Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/02781

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      09        12 

                        181/ШШ2023/02781

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, О ХХК /, РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байранд байрлах, М ХК / РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр, алданги 45,213,292 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алданги нийт 45,213,292 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани дохиолол, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд М ХК-тай 2019.03.22-ны өдөр №90C1920003931 тоот Даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын зүйлийн нийт үнэлгээ 180,000,000 төгрөг бөгөөд даатгалын хураамж болох 990,000 төгрөгийг манай компани цаг тухайд нь төлсөн.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020.03.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон тул манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөрөө авахаар М ХК-д өгсөн.

Гэвч М ХК нь хууль болон гэрээнд заасан нөхөн олговрыг бүрэн олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, хууль зөрчсөн тул манай компани нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос уг асуудлыг шалгаж, Даатгагч нь хохирол үнэлэгч компанийн тогтоосон үнэлгээний тайлангийн дүнгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг хасаж тооцсон нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн байна. №90С1920003931 дугаартай Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 4, 13 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг үндэслэн даатгагч хууль болон гэрээнд заасан нөхцлийн дагуу хохирлын хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргаж, учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, шийдвэрийн хэрэгжилтийг 2020.06.08-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо болон даатгуулагч компанид хариу мэдэгдэхийг үүрэг болгосон боловч М ХК нь өнөөг хүртэл нөхөн төлбөрийг олгохгүй янз бүрийн шалтаг тоочин төлбөр төлөхөөс зайлсхийж байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020.03.30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийж, хохирлын хэмжээг 31,113,000 төгрөгөөр тогтоосон ба Номин Холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрээр 31,113,000 төгрөгийн хохирол учирсныг баталгаажуулсан.

Мөн даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй тул зарим нөхөн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувьтай тэнцэх алданги тооцсон. Хугацаа хэтэрсэн нийт хугацааны алданги болох 51,241,731.70 төгрөг үүнээс хуульд заасны дагуу 15,071,097.56 төгрөг төлөх ёстой.

Манай компани нь Номин Холдинг ХХК-тай 2017.11.08-ны өдөр Дохиолол хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээний 1.6-д зааснаар гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдаж, дараагийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан боловч гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жил гэж заасан байгаа тул хариуцагчийн даатгалын зүйл биш гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцлагын даатгалын гэрээнд даатгалын зүйлийг харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан бөгөөд даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохиролцсон тул даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт зааснаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд М ХК-иас даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 15,071,097.56 төгрөг, нийт 45,213,292.68 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: “М ХК нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-тай 90С1920003931 тоот Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулж, О ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал-ын хүрээнд, харин даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд тус тус гэрээгээр тохиролцсон эрсдэлүүдээс даатгасан. Даатгалын гэрээний хавсралт 2-оор О ХХК-аас дохиолол хамгаалалтын үйл ажиллагааны үйлчилгээг авч байгаа гэрээт 164 байгууллага байхаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг.

Үйл баримтын тухайд: Даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 3 дугаар давхраас 26 ширхэг гар утас хулгайд алдагдсан гэмт хэрэг гарсан бөгөөд одоо харъяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа.

Номин их дэлгүүрийн 1-5 давхрын хамгаалалтыг Номин Холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ-ний дагуу хариуцаж байсан О ХХК нь уг гэрээнд заасан 49 объектыг хамгаалалтдаа авч, гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 26 ширхэг гар утас алдагдсан байна гэсэн дүгнэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хийж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар О ХХК-аас 31,113,000 төгрөг гаргуулан Номин Холдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба шүүхийн уг шийдвэрийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлийн тухайд:

1.Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90С1920003931 тоот Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан үйл баримт болоод тухайн даатгалын гэрээнд заасан 1 жилийн хугацааны дотор нэхэмжлэгч О ХХК-тай Дохиолол хамгаалалтын гэрээ байгуулан хамтран ажилладаг Номин холдинг ХХК-д 31,113,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад маргахгүй. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

Гэхдээ энэ үйл баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул М ХК-аас даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Учир нь, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийн хүрээ хязгаарыг тогтоосон ба энэхүү хавсралтаар Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээ-ээр хүлээсэн О ХХК-ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг М ХК даатгаагүй юм. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ байгуулагдах үед Номин холдинг ХХК болон О ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй, байгуулагдах эсэх нь тодорхойгүй байсан тул ирээдүйд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүсэх эсэх нь тодорхойгүй байсан үүрэг нь даатгалын зүйл байх ямар ч боломжгүй юм.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т зааснаар хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол даатгалын зүйл байж болохоор заасан тул талууд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот даатгалын гэрээгээр О ХХК-ийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлын хариуцлагаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх агуулга бүхий гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээнд заасан даатгалын зүйл нь тухайн гэрээг байгуулж байх цаг хугацаанд хэдийнээ бий болчихсон байсан буюу манай тохиолдолд О ХХК болон Номин Холдинг ХХК-ийн хооронд байгуулагдсан байсан гэрээний үүргийн буюу Номин Холдинг ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн О ХХК-ийн хариуцлага байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан даатгалын зүйл болох Номин Холдинг ХХК, УБ хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа О ХХК-ийн үйл ажиллагаа нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохгүй юм.

Даатгалын тохиолдол нь даатгалын гэрээ байгуулагдах үед талуудын тохиролцож тодорхойлсон, гэрээндээ нэрлэн заасан даатгалын зүйлд даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлийн улмаас хохирол учирсан үед бий болдог.

Манай тохиолдолд даатгалын гэрээнд заасан даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй буюу даатгалын гэрээгээр даатгалын зүйлийг талууд тохиролцож, тодорхойлсоноос хойш 8 сар 10 хоногийн дараа Номин холдинг ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнээс хохирол учирсан болох нь хэргийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул М ХК нь даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй болсон тухай: О ХХК нь Номин холдинг ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр О ХХК нь ямар тохиолдолд хариуцлага хүлээх, ямар тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар тодорхой зохицуулсан байна.

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас Номин Холдинг ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учирсанд О ХХК-ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд л нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээхээр байна. Гэтэл О ХХК-ийг тус тохиолдолд гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй байх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн энэ талаар даатгалын гэрээгээр тодорхой зохицуулж өгсөн байдаг. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гуравдагч этгээдээс шаардсан хохирлыг нөхөн төлөхгүй гэдгээ илэрхийлж шүүхээр гэм буруугаа тогтоолгосны дараа даатгагч нь нөхөн төлбөр олгохоор заасан. Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж маргасан шүүхийн шийдвэр ирүүлэх шаардлагатай талаар манай компанийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №01/1019 албан тоотоор мэдэгдсэн. Тус албан тоотын дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2020/03031 шийдвэрийг ирүүлсэн боловч тус хэрэгт нэхэмжлэгч нь Дохиолол хамгаалалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар огт маргаагүй, зөвхөн хохирлын үнэлгээнд маргаж оролцсон байна.

Ийнхүү даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу Номин Холдинг ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон. Нэгэнт даатгуулагч даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч Номин Холдинг ХХК-ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

2.Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж Даатгалын тухай хуулийн 12.6.14.4, 13.5.13.4-т тус тус заасан.

О ХХК-ийн хамгаалалтын обьектод нэвтэрч, 26 ширхэг гар утсыг хулгайлсан үйл явдалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг нэхэмжлэгч мэдэж байгаа, энэ нь даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байгааг мэдсээр байж даатгалын зүйлд хамаарахгүй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцан арилгах өөрийн үүргийг М ХК-аар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч “М” ХК нь нэхэмжлэгч “О” ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Нэхэмжлэгч О ХХК нь М ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №90С1920003931 тоот Хариуцлагын даатгал-ын гэрээг байгуулсан. Тухайн даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тус тус даатгуулсан.

Дээрх даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О ХХК-тай дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилладаг Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэгч нь нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчээс нөхөн төлбөр авах хүсэлт гаргасны дараа манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас даатгуулагчийн бүрдүүлж ирүүлсэн нөхөн төлбөрийн баримт материал, хэргийн бодит байдлыг бүрэн судлалгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804.88 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхөн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул даатгагчийн зүгээс хамтын ажиллагаагаа хүндэтгэн хүсэлтийг хүлээн авч даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг дахин судлахад шаардлагатай нэмэлт баримт бичгийг бүрдүүлж өгөх талаар албан ёсоор мэдэгдсэн болно. Тухайн мэдэгдлийн дагуу бүрдүүлж ирүүлсэн даатгуулагчийн баримт материалыг дахин судлан үзэхэд нэмэлт баримтууд болон даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хэд хэдэн үндэслэл бий болсон нь тогтоогдсон.

1.Даатгалын тохиолдол бий болоогүй тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу Даатгалын зүйл гэж даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн өөрийн үзүүлж буй үйлчилгээ буюу харуул хамгаалалтын үйлчилгээнд алдаа гаран, тухайн алдаанаас үүдэн үйлчлүүлэгчид хохирол учирсан бол даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгоно.

Хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтооход юуны өмнө даатгуулагчид гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага үүссэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Хэрэв гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага даатгуулагчид үүсээгүй бол хариуцлагын даатгалын гэрээний даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Нэхэмжлэгч хариуцлага алдсан эсэх талаараа М ХК-д ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №02/90 албан тоотдоо ...гэмт хэрэг гарах явцад тус этгээдүүд дохиоллын системд өртөхгүй байдлаар үйлдлээ хийсэн бөгөөд тус үйлдэл нь камерын бичлэгээр нотлогддог, бидний зүгээс эрсдэл үүссэн дариуд дохиоллын системийг шалгахад ямар нэг алдаа гараагүй хэвийн ажиллагаатай байсан болно гэж тайлбарласан байна. Хэрэв нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, түүний үзүүлж буй ажил үйлчилгээний доголдлоос шалтгаалахгүйгээр хохирол гарсан бол даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй буюу энэ тохиолдолд даатгалын тохиолдол үүсээгүй байна.

2.Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй болсон тухай

О ХХК нь Номин Холдинг ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр О ХХК нь ямар тохиолдолд хариуцлага хүлээх, ямар тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар тодорхой зохицуулсан байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас Номин Холдинг ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсанд О ХХК-ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд л нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээхээр байна. Гэтэл О ХХК-ийг тус тохиолдолд гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй байх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн энэ талаар даатгалын гэрээгээр тодорхой зохицуулж өгсөн байдаг. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч нь гуравдагч этгээдээс шаардсан хохирлыг нөхөн төлөхгүй гэдгээ илэрхийлж шүүхээр гэм буруугаа тогтоолгосны дараа даатгагч нь нөхөн төлбөр олгохоор заасан. Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж маргасан шүүхийн шийдвэр ирүүлэх шаардлагатай талаар манай компанийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №01/1019 албан тоотоор мэдэгдсэн. Тус албан тоотын дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрийг ирүүлсэн боловч тус хэрэгт нэхэмжлэгч нь Дохиолол хамгаалалтын гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар огт маргаагүй, зөвхөн хохирлын үнэлгээнд маргаж оролцсон байна.

Ийнхүү даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу Номин Холдинг ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон.

Нэгэнт даатгуулагч даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч Номин Холдинг ХХК-ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

3.Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэн тухай:

Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол-д даатгалын нөхөн төлбөр олгохгүй хэмээн заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын нөхөн төлбөрт шаардаж буй хохирол нь хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бөгөөд талууд даатгалын гэрээ байгуулахдаа гэмт хэргийн шинж, зорилготой үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар харилцан тохиролцсон тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдол нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байна.

Номин Холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хүлээх О ХХК-ийн хариуцлага нь даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл биш тул 26 ширхэг гар утас хулгайлагдсан үйл баримттай холбоотойгоор М ХК-аас нөхөн төлбөр гэж олгосон 987,804.88 төгрөг нь олгогдох ёсгүй мөнгө байсан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК-аас 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулж М ХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Тус компани нь М ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №90С1920003931 тоот Даатгалын гэрээ /Ерөнхий хариуцлагын даатгал/ байгуулж, өөрийн бусдад үзүүлж байгаа харуул хамгаалалтын үйлчилгээний хариуцлага болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тус тус даатгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилладаг Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах Номин их дэлгүүр салбарт нийт 31,113,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдаж, эд хөрөнгийн хохирол учирсан.

Даатгалын тохиолдол болсон даруйд манай компанийн зүгээс М ХХК-д мэдэгдэж, улмаар тус компаниас шинжээчид ирж, газар дээр нь ажиллаж, шаардлагатай бүх ажиллагаануудыг хийсэн. Мөн манай компани өөрийн зүгээс холбогдох бүх материалуудыг бүрдүүлж өгсөн.

Даатгагч тал манай компанийн бүрдүүлж өгсөн материалуудыг хянан үзээд даатгалын тохиолдол болсон гэж үзэн даатгалын нөхөн төлбөр гэж 987,805 /есөн зуун наян долоон мянга найман зуун тав/ төгрөгийг манай компанид олгосон.

Гэвч олгосон нөхөн төлбөр нь Даатгалын гэрээний дагуу олгох ёстой хэмжээнээс дутуу байсан тул бүрэн гүйцэд олгохыг шаардаж удаа дараа албан бичиг явуулсан боловч даатгагч нь гэрээний үүргээ зөрчиж, нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй тул даатгуулагчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хянан шийдвэрлэж, М ХХК-ийг хууль зөрчсөн болохыг тогтоож, нөхөн олговрыг бүрэн олгохыг М ХХК-д даалгасан.

Гэтэл М ХХК нь даатгалын тохиолдол болоогүй мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж, улмаар өмнө төлсөн нөхөн төлбөрөө буцаан нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.

Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсныг хэрэгт хавсарган өгсөн.

Талуудын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт Даатгалын зүйл гэж даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ гэсний дагуу манай компани нь Номин Холдинг ХХК-тай байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хамгаалуулагчийн объектуудын аюулгүй байдлыг ханган эд хөрөнгийг нь аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, хамгаалах үүрэг хүлээсэн байдаг ба энэ үйлчилгээгээ /үүрэг хариуцлагаа/ бүхэлд нь даатгуулсан болно. Өөрөөр хэлбэл хамгаалж буй объектынхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээг хамгаалагч тал авах үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүйгээс эд зүйл алдагдаж гэрээт компанид их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ манай компанийг харуул хамгаалалтын үйлчилгээндээ алдаа гаргаагүй тул гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага үүсээгүй гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн нь огт үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан Дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хамгаалагч талын гол үүрэг нь хамгаалуулагчийн эд хөрөнгийг гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх, бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах бөгөөд объектоос эд зүйл алдагдсан л бол хамгаалагч тал хариуцлага хүлээх ёстой байдаг.

Мөн сөрөг нэхэмжлэлд: Хамгаалагч тал үүргээ биелүүлээгүйгээс болж эд хөрөнгийн хохирол учирсныг хуулийн байгууллага нотлоогүй, даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу Номин Холдинг ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон гэх мэтээр үндэслэл муутай тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх манай компанийг Дохиолол Хамгаапалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Номин Холдинг ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг тогтоож, Монгол Улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэх бөгөөд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэн, манай компаниас 31,113,000 /гучин нэгэн сая нэг зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж, Номин Холдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Тиймээс сөрөг нэхэмжлэлд дурдсан 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тохиолдолтой холбоотойгоор үйлчлүүлэгч Номин Холдинг ХХК-ийн өмнө хүлээх үүрэг үүсээгүй нөхцөлд тус тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.4 дэх хэсэгт Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн аливаа хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Даатгалын гэрээ-нд даатгалын тохиолдлыг Харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлон заасан болно. Гэрээнд заасны дагуу даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохирсон. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр, Санхүүгийн Зохицуулах хорооны 2020.05.28-ны өдрийн 9/2304 тоот албан бичиг, О ХХК-иас М ХК-д хүргүүлсэн албан бичгүүд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.03.11-ний өдрийн 27ж1/1390 тоот албан бичиг 3 ш фото зураг, ХААН банкны дансны хуулга, 2019.12.01-ний өдрийн №N11/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тодорхойлсон албан бичиг, бүртгэлийн гэрчилгээ 3ш, 2017.11.08-ны өдрийн NH/17/208 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, П.Эрдэнэсувдад олгосон итгэмжлэл, Номин тав трейд ХХК-ийн 2023.05.22-ны өдрийн 03/192 тоот албан бичиг, Номинтав трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2017.11.08-ны өдрийн NH/17/208 дугаартай Дохиолол хамгаалалтын гэрээ, Х.Мд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХК-иас О ХХК-д хүргүүлсэн албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Мөрдөгчийн 2020.03.16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020.03.19-ний өдрийн 078 дугаартай үнэлгээний тайлан, 2020.06.29-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2020.05.29-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, М.Тэнгисийг гэрчээр асуусан тэмдэглэл, Г.Төгөлдөрийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Г.Төгөлдөрийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Г.Төгөлдөрөөс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл тус тус авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020.03.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч Номин холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан даатгалын тохиолдол болсон тул манай зүгээс гэрээнд заасан шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр авахаар М ХК-д өгсөн боловч тус компани нь хууль болон гэрээнд заасан нөхөн олговрыг бүрэн олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад, тус хорооноос уг асуудлыг шалгаж, Даатгагч нь хохирол үнэлэгч компанийн тогтоосон үнэлгээний тайлангийн дүнгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг хасаж тооцсон нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн байна, 90С1920003931 дугаартай гэрээний 12 дугаар зүйлийн 4, 13 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн даатгагч хууль болон гэрээнд заасан нөхцлийн дагуу хохирлын хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргаж, учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгож, шийдвэрийн хэрэгжилтийг 2020.06.08-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг үүрэг болгоход М ХК нь нөхөн төлбөрийг олгохгүй янз бүрийн шалтаг тоочин төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020.03.30-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээ хийж, хохирлын хэмжээг 31,113,000 төгрөгөөр тогтоосон ба Номин Холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрээр 31,113,000 төгрөгийн хохирол учирсныг баталгаажуулж, хянан шийдвэрлэсэн тул даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12 төгрөг, алданги 15,071,097.56 төгрөг, нийт 45,213,292.68 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан мөн Номин их дэлгүүрээс 26 ширхэг гар утас алдагдсан үйл баримттай маргахгүй,

Маргаж байгаа зүйл нь талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан даатгалын гэрээгээр О ХХК нь бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлын хариуцлагаас учирсан хохирлыг нөхөн төлөх арга, Даатгалын гэрээгээр тохирсон даатгалын зүйл нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд аль хэдийн байгуулагдсан байсан Дохиолол хамгаалалтын гэрээ нь манай даатгалын зүйл болох байсан, түүнээс даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 8 сар 10 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О ХХК болон Номин холдинг ХХК-ийн хооронд байгуулагдсан дохиолол хамгаалалтын гэрээ нь манай даатгалын зүйл болох боломжгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч марган, Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хүлээх О ХХК-ийн хариуцлага нь даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл биш тул 26 ширхэг гар утас хулгайлагдсан үйл баримттай холбоотойгоор М ХК-аас нөхөн төлбөр гэж олгосон 987,804.88 төгрөг нь олгогдох ёсгүй тул буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            О ХХК нь М ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90С1920003931 дугаар Даатгалын гэрээ байгуулж, тохиролцсон эрсдэлүүдээс Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгалын хүрээнд даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг, Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг тус тус даатгаж, даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь  гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна./1-р хх-5-21/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож, нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, дээрхи гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Даатгалын гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу даатгалын хураамж 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг даатгуулагч О ХХК цаг тухайд нь төлсөн бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

О ХХК нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээтэй харилцагч болох Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол бүхий даатгалын тохиолдол бий болсон гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 30,142,195 төгрөг, алданги 15,071,097 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч М ХК нь даатгалын зүйлд хохирол учраагүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй гэх үндэслэлээр нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргасан.

О ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээтэй харилцагч Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө цонхоор нь үл таних этгээд нэвтэрч, 3-р давхарт байрлах гар утасны лангуунаас 28 ширхэг гар утас хулгайлж, 31,113,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүхийн шийдвэрээр О ХХК-ийг Номин холдинг ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэн 31,113,000 төгрөгийг гаргуулж Номин холдинг ХХК-д олгосон болох нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №N11/20/43/20/771 тоот Дохиолол хамгаалалтын гэрээ, Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 28 ширхэг гар утасны зах зээлийн үнийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 31,113,000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээний тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна. /1-р хх 110-116, 73-84, 22-23/

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгосон шийдвэр гаргасан байна. /1-р хх-24/

Хариуцагч М ХК нь Санхүүгийн Зохицуулах хорооны дээрх шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй, нөхөн төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

            Хариуцагч М ХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлөхөөс дараах үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1.2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр тэдгээрийн хооронд байгуулагдсан 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг даатгаагүй учраас даатгалын зүйл биш гэх татгалзлын тухайд,

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээний 2 дугаар хавсралтын 109-д Номин Холдинг ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын зүйлийг тодорхойлсон байна.

Хариуцагч үүнд маргаагүй боловч О ХХК-ийн Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагаа даатгалын зүйлд хамааралгүй гэж тайлбарласан.

О ХХК нь 2017 оноос хойш гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн лавлагаа, бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1-р хх-189-192/

О ХХК нь Номин холдинг ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн NH/17/208 тоот Дохиолол хамгаалалтын гэрээг, гэрээний 1.5-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.6-д гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахад талууд гэрээг сунгах болон цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь анхны заагдсан нөхцөл, хугацаагаар дахин сунгагдсанд тооцно гэж заажээ. /1-р хх-228-230/

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээг М ХК-тай даатгалын гэрээ байгуулах үед үйлчилж байсан бөгөөд уг гэрээний сунгагдсан хугацааг дуусахад харилцагч Номин Холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээг байгуулж, гэрээний 1.5-д гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жил гэж тохиролцсон гэж тайлбарлав. /1-р хх-110-114/

О ХХК, Номин холдинг ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн болон 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дохиолол хамгаалалтын гэрээнүүдийг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд мөн М ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Даатгалын гэрээний 2 дугаар хавсралтын 109-д “Номин Холдинг ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд” гэж даатгалын зүйлийг тодорхойлон тохиролцсоноос үзэхэд О ХХК-ийг дээрхи гэрээний дагуу Номин Холдинг ХХК-д харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсны улмаас даатгалын зүйлд хамруулсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээний 2 дугаар хавсралтын 109-д “Номин Холдинг ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд” гэж даатгалын зүйлийг тодорхойлсон байх тул Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарыг даатгалын зүйл гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М ХК нь О ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Даатгалын гэрээ байгуулахад Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт О ХХК-ийг харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаггүй байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул даатгалын зүйлд хохирол учраагүй, нэхэмжлэгчийг даатгалын гэрээний 13.6.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэх татгалзалыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2.Даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй гэх татгалзлын талаар:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03131 дугаар шийдвэрээр О ХХК-ийг Номин Холдинг ХХК-тай байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө цонх, модон хаалгыг эвдэж, 28 ширхэг гар утас хулгайд алдагдсан болохыг тогтоож, О ХХК-иас 31,113,000 төгрөгийг гаргуулж Номин Холдинг ХХК-д олгож шийдвэрлэжээ. /1-р хх-22-23/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу О ХХК нь Дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Номин Холдинг ХХК-д 31,113,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Даатгалын гэрээний Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг даатгасан байх тул дээрхи шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь даатгалын тохиолдолд хамаарч байна.

Иймд хариуцагчийн даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй гэх татгалзалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

3.Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.26, 13 дугаар зүйлийн 13.5.13.24 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэх татгалзлын талаар:

Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.14.26-д Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохиролд, мөн гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.13.4-д Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар заажээ./1-р хх-14/

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон байна.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээний арвангуравдугаар зүйлд Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал-ын хүрээнд “даатгалын зүйл”-ийг даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлага”-ыг гэж, “даатгалын эрсдэл”-ийг бусдын амь нас, эрүүл мэндэд учруулж болох хохирол, бусдын эд хөрөнгөд учруулж болох хохирол гэж тус тус зааж тохиролцжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах тул “даатгалын эрсдэл”-ийг талууд бусдын эд хөрөнгөд хохирол учруулж болох бүх эрдлийг хамааруулж тохиролцсон байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагчийн хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн тул Номин холдинг ХХК-д учирсан хохирол болох 31,113,000 төгрөгнөөс М ХК-ийн нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөг /хх-85х/-ийг хасч, О ХХК-ийн нэхэмжилсэн 30,142,195.12 төгрөгөөс 30,125,195.12 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд илүү тодорхойлсон 25,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээний 9.1-д Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг Даатгуулагчид төлнө гэж тохиролцжээ.

Талуудын алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

Хариуцагч М ХК нь даатгалын гэрээний 13.5.4-д заасан хугацаанд нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрхи хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг гэрээний үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 15,071,097 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 тоот Даатгалын гэрээ-ний дагуу даатгуулагч О ХХК-тай дохиолол хамгаалалтын гэрээтэй Номин Холдинг ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах Номин их дэлгүүр салбарт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хулгайн хэрэг гарч нийт 31,113,000 төгрөгийн хохирол учруулсан даатгалын тохиолдол бий болсны улмаас М ХК-ийг нөхөн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хууль зүйн дүгнэлтийг хийсэн тул дахин дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Иймд хариуцагч М ХК-ийн даатгалын тохиолдол бий болоогүй, нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэх үндэслэлээр О ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь Компанийн тухай хуульд толгой компани нь тусдаа нэртэй охин компанийн өмнөөс эрх, үүргийг нь бүрдүүлээд явна гэх зүйл байхгүй гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн өмгөөлөгч Номин холдинг ХХК нь Номинтав трэйд ХХК-ийн 67 хувийг эзэмшдэг, дүрэмд зааснаар энэ компанийн бүх үйл ажиллагааг Номин холдинг ХХК удирдан явуулна гэж заасан нь хууль зөрчөөгүй гэх тайлбар нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12-т Толгой компани нь үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа эрхээр оролцоно. гэж заасанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Номинтав трейд ХХК-ийн 2023.05.22-ны өдрийн 03/192 тоот хариу албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр нотлогдож байна./2-р хх-135-140/

Шүүх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,016.46 төгрөг, хариуцагчаас төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагчаас 383,889 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХК-аас 45,187,792.68 төгрөг гаргуулж О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,500 төгрөгт холбогдох хэсгийг болон Даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах тухай М ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,016.46 төгрөг, хариуцагч М ХК-аас улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч М ХК-аас 383,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ