Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01960

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 242,253,884 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- ХХК нь М- ХХК-ийн 13875 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд геологийн судалгааны зориулалтаар 600 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үүнтэй холбоотойгоор керний геологийн бичиглэл, баримтжуулалт, дээжлэлт, керн зүсэх ажлуудыг хийж гүйцэтгэхээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших 13875 дугаар лицензтэй талбайд 300 тууш метр, 3 цооног өрөмдөж, суултын яндан ф219 мм ган хоолой суулгахаар харилцан тохиролцож Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээг М- ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Т- ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг ковшийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын элстэй уурхай дээр ажиллуулж түрээслүүлэхээр ковш түрээслэх гэрээг М- ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулсан. Т- ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өрмийн ангиа төслийн талбайд авч очиж, ажлаа эхлүүлсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд М- ХХК-ийн ерөнхий геологич, уурхайн даргын удирдлага дор гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн боловч захиалагч ажлын хөлсөө хугацаандаа төлөөгүй учраас цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гүйцэтгэгчийн хувьд хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөн тооцоо нийлж, ажлын хөлсөө гэрээнд заасан хугацаанд өгөхийг тухай бүрт шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй. Дээрх өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д заасан ажлаас нийт 1060 тууш метр өрөмдлөг хийсэн буюу 137,800,000+3,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэнээс 13,248,058 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авч 128,051,942 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.а.Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээний хувьд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлыг эхлүүлж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлыг дуусгасан. Гүйцэтгэгчийн зүгээс хийсэн ажлаа захиалагч талд албан ёсоор хүлээлгэн өгч тооцоо нийлэн холбогдох ажлын хөлсөө авахыг хүссэн боловч захиалагч нь ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагад өгөх төлбөр тооцооны актыг гарган өгсөн байдаг ч энэ нь тооцооны илт зөрүүтэй байдаг. Дээрх гэрээний дагуу манай байгууллага 254 тууш метр өрөмдлөг хийж, 3 цооног суулгаж нийт 76,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцтгэснээс 25,748,058 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авч 50,451,942 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.б.2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ковш түрээслэх гэрээний хувьд талуудын байгуулсан гэрээний хувьд түрээслүүлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн ковшийг түрээслэгч талд хүлээлгэн өгсөн бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сарын хугацаанд ковшийг түрээсэлсэн болно. Энэ хугацаан дахь түрээсийн төлбөрийг тооцон үзвэл 80,000,000 төгрөг болж байна. Түрээслэгч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээсийн төлбөрөөс 16,250,000 төгрөгийн төлбөрийг төлж 63,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нийт 242,253,884 төгрөгийг хариуцагч М- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Н- ХХК-тай Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат өрөмдлөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан ба тухайн цаг үед өөр компаниар өрөмдлөгийн ажил хийх гэрээ байгуулаагүй. Н- ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр болох 223,820,000 төгрөгийг төлж тооцоо дууссан. Н- ХХК-ийн захирал З.М- манай компанид өөрийн найз Т- ХХК-ийн молдокийг түрээсэлж байсан ба түрээсийн төлбөр 13,151,795 төгрөгийг тухайн үед шилжүүлж байсан, өөр төлбөр тооцоо Н- ХХК болон Т- ХХК-тай байхгүй. Ямар нотлох баримт үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлд 3 гэрээг дурьдаж нотлох баримтаар хавсаргасан гэсэн нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна, энэ талаар манай компани холбогдох хуулийн байгууллагад хандах болно. Тухайн үед Н- ХХК-ийн захирал З.М-ы гуйлтаар Т- ХХК-ийн захирал А.Н-ын ятгалтаар банкнаас зээл авч өрөм авах гэсэн юм, гэрээ байгуулсан байх шаардлагатай байна гэж хуурамчаар гэрээг М- ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.А- нь ерөнхий захирал Х.Э-д мэдэгдэлгүй байгуулсан гэдэг. Үүнтэй холбоотой тайлбар болон нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас нийт 235,815,000 төгрөгийг гаргуулж, Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,438,884 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,369,220 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М- ХХК-аас 1,337,025 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход хангалтгүй, үнэн зөв эсэхэд эргэлзээтэй, тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байхад тус баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн М- ХХК болон Т- ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өрөмдлийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалт цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээг шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнээд, тухайн гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон байна. Гэтэл тухайн гэрээнүүдийг байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т- ХХК-ийн захирлаар А.Н- гэдэг хүн байгаагүй нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон/ хх-ийн 6-р тал/ болно. А.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 03- ны өдөр захирлаар томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг тодорхойлсон дээрх 2 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарахгүй. Мөн шүүхээс талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, М- ХХК гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг дутуу төлсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна. Үүнд: 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өрөмдлийн ажил гүйцэтгэх гэрээний тухайд шүүхээс талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэсэн ба тус гэрээний дагуу Т- ХХК нь 1060 тууш метр өрөмдлөг хийсэн буюу 137,800,000 төгрөгийн ажил, нэмж тээврийн зардал 3,500,000 төгрөгийг, нийт 141,300,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байтал, М- ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авсны улмаас хөлсөнд нэхэмжлэгч компанийн захирал А.Н-ын Хаан банкны 5034635152 тоот дансанд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5163189051 тоот данснаас 15:05 цагт ЕВ худгийн урьдчилгаа гэсэн агуулгаар 10.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5037134141 тоот данснаас 17:03 цагт Nak Моnlаа гэсэн агуулгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул 20,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэжээ. Харин шүүхээс ямар баримтад үндэслэн М- ХХК нь Т- ХХК-аас ажлын үр дүнг хүлээн авсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Т- ХХК нь ямар ажил гүйцэтгэсэн болох, хэнд, хэрхэн хүлээлгэн өгсөн талаар нотлох баримт байхгүй. М- ХХК нь Т- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ нь Т- ХХК-ийг банкны зээлийн харилцаанд туслах зорилгоор Номин ус ХХК-ийн 3.Мөнхсайхан, А.Н- нарын гуйлтын дагуу хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл болохыг М- ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэрч Ө.Амарсайхан шүүхэд мэдүүлсэн байдаг. Мөн түүнчлэн шүүхээс дүгнэхдээ Т- ХХК-ийн захирал А.Н-ын дансанд орсон гэх 20,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр М- ХХК-аас шилжүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь М- ХХК нь Т- ХХК руу өрөмдлөгийн ажлын мөнгө гэж огт шилжүүлж байгаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдагдсан Хаан банкны 5163189051, тоот дансууд М- ХХК-ийн данс биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаар М- ХХК нь Хаан банкинд 5038035434 тоот харилцах данс эзэмшдэг бөгөөд тухайн дансны дэлгэрэнгүй хуулга хэргийн материалд авагдсан байна. Харин хэргийн материалын 151 дугаар талд авагдсан М- ХХК-аас гаргаж өгсөн баримтаар Хаан банкны 5037134141 тоот данс нь Номин ус ХХК-ийн захирал 3.Мөнхсайханы данс болох нь тогтоогддог.

4.а.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн үйлдвэрлэлийн зориулалт цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээний тухайд М- ХХК нь нэхэмжлэгч байгууллагад дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр дансны эзэмшигч нь хэн болох, ямар үндэслэлээр энэхүү мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй байхад М- ХХК-ийг Т- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх мөнгийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллага нь М- ХХК-тай бодитоор гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд харин М- ХХК-ийн гэрээт ажлыг гүйцэтгэж байсан Н- ХХК-ийн захирал 3.Мөнхсайхантай харилцан хамаарал бүхий компани болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

4.б.2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ковш түрээслэх гэрээний тухайд тус гэрээг бодитойгоор байгуулаагүй, харин бутлагч машин буюу молдок түрээсэлж байсан бөгөөд тухайн түрээсийн мөнгөө төлсөн болно. Мөн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ковш түрээслэх гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа түрээслүүлэгч талаас түрээслэгч талд түрээсийн зүйл болох ковшийг хүлээлгэн өгсөн баримт байгаа эсэхийг нягтлан шалгаагүй, тийм баримт хэрэгт авагдаагүй болно.

4.в.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй тухайд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутанд товлож, шүүх хуралдааны товыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн Х.Нямдоржид мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэлд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл /өмгөөлөгч/ нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Энхтайваны нэхэмжлэлтэй Б.Ганзоригт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцох шүүх хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутанд товлон зарлагдаж, тус шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Батгэрэлд хүргүүлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч Б.Батгэрэл, Х.Нямдорж нар нь Налайх дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдааныг эхэлж зарлан, тов мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тул шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаар холбогдох нотлох баримтыг хавсарган шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх дээрхи нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэж дүгнэн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй хариуцагчийн төлөөлөгч нарыг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн орлоцох эрхийг зөрчиж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заасныг тус тус зөрчиж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дүгээр зүйлийн 38.4 дэх хэсэгт хэргийн оролцогчийн нотлох чиг үүргийг заасан. Татгалзлыг нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг нь хариуцагч талд байгаа. Хариуцагч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талын зүгээс 3 гэрээг үндэслэж байгаа бол энэ гэрээ хууль бус юм. Хууль бус гэж үзэж байгаа асуудлаар бид цагдаагийн байгууллагад шалгуулна гэдэг тайлбарыг өгөөд явж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жилийн хугацаанд үргэлжлэхэд хариуцагч талын төлөөлөгч нар болон хуулийн этгээдийн удирдлагуудын зүгээс тухайн баримт бичгийг хуурамч талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй. М- ХХК-ийн санхүүгийн албаны дарга н.Батзоригийн эрүүгийн журмаар шалгагдаж байхад өгсөн мэдүүлэг байдаг. Батзориг нь Т- ХХК болон Н- ХХК-тай усны болон хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нийт 232,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн бөгөөд уг төлбөрийг бүрэн төлж дууссан гэдэг тайлбарыг өгдөг. Мөн Б.А- буюу хариуцагч талын гүйцэтгэх захирал гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Мөн л Н- ХХК-ийн тухай ярьдаг. 2018 онд М- ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг нотлох баримтаа хэргийн материалд өгсөн бол маргах зүйл байхгүй. 232,000,000 төгрөгийн ажлын хөлсийг М- ХХК-д бэлнээр болон бэлэн бусаар төлсөн гэвэл манай нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. Гэтэл баримт хэргийн материалд байхгүй. Тухайн компанийн гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр бүх үйл баримт үгүйсгэгддэг. Нийт 3 гэрээний үнийн дүнг авч үзвэл 1,000,000,000 гаруй төгрөгийн үнийн дүнтэй асуудалд хүн зурж өгөөч гэсний дагуу гарын үсэг зурсан гэдэг. Түүнээс хойш 6 сар 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад үүргийн гүйцэтгэл биелүүлсэн талаарх холбогдох баримтуудыг шаардах болгонд гаргаж өгдөг үйл баримт хэргийн материалд байхгүй. Энэ бүх нөхцөл байдал нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэдгийг хангалттай нотолж байгаа. Мөн анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хасаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хассан үнийн дүнгүүд манай компанийн төлсөн үнийн дүн биш гэдэг. Гүйлгээний утгыг харвал бүгд М- гэдэг утгатай байгаа. Манайх дансны хуулгаа анхан шатны шүүх хурал болохоос 2 жилийн өмнө гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс хэний данс вэ гэдэг хүсэлтээ яагаад гаргаж өгөөгүй вэ. Тухайн гүйлгээ нь манай 3 гэрээний дагуу хийгдсэн. Зарим гүйлгээний утгыг харвал гэрээний дугаар бичигдсэн үйл баримт байгаа гэдгийг харгалзаж үзнэ үү. Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш Б.Батгэрэл болон Х.Нямдорж нар нь итгэмжлэлээр оролцсон. Б.Батгэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 3 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч удаа хэргийн материалтай танилцаагүй, зарлагдсан хурал болгонд ирдэггүй, ирэхгүй байгаа хүнийг шүүхээс албадаж хэргийн материалтай танилцуулах байсан юм уу, Х.Нямдорж нь Б.Батгэрэл заавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй шаардлагагүй би төлөөлөөд оролцоод явах боломжтой гэдэг байсан. Шүүх хуралдаан болоод дууссаны дараа манай нэг төлөөлөгч заавал оролцох байсан гэдэг хэргийн материалд байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байдаг. Хойшлуулах хүсэлт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Аль ч шатны шүүхэд хурал зарлагдсан бол хурлын зар мэдэгдэж байгаа баримтыг хэргийн оролцогч хүсэхийн бол тухайн шатны байгууллага тамга тэмдэг дарж эх хувиар нь гаргаж өгч байгаа. Гэтэл канондож өгсөн зүйлийг шүүх дүгнэхгүй. Гаргаж байгаа хүсэлт болон түүнийг нотолж байгаа баримт нь хуулийн шаардлага хангаагүй учир анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Х.Нямдорж анхан шатны шүүхийн товыг мэдсэн баримт нь хэрэгт байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хангаагүй гэдэг нь хэргийн материалын холбогдох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 128,051,942 төгрөг, мөн өдрийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум үйлдвэрлэлийн зориулалтат цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 50,451,942 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ковш түрээслэх гэрээ-ний үүрэгт 63,750,000 төгрөг, нийт 242,253,884 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Т- ХХК-тай гэрээ байгаалуугүй, тухайн үед Номин ус ХХК-тай Үйлдвэрийн зориулалтат өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөр тооцоо дуусгавар болсон тул гэж тайлбарлажээ. /1хх-ийн 21-р тал/

3.Хэргийн 8-13 дугаар талд талуудын байгуулсан гурван удаагийн гэрээ авагдсан хэдий ч тус гэрээнүүд хэрэгжсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус, талууд маргааны зүйлийн талаар хангалттай мэтгэлцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэж үзлээ.

3.а.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч М- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон түрээсийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд нэхэмжлэлд заасан үнийн дүн бүхий ажил болон түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх асуудал маргаантай байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт талуудын байгуулсан гэрээ болон хариуцагч М- ХХК-аас гэрээт ажлын төлбөрийг төлөхтэй холбоотой бичгийн баримтууд авагдсан хэдий ч нэхэмжлэгч компани нь чухам ямар хэмжээний ажил гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, улмаар хариуцагч компанид хэдий хэмжээний төлбөрийн үүрэг үүссэнийг тодруулах шаардлагатай. /хх-ийн 14-15-р тал/

3.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй нотолсон баримтууд гэж үзэхэд учир дутагдалтай байна.

4.Түүнчлэн, шүүхийн шийдвэрт заасан хариуцагч М- ХХК-аас нэхэмжлэгч Т- ХХК-ийн захирал А.Н-ын дансанд төлбөр шилжүүлсэн гэх данс нь хариуцагч М- ХХК-ийн данс мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч М- ХХК нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй, төлбөр тооцооны үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч Т- ХХК-д дансаар мөнгө шилжүүлээгүй гэж тайлбар, гомдол гаргаж байх тул уг нөхцөл байдлыг тодруулах нь маргааны үйл баримтад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 1,369,220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ