Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00857

 

 

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Д-гийн хариуцагч АТМ- ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О.Д- АТМ-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус музейн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан буюу 1 ширхэг чонын арьс, 31 ширхэг тарваганы цуглуулга дутаасан гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажил олгогч цуглуулга дутаасан хүнийг олж тогтоогоогүй атлаа ажилтанг ажлаас халсанд гомдолтой байна. АТМ-н удирдлагаас О.Д-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс алга болгож үрэгдүүлсэн гэж гомдол гаргаж шалгуулсан боловч тус дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1088 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. О.Д-гийн хариуцаж байсан лабораторийн түлхүүрийг 2022 оны 11 дүгээр сард хураан авснаас хойш тэрээр ажлаас халагдах хүртэл тухайн байранд нэвтрэх боломжгүй байсан. Мөн түлхүүр хүлээлгэн өгөх үед тооллого хийхэд бүрэн байсныг гэрч мэдүүлсэн. Иймд О.Д-г АТМ-н Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 14,369,643 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

О.Д- АТМ-д Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолтод заагдсан цуглуулгыг боловсруулах, хадгалах, байнга хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сангаас хүлээн авсан 19 нэр төрлийн цуглуулгаас 1 ширхэг чонын арьс, 31 ширхэг тарваганы арьс болон 2018 онд музейн хээрийн хайгуулаар Ховд аймгаас цуглуулагдсан 2 ширхэг Алтайн тарваганы арьс тус тус дутсан нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тус лабораторт хийсэн хяналт шалгалтаар илэрсэн. Илэрсэн зөрчлийг дахин нягтлах зорилгоор ажлын хэсэг байгуулж, цуглуулгыг дахин тоолж нягтлан шалгаж үзэхэд 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс дутсан. О.Д- цуглуулгыг хадгалах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь ажлын хэсгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 5.2.3.6-д Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол ноцтой зөрчил болно, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2.в-д Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно гэж тус тус заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд О.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ийг урьд эрхэлж байсан ажил буюу АТМ-н Чихмэл боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,450,476 /арван хоёр сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч АТМ-гээс гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, 1,919,158 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 12,450,476 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч О.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Байгалын түүхийн музейд даалгаж,

3.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч АТМ-гээс 214,157 /хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуун тавин долоо/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ... Энэхүү үйлдэл нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Гэвч АТМ-н чихмэл боловсруулалтын лабораторид хийсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлт зөвлөмжөөр О.Д- хариуцлага алдсаныг тогтоосон ба тэрээр үүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан байхад нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. О.Д- хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод зааснаар музейн цуглуулга хадгалах, хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй, ажил үүрэгтээ хайнга хандсан байхад зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Шүүх Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэх заалтыг ишлэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор О.Д- нь байгууллагын эд хөрөнгийг дутаасан үйлдлийн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн тул түүнийг байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэтэл байгууллагын захирлын тушаалаар О.Д-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байхад шүүх эрүүгийн эрх зүйн маргаан мэт дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

О.Д-тай хувийн харьцаатай байж болох этгээдийн мэдүүлгийг үнэлж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрч Э.Нэргүйбаяр нь О.Д-тай нэг өрөөнд ажилладаг байсан хувийн харилцаатай. Гэрч лабораторийн түлхүүрийг хүлээлгэн өгөхөд лабораторид байсан бүх зүйлийг тоолж хүлээлгэн өгөхөд дутаасан гэх эд зүйлс бүрэн байсан гэж мэдүүлсэн боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн гэрч болон нэхэмжлэгч тайлбартаа О.Д- ажлаас халагдах хүртлээ Чихмэл боловсруулалтын лабораторид ороогүй гэсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.13.а-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох үндэслэл болж байгааг шүүх анхаараагүй. Лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод зааснаар О.Д- нь цуглуулгыг боловсруулах, хадгалах, сэргээн засварлахад шаардлагатай химийн бодисыг хадгалах, ашиглах ... байнга хяналт тавих... гэсэн үндсэн чиг үүргээ биелүүлээгүйг нотолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

АТМ-н Чихмэл боловсруулалтын лаборторт хийсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг О.Д- зөвшөөрч гарын үсэг зураагүй. Энэ зөвлөмж, дүгнэлтэд гарын үсэг зурсан гэх баримт байдаггүй. О.Д- ганцаараа эд зүйлийг хүлээн аваагүй. Мөн О.Д- Чихмэл боловсруулалтын лабораторийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг ажил олгогч зөрчсөн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл бусад зүйлээр хангах үүргээ ажил олгогч биелүүлээгүй, буруутай этгээдийн олж тогтоогоогүй байж О.Д-г ажлаас халсан нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллага О.Д-гийн гэм буруутайг тогтоогоогүй. Гэрч Э.Нэргүйбаярт хууль сануулж мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч О.Д- хариуцагч АТМ- ТБАГУТҮГ-т холбогдуулан тус музейн Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 14,369,643 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... О.Д- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... гэж маргажээ.

 

1.1. О.Д- нь хариуцагч байгууллагад Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус музейн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч АТМ- ТБАГУТҮГ ажилтан О.Д- Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан цуглуулгыг хадгалах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 1 ширхэг, тарваганы 30 ширхэг арьс тус тус үрэгдэж дутаасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, АТМ-н дүрмийн 3.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-ын В, Хөдөлмөрийн гэрээний 3.1, 5.2.3.6, Дотоод хяналт шалгалтын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжийг тус тус үндэслэл болгожээ. (хх-ийн 4)

 

2. АТМ- ТБАГУТҮГ-ын Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод ... цуглуулгыг боловсруулах, хадгалах, сэргээн засварлахад шаардлагатай химийн бодисыг хадгалах, ашиглах талаарх аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, байнга хяналт тавих... гэж заасан байна.

2.1. Гэвч АТМ- ТБАГУТҮГ-ын захиргааны зөвлөлийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09-ний өдрийн тэмдэглэлд ... Т.Дашбат ... О.Д- өөрийнхөө ажлыг хийх боломжгүй үе байсан. Өрөөндөө орж чадахгүй, өөр хүн лабораторийн түлхүүрийг нь эзэмшдэг гэж яриад явж байсан... гэж, Н.Жавзмаа ... Лаборторт чихмэлчин, сэргээн засварлагч гээд олон хүнд түлхүүр өгсөн дээр юм байна гээд Ч.Күмистаст түлхүүр хариуцуулсан... гэж тус тус тайлбарласан нь тусгагдсан байна. (хх-66-80)

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарна. Хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр Э.Нэргүйбаярыг асуусан ба ...цуглуулга алга болсон өрөөний түлхүүрийг сүүлийн 4 сар хэн хариуцаж байсан бэ... гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад гэрч Э.Нэргүйбаяр ... хэрэг гарахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сараас О.Д- бид хоёр лабораторийн түлхүүрийг хариуцахаа больсон. Тухайн үед хэлтсийн дарга өөрөө хариуцдаг болсон. Ч.Күмистасд түлхүүрийг хариуцуулж, хэлтсийн дарга Н.Жавзмаа лацдаад явдаг байсан... гэж мэдүүлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Дээрх байдлаас үзэхэд Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүргээ ажил олгогч биелүүлээгүй атлаа Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ ажилтан биелүүлээгүй гэж буруутгасан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх учиртай.

3.1.Ажил олгогч АТМ- ТБАГУТҮГ нь ажилтан О.Д- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

3.2. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1088 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2 В-д заасан Музейн эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч ашигласан, эвдсэн, үрэгдүүлсэн, шамшигдуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно гэсэн ажил олгогчийн тушаалын үндэслэл үгүйсгэгдсэн байна.

3.3. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.2.3.6-д Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан, мөн хариуцлага, сонор, сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол ноцтой зөрчил болно гэсэн үндэслэлийг тушаалд заасан байх боловч нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 ширхэг чонын арьс, 30 ширхэг тарваганы арьс дутсан гэх байдал тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Д-г АТМ- ТБАГУТҮГ-ын Чихмэл, боловсруулалтын лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 12,450,476 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцсэн байна.

 

4. Гэрч Э.Нэргүйбаяр нь нэхэмжлэгч О.Д-тай хувийн харьцаатай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнд хууль сануулж мэдүүлэг авсан тул хариуцагчийн төлөөлөгчийн ... нэхэмжлэгчтэй хувийн харьцаатай байж болох этгээдийн мэдүүлгийг үнэлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан бусад баримтаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тушаалын үндэслэл үгүйсгэгдсэн байна.

4.1. Ажил олгогч нь ажилтанг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой гаргасныг тогтоогоогүй атлаа түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул ...шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/00832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч АТМ- ТБАГУТҮГ-ын урьдчилан төлсөн 214,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ