Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/00832

 

 

 

                             2023      02         28       

                            182/ШШ2023/00832

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, С 27 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, А овогт Д-ийн О /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, БТМ /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Гэрч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч БТМд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.О нь БТМд ажилд ороод 8 жил ажиллаж байсан бөгөөд 2020.05.01-нээс Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байаад 2022.03.31-нд тус музейн захирлын Б/39 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан буюу 1 ширхэг чонын арьс, 31 ширхэг тарваганы дутаасан гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд цуглуулга дутаасан буруутай хүнийг олж, шалгуулж тогтоогоогүй байхдаа үндэслэлгүйгээр ажлаас нь халсанд гомдолтой байдаг...

Өөрөө хэлбэл гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж тарваганы болон чонын арьс дутаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ажлаас халж, цаашид Төрийн албанд ажиллаж боломжгүй болгоод байгаа...

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс алга болгож үрэгдүүлсэн гэж гомдол гаргаж шалгуулсан бөгөөд тус дүүргийн Прокурорын газраас 2022.10.05-ны өдөр 1088 дугаар тогтоолоор хулгайлах гэмт хэрэг гарсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна. Гомдол гаргагчаас гаргаж өгсөн баримтаар дээрх эд зүйлсийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хариуцах эзэн томилсон бүртгэл байхгүй, эд зүйлийн үнэлгээ, чанар байдлын талаар мэдээлэл байхгүй. Тухайн эд зүйл нь тодорхой агуулах саванд байгаагүй, нийтийн танхимд үлдээсэн байсан. Гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон...

Мөн нэхэмжлэгчийн хариуцаж байсан лабораторийн түлхүүрийг 2022.11 сард хураан авснаас хойш тэрээр ажлаас халагдах хүртэл тухайн байранд нэвтрэх боломжгүй байсан. Мөн түлхүүр хүлээлгэн өгөх үед тооллого хийхэд бүрэн байсан гэдгийг гэрч хэлдэг...

Иймд БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,369,643 төгрөг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч БТМн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь манай байгууллагын Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолтод заагдсан цуглуулгыг боловсруулах, хадгалах, байнга хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сангаас хүлээн авсан 19 нэр төрлийн цуглуулгаас 1 ширхэг чонын арьс, 31 ширхэг тарваганы арьс болон 2018 онд музейн хээрийн хайгуулаар Ховд аймгаас цуглуулагдсан 2 ширхэг Алтайн тарваганы арьс тус тус дутсан байдаг.

Энэ нь 2022.03.18-ны өдрийн БТМн үндсэн ажиллагааны чихмэл боловсруулах, сэргээн засварлах ажлын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор чихмэлийн лабораторит хийсэн хяналт шалгалтаар илэрсэн.

Илэрсэн зөрчлийг дахин нягтлах зорилгоор ажлын хэсэг байгуулж, цуглуулгыг дахин тоолж нягтлан шалгаж үзэхэд 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс дутсан, нэхэмжлэгч цуглуулгыг хадгалах, байнга хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь ажлын хэсгийн 2022.03.30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон...

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3.6-д “Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол ноцтой зөрчил болно”, БТМн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2.в-д “Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувъдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдуүлсэн, шамшигдуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно” гэж тус тус заасан...

Нэхэмжлэгч нь Чихмэл боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажил үүргийн тодорхойлолтын дагуу цуглуулгыг хадгалах үүргээ биелүүлээгүй болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон учраас хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Иймээс БТМн захирлын 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот Д.Огийн хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцласан тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2022.11.22-ны өдөр Б.Бд олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

- БТМн захирлын 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот “Д.Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /хх-ийн 4 х/,

- 2020.05.01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 5-6 х/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 7 х/,

- Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.05.13-ны өдрийн 3/1187 тоот албан бичиг /хх-ийн 8 х/

- Тус шүүхийн 2022.07.19-ний өдрийн 182/ШЗ2022/09540 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 9-10 х/

- Мөн 2022.05.05-ны өдрийн 182/ШЗ2022/05902 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 11-12 х/

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022.10.05-ны өдрийн 1088 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол /хх-ийн 13 х/

- Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.12.15-ны өдрийн 1370 дугаартай албан бичиг /хх-ийн 15 х/

- 2022.03.31-ний өдрийн “Тойрох хуудас” /хх-ийн 26 х/

- Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 28-29 х/

- 2023.02.09-ний өдрийн 4/23 тоот “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 83 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2022.12.26-ны өдөр Т.Д-д итгэмжлэл олгох тухай 249 тоот албан бичиг /хх-ийн 19 х/

- Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 37 х/,

- Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 38-41 х/

- 2022.03.30-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 42-43 х/

- Чихмэл, боловсруулалтын лабораторит хийсэн Дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг нягтлан шалгах ажлын хэсгийн дүгнэлт /хх-ийн 44-45 х/

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2021.10.13-ны өдрийн 108 тоот албан бичиг /хх-ийн 46 х/

- 2021.10.13-ны өдрийн Д.Од гэх бичиг /хх-ийн 47 х/

- 2021.10.12-ны өдрийн “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан байгалийн баялаг, эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөл”-ийн 2021.09.16-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн  дагуу БТМд дор дурдсан байгалийн баялаг, эд зүйлийг шилжүүлэх тухай акт /хх-ийн 48 х/

- БТМн захирлын 2020.01.03-ны өдрийн А/03 тоот “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал” /хх-ийн 49 х/

- “БТМн Хөдөлмөрийн дотоод журам” /хх-ийн 50- 60 х/

- Соёлын сайдын 2022.01.21-ний өдрийн Б/01 тоот “И.Б-ыг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 61 х/

- БТМн захирлын 2020.05.01-ний өдрийн Б/33 тоот “Д.Ог өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 62 х/

            - №30 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 63-65 х/

            - БТМн Захиргааны зөвлөлийн 2022.03.21-ний өдрийн 09 тоот хурлын тэмдэглэл /хх-ийн 66-80 х/ зэрэг баримтуудыг,

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.02.09-ний өдрийн 182/ШЗ2023/02305 дугаартай шүүгчийн захирамжаар

- БТМн захирлын 2022.03.17-ны өдрийн Б/25 тоот “Д.Од цалинтай чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 108 х/

- БТМн 2022.03.07-ны өдрийн 01 тоот “Хяналт шалгалтын удирдамж” /хх-ийн 109 х/

- 2022.03.18-ны өдрийн БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторид хийсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлт зөвлөмж /хх-ийн 110-116 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. БТМд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч БТМд холбогдуулан Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,026,610 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.1. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,026,610 төгрөгийг бус 14,369,634 төгрөгийг гаргуулна гэж тодруулж байна.

 

3. Нэхэмжлэгч нь БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,369,634  төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаагүй,

3.2. Дутаасан гэх чонын 1 ширхэг арьс, тарваганы 30 ширхэг арьсыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэрэг гарсан гэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 1088 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдсон, 

3.3. Нэхэмжлэгчийн хариуцаж байсан лабораторийн түлхүүрийг 2022.11 сард хураан авснаас хойш 2022.03.31-нийг хүртэл тухайн байранд нэвтрэх боломжгүй байсан. Мөн түлхүүр хүлээлгэн өгөх үед тооллого хийхэд бүрэн байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тус тус тогдоогдсон гэх.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.О нь Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан цуглуулгыг хадгалах, байнга хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ажлын хариуцлага алдаж чонын 1 ширхэг арьс, тарваганы 30 ширхэг арьс үрэгдүүлж, дутаасан Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон учраас  БТМн захирлын 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот “Д.Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал хуульд нийцсэн ...” гэж маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,

154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж тус тус заасан.

 

5.1.а. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч БТМд холбогдуулан Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,369,634  төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2022.04.28-ны өдөр гаргасан ба шүүхээс 2022.05.05-ны өдөр 182/ШЗ2022/05902 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 11-12 х/

 

5.1.б. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2022.05.09-ний өдөр гомдол гаргасан байна.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022.05.13-ны өдөр 3/1187 дугаатай албан бичгээр “...Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт одоогоор байгуулагдаагүй байна” гэсэн хариуг өгчээ. /хх-ийн 5 х/

 

5.1.в. Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2022.05.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2022.07.19-ний өдрийн 182/ШЗ2022/099540 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “...Хариуцагч БТМ нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Од холбогдуулан 2022 оны 3 дугаар сард хийсэн төлөвлөгөөт дотоод хяналт шалгалтаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин уур амьсгалын сангаас хүлээлгэн өгсөн 19 нэр төрлийн цуглуулгаас 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс алга болсон тухай гомдлыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан байна.

 

Дээрх гомдлын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Д.Од холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тус цагдаагийн хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 281-1б/4877 албан тоот, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдлоо.

 

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ноцтой зөрчил буюу “...19 нэр төрлийн цуглуулгаас 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс алга болсон...” гэх Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр БТМд холбогдох Д.Огийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9-10 х/

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022.10.05-ны өдрийн 1088 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолоор эрүүгийн 221101110 дугаартай “...Гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй...” гэсэн үндэслэлээр хаасны дараа нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 13 х/  

 

5.2. Нэхэмжлэгч Д.О нь 2020.05.01-ний өдрөөс 2022.03.31-ний өдрийг хүртэл БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 5-6 х/, “Албан тушаалын тодорхойлолт” /хх-ийн 38-41 х/, 2020.05.01-ний өдрийн Б/33 тоот “Д.Ог өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 62 х/ талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар болон хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5.3. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

5.3.а. Нэхэмжлэгч Д.О нь БТМн захирлын 2020.05.01-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Чихмэл, боловсруулалтын лабораторын эрхлэгчээр томилогдон Хөдөлмөрийн гэрээ /2021.02.04-ний 32 тоот/-нүүдийг ажил олгогчтой байгуулан ажиллаж байхад нь БТМн захирлын 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот “Д.Огийн хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, БТМн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2-ын “В”, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3.6 дахь заалтууд болон Дотооод хяналт, шалгалтын 2022.03.18-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж, Захирлын 2022 оны А/23 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022.03.31-ний өдрийн дүгнэлт, Захиргааны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн “...сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан...” гэсэн үндэслэлээр ажлаас нь халжээ. /хх-ийн 4 х/

 

5.3.б. Хариуцагч нь Д.Ог Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3.6-д “...хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан...”, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2.В-д “Музей эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан бол заасан сахилгын ноцтой зөрчил болно” гэж тус тус заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан. “Албан тушаалын тодорхойлолт”-д заасны дагуу цуглуулгыг боловсруулах, хадгалах, байнгын хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүйн улмаас 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс дутаасан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон учраас захирлын 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байна. 

 

5.3.в. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

5.3.г. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-БТМн дүрмийн 3.3.3 заалт /хэрэгт энэ баримтыг өгөөгүй/,

-“Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13 дугаар зүйлийн 13.1.2.-т “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг хамруулна. Үүнд: 13.1.2 В-д “Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан”,

  -Хөдөлмөрийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д “БТМн хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахын зэрэгцээ албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллана”,

5.2.3.6-д “Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэжээ.

 

5.4. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.О Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан цуглуулгыг хадгалах, байнга хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ажлын хариуцлага алдаж чонын 1 ширхэг арьс, тарваганы 30 ширхэг арьс үрэгдүүлж, дутаасан Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох Дотоод хяналт шалгалт болон Дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг нягтлан шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэсэн байх боловч энэхүү үйлдэл нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

 

5.4.а. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13 дугаар зүйлийн 13.1.2.-т “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг хамруулна. Үүнд: 13.1.2 В-д “Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан”,

Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.2.3.6-д “Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан”  гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Од холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан байх ба Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022.10.05-ны өдрийн 1088 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолд “...баримтуудаар дээрх гомдол мэдээлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн гомдол гаргагчаас гаргаж өгсөн баримтаар ... эд зүйлсийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хариуцах эзэн томилсон бүртгэл байхгүй. Тухайн дутсан эд зүйлийн үнэлгээ чанар байдлын талаар мэдээлэл ..., тодорхой агуулах саванд байгаагүй, нийтийн танхимд үлдээсэн байсан. Гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Мөн хэрэгт авагдсан 2022.03.31-ний өдрийн Д.Огийн “Тойрох хуудас”-т “тооцоогүй” гэсэн байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг “Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан, ...хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан” гэж үзэх боломжгүй.

 

5.4.б. Хөдөлмөрийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-д “БТМн хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахын зэрэгцээ албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллана” гэх үндэслэлийн тухайд

Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч нь “...цуглуулгыг боловсруулах, хадгалах, сэргээн засварлахад шаардлагатай химийн бодисыг хадгалах, ашиглах, ...байнга хяналт тавих ...” чиг үүрэгтэй байгаа боловч ажил олгогч буюу хариуцагч нь түүнийг энэхүү тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах боломжоор хангаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Гэрч Э.Нын “...Би палеонтологийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2022.04.07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан..., Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгч Д.О бид 2 хамт нэг өрөөнд суудаг байсан. 2021.11 сард лабораторийн түлхүүрийг Ж дарга О-гаас хурааж аваад Ч.Кумистаст хүлээлгэн өгсөн... үүнээс хойш Күмистас лабораторийн түлхүүрийг хариуцаад Жавзмаа даргын лацаар лацдаад явдаг байсан. ...Тухайн үед түлхүүр хүлээлгэн өгөхөд лабораторит байсан бүх зүйлийг тоолж хүлээлгэж өгөхөд дутаасан гэх эд зүйл бүгд бүрэн байсан ... О ажлаас халагдах хүртлээ Чихмэл, боловсруулалтын лабораторит ерөөсөө ороогүй...” гэх мэдүүлэг,

 

- БТМн Захиргааны зөвлөлийн 2022.03.21-ний өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэл дэх Т.Дашбатын “...Д.Огийн хувьд өөрийнхөө ...эрх, үүргийг хэрэгжүүлэхэд хүртэл хүндрэлтэй харагдаад байдаг байсан. Тэгэхээр шууд Одонтуяаг яг авсан үгүйг бид нар тогтоодог хүмүүс биш. Тэгэхээр үүнийг чиглэл нь байгаа хууль, хяналтын байгууллага тогтооно биз. ...өөрийнхөө ажлыг хийх боломжгүй үе байсан өрөөндөө орж чадахгүй, өөр хүн лабораторийн түлхүүрийг эзэмшдэг гэж яриад явж байсан үе зөндөө бий..” гэх,

- Н.Ж-гийн “...Түлхүүр байсан байгаагүй асуудлуудад нарийн юм байгаа.  ...Хамгийн гол нь яагаад түлхүүрийг өөр хүнд өгсөн бэ гэхээр хариуцлагагүй хандаад байсан учраас арай хариуцлагатай хүнд түлхүүрийг өгсөн боловч тэр дотор чинь ганцхан Одонтуяа ажиллаагүй, олон хүмүүс ажиллаж байгаа. Дотоод хяналт шалгалтаар лабораторид 9 хүний хөдөлгөөн орж гарсан байгаа биздээ..., ...Лабораторид чихмэлчин, сэргээн засварлагч гээд олон хүн өөрчлөгдөөд орж гараад түлхүүр дундаа яваад байхаар нь санаа зовоод нэг хүнд түлхүүр өгсөн нь дээр юм байна гээд Күмистаст түлхүүр хариуцуулсан..., миний бие муудаад яваад ирсэн хооронд ийм асуудал гарсан...” гэх тайлбарууд,

 

- Мөн нэхэмжлэгч Д.О нь 2022.03.18-ны өдрөөс 03.25-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь музейн захирлын 2022.03.17-ны өдрийн Б/25 тоот “...цалинтай чөлөө олгох тухай” тушаал /хх-ийн 108 х/ зэрэг болно.

 

Дээрхээс үзвэл Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ... ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс Чихмэл, боловсруулалтын лабораторийн түлхүүрийг 2021.11 сард хураан авч ажлаас халагдах хүртэл албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байх тул ажилтан Д.Ог хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

 

Д.О тус музейн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа чонын 1 ширхэг арьс, тарваганы 30 ширхэг арьс дутаасан, шамшигдуулсан гэх боловч хэзээ, хэрхэн яаж дутаасан, шамшигдуулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Э.Ныг мэдүүлгээр тус тус тогтоогдохгүй байна.

 

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

 Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ог Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан, ...хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

5.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг 5.2.1-ээс 5.2.3.9 хүртэл зааж өгсөн байна.

 

Ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан бөгөөд хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан байх боловч ажилтан Д.Ог хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Д.Ог ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Ог БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.7. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

5.7.а. Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг” ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

Д.Огийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,199,357.78 /3,598,064.35 : 3 сар = 1,199,357.78/ төгрөг,  нэг өдрийн дундаж цалин хөлс нь 62,135 /1,335,923 төгрөг : 60 хоног = 57,112.27/  төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 7 х/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 12, 2022.01, 02 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Д.Ог 2022.03.31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 227 хоног буюу 10 сар 8 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,450,476  /10 сар х 1,199,357.78 = 11,993,577.8 төгрөг, 8 хоног х 57,112.27 төгрөг = 456,898.16 төгрөг, 11,993,577.8 + 456,898.16 / төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тодорхойлсноос 1,919,158 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5.7.б. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

Иймд Д.Оийн 2022.03.31-ний өдрөөс 2023.02.28-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч БТМд даалгах нь зүйтэй.

 

 6. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас БТМгээс 214,157 /хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан ажил буюу БТМн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,450,476 /арван хоёр сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун далан зургаа / БТМгээс Д.Од олгож, 1,919,158 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугàé.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 12,450,476 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Д.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч БТМд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч БТМгээс 214,157 /хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА