Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03163

 

 

 

 

                           

 

 

 

                                      

        2023       10        10 

                        181/ШШ2023/03163

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, О /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулах үндсэн, мөн гэрээний үүрэгт /658,889+4,205,800/ нийт 4,864,689 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Р.Од холбогдуулан Хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ч.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Р.Отай “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их монгол улс гудамж, 308 дугаар байр, 803 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 1 сарын 4,500,000 төгрөгөөр нийт 12 сарын хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцсон.

Талууд түрээсийн төлбөрийг 3 сараар төлөхөөр харилцан тохиролцсон ба Ч.Эийн зүгээс орон сууцны 3 сарын төлбөр болох 13,500,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа төлбөр болох 4,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Огийн Голомт банкны 1102754890 тоот дансанд шилжүүлж гэрээний 1.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байдаг.

Мөн хариуцагчтай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, гэрээ байгуулалгүйгээр түрээсэлж буй орон сууцны В1 давхарт байрлах 1 ширхэг авто зогсоолыг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр нийт 12 сарын хугацаанд түрээслэхээр болсон бөгөөд төлбөрийг Р.Огийн Голомт банкны 1102754890 тоот дансанд түрээсийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй буюу “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 2.1-т заасан шаардлагыг хангаагүй болох нь тоггоогдсон. Хөлслөгчийн зүгээс хөлслүүлэгч Р.Од орон сууцны доголдлыг арилгах талаар удаа дараа хүсэлтийг хургүүлж байсан боловч үр дүн гараагүй тул ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцанд амьдрах боломжгүй болж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.”, 220.4 дэх хэсэгт “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.” хэмээн тус тус заасныг үндэслэн Ч.Э нь “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-нээс татгалзаж буйгаа Р.Од мэдэгдээд, орон сууцыг 2021 оны 12 сард суллаж өгсөн байдаг. Мөн хөлсөлж буй орон сууцныхаа В1 давхарт байрлах 1 ширхэг авто зогсоолыг түрээслэхээр хариуцагч Р.Отай харилцан тохиролцсон боловч “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-нээс дээрх үндэслэлээр татгалзсаны улмаас авто зогсоолыг түрээслэх үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Учир нь бодит нөхцөл байдал дээр амьдарч буй орон сууцнаасаа өөр орон сууцанд авто зогсоол түрээслэх боломжгүй буюу түрээсийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Иймээс авто зогсоол түрээслэхээр тохиролцсон тохиролцооноос татгалзсан.

Ч.Э нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу түрээсийн орон сууц
болон авто зогсоолыг анх хүлээн авсан байдлаар нь 2021 оны 12 сард хариуцагчид бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд түрээсийн орон сууц болон авто зогсоолтой холбоотой аливаа гомдол шаардлага Р.О нь өнөөдрийг хүртэл хугацаанд гаргаагүй байна.

Ингээд гэрээ цуцалж орон сууц болон авто зогсоолыг хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан барьцаа төлбөр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн нийт төлбөрөөс ашигласан хугацааны төлбөрийг хассан дүн болох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг буцаан нэхэмжилж Р.Отай удаа дараа холбогдоход “...Би захиргааны хэргийн шүүхэд ажилладаг шүүгч хүн”, “...намайг шүүгч гэдгийг мэдэж байгаа биз дээ, та нар шүүхдээд аваарай...” гэх зэргээр сүрдүүлэн буцаан олговол зохих төлбөрийг өгөхгүй байсан учир Шүүхийн Ерөнхий Зөвлөлд шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар хандахад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1158 дугаар
хариу албан бичгээр “...Таны хүсэлтэд дурдсан иргэн Равданцэрэнгийн О /РД: Ц377020508/ нь шүүгчээр ажилладаггүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн хариу ирүүлсэн юм.

Ийнхүү хариуцагч нь амьдрах наад захын шаардлага хангаагүй орон сууцыг хэт өндөр үнээр түрээсэлж, түрээсийн орон сууцны доголдлыг арилгах талаар хөлслөгчийн зүгээс гаргасан шаардлагыг үл биелүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар ашиглан сүрдүүлж, зүй бусаар харьцаж буцаан олгох шаардлагатай
төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэнд гомдолтой байна.

Иймд, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн барьцаа төлбөр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, авто зогсоолын түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, нийт 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “Р.О болон Ч.Э нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-ний дагуу Улаанбаатар, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ривер Гарден Их Монгол улс гудамж, 308 дугаар байр 803 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай байгуулж, эхний төлбөрт 18,000,000 төгрөгийг төлсөн.

Тус гэрээний 1.5 дугаар зүйлд “Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна” гэж заасны дагуу 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөх ёстой байсан ба Ч.Э нь байрны чипнүүд болон авто зогсоолын удирдлагийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна.

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д “Хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар бол 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэнэ. 15 хоногоос бага хугацааны өмнө мэдэгдсэн тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүйгээр үлдсэн хоногоор тооцон төлсөн төлбөрийг буцаан олгоно” гэж харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 15 хоногоос өмнө мэдэгдээгүй.

Ч.Э нь 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Р.Од 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр утсаар байрнаас гарлаа гэж мэдэгдсэн болно.

Харин авто зогсоолын түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 1,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд орон сууц болон автозогсоолыг хамтад нь удаан хугацаагаар түрээслэх тохиолдолд 150,000 төгрөг байхаар тохиролцож, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт Ч.Эөөс 1,500,000 төгрөгийг авсан.

Р.О нь авто зогсоолоо түрээслүүлэхэд нэг сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд хэрэв 3 сар түрээслэх тохиолдолд 300,000 төгрөгөөр тооцож Ч.Э нь 1,200,000 төгрөг төлөх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан.

Иймд дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Р.О болон Ч.Э нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-ний дагуу Улаанбаатар, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ривер Гарден Их Монгол улс гудамж, 308 дугаар байр 803 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай байгуулж, эхний төлбөрт 18,000,000 төгрөгийг төлсөн.

Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабелиин төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж харилцан тохирсон боловч Ч.Э нь гэрээгээр тохиролцсон дээрх төлбөрүүдийг огт төлөөгүй байна.

Гэрээний дагуу буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны ус, дулаан, СӨХ-ийн төлбөр дараах тооцоололтой гарч байна. Үүнд:

1.Контор (ус, дулаан)-ын төлбөр: “Хайспийд” ХХК-ийн төлбөрийн баримтаар 09 дүгээр сард 10,592.10 төгрөг, 10 дугаар сард 21,184.20 төгрөг, 11 дүгээр сард 21,184.20 төгрөг, 12 дугаар сард 51,110.18 төгрөг, нийт 104,071 төгрөг болсон.

2.СӨХ-ийн төлбөр: “Ривер гарден” СӨХ-ийн нэхэмжлэх хуудсаар 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх 4 сарын төлбөр 739,757 төгрөг болсон. Нэг сарын төлбөр 184,939 төгрөг бөгөөд 3 сараар тооцоход 554,818 төгрөг болж байна. Р.О нь ус, дулааны төлбөрт 104,071 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 554818 төгрөг, нийт 658,889 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Ч.Эөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-ний 4.1 дүгээр хэсэгт заасны дагуу 658,889 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Мөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар ихэсгэсэн.

1. Хаалганы цоож, чип, суулгалт, дуудлагын үнэ 2,670,000 төгрөг гаргуулах:

Р.О болон Ч.Э нарын байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-ний гэрээний 1.5 дугаар зүйлд “Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна” гэж заасны дагуу 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөх ёстой байсан ба Ч.Э нь хаалганы 5 ширхэг чипнүүд болон авто зогсоолын чипийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна.

Р.О нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхдөө хаалганы 5 ширхэг чип болон зогсоолын 1 ширхэг чипийг хүлээлгэн өгсөн байдаг. Ийнхүү Ч.Э нь орон сууцнаас гарлаа гээд хэлчихээд хаалганы чип болон зогсоолын чипийг хүлээлгэн өгөхгүй байсан бөгөөд Р.О нь өөрийн орон сууцандаа нэвтэрч орох боломжгүй байсан тул Р.О нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хаалганы чипийг солиулан, 5 ширхэг чип, мөн зогсоолын 1 ширхэг чипийг худалдан авч, өөрөөсөө нийт 2,670,000 төгрөгийн зардал гаргасан байдаг.

2. Гал тогооны тавилгын эвдрэл 1,535,800 төгрөг гаргуулах:

Талууд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас” үйлдэн, орон сууцыг хүлээлцэхдээ гал тогооны тавилгыг эвдрэлгүй бүрэн бүтэн хүлээлцсэн байдаг.

Ийнхүү Р.О нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр автомат цоожийг солиулж ороход гал тогооны тавилга нь эвдэрсэн байдалтай байсан ба үүнийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр засварлаж, 1,535,800 төгрөгийн зардал гаргасан. Иймд Ч.Эөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлсүүлэх гэрээ”-ний 1.5-д заасны дагуу 4,205,800 төгрөг гаргуулна. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Р.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 4.1-т Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, кабелийн төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж заасныг дурдаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 3 сарын хугацааны ус, дулааны төлбөрт 104,071 төгрөг, 3 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 554,818 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 4.1-т заасны дагуу хөлслөгчийн хувьд зөвхөн хэрэглээний халуун хүйтэн ус, цахилгаан кабелийн төлбөрийг хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт заасан ус, дулааны төлбөрийг баримтын дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр орон сууцыг бүрэн суллаж, Хөлслүүлэгчид энэ тухайгаа мэдэгдээд нүүсэн байхад 12 дугаар сарын хэрэглээний төлбөр хэт өндөр гарсан байгаа нь зөвхөн хөлслөгчийн хэрэглэсэн ус, дулааны төлбөр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн 2 дахь хэсэгт заасан СӨХ-ны төлбөрийн хувьд талууд амаар болон гэрээгээр хөлслөгч хариуцахаар тохиролцоогүй болно. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн дараах тайлбарыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 1 дэх хэсэг болох 9 дүгээр сарын 10,592.10 төгрөг, 10 дугаар сарын 21,184.20 төгрөг, 11 дүгээр сарын 21,184.20 төгрөгийн төлбөрийг бүтнээр нь, 12 дугаар сарын 51,110.18 төгрөгийн 50% болох 25,555.09 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч нийт 78,515.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

СӨХ-ны төлбөрийн хувьд гэрээгээр Хөлслөгч талаас төлөхөөр үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн үндэслэлийн 2 дахь хэсэг болох нийт 4 сарын СӨХ-ны төлбөр 554,818 төгрөгөөр нэхэмжилсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаархи хариу тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг нэмэгдүүлэхдээ 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 1.5-д зааснаар шаарджээ. Хөлслөгч нарын зүгээс түрээсийн гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэн, гэрээг цуцалсантай холбоотой зөрүү төлбөрийн асуудал ярихад Хөслүүлэгчийн зүгээс зөрүү төлбөрийг шийдвэрлээгүйн дээр утсаар залгахаар хариу өгөхгүй, түүний Вайбер дугаараар мессеж бичихээр хариу ирүүлдэггүй байсаар, арга буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр орон сууцыг бүрэн суллаж, хөлслүүлэгчид энэ тухайгаа мэдэгдээд нүүсэн.

Хөлслөгчийг нүүх үед сөрөг нэхэмжлэлд заасан тавилгын эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт зургууд нь хөслөгчийг нүүх үеийн зураг гэдгийг нотлоход эргэлзээтэй байна. Мөн хаалганы кодын хувьд смарт түгжээний кодыг солих нь заавал мастер түлхүүр /мастер карт/-ээр солигддог бөгөөд тухайн үед Хөлслүүлэгчийг мастер түлхүүрийн хамт байлцуулж байж кодыг солихоор болоод Хөлслөгч нь ирж сольж өгсөн ч зүйлгүй таг болсон. Хэрэв код солигдсон бол заавал мастер түлхүүр байх шаардлагатай бөгөөд Хөлслөгч нь өөрөө мастер түлхүүрээрээ хэдийд ч хаалгыг нээх, кодыг солих бүрэн боломжтой тул зөвхөн кодноос болж цоож солигдсон гэх асуудал нь үндэслэлгүй. Мөн зураг дээрх тавилгын эвдэрэл, хаалганы цоож сольсон талаарх гомдлын шаардлагыг Хөлслүүлэгч өмнө нь нэг ч удаа гаргаж байгаагүй болно.

Иймд хариуцагчаас гаргасан нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна” гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөг төлсөн баримт, П.Эд олгосон итгэмжлэл, Ч.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.15-ны өдрийн Хөлслөх, хөлслүүлэх гэрээ, орлогын мэдүүлэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021.12.27-ны өдрийн 01/1158 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Мөнгөншагайд олгосон итгэмжлэл, 0426253, 0398483 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Э.Жийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид /20,383+82,243/ нийт 102,243 төгрөг төлсөн баримт, Хайспийд ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, РГСӨХ-ийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, фото зураг, 000418137 болон 000418136 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.01.23, 2022.02.03-ны өдрийн зарлагын баримт, фото зураг зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц “Хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн барьцаа төлбөр 4,500,000 төгрөг, авто зогсоолын түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 1,200,000 төгрөг, нийт 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний 1.5 дугаар зүйлд заасны дагуу 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөх ёстой байсан ба Ч.Э нь байрны чипнүүд болон авто зогсоолын удирдлагийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д ...15 хоногоос бага хугацааны өмнө мэдэгдсэн тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүйгээр үлдсэн хоногоор тооцон төлсөн төлбөрийг буцаан олгоно гэж тохиролцсон, нэхэмжлэгч 15 хоногоос өмнө мэдэгдээгүй, Р.Од 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр утсаар байрнаас гарлаа гэж мэдэгдсэн учир 4,500,000 төгрөгийг шаардах эрхгүй,

Авто зогсоолоо түрээслүүлэхэд нэг сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд хэрэв 3 сар түрээслэх тохиолдолд 300,000 төгрөгөөр тооцож Ч.Э нь 1,200,000 төгрөг төлөх нь зүйтэй, гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж маргав.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабелийн төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж харилцан тохирсон боловч Ч.Э нь гэрээгээр тохиролцсон дээрх төлбөрүүдийг огт төлөөгүй. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны ус, дулааны төлбөр “Хайспийд” ХХК-ийн төлбөрийн баримтаар 9 сард 10,592.10 төгрөг, 10 сард 21,184.20 төгрөг, 11 сард 21,184.20 төгрөг, 12 сард 51,110.18 төгрөг, нийт 104,071 төгрөг, СӨХ-ийн төлбөр “Ривер гарден” СӨХ-ийн нэхэмжлэх хуудсаар 2021 оны 09 сараас 2022 оны 01 сар хүртэлх 4 сарын төлбөр 739,757 төгрөг, нэг сарын төлбөр 184,939 төгрөг, 3 сараар тооцоход 554,818 төгрөг, нийт 658,889 төгрөг нэхэмжлэх эрхтэй, Мөн хаалганы цоож, чип, суулгалт, дуудлагын үнэ 2,670,000 төгрөг, гал тогооны тавилгын эвдрэл 1,535,800 төгрөг, нийт 4,205,800 төгрөгийг гэрээний 1.5-д заасны дагуу гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ ...9 сарын 10,592.10 төгрөг, 10 сарын 21,184.20 төгрөг, 11 сарын 21,184.20 төгрөгийн төлбөрийг бүтнээр нь, 12 сарын 51,110.18 төгрөгийн 50% болох 25,555.09 төгрөгийг, нийт 78,515.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, СӨХ-ны төлбөрийг гэрээгээр Хөлслөгч тал төлөх үүрэг хүлээгээгүй тул 554,818 төгрөгөөр зөвшөөрөхгүй, Хөлслөгчийг нүүх үед тавилгын эвдрэл гэмтэл байгаагүй, хавсаргасан баримт зургууд нь хөслөгчийг нүүх үеийн зураг гэдгийг нотлоход эргэлзээтэй, хаалганы кодын хувьд смарт түгжээний кодыг солих нь заавал мастер түлхүүр /мастер карт/-ээр солигддог, Хөлслөгч нь өөрөө мастер түлхүүрээрээ хэдийд ч хаалгыг нээх, кодыг солих бүрэн боломжтой тул зөвхөн кодноос болж цоож солигдсон асуудал нь үндэслэлгүй, зураг дээрх тавилгын эвдрэл, хаалганы цоож сольсон талаарх гомдлын шаардлагыг Хөлслүүлэгч өмнө нь нэг ч удаа гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Хөлслүүлэгч тал Р.О, хөлслөгч тал Ч.Э нарын хооронд 2021.09.15-ны өдөр Хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден Их Монгол улс гудамж, 308 дугаар байрны 803 тоот хаягт байрлах, Ү-226040877 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий, 147 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021.09.15-ны өдрөөс 2022.09.14-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар, эхний удаа орон сууцны хөлслөх төлбөр 13,500,000 төгрөг, 1 сарын төлбөртэй тэнцэх барьцаа болох 4,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг уг гэрээ хийгдэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулснаар хөлслүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-6-7/

Тус гэрээ байгуулагдсан, 3 сарын түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг болон барьцаа 4,500,000 төгрөгийг тус тус төлсөн, гэрээний дагуу Р.Отгонгзаяа орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч буюу хөлслөгч Ч.Эийн зүгээс уг орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй буюу гэрээний 2.1-т заасан шаардлагыг хангаагүй, хөлслүүлэгчид уг доголдлыг арилгах талаар удаа дараа хүсэлтийг хүргүүлсэнч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т заасныг үндэслэн гэрээнээс татгалзаж буйгаа Р.Од мэдэгдээд, орон сууцыг 2021 оны 12 сард суллаж өгсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг шаардлагын үндэслэлээ нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасарсан гэж байгаа боловч хэдийд, ямар хугацаагаар хэрхэн тасарсан болох нь тодорхойгүй, ийнхүү ...халуун ус тасарсан нь хөлслүүлэгч Р.Огаас хамааралтэй эсэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, тэрээр хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй гэж тодорхойлсон ч тус орон сууцны ханыг хэт нимгэн гэх байдлыг тогтоосон буюу барилгын стандарт шаардлага хангаагүй гэж үзэх баримт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т “Хөлслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад 2021 оны 09-р сарын 15-ны өдөр хүлээлгэн өгнө” гэж заажээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их монгол улс гудамж 308 байр, 803 тоот хаягт байршилтай 147 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Р.Ог эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040877 дугаарт бүртгэж, 000418137 дугаартай гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон талаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажигдсан хуулбар хэрэгт авагдсан ба уг өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч Р.О нь гэрээний 2.1-д заасны дагуу 2021 оны 09-р сарын 15-ны өдөр Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудсыг үйлдэж нэхэмжлэгч Ч.Эд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-68, 70-73/

Маргааны зүйл болсон дээрх орон сууцыг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, гэрээний 1.1-д ...2021.09.15-ны өдрөөс 2022.09.14-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлслүүлэхээр заасан байтал нэхэмжлэгч Ч.Э ...уг орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй, гэрээний 2.1-т заасан шаардлагыг хангаагүй, хөлслүүлэгчид уг доголдлыг арилгах талаар удаа дараа хүсэлтийг хүргүүлсэнч үр дүн гараагүй гэх үндэслэлийг зааж гэрээнээс татгалзсан байдлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй., 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасныг үндэслэл болгож байгаа боловч ийнхүү гэрээнээсээ татгалзсан шалтгаан нөхцлийг бичгийн баримтаар нотлоогүй тул шаардах эрхээ тодорхойлж буй хуулийн үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэрээний 1.5-д “Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учирсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна.” гэж заасан байхад ийнхүү гэрээнд заасны дагуу тус орон сууцыг хөлслөгч Ч.Э хэдийд, хэрхэн, ямар байдлаар хөлслүүлэгч Р.Од хүлээлгэн өгсөн үйл баримт нотлогдоогүй.

Гэрээний 3 дугаарт Хөлслөгчийн эрх, үүргийн талаар буюу 3.4-т Хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар бол 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэнэ. 15 хоногоос бага хугацааны өмнө мэдэгдсэн тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүйгээр үлдсэн хоногоор тооцон төлсөн төлбөрийг буцаан олгоно.” гэж зааж тохиролцжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Эийн төлөөлөгч нхэмжлэлдээ 2021 оны 12 сард уг орон сууцыг суллаж өгсөн гэж бичсэн бол шүүх хуралдаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр орон сууцыг бүрэн сулласан талаарх мэдэгдлийг хөлслүүлэгчид мэдэгдсэн. гэж зөрүүтэй бөгөөд тодорхойгүй тайлбарлаж байх тул яг хэдний өдөр, хэрхэн Р.Од гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, уг орон сууцыг суллаж хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч Р.О, түүний төлөөлөгчийн зүгээс “одоог хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байрнаас гарлаа шүү гэж мэдэгдсэн, Өмнө нь цуцлах талаар мэдэгдээгүй, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу даруй 1 сар 10 хоногийн дараа байрны цоожийг солиулж орсон” гэж тайлбарлан маргаж байгаагаас үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэж шүүх үзэхээр байна.

Мөн гэрээний 2.3-т “Хөлслүүлэгч Иргэний хуулийн 288.2.3-т зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар бол 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслөгчид мэдэгдэнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т “Хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг хөлслүүлэгч Р.Од олгогдсон гэж үзэх бөгөөд Р.О ийнхүү гэрээ цуцлах санал гаргаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Ч.Э барьцааны 4,500,000 төгрөгийг хариуцагч Р.Огаас гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа бичгийн баримтаар нотолж чадаагүй тул шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

1.2.Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр, харилцан тохиролцож түрээслэж буй орон сууцны В1 давхарт байрлах 1 ширхэг авто зогсоолыг нийт 12 сарын хугацаанд 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, төлбөрийг түүний дансанд бүрэн төлсөн, орон сууц түрээслэх гэрээнээс татгалзсаны улмаас тус автозогсоолыг түрээслэх боломжгүй болсноор төлбөрт шилжүүлсэн нийт төлбөрөөс ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хассан дүн 1,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан тухайд:

Хариуцагч Р.О, нэхэмжлэгч Ч.Э нар нь В1 давхарын авто зогсоолыг хэдийнээс эхлэн хэдийг хүртэл, хэдэн сарын хугацаагаар, сард хэдэн төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь тодорхойгүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, маргаантай байна.

Харин 2021.11.23-ны өдөр Э граж төлбөрт гэсэн утгаар Голомт банкны 1102754890 тоот Р.Огийн дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн талаархи Голомт банкны орлогын мэдүүлэг хэргийн 10 дахь талд авагдсан, уг баримттай хэн алин маргаагүй.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.” гэж заасан үүргээ хөлслөгч тал буюу нэхэмжлэгч Ч.Э биелүүлээгүй байна.

Хариуцагч нь ...орон сууц болон автозогсоолыг хамтад нь удаан хугацаагаар түрээслэх тохиолдолд 150,000 төгрөг байхаар тохиролцож, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт Ч.Эөөс 1,500,000 төгрөгийг авсан. Р.О нь авто зогсоолоо нэг сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлдэг, хэрэв 3 сар түрээслэх тохиолдолд 300,000 төгрөгөөр тооцож Ч.Э нь 1,200,000 төгрөг төлөх нь зүйтэй гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Хариуцагч Р.О нь ...9 сард 10,592.10 төгрөг, 10 сард 21,184.20 төгрөг, 11 сард 21,184.20 төгрөг, 12 сард 51,110.18 төгрөг, нийт 104,071 төгрөг, СӨХ-ийн төлбөр “Ривер гарден” СӨХ-ийн нэхэмжлэх хуудсаар 2021 оны 09 сараас 2022 оны 01 сар хүртэлх 4 сарын төлбөр 739,757 төгрөг, нэг сарын төлбөр 184,939 төгрөг, 3 сараар тооцоход 554,818 төгрөг, нийт 658,889 төгрөг гаргуулах эрхтэй гэх шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабелийн төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж харилцан тохирсон байх тул хөлслөгч тал буюу нэхэмжлэгч Ч.Э энэхүү гэрээнд заасны дагуу 2021 оны 9 сарын 10,592.10 төгрөг, 10 сарын 21,184.20 төгрөг, 11 сарын 21,184.20 төгрөг, 12 сарын 51,110.18 төгрөг, нийт 104,071 төгрөг гаргуулах шаардлагын 9 сарын 10,592.10 төгрөг, 10 сарын 21,184.20 төгрөг, 11 сарын 21,184.20 төгрөгийн төлбөрийг бүтнээр нь, 12 сарын 51,110.18 төгрөгийн 50% болох 25,555.09 төгрөгийг буюу нийт 78,515.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабелийн төлбөр болох 2021 оны 9-р  сард 10,592.10 төгрөг, 10-р сард 21,184.20 төгрөг, 11-р сард 21,184.20 төгрөг, нийлээд 74,144.70 төгрөгийг 2021.12.23-ны өдөр төлсөн байна. 12-р сарын төлбөрийн нэхэмжилсэн дүн 51,110.18 төгрөг, 2022 оны 01-р сарын нэхэмжлэл 99,878.20 төгрөг, төлсөн дүн 91,798.19 төгрөг, эцсийн үлдэгдэл 129,804.18 төгрөг гэсэн Хайспийд ХХК-ийн 2022.05.05-ны өдрийн харилцагчийн гүйлгээний баримт хэрэгт авагдсанаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө., 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг уг орон сууцыг хөлслөгч тал болох нэхэмжлэгч Ч.Эийг хариуцан төлөх талаар зааж тохиролцоогүй байх тул дээрх хуульд зааснаар хөлслүүлэгч тал буюу орон сууцны өмчлөгч Р.О уг зардлыг хариуцах үүрэгтэй байна.

Нөгөөтэйгүүр, Р.О нь сууц өмчлөгчдийн холбооны 1 сарын зардал хэдэн төгрөг болохыг тодорхойлж нотлоогүй, энэ талаар бичгийн баримт байхгүй. Ривер гарден СӨХ-ний санхүүгийн тэмдэг дарагдсан нэхэмжлэх, Бэлэн мөнгөний орлогын баримт 2023.02.27-ны огноотой тус тус хэрэгт авагдсан боловч уг баримтыг үндэслэл болгох хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй.

2.2.Мөн хаалганы цоож, чип, суулгалт, дуудлагын үнэ 2,670,000 төгрөг, гал тогооны тавилгын эвдрэл 1,535,800 төгрөг, нийт 4,205,800 төгрөгийг гэрээний 1.5-д заасны дагуу гаргуулна гэх шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.5-д “Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учирсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна.” гэж заажээ.

Хөлслүүлэгч болох хариуцагч Р.О нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэй байна.

Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч Р.О нь нэхэмжлэгч Ч.Эийг ...эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөөгүйгээс хаалганы цоож, чип, суулгалт, дуудлагын үнэ 2,670,000 төгрөг, гал тогооны тавилгын эвдрэлийг засварлуулахад зарцуулсан 1,535,800 төгрөг, нийт 4,205,800 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр сөрөг шаардлагыг гаргасан боловч шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, энэхүү шаардлагаа бичгийн баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэгч талаас маргаж буй татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ нотолж хэргийн 88-89  дэх талд 2022.01.23-ны өдрийн Би Д Сайн байшинт ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан нийт дүн 2,670,000 төгрөг гэх зарлагын баримт, болон 2022.02.03-ны өдрийн байгууллагын нэр хэсэгт Д.Оюунжаргал, нийт дүн 1,535,800 төгрөг гэж бичигдсэн зарлагын баримтыг тус тус гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар нотолсон гэж дүгнэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу шүүх үнэлсэн болно.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 298.1-д Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй. талаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ч.Э 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бол, хариуцагч Р.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байх тул дээрх хуульд заасан хугацаанд зохигчдын хэн алин нэхэмжлэлээ гаргаагүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг буюу нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх талаарх эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн болно.

Шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх боломжгүйг дурьдах нь зүйтэй. Учир нь шүүх эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллага бөгөөд эс тэгвээс шүүхийн хөндлөнгийн, хараат бус байх байр суурь алдагдахад хүрэх ба талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлохтой холбоотой хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлтийг гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар зохигч талуудын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх холбогдох баримтыг бүрдүүлэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Эийн гаргасан Хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 5,700,000 төгрөгийг хариуцагч Р.Огаас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Эөөс 78,515.59 төгрөг гаргуулан хариуцагч Р.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 4,786,173.41 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон үндсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөг, хариуцагчаас төлсөн /20,383+82,243/ нийт 102,243 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Ч.Эөөс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулж хариуцагч Р.Од олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Огаас 5,700,000 төгрөг гаргуулах Ч.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь, Ч.Эөөс 78,515.59 төгрөгийг гаргуулж Р.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 4,786,173.41 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөг, хариуцагч Р.Огийн төлсөн /20,383+82,243/ нийт 102,243 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Ч.Эөөс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулж хариуцагч Р.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ