Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01980

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01980

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02901 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н-д холбогдох,

29,811,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б- нь Н-аас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай нийт 90,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрийг барагдуулах үүднээс охин А-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө, 78 дугаар байр, *** тоот хаягт байрлах 41.77 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлж төлбөрийг авах эрхийг Н-д итгэмжлэл хийж 3 жилийн хугацаатай олгосон.

Мөн Б- нь Н-ын дансанд 11 удаагийн гүйлгээгээр 29,142,000 төгрөг, бэлэн бусаар 669,500 төгрөгийн барааг шилжүүлсэн.

Н- нь тус байранд 2016 оны 11 сараас эхлэн өөрийн хүү Б- байлгасан бөгөөд итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан ч байрыг чөлөөлж өгөхгүй байсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01783 тоот магадлалаар маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлж, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүүг тооцон 98,000,000 төгрөгийг Б- надаас гаргуулж, Н-д олгохоор шийдвэрлэсэн ба 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлсөн төлбөрийг дээрх 3 зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, Б- нь Н-аас уг мөнгөн хөрөнгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй талаар дурдсан.

Тодруулбал. Б-аас зээлийн төлбөрт мөнгө шилжүүлэхдээ зээл төлөв гэж бичээгүй нь зээлийн төлбөрөөс суутгах үндэслэл болохгүй гэж дүгнэж, 3 зээлийн гэрээний төлбөрт ямар ч төлбөр төлөгдөөгүй байдлаар тооцоо хийж 98,000,000 төгрөгийг надаас гаргуулахаар болсон.

Н-д шилжүүлсэн 29,142,000 төгрөг болон 669,500 төгрөгийн барааг зээлийн төлбөрт хасч тооцоогүй тул хариуцагч нь 29,811,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцагч Н-аас буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Н-аас Б-ад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай 5-6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Б- дээрх 3 зээлийн гэрээний үндсэн зээлээ хугацаандаа төлж чадахгүй, зээлийн гэрээний хугацааг сунгах талаар амаар санал тавьж байсан бөгөөд уг саналыг Н- хүлээн зөвшөөрч, Б- нь үндсэн зээлийг төлж, мөн харилцан тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлж байсан.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Б- нь Н-аас авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн ба нэгэнт төлсөн зээлийн хүүгээ буцаан шаардах эрхгүй болно.

Түүнчлэн Б- нь төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Н-аас 29,142,000 төгрөг гаргуулан Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,010 төгрөгийг улсын орлого болгож, Н-аас 303,660 төгрөг гаргуулж, Б-ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 26,000,000 төгрөгийн, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан.

Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан тул тухайн үедээ Н-тай харилцан тохиролцоод 2,500,000 төгрөг, мөн 1,300,000 төгрөгийг сар бүр тогтмол шилжүүлж байсан нь нийт 29,142,000 төгрөг болсон. Үүнтэй нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь маргаагүй бөгөөд зээлдэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй билээ.

Түүнчлэн А-ийн нэхэмжлэлтэй, Н-, Б.Цэцэнбэйлэ нарт холбогдох, Н-ын нэхэмжлэлтэй, А-, Б- нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б- нь Н-ын нэхэмжилсэн 116,998,170 төгрөгийг эс зөвшөөрч, Н-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэх үндэслэлээр маргаж, зээлийн төлбөрт шилжүүлж байсан төлбөрөөсөө хасуулж тооцуулах талаар огт маргаагүй.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Б- нь Н-д төлөхөөр шийдвэрлэгдсэн 98,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

4.2. Нэхэмжлэгч Б-, хариуцагч Н- нар нь 2014 онд зээлийн гэрээний харилцаанд орж, зээлдэгч Б- нь зээлдүүлэгч Н-д зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж, хүүг нь төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар Б-ын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон гэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид ашигтайгаар хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76-т зааснаар А-ийн нэхэмжлэлтэй, Н-, Б.Цэцэнбэйлэ нарт холбогдох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Б- эрх зөрчигдсөн талаар олж мэдэж, шаардах эрх үүссэн байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

4.3. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн "Хүсэлт хянан шийдвэрлэх тухай" 181/Ш32023/07624 дүгээр захирамжаар өмгөөлөгч Л.Батжавын хүсэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдарын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 898 "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолтой 210900558 дугаар хэргээс гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар татахаар шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Б-ын нэхэмжлэлтэй, иргэн Н-д холбогдох энэхүү иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б-аас гаргасан өөрийн өмгөөлөгчөөр Л.Батжавыг оролцуулах тухай хүсэлт, эсхүл түүнтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01783 дугаартай магадлалын хянавал хэсэгт зээл төлөх агуулга байхгүй учраас зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэлгүй гэж Б-ын төлсөн төлбөрийн талаар дүгнэсэн тул дагуу анхан шатны шүүхээс Н-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж 29,142,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн дээрх шийдвэр гарснаар үйл баримтыг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжавын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үнэлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Н-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,811,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102\ШШ2022\02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01783 дугаар магадлалаар Б-аас 98,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Н-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар Н-, Б- нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 23, 2014 оны 09 дүгээр сарын 05, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 98,000,000 төгрөгийг Б-аас гаргуулж Н-д олгохдоо Б-аас Н- руу 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх мөнгөн хөрөнгийн шилжүүлэгт зээл төлөх гэсэн агуулгагүй тул 3 зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, уг мөнгөн хөрөнгийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн.

 

4. Б-аас 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Н-ын Хаан банкны 5022250552 тоот данс руу нийт 29,142,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 29,142,000 төгрөгийг урьд шүүхээр зохигчийн хооронд үүссэн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хасагдаж тооцогдсон гэх агуулгатай тайлбар болон баримтыг гаргаагүй тул Б-аас Н- руу шилжүүлсэн 29,142,000 төгрөг нь талуудын хоорондын зээлийн гэрээний үүрэгт тооцогдохгүй учраас анхан шатны шүүх хариуцагч Н-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,142,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.1. Хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 23, 2014 оны 09 дүгээр сарын 05, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 3 зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч 29,142,000 төгрөгийг төлсөн тул буцаан шаардах эрхгүй гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зохигчийн хооронд үүссэн 3 зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэхэд дээрх 29,142,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг зээлийн гэрээний харилцаанд хамааруулж дүгнэхгүй гэж нэгэнт шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 10 жил, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн шаардах эрх нээгдэж буй тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.3. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Э.Марал-Эрдэнэ, Л.Батжав нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэлийг үндэслэн Л.Батжав нь нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/07624 дүгээр захирамжаар хангаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй.

Л.Батжавыг нэхэмжлэгч нь итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болохыг илэрхийлж, итгэмжлэл олгожээ.

Иймд хэргийн бус оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлсэн нь хууль зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/02901 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ