэрээ байгуулсан байх шаардлагатай байна гэж хуурамчаар гэрээг М ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Амарсайхан нь ерөнхий захирал Х.Энхсайханд мэдэгдэлгүй байгуулсан гэдэг. Үүнтэй холбоотой тайлбар болон нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө.

Иймд Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.                                                      

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 1,369,220 төгрөг төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Б, Н.А нарт олгосон итгэмжлэл, 2018.04.28-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018.04.28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ, 2018.07.24-ний өдрийн 2018/07/05 дугаартай Ковш түрээслэх гэрээ, М ХХК-ийн 2019.05.15-ны өдрийн 01/00272 тоот, 2019.05.08-ны 01/00260 тоот албан бичгүүд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019.10.22-ны өдрийн 2279 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, А.Нармандахын Хаан банк дахь 5034635152 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Х.Нямдоржид олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрмийн хуулбар, Б.Батгэрэлд олгосон итгэмжлэл, М ХХК-ийн “Номин-Ус” ХХК-ийн З.Мөнхсайхан нарын хооронд тооцоо нийлсэн баримт, М ХХК-ийн “Номин-Ус” ХХК-ийн төлбөрийн баримт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Б.Амарсайханыг гэрчээр асуусан тэмдэглэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хэрэг бүртгэлтийн 190903050 дугаартай хэрэгт А.Нармандах, Б.Амарсайхан, З.Мөнхсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Хаан банк ХХК-ийн 2022.05.27-ны өдрийн 29/3729 тоот албан бичиг, З.Мөнхсайханыг гэрчээр асуусан тэмдэглэл, Т ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, З.Мөнхсайханы Хаанбанк дахь 5024549275 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, З.Мөнхсайханы Худалдаа хөгжлийн банк дахь 423001590 тоот дансны хуулга авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 128,051,942 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу төлөх төлбөр 50,451,942 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/07/05 дугаар Ковш түрээслэх гэрээ-ний дагуу төлөх төлбөр 63,750,000 төгрөг, нийт 242,253,884 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Манай компани 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Номин-Ус ХХК-тай Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат өрөмдлөг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тухайн үед өөр компантай өрөмдлөгийн ажил хийх гэрээ байгуулаагүй, Номин-Ус ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр 223,820,000 төгрөгийг төлж барагдуулсан, захирал З.Мөнхсайхан нь манай компанид өөрийн найз Т ХХК-ийн молдокийг түрээсэлсэн ба түрээсийн төлбөр 13,151,795 төгрөгийг шилжүүлсэн, төлбөр тооцоо байхгүй, ямар нотлох баримт үндэслэж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна, нэхэмжлэлд 3 гэрээг дурьдаж нотлох баримтаар хавсаргасан нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна, энэ талаар манай компани холбогдох хуулийн байгууллагад хандах тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх 2021.08.16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, энэ өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хугацаа дууссан байтал хариуцагч тал татгалзлын үндэслэлээ бичгийн баримтаар нотлоогүй, тус 3 гэрээг хуурамчаар үйлдсэн, холбогдох хуулийн байгууллагад хандана гэж тайлбарласан боловч хандсан талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.   

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1.Нэг талаас М ХХК /захиалагч/, нөгөө талаас Т ХХК /гүйцэтгэгч/ нар гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу 13875 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологийн судалгааны зориулалтаар 6,000 тууш.м баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх ба үүнтэй холбоотой керний геологийн бичиглэл, баримтжуулалт, дээжлэлт, керн зүсэх ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх, ...ажлыг гүйцэтгэгчээс хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүргийг хүлээн харилцан тохиролцож, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний үнийн дүн ...HQ хэмжээгээр дунджаар 300м гүнтэй, 20 цооног, нийт 6,000 т/м өрөмдлөгийн үнэ 130,000 төгрөг ба нийт 780,000,000 төгрөг байхаар заасны дагуу Т ХХК 2018.05.04-ний өдөр өрмийн ангиа төслийн талбайд аваачиж, өрмийн ажлаа эхлүүлж, 2019.09.01-ний өдрийг хүртэл М ХХК-ийн геологич, уурхайн даргын удирдлага дор ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч байсан боловч гэрээний 3.1-д заасан ажлын хөлсөө Захиалагч хугацаанд нь төлөөгүйн улмаас ажлыг үргэлжүүлэх боломжгүй болсон, гэрээнд заасан нийт 1060 тууш метр өрөмдлөг хийсэн буюу 137,800,000+3,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс 13,248,058 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж тодорхойлсон ба хэрэгт тус гэрээ /хх-8-10/, А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсанаар уг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 128,051,942 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлон нэхэмжлэлээр шаардсан.

2.Мөн зохигч талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу Т ХХК нь 254 тууш метр өрөмдлөг хийж, 3 цооног суулгасан нийт 76,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснээс М ХХК 25,748,058 төгрөгийн ажлын хөлс төлсөн гэж тодорхойлсон бөгөөд энэ талаархи гэрээ /хх-11-12/, А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсанаар уг үйл баримт тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Энэхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 50,451,942 төгрөгийг хариуцагчийг төлөөгүй гэж тодорхойлж, нэхэмжлэлээр шаардсан.

3.Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ковш түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр түрээслэгч М ХХК нь түрээслүүлэгч Т ХХК-ийн ковшийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр төлбөрийг сарын эцсийн өдөр төлөхөөр харилцан тохиролцож, 2021.07.24-ний өдөр өөрийн өмчлөлийн ковшийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгсөн, 2018.11.24-нийг хүртлэх нийт 4 сарын хугацаанд түрээсэлсэн, гэрээний 3.1-д заасныг биелүүлээгүй түрээсийн төлбөрөөс 16,250,000 төгрөг төлсөн гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт гэрээ /хх-13/, А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсанаар энэхүү үйл баримт тогтоогдож байна.

Тус гэрээнд зааснаар 1 сарын 20,000,000 төгрөг х 4 сарын хугацаагаар түрээслэсэн тул нийт 80,000,000 төгрөг төлөхөөс 63,750,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээр тус тус 3 гэрээний үүрэгт нийтдээ /128,051,942+50,451,942+63,750,000/ 242,253,884 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулахаар шаарджээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч тал маргаж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ө.Амарсайханыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаад, гэрч Б.Амарсайханаас мэдүүлэг авахад: “..2014 оны 03 сараас гэрээгээр М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан, Номин-ус ХХК-тай 2018.03.29-ний өдөр Дорноговь аймгийн Алтанбулаг суманд үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдлөг ажил гүйцэтгэх гэрээг хийж байсан. Номин-ус ХХК-ийн захирал З.Мөнхсайхан Т ХХК-ийн захирал А.Нармандахыг дагуулж ирж манайх өрмийн машин авсан өр зээлээ барагдуулж чадахгүй байна. Т ХХК-тай Номин-ус ХХК-ийн гэрээгээ шинэчлээд хийгээд өгөөч зээл авах гэсэн юм гэсэн тул би энэ гэрээг итгэлцэл дээр хийсэн. Номин-ус ХХК нь манай компаниас гэрээний мөнгөө авсан, Т ХХК манайд ямарч ажил хийгээгүй. Т ХХК-тай ковш түрээслэх гэрээг 2018.07.24-ний өдөр хийсэн...гэжээ./хх-34-37/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрчээр Номин Ус ХХК-ийн захирал З.Мөнхсайханыг асуулгах хүсэлтийг 2022.05.10-ны өдрийн 181/ШЗ2022/06396 дугаар захирамжаар хангасан ба гэрчээр асуугдсан З.Мөнхсайханы мэдүүлэгт: ...манайх Номин-ус ХХК, би Т ХХК дээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан. А.Нармандах захирал зээл авах, цааш үргэлжүүлэн М ХХК-тай үйл ажиллагаа явуулах зорилгоор Т ХХК-ийг түүнд шилжүүлсэн. Өрмийн компани урьдчилгаа санхүүжилт авч байж ажилладаг, өрөм авах зорилгоор зээл авсан, Зээл авч өрөм худалдаж аваад М ХХК-ийн ажил руу орно гэсэн, М ХХК-тай гэрээ байгуулна гэж байсан. Номин-ус ХХК ажлаа хийсэн, Т ХХК, Номин-ус ХХК хоёр тусдаа гэрээтэй ажиллаж байсан. Номин-ус ХХК усны чиглэлээр дагнасан, Т ХХК нь хайгуулын ажил гүйцэтгэдэг, А.Нармандахад би ажил олж өгсний хувьд тодорхой хэдэн төгрөг өгчөөрэй гэсэн зүйл ярьсан. А.Нармандахын дансаар Номин-ус ХХК-ийн тусгай зөвшөөрлийн зардал, бусад зардлыг авч байгаагүй. А.Нармандах Т ХХК, М ХХК-тай ковш түрээслэх гэрээний талаар ярьж байсныг мэдэж байна. Нөгөө хоёр гэрээний талаар бөөн хэрүүл болж байсан, сайн санахгүй байна. Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг би дамжуулж авсан зүйл байхгүй. М ХХК-аас би зөвхөн усны ажлын төлбөрийг авсан, 200,000,000 гаруй төгрөг авсан зүйл байхгүй, тийм ажил гүйцэтгээгүй. Манай компанийг тэнд ажил гүйцэтгэж байхад Т ХХК буюу А.Нармандах захиралтай компани тэнд ажиллаж байсан. Би А.Нармандахтай хамт сэлбэг хүргэж өгч байсан гэжээ. /хх-102, 104-105, 143-148/

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр З.Аг оролцуулж мэдүүлэг авахад: ...Би Т ХХК-ийн захирал А.Нармандахын эхнэр нь юм. Т ХХК нь М ХХК-ийн ажлыг хийхийн тулд өрмийн машин худалдаж авах хэрэгтэй болсон. Өрмийн машиныг худалдаж авахын тулд зээл авах хэрэгтэй байсан учраас би нагац ахынхаа байрыг зээлд нь тавьж нэг ёсондоо мөнгө авч өгөөд өрмийнхөө машиныг аваад М ХХК-ийн Хатанбогд суманд байгаа ажлын талбай руу явуулсан. Би айлын байрыг алдахгүйн тулд энэ хүмүүс ажлаа хийж байна уу, яаж хийж байна, зээлээ төлж байна уу гэдэг дээр хяналт тавихын тулд оролцоод хянаж явна гэдгээ илэрхийлээд тухайн үеэс эхлээд би ажилд нь оролцож эхэлсэн. Хайгуулын өрөмдлөгийн ажил хийнэ гээд гэрээ байгуулсан. Ковш түрээсэлнэ гээд 4 сарын хугацаатай гэрээ байгуулсныг мэдэж байна. М ХХК намайг очиж уулзахад өгсөн тэр санхүүгийнхээ тооцоолол дээр 3 сараар түрээслүүлсэн гэж өөрсдөө үзсэн байдаг. Манайх гэрээн дээрээ 4 сар гэсэн байгаа. Ажлын явцад тэнд ажиллаж байсан хүмүүс 1000 гаруй метр өрөмдсөн гэж ярьдаг, М ХХК 600 орчим метр өрөмдсөн гэж манайх руу тооцоо явуулсан байдаг. Ямар ч байсан эхлээд газар өрөмдөж байгаа учраас газраас гарч байгаа шорооны дээжийг Улаанбаатарт авчраад тийм ажлуудыг би нөхрийнхөө хажууд суугаад хамт яваад шорооны дээжийг шинжлүүлэх, эрдэс бодисын хэмжээ ямар хэмжээтэй байгааг тодорхойлоод шинжилгээнд оруулж байсан.  М ХХК ажлын гүйцэтгэлийнхээ мөнгийг өгөөгүй учраас Т ХХК тал мөнгийг нь төлөөд худалдаад авсан өрмийн машиныг хураалгахад хүрсэн. Тэгээд байхад М ХХК мөнгө өгөхгүй байсаар байгаад бид нар өрмийн машиныг хураалгасан. Өрмийн машиныг өрмийн машин зарсан компани өөрсдөө М ХХК-ийн ажлын талбай дээрээс очиж авсан. Би хадам ээжийнхээ байрыг ахынхаа байртай хоёуланг нь банканд тавиад М ХХК-ийн алжыг өрмийн машиныг аваад хийсэн. Голомт банкнаас танайх мөнгөө өгөхгүй бол байрыг чинь дуудлага худалдаанд оруулна тэгнэ ингэнэ гээд банкны зүгээс дарамтуудаа үзүүлж байсан. Тэгээд би М ХХК дээр өөрийн биеэр очиж уулзаад захирал Б.Амарсайхан болон тэр үед байсан санхүүгийн албаны дарга гээд нэг залуу хоёртой уулзсан. Тэр хоёртой уулзаад бид нар мөнгөө төлөхгүй бол болохгүй байна, танайх мөнгөө өгөөч бид нар банкныхаа байр савыг солимоор байна гэхэд надад энэ баримтыг гаргаж өгөхөд нь би гарын үсэг зураагүй. Захирал Б.Амарсайхан өөрөө танайх ийм ажил хийсэн ингэсэн тэгсэн гээд гарын үсгээ зураад өгсөн. Гэвч дээд талд нь Номин ус ХХК З.Мөнхсайхан гээд бичсэн байгаа. Гэтэл Номин ус ХХК-тай хийсэн өрөмдлөгийн гэрээ байхгүй. Т ХХК-тай гэрээ хийгээд түүний дагуу бүх зүйлд нь би оролцоод ажиллаад явж байсан. Хэрвээ намайг очиход Т ХХК-тай гэрээ хийгээгүй, ажлаа хийлгүүлээгүй юм бол надад миний нэрийг бичээд санхүүгийн энэ тооцооны хуудсыг гаргаж өгөх ямар ч шаардлага М ХХК-д байхгүй байсан. Ажил хийж байгаа шүү гэдгийг бид нар мэдэж байгаа учраас надад санхүүгийн энэ хуудсыг гаргаж өгөөд чи хүлээж авсан, тооцоо нийлсэн гээд гарын үсэг зураад үүнийг ав, танайд одоо далан хэдэн сая төгрөг олгоно гэж хэлсэн. Гэтэл бид нарын тооцооллоор өөр үнийн дүн байсан учраас би энэ баримтыг нь аваад гарын үсэг зурахгүй, өөр тооцоо байгаа гэж хэлээд гараад явсан. Мөн тухайн үед манайх одоо тийм өдрийн дотор Т ХХК-ийн ажлын хөлсийг өгөх хүртэл байрыг нь шүүх рүү шилжүүлэхгүйгээр түр зуур хүлээж байна уу гэсэн албан бичгийг Голомт банканд М ХХК-ийн захирал н.Амарсайхан өөрийнхөө гарын үсэгтэй хийж өгсөн байдаг. Энэ цаасыг би өөрөө очиж авсан учраас мэдэж байна...гэжээ.               

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үнэлээд шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх 2/хоёр/, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар ковш түрээслүүлэх 1/нэг/ гэрээ, нийт 3/гурван/ гэрээ байгуулагдсан, байхад хариуцагч тал эдгээр 3/гурван гэрээг байгуулаагүй, гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан боловч, маргаж буй татгалзлаа бичгийн баримтаар нотлоогүй тул шүүх эдгээр 3 гэрээг байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр, харин гэрээний нэг тал болох М ХХК хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тус гэрээнүүд цуцлагдсан болох нь тогтоогдож байна.

1.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д заасан 6,000 тууш.м гэснээс 1060 тууш метр өрөмдлөг хийсэн буюу /1060х130,000/ 137,800,000 төгрөг, 3.2-т ...нэмж тээврийн зардал 3,500,000 төгрөгийг төлнө гэж зааснаар нийт 141,300,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байтал, хариуцагч М ХХК уг ажлын үр дүнг хүлээн авсны улмаас ажлын хөлсөнд нэхэмжлэгч компанийн захирал А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот дансанд 2018.07.30-ны өдөр 5163189051 тоот данснаас 15:05 цагт, “ЕВ-худгийн өрөмдлөгийн урьдчилгаа” гэсэн агуулгаар 10,000,000 төгрөгийг, 2018.10.05-ны өдөр 5037134141 тоот данснаас 17:03 цагт, “Nak Monlaa” гэсэн агуулгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаархи баримт хэрэгт авагдсан байх тул 20,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг энэ гэрээний ажлын хөлсөнд 13,248,058 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч хэдийд, хичнээн төгрөгөөр 13,248,058 төгрөгийг төлсөн болохыг тодорхойлж чадаагүй. /хх-66, 71/

2.Мөн талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасан 300 тууш/метр ба суултын яндан Ф 219 мм ган хоолой суулгахаас 254 тууш метр өрөмдлөг хийж, 3 цооног суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн ба гэрээний 1.3-т нэг тууш метрийн үнэ 300,000 төгрөг байхаар тохирсон тул х 254 = 76,200,000 төгрөгийг төлөх ёстойгоос 25,748,058 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч хэдийд, хичнээн төгрөгөөр хэрхэн төлснийг тодорхойлж чадаагүй учир хэрэгт авагдсан хариуцагч талаас нэхэмжлэгч компаний захирал А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот дансанд 2018.09.06-ны өдөр 5598099397 тоот данснаас 18:50 цагт, “М ххк PVC хоолой 188 метр” гэсэн агуулгаар 4,935,000 төгрөгийг /хх-68/, 2018.10.11-ний өдөр 5024549275 тоот данснаас 10:12 цагт, “Моnlа nsk” гэсэн агуулгаар 10,000,000 төгрөгийг, 2018.10.15-ны өдөр 5021175277 тоот данснаас 20:15 цагт, “М ХХК-с Номин ХХК-д ажлын төлбөр” гэсэн агуулгаар 12,500,000 төгрөгийг /хх-72/ тус тус шилжүүлсэн талаархи баримт хэрэгт авагдсан байх тул 27,435,000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

3.Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ковш түрээслэх гэрээний 2.1, 3.1-д ...1 сарын 20,000,000 төгрөгөөр бодно гэж зааснаар нийт 4 сарын хугацаанд түрээслэсэн х 20,000,000 төгрөг = 80,000,000 төгрөг төлөхөөс хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгч компаний захирал А.Нармандахын Хаан банкны 5034635152 тоот дансанд 2018.06.11-ний өдөр 15:35 цагт, “Мон лаа ХХК 2045931 түрээсийн төлбөр урьдчилг” гэсэн агуулгаар 12,250,000 төгрөгийг /хх-60/, 2018.06.18-ны өдөр 5598099397 тоот данснаас 15:46 цагт, “М ХХК-с Номин ус ХХК усны зөвшөөрөл авах” гэсэн агуулгаар 1,000,000 төгрөгийг /хх-60/, 2018.06.18-ны өдөр 5011271632 тоот данснаас 17:54 цагт, “АТМ Амарсайхан 88112285” гэсэн агуулгаар 10,000,000 төгрөгийг /хх-61/  тус тус шилжүүлсэн талаархи баримт хэрэгт авагдсан байх тул 14,250,000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч уг гэрээний төлбөрт 16,250,000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж тайлбарласан боловч хэдийд, хичнээн төгрөгийг хэрхэн төлсөн гэдгийг тодорхойлж чадсангүй.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг тус тус хуульчилсан байх тул шүүх талуудын хооронд 3 төрлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн тул хариуцагч М ХХК-аас эдгээр гурван гэрээний үүрэгт төлбөл зохих ажлын хөлс, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Т ХХК шаардах эрхтэй.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх 2 гэрээ, түрээсийн 1 гэрээ тус тус байгуулагдсан, тухайн гэрээнд заасан үүргээ захиалагч М ХХК бүрэн биелүүлээгүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй хэсэг болох

1.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлбөл зохих нийт 141,300,000 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасаад 121,300,000 төгрөгийг,

2.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 76,200,000 төгрөг төлөхөөс төлсөн 27,435,000 төгрөгийг хасаад 48,765,000 төгрөгийг,

3.2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ковш түрээслэх гэрээний дагуу нийт 4 сарын хугацаанд түрээслэсэн х 20,000,000 төгрөг = 80,000,000 төгрөг төлөхөөс төлсөн 14,250,000 төгрөгийг хасаад төлөөгүй 65,750,000 төгрөгийг буюу нийт /121,300,000+48,765,000+65,750,000/ 235,815,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийтдээ 55,246,116 төгрөгийг 3 гэрээний үүрэгт төлсөн гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан А.Нармандахын дансны хуулгаар хариуцагч М ХХК нь нийтдээ 61,685,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болох нь нотлогдож байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн тооцож, тодорхойлох үүрэгтэй тул энэ үүргийнхээ дагуу төлөгдсөн төлбөрийг 3 гэрээ тус бүрээр нь шилжүүлсэн мөнгөний утга агуулгыг харгалзан дүгнэсэн болно.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч доголдолтой эсэх талаар маргаагүй тул хэрэг авагдсан баримтуудыг хуульд заасан журмын дагуу харьцуулан дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзлээ.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг энэ хуулийн заалттай нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг тус бүрт тээврийн зардлыг гэрээнд заасан ажлын хөлснөөс тусд нь тооцохоор тохиролцсон 3 гэрээний хөлсөнд хариуцагчаас төлсөн /13,248,058+25,748,058+ 16,250,000 төгрөг/ нийт 55,246,116 төгрөгөөс бусад төлсөн 6,438,884 төгрөг нь тээврийн зардал бензины үнэ гэж тайлбарласан боловч энэ талаар гэрээнд тохиролцсон заалт байхгүй тул нэхэмжлэгчийг энэхүү үйл баримтыг нотолж чадаагүй гэж дүгнэв.

 Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 235,815,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6,438,884 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,369,220 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,337,025 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас нийт 235,815,000/хоёр зуун гучин таван сая найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,438,884/зургаан сая дөовөн зуун гучин найман мянга найман зуун наян найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,369,220/нэг сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-аас 1,337,025/нэг сая гурьа зуун гучин долоон мянга хорин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/13209 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ