Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02168

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр Дуга210/МА2023/02168

 

 

Ч.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03163 дугаар шийдвэртэй,

 

Ч.*******ийн нэхэмжлэлтэй,

 

Р.Отгонзаяад холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 4,864,689 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Р.Отгонзаяатай Хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их монгол улс гудамж, 308 дугаар байр, 803 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 1 сарын 4,500,000 төгрөгөөр нийт 12 сарын хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцсон.

Талууд түрээсийн төлбөрийг 3 сараар төлөхөөр харилцан тохиролцсон ба Ч.*******ийн зүгээс орон сууцны 3 сарын төлбөр болох 13,500,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа төлбөр болох 4,500,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Отгонзаяагийн Голомт банкны 1102754890 тоот дансанд шилжүүлж гэрээний 1.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байдаг.

1.2. Мөн хариуцагчтай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, гэрээ байгуулалгүйгээр түрээсэлж буй орон сууцны В1 давхарт байрлах 1 ширхэг авто зогсоолыг 1,500,000/нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр нийт 12 сарын хугацаанд түрээслэхээр болсон бөгөөд төлбөрийг Р.Отгонзаяагийн Голомт банкны 1102754890 тоот дансанд түрээсийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

1.3. Гэтэл орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй буюу Хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 2.1-т заасан шаардлагыг хангахгүй байсан.

Хөлслөгчийн зүгээс хөлслүүлэгч Р.Отгонзаяад орон сууцны доголдлыг арилгах талаар удаа дараа хүсэлтийг хүргүүлж байсан боловч үр дүн гараагүй тул ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцанд амьдрах боломжгүй болж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т заасныг үндэслэн Ч.******* нь Хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ээс татгалзаж буйгаа Р.Отгонзаяад мэдэгдээд, орон сууцыг 2021 оны 12 сард сулласан.

1.4. Ийнхүү хариуцагч нь амьдрах наад захын шаардлага хангаагүй орон сууцыг хэт өндөр үнээр түрээсэлж, түрээсийн орон сууцны доголдлыг арилгах талаар хөлслөгчийн зүгээс гаргасан шаардлагыг үл биелүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гадна хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар ашиглан сүрдүүлж, зүй бусаар харьцаж буцаан олгох шаардлагатай төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэнд гомдолтой байна.

Иймд, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц Хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний дагуу төлсөн барьцаа төлбөр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, авто зогсоолын түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, нийт 5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Р.Отгонзаяа болон Ч.******* нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлсүүлэх гэрээ-ний дагуу Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер Гарден Их Монгол улс гудамж, 308 дугаар байр 803 тоот орон сууцыг 12 сарын хугацаатай байгуулж, эхний төлбөрт 18,000,000 төгрөгийг төлсөн.

Тус гэрээний 1.5 дугаар зүйлд Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна гэж заасны дагуу 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөх ёстой ба Ч.******* нь байрны чипнүүд болон авто зогсоолын удирдлагийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй.

2.2. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д Хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар бол 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэнэ. 15 хоногоос бага хугацааны өмнө мэдэгдсэн тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүйгээр үлдсэн хоногоор тооцон төлсөн төлбөрийг буцаан олгоно. гэж харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 15 хоногоос өмнө мэдэгдээгүй.

2.3. Авто зогсоолын түрээсийн төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс 1,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд орон сууц болон автозогсоолыг хамтад нь удаан хугацаагаар түрээслэх тохиолдолд 150,000 төгрөг байхаар тохиролцож, авто зогсоолын урьдчилгаа төлбөрт Ч.*******өөс 1,500,000 төгрөгийг авсан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. гэж заасан. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир yc, кабелиин төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж харилцан тохирсон боловч Ч.******* нь гэрээгээр тохиролцсон дээрх төлбөрүүдийг огт төлөөгүй байна.

Гэрээний дагуу буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны ус, дулааны төлбөрт 104,071 төгрөг, СӨХ-ны төлбөрт 554,181 төгрөг, нийт 658,889 төгрөгийг төлөөгүй байна.

3.2. Р.Отгонзаяа нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхдөө хаалганы 5 ширхэг чип болон зогсоолын 1 ширхэг чипийг хүлээлгэн өгсөн байдаг. Ч.******* нь орон сууцнаас гарлаа гээд хэлчихээд хаалганы чип болон зогсоолын чипийг хүлээлгэн өгөхгүй байсан бөгөөд Р.Отгонзаяа нь өөрийн орон сууцандаа нэвтэрч орох боломжгүй байсан тул Р.Отгонзаяа нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хаалганы чипийг солиулан, 5 ширхэг чип, мөн зогсоолын 1 ширхэг чипийг худалдан авч, өөрөөсөө нийт 2,670,000 төгрөгийн зардал гаргасан байдаг.

3.3. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас үйлдэн, орон сууцыг хүлээлцэхдээ гал тогооны тавилгыг эвдрэлгүй бүрэн бүтэн хүлээлцсэн.

Ийнхүү Р.Отгонзаяа нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр автомат цоожийг солиулж ороход гал тогооны тавилга нь эвдэрсэн байдалтай байсан ба үүнийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр засварлаж, 1,535,800 төгрөгийн зардал гаргасан. Иймд Ч.*******өөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлсүүлэх гэрээ-ний 1.5-д заасны дагуу 4,205,800 төгрөг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Р.Отгонзаяа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 4.1-т Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, кабелийн төлбөрийг хөлслөгч тал төлнө гэж заасныг дурдаад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 3 сарын хугацааны ус, дулааны төлбөрт 104,071 төгрөг, 3 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 554,818 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 4.1-т заасны дагуу хөлслөгчийн хувьд зөвхөн хэрэглээний халуун хүйтэн ус, цахилгаан кабелийн төлбөрийг хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт заасан ус, дулааны төлбөрийг баримтын дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр орон сууцыг бүрэн суллаж, Хөлслүүлэгчид энэ тухайгаа мэдэгдээд нүүсэн байхад 12 дугаар сарын хэрэглээний төлбөр хэт өндөр гарсан байгаа нь зөвхөн хөлслөгчийн хэрэглэсэн ус, дулааны төлбөр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн 2 дахь хэсэгт заасан СӨХ-ны төлбөрийн хувьд талууд амаар болон гэрээгээр хөлслөгч хариуцахаар тохиролцоогүй болно. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн дараах тайлбарыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 1 дэх хэсэг болох 9 дүгээр сарын 10,592.10 төгрөг, 10 дугаар сарын 21,184.20 төгрөг, 11 дүгээр сарын 21,184.20 төгрөгийн төлбөрийг бүтнээр нь, 12 дугаар сарын 51,110.18 төгрөгийн 50% болох 25,555.09 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч нийт 78,515.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

СӨХ-ны төлбөрийн хувьд гэрээгээр Хөлслөгч талаас төлөхөөр үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн үндэслэлийн 2 дахь хэсэг болох нийт 4 сарын СӨХ-ны төлбөр 554,818 төгрөгөөр нэхэмжилсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

4.2. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр орон сууцыг бүрэн суллаж, хөлслүүлэгчид энэ тухайгаа мэдэгдээд нүүсэн. Хөлслөгчийг нүүх үед сөрөг нэхэмжлэлд заасан тавилгын эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт зургууд нь хөслөгчийг нүүх үеийн зураг гэдгийг нотлоход эргэлзээтэй байна. Мөн хаалганы кодын хувьд смарт түгжээний кодыг солих нь заавал мастер түлхүүр/мастер карт/-ээр солигддог бөгөөд тухайн үед хөлслүүлэгчийг мастер түлхүүрийн хамт байлцуулж байж кодыг солихоор болсон боловч хөлслөгч нь ирж сольж өгөөгүй. Хэрэв код солигдсон бол заавал мастер түлхүүр байх шаардлагатай бөгөөд хөлслөгч нь өөрөө мастер түлхүүрээрээ хэдийд ч хаалгыг нээх, кодыг солих бүрэн боломжтой тул зөвхөн кодноос болж цоож солигдсон гэх асуудал нь үндэслэлгүй. Мөн зураг дээрх тавилгын эвдэрэл, хаалганы цоож сольсон талаарх гомдлын шаардлагыг хөлслүүлэгч өмнө нь нэг ч удаа гаргаж байгаагүй болно.

Иймд хариуцагчаас гаргасан нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Отгонзаяагаас 5,700,000 төгрөг гаргуулах Ч.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, Ч.*******өөс 78,515.59 төгрөгийг гаргуулж Р.Отгонзаяад олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 4,786,173.41 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөг, хариуцагч Р.Отгонзаяагийн төлсөн /20,383+82,243/ нийт 102,243 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Ч.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулж хариуцагч Р.Отгонзаяад олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч буюу хөлслөгч Ч.*******ийн зүгээс уг орон сууцанд амьдарч хэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй буюу гэрээний 2.1-т заасан шаардлагыг хангаагүй, хөлслүүлэгчид уг доголдлыг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т заасныг үндэслэн гэрээнээс татгалзаж буйгаа Р.Отгонзаяад мэдэгдээд, орон сууцыг 2021 оны 12 сард суллаж өгсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг шаардлагын үндэслэлээ нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасарсан гэж байгаа боловч хэдийд, ямар хугацаагаар хэрхэн тасарсан болох нь тодорхойгүй, ийнхүү ... халуун ус тасарсан нь хөлслүүлэгч Р.Отгонзаяагаас хамааралтай эсэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, тэрээр хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй гэж тодорхойлсон ч тус орон сууцны ханыг хэт нимгэн гэх байдлыг тогтоосон буюу барилгын стандарт шаардлага хангаагүй гэж узэх баримт байхгүй гэж дүгнэн нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй байна.

6.2. Гэвч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан орон сууцны доголдлын талаар талууд шүүхэд маргаагүй бөгөөд харин хариуцагч талаас гэрээний дагуу 15 хоногоос дээш хугацааны өмнө мэдэгдээгүй, барьцаа төлбөрөөр эд хөрөнгөд учирсан хохирлоо барагдуулсан гэж маргадаг.

Гэтэл шүүх талуудын маргаагүй агуулгаар шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний 3.4-т Хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 15 хоногийн өмнө мэдэгдэнэ, 14 хоногоос бага хугацааны дотор мэдэгдсэн бол барьцаа төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан заалт нь Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т заасан ..гэрээг цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус заалт болохыг тодорхойлж, гэрээний дагуу хөслөгчөөс байршуулсан барьцаа төлбөр нь хөлслүүлсэн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байна гэсэн хуулийн зохицуулалтын дагуу хөлслөгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлүүлэх шаардлага гаргах хугацаандаа шаардаагүй учир барьцаа төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан байхад шүүх энэ шаардлагыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

6.3. Мөн Автозогсоолын төлбөрийг 1 сарын 300,000 төгрөгөөр тохиролцож, нийт 1,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 2021.11.23-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр төлсөн бөгөөд үүнээс 1 сарын түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг суутган зөрүү 1,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн зүгээс 1 сарын 500,000 төгрөгийн ханштай байдаг автозогсоолын түрээсийн төлбөрийг бид Ч.*******д бөөнд нь өгнө гэсэн учир 300,000 төгрөгөөр тооцож өгсөн одоо гэрээ цуцалсан тул бид зах зээлийн ханшаар тооцож авна гэж л маргадаг болохоос 1,500,000 төгрөг дээр болон буцаан олгох 1,200,000 төгрөг дээр маргаагүй байхад шүүхээс хугацаа тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгсон нь хэт нэг талыг барьсан нэхэмжлэлийн үндэслэл болон талуудын маргасан асуудлыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03163 тоот шийдвэрийн нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гэрээнээс татгалзсантай холбоотой баримтаа бүрдүүлж өгөөгүй гэж зөв дүгнэсэн.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан ба эд хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж гомдолдоо дурдсан.

7.2. Гэтэл нэхэмжлэгч талаас үүнтэй холбоотойгоор мэтгэлцээгүй, мөн гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэрээний 3.4 нь цуцлах эрхийг хязгаарласан зохицуулалт биш, цуцалсан тохиолдолд мэдэгдэх асуудлыг зохицуулсан заалт байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 4,786,173.41 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 302 дугаар зүйлийи 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ... сөрөг нэхэмжлэлиин үлдэх 4,786,173.41 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

8.2. Р.Отгонзаяа болон Ч.******* нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлсүүлэх гэрээ-ний дагуу 12 сарын хугацаатай байгуулж, эхний төлбөрт 18,000,000 төгрөгийг төлсөн.

Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохирус, кабелийн төлбөрийг хөлслөгч тaл төлнө гэж харилцан тохирсон боловч Ч.******* нь гэрээгээр тохиролцсон ба дээрх төлбөрүүдийг огт төлөөгүй байна.

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны ус, дулаан, СӨХ-ийн төлбөр дараах тооцоололтой гарч байна. Үүнд:

- Контор (ус, дулаан)-ын төлбөр нийт 104,071 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 554,818 төгрөг, нийт 658,889 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

8.3. Р.Отгонзаяа болон Ч.******* нарын байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөлслөх, хөлсүүлэх гэрээ-ний 1.5-д Хөлслөгч нь 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа буюу 4,500,000 төгрөгийг Орон сууц хөлслөх гэрээ хийгдэхэд байршуулах бөгөөд орон сууц хөлслөх хугацаа дуусгавар болмогц 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгснөөр барьцаа төлбөрийг буцаан авна. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд барьцаа төлбөрөөс учирсан хохирлыг барагдуулна. гэж заасны дагуу 24 цагийн өмнө эд хогшлын хохиролгүйгээр байрыг хүлээлгэн өгөх ёстой.

Р.Отгонзаяа нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхдөө хаалганы 5 ширхэг чип болон зогсоолын 1 ширхэг чипийг хүлээлгэн өгсөн ба Ч.******* нь орон сууцнаас гарлаа гээд хэлчихээд хаалганы чип болон зогсоолын чипийг хүлээлгэн өгөхгүй байсан бөгөөд Р.Отгонзаяа нь өөрийн орон сууцдаа нэвтэрч орох боломжгүй байсан тул Р.Отгонзаяа нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хаалганы чипийг солиулан, 5 ширхэг чип, мөн зогсоолын 1 ширхэг чипийг худалдан авч, өөрөөсөө нийт 2,670,000 төгрөгийн зардал гаргасан байдаг.

8.4. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Түрээслүүлэх орон сууцны тавилга, хэрэгслийг хүлээлцэх хуудас үйлдэн, орон сууцыг хүлээлцэхдээ гал тогооны тавилгыг эвдрэлгүй бүрэн бүтэн хүлээлцсэн байдаг.

Ийнхүү Р.Отгонзаяа нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр автомат цоожыг солиулж ороход гал тогооны тавилга нь эвдэрсэн байдалтай байсан ба үүнийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр засварлаж, 1,535,800 төгрөгийн зардал гаргасан.

8.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх талд буюу үндэслэх хэсэгт ...шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, энэхүү шаардлагаа бичгийн баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэгч талаас маргаж буи татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар сөрөг шаардлагын үндэслэлээ нотолж хэргийн 88-89 дэх талд 2022.01.23-ны өдрийн Би Д Сайн байшинт ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан нийт дүн 2,670,000 төгрөг гэх зарлагын баримт, болон 2022.02.03-ны өдрийн байгууллагын нэр хэсэгт Д.Оюунжаргал, нийт дүн 1,535,800 төгрөг гэж бичигдсэн зарлагын баримтыг эх хувиар нь тус тус гаргаж өгсөн байдаг.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу шүүх үнэлж, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03163 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 4,786,173.41 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

9.1. Талууд түрээсийн гэрээтэй холбоотойгоор маргадаггүй. Түрээсийн гэрээний 4.1-д орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабелийн төлбөрийг түрээслэгч тал хариуцахаар нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээгээр зохицуулаагүй харилцааг хуулиар зохицуулна. Гэрээнд СӨХ-ны төлбөрийг хөлслөгч тал төлөх үүргийг хүлээгээгүй байх тул СӨХ-ны төлбөрийг нөхөн шаардаж байгаа нь үндэслэлгүй.

9.2. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй. Ч.******* нь 2022 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргахад, Р.Отгонзаяаг эрэн сурвалжлуулахаар буцсан. 2022 оны 07 дугаар сард дахин нэхэмжлэл гаргаж, Р.Отгонзаяаг шүүхэд албадан дуудаж ирүүлсэн. Өнгөрсөн хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, барьцаа хөрөнгө суутгаж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, орон сууцад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж байгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Р.Отгонзаяад холбогдуулан 5,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт нийт 4,864,689 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөлслөх, хөлслүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ривер гарден, Их Монгол улс гудамж, 308-р байр, 803 тоотод байрлах 147 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлсөх, хөлслөгч нь орон сууцны хөлс нэг сарын 4,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна./хх-6-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт зөв болжээ./хх-68, 70-72/

 

4. Нэхэмжлэгч нь орон сууцанд амьдарч эхэлсэн цагаас хэрэглээний халуун ус тасрах, хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй гэх шалтгаан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т зааснаар хөлслүүлэгч нь арилгах боломжгүй доголдол бөгөөд орон сууцанд амьдарч эхэлсэн хугацаанаас хойш хэрэглээний халуун ус тасарсан хэдийд, ямар хугацаагаар хэрхэн тасарсан болох нь тодорхойгүй, халуун ус тасарсан нь хөлслүүлэгч Р.Отгонзаяагийн гэм буруу байгаа талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй, мөн орон сууцны хана нь хэт нимгэн учир хажуу болон дээд айлуудын дуу чимээ сонсогдох зэргээр тав тухтай, хэвийн амьдрах наад захын шаардлагад нийцээгүй гэж тодорхойлсон ч барилгын стандарт шаардлага хангаагүй буюу амьдрах боломжгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлахаар бол 15 хоногоос багагүй хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдсэн үйл баримтыг нотлоогүй, мөн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр суллаж, хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байдал баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууц хөлслөх гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэж, орон сууц болон гаражийн хөлс 5,700,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ...талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх зохицуулалтыг Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Гэрээний 3.4-д заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг илүү нарийвчлан гэрээгээр тохиролцсон гэж үзэх бөгөөд уг гэрээний тохиолцоо нь Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт нийцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан шинжгүй, харин гэрээнээс татгалзах журмыг тогтоосон зохицуулалт тул Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлт хамаарахгүй.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д заасан тохиролцоог үндэслэн хэрэглээний цахилгаан, цэвэр усны зардалд хариуцагчаас 78,515.59 гаргуулж, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 554,818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцжээ.

Талууд сууц өмчлөгчдийн холбооны зардлын талаар орон сууц хөлслөх гэрээгээр тохиролцоогүй тул өмчлөгч хариуцна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2. Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзсан атлаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, орон сууцны цоожны чипийг хүлээлгэн өгөөгүйгээс хариуцагч нь орон сууцанд нэвтрэх боломжгүй болж, шинээр цоож солиулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө өөрчилсөн, муутгаснаас учирсан хохирлыг шаардах эрхийн хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг гаргасныг залруулна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, цаашид орон сууцыг эзэмшиж, ашиглахад гадна хаалганы цоожны чипийг шилжүүлэн өгөөгүйгээс цоож сольсон зардлыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зайлшгүй гарсан зардалд хамаарна.

Хэрэгт авагдсан цоож сольсан тухай гэрэл зураг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Би Д Сайн байшинт ХХК-ийн зарлагын баримтаар 2,670,000 төгрөгөөр цоож сольсон үйл баримт тогтоогдож байна. /хх-88, 119-120/

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ч.*******өөс 2,670,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгосон өөрчлөлт оруулна.

5.3. Хариуцагч нь орон сууцны гал тогооны тавилгыг засвар хийж, хаалгыг сольсон гэх боловч шинээр солих шаардлагатай байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03163 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 78,515.59 ... гэснийг ... 2,748,515... гэж, ...сөрөг нэхэмжлэлийн үлдэх 4,786,173.41 төгрөгт... гэснийг ...сөрөг нэхэмжлэлээс 2,116,172.41 төгрөгт гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 4,550 ... гэснийг ... 58,926 ... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,529 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР