Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/02901

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      09        19 

                       181/ШШ2023/02901

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Т /рд: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгийгээр хөрөнгөжсөн 29,811,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Тд холбогдуулан 29,811,500 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 тоот магадлалаар О.Ариунбилэгийн, Н.Т, Б.Цэцэнбэйлэ нарт холбогдох орон сууц, авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, Н.Тын О.Ариунбилэг, Б.Б нарт холбогдох хэлцэл хүчин төгөлөдөр бус тогтоолгох 116,998,170 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.

Миний бие Б.Б нь Н.Таас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагай, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай нийт 90,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрийг барагдуулах үүднээс охин О.Ариунбилэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78-р байр, 402 тоот хаягт байрлах 41.77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлж төлбөрийг авах эрхийг Н.Тд итгэмжлэл хийж 3 жилийн хугацаатай олгосон. Н.Т нь тус байранд 2016 оны 11 сараас эхлэн өөрийн хүү Б.Цэцэнбэйлэг байлгасан бөгөөд итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан ч байрыг чөлөөлж өгөхгүй байсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 210/МА2022/01783 тоот магадлалаар маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлж, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүүг тооцон 98,000,000 төгрөгийг Б.Б надаас гаргуулж, Н.Тд олгохоор шийдвэрлэсэн.

Миний бие Б.Б нь Н.Тын дансанд 2014.06.16-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014.07.22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014.08.26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014.09.19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2014.10.04-ний өдөр 1,300,000 төгрөг, 2014.10.23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014.11.05-ны өдөр 1,300,000 төгрөг, 2015.02.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015.03.22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015.08.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015.11.24-ний өдөр 1,042,000 төгрөг нийт 11 удаагийн гүйлгээгээр 29,142,000 төгрөг, 2016.02.07-ны өдөр 447,000 төгрөгийн, 2016.02.02-ны өдөр 115,000 төгрөгийн 2016.01.20-ны өдөр 107,500 төгрөгийн нийт 669,500 төгрөгийн барааг тус тус шижлүүлсэн байдаг.

210/МА2022/01783 тоот магадлалын хянавал хэсгийн 10-т “Н.Тын банкин дахь харилцах дансанд Б.Баас орлого гэсэн гүйлгээнүүдээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх төлбөрийг дээрх 3 зээлийн төлбөр гэж дүгнэхээргүй байна. Харин 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт зээл төлөх гэсэн агуулгатай байгаагаас гадна 2017 онд орон сууцны эзэмших эрхийг 3 жилийн хугацаатай шилжүүлж байгаа байдалтай харьцуулан дүгнэвэл 3 зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ. Энэхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй гэж үзвэл Б.Б нь Н.Таас шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно” гэж дүгнэсэн. Тодруулбал. Б.Баас зээлийн төлбөрт мөнгө шилжүүлэхдээ “зээл төлөв” гэж бичээгүй нь зээлийн төлбөрөөс суутгах үндэслэл болохгүй гэж дүгнэж, 3 зээлийн гэрээний төлбөрт ямар ч төлбөр төлөгдөөгүй байдлаар тооцоо хийж 98,000,000 төгрөгийг надаас гаргуулахаар болсон.

Н.Тд шилжүүлсэн 29,142,000 төгрөг болон 669,500 төгрөгийн барааг зээлийн төлбөрт хасч тооцоогүй тул хариуцагч нь 29,811,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт эаасны дагуу 29,811,500 төгрөгийг Н.Таас буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Тыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 29,811,500 төгрөгийг шаардсан. Хариуцагчийн хэлсэнчлэн 2014 онд 3 зээлийн гэрээ байгуулагдсаныг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байгаа. 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой харилцаа шүүхийн шийдвэр гараад дууссан. Б.Б 90,000,000 төгрөг авсан нь үнэн. 90,000,000 төгрөгөн дээр зээлийн хүүг бодоод 98,000,000 төгрөг төлөх ёстой гээд шүүхийн шийдвэр гарсан. Тус зээлийн гэрээнүүд дандаа хугацаатай байдаг. Иргэний хуульд зааснаар иргэд хоорондын болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн зээлийн гэрээ гэж байгаа. Иргэд хоорондын зээлийн гэрээний хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаар зогсдог. Нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бол нэг сарын хугацааны хүү төлөх ёстой. Түүнээс хойш зогсохгүй бодогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс олгосон банк, банк бусын зээл нь тусдаа хуулиар зохицуулагддаг. Үүний дагуу шүүхээс шийдвэр гараад 90,000,000 төгрөгт 8,000,000 төгрөгийн хүү төлөх ёстой учраас Б.Б нь 98,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Манай зүгээс нэхэмжлэлд дурдсан 29,142,000 төгрөгийг Н.Тын данс руу шилжүүлсэн, 669,500 төгрөгийн барааг шилжүүлэн өгсөн. Шүүхээс дүгнэхдээ 2 асуудал байгаа. Нэгдүгээр, гүйлгээний утга дээр нь зээл төлөв гэж бичээгүй байна. Хоёрдугаарт, зээл төлсөн шилжүүлгийн баримтуудаа өгөөгүй гэх асуудлууд байгаа. Үүнд үндэслээд Б.Б 90,000,000 төгрөгийн зээл аваад 29,811,500 төгрөгийн хүү төлөөд 669,500 төгрөгийн барааг өгөөд мөн охиныхоо байранд Н.Тыг суулгаж байсан. 29,811,500 төгрөгийг төлж байсан боловч зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй гэж шүүхээс дүгнэсэн байхад яагаад Н.Тд 29,811,500 төгрөгийг төлөх ёстой юм бэ, төлөх үндэслэл байхгүй.

Хөөн хэлэлцэх хугацааг ярьж байна. Зээлийн гэрээний дагуу өөрийнхөө төлсөн хүүг шаардаад байгаа юм биш. Н.Тд 29,811,500 төгрөгийг зүгээр өгсөн байгаа юм. Зээлийн гэрээний дагуу өгсөн мөнгийг нь шүүхээс зээлийн гэрээний дагуу өгөөгүй байна гэж дүгнэсэн. Үүний дагуу бид нэхэмжилж байгаа юм. Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу 10 жилийн хугацаа яригдана. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн Б.Бын нэхэмжлэлтэй, иргэн Н.Тд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Иргэний хуулийн 492 дугаар зуйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуиагч Н.Таас 29,811.500 төгрөгийг гаргуулах” тухай хэмээн тодорхойлжээ.

Гэтэл бодит байдал дээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээний шаардах эрхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал:

Нэг. Талуудын хоооонд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухайд:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” хэмээн хуульчилсан ба Н.Т миний бие иргэн Б.Бтай зээлийн гэрээний харилцаанд орсон болохоос биш Б.Бын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл огт байхгүй болно.

Иргэн Н.Т миний бие иргэн Б.Бтай 2008 оноос хойш дотно нөхөрлөж эхэлсэн ба хэрэгтэй үед нь бие биедээ тус болох зорилгоор хоорондоо мөнгө зээлж, уг зээлээ төлж байсан бөгөөд маргааны зүйл болж буй мөнгөний хувьд иргэн Н.Т миний бие иргэн Б.Бад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай 5-6 хувийн хүүтэйгээр бэлэн болон түүний Хаан банкин дахь дансаар шилжүүлж өгсөн байдаг ба үүнтэй холбоотой талуудын хооронд маргаан үүсч, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Тухайлбал: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Н.Т нь хариуцагч Д.Бад 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлэхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 201/МА2022/01783 дугаар магадлалын хянавал хэсэгт:

1.“Б.Б “2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг Таас зээлэв, 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай” гэж гараар бичиж, гарын үсэг зурж, “Хатан сүлжээ” ХХК-ийн тамгыг дарсан баримтыг үйлдэж Н.Тд өгчээ.

2.Н.Т, Б.Б нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Н.Т нь 26,000,000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл сарын 5 хувийн хүүтэйгээр Б.Бад зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээнд Б.Б нь гарын үсэг зурж, мөн “Хатан сүлжээ” ХХК-ийг тамгыг даржээ.

3.Мөн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гараар бичсэн зээлийн гэрээ гэх баримтаар Б.Б нь 14,000,000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 6 хувийн хүүтэйгээр Н.Таас зээлсэн, уг баримтад Б.Б нь мөн гарын үсэг зурж, “Хатан сүлжээ” ХХК-ийн тамгыг даржээ.

4.2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичгээр үйлдсэн баримтад “Зээлийн гэрээ” гэж нэр өгөөгүй нь бусад зээлийн гэрээнээс ялгах үндэслэлгүй болохгүй. Дээрх 3 баримтад зээлдэгч Б.Б гарын үсэг зурж, “Хатан сүлжээ” ХХК-ийн тамга дарагдсан байдал адил байна.

5.Иймд дээрх 3 зээлийн гэрээ Н.Т болон Б.Б нарын хооронд байгуулагдсан байх ба гэрээнүүд хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Б биелүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, нэг сарын 2,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгөөр тодорхойлогдоно гэж үзээд иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байгаа болно.

Өөрөөр хэлбэл иргэн Б.Бын миний дансанд шилжүүлсэн мөнгө нь дээр дурдсан гурван удаагийн зээлийн хүүгийн төлбөр байсан юм.

Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан хэдий ч Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар “Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал” зөвлөмжид: “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрхи хуулийн зохицуулалт хамааралгүй болно” хэмээн хуулийг тайлбарласан.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба иргэн Б.Б нь иргэн Н.Таас авсан зээлийг зээлийн гэрээний хугацаанд төлж чадаагүй тул сайн дураараа хүлээн зөвшөөрч зээлийн хүүг төлсөн байх тул нэгэнт төлсөн зээлийн хүүгээ буцаан шаардах эрхгүй болно.

Хоёр. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд:

Н.Т миний бие иргэн Б.Бтай 2014 оны 5 дугаар сараас эхлэн 3 удаагийн зээлийн гэрээг байгуулсан байдаг үндсэн зээлээ хугацаандаа төлж чадахгүй, нөхцөл байдлаа тайлбарлаж, зээлийн гэрээний хугацааг сунгах талаар амаар санал тавьж байсан бөгөөд уг саналыг хүлээн зөвшөөрч иргэн Б.Б нь үндсэн зээлийг төлж, мөн харилцан тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлж байсан.

Гэтэл иргэн Б.Б нь “зээлийн хүү төлөх ёсгүй байсан байна” гэж үзээд иргэн Н.Т намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж, мөн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу иргэн Б.Б нь төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 370,010 төгрөг төлсөн баримт, Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны орлогын мэдүүлэг, Хатан сүлжээ дэлгүүрийн зарлагын 3 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувиар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.30-ны өдрийн 102/ШШ2022/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.25-ны өдрийн 001/ШХТ2022/01338 дугаар тогтоол, Ч.Гыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн.\хх-ийн 6-29\

Хариуцагч талаас нотлох баримтаар: Ц.Гд олгосон итгэмжлэлийг авагдсан.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хэрэг бүртгэлтийн 210900558 дугаартай хэрэгт Н.Т, Б.Цэцэнбэйлэ, Б.Б, О.Ариунбилэг нарын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

   Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Тд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт шилжүүлэн төлсөн 29,142,000 төгрөг болон 669,500 төгрөгийн барааг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй тул хариуцагч нь 29,811,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн учир Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу 29,811,500 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба Б.Б нь Н.Таас авсан зээлийг гэрээний хугацаанд төлж чадаагүй тул сайн дураараа хүлээн зөвшөөрч зээлийн хүүг төлсөн байх тул нэгэнт төлсөн зээлийн хүүгээ буцаан шаардах эрхгүй, мөн төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102\ШШ2022\02510 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 402 тоот хаягт байрлах 41.77 м\к талбай бүхий 1 өрөө орон сууц, ...78 дугаар байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах 15 м\к талбай бүхий авто зогсоолыг хариуцагч Б.Цэцэнбэйлгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Тд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал, олох байсан орлого, учирсан хохиролд 21,769,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Баас 45,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 71,498,170 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч О.Ариунбилэгт холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.\хх-12-20\

Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч талууд давж заалдах гомдол гаргасныг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаас “106.3” гэснийг хасаж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 98,000,000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Б.Бад холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 18,998,170 төгрөг  гаргуулах тухай болон О.Ариунбилэгт холбогдох Н.Тын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрлэсэн байна.\хх-21-28\

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/01338 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.\хх-29\

Дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Н.Т, Б.Б нарын хооронд 3 зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнүүд хүчин төгөлдөр, 2 зээлийн гэрээний үүрэгт Б.Баас 45,500,000 төгрөгийг гаргуулж Н.Тд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хуульд нийцсэн, зөв гэж, ...2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Б биелүүлэх үүрэгтэй, энэ үүрэг нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, нэг сарын хүү 2,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгөөр тодорхойлогдож байна. ...Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 98,000,000 төгрөгийг гаргуулж Н.Тд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна. ...Н.Тын банкин дахь харилцах дансанд Б.Баас орлого гэсэн гүйлгээнүүдээс 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх төлбөрийг дээрх 3 зээлийн гэрээний төлбөр гэж дүгнэхээргүй байна. Харин 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс  хойш 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт зээл төлөх гэсэн агуулгагүй байгаагаас гадна 2017 онд орон сууцны эзэмших эрхийг 3 жилийн хугацаатай шилжүүлж байгаа байдалтай харьцуулан дүгнэвэл 3 зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ. Энэхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй гэж үзвэл Б.Б нь Н.Таас шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.” гэжээ.\хх-28 дах талд\

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон Н.Т, Б.Б нарын хооронд байгуулагдсан 3 зээлийн гэрээний үүргийн талаархи хууль зүйн үндэслэлд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд дахин дүгнэлтийг хийхгүй, нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх бөгөөд тус шүүхийн магадлалд “...Энэхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй гэж үзвэл Б.Б нь Н.Таас шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно” гэсэн дүгнэлт хийж, тус хэргийн хариуцагч буюу зээлдэгч Б.Баас нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н.Тын банкин дахь харилцах дансанд орлого гэсэн гүйлгээнүүд шилжүүлсэн талаархи бичгийн баримтуудыг тухайн 3 зээлийн гэрээний үүрэгт төлсөн талаар тооцоогүй болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍‍.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж Хаан банкны орлогын мэдүүлгүүдийг шүүхэд баримтаар гаргаж өгсөн ба Б.Баас 06/16/2014-ний өдөр 2,500,000 төгрөг, 07/22/2014-ний өдөр 2,500,000 төгрөг, 08/26/2014-ний өдөр 2,500,000 төгрөг, 09/19/2014-ний өдөр 2,500,000 төгрөг, 10/04/2014-ний өдөр 1,300,000 төгрөг, 10/23/2014-ний өдөр 2,500,000 төгрөг, 11/05/2014-ний өдөр 1,300,000 төгрөгийг, 02/16/2015-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 05/22/2015-ны өдөр 5,000,000 төгрөг, 08/02/2015-ны өдөр 3,000,000 төгрөг, 11/24/2015-ны өдөр 1,042,000 төгрөг, нийтдээ 29,142,000 төгрөгийг Н.Тын Хаан банкны 5022250552 тоот дансанд шилжүүлсэнтэй хариуцагч маргаагүй боловч уг мөнгийг зээлээ төлж чадаагүйн улмаас зээлийн хүүнд тооцож төлсөн учир буцаан шаардах эрхгүй гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Н.Т, Б.Б нарын хооронд байгуулагдсан 3/гурван/ зээлийн гэрээ тодорхой хугацаа хүүтэйгээр байгуулагдсан, тус тусын хугацааны зээлийн хүүг шүүхийн шийдвэрээр дүгнэлт хийж, тооцоолон шийдвэрлэхдээ Б.Баас Н.Тд шилжүүлэн өгсөн дээрх 29,142,000 төгрөгийг зээлийн гэрээнүүдийн хүүнээс хасаж тооцоогүй байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Тд шилжүүлэн өгсөн 28,142,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

Мөн хариуцагч тал Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан боловч хэргийн үйл баримтыг харьцуулан дүгнэвэл Б.Баас Н.Тд шилжүүлэн өгсөн 29,142,000 төгрөгөө буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн... үеэс үүснэ гэж заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарснаар Б.Быг эрх зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн татгалзалыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээр 669,500 төгрөгийн барааг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй гэх үндэслэлээр Н.Таас гаргуулахаар шаардсан боловч үүнийгээ нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж заасан шаардлагыг хангуулаагүй хуулбар хувийг хэргийн 11 дэх талд гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул энэ хэсгийг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагч Н.Таас 29,142,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 669,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,010 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Таас 29,142,000 төгрөг гаргуулан Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,010 төгрөгийг улсын орлого болгож, Н.Таас 303,660 төгрөг гаргуулж, Б.Бад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ