Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2023/0006/З |
Дугаар | 123/ШШ2023/0015 |
Огноо | 2023-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 123/ШШ2023/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн******* сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч талаас “Төв аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/676 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай” гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Төв аймгийн******* сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн А/605 дугаар захирамжийг үндэслэн*******ээс Эрдэнэ, 3 дугаар багийн нутагт******* 74га-д байрлалтай төмс, хүнсний ногооны зориулттай 65 га газрыг 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшжээ. [1]
2.2. Хариуцагч Төв аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/676 дугаар “******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамжаар[2] нэхэмжлэгчийн тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
2.3. Нэхэмжлэгч талаас Төв аймгийн******* сумын Засаг даргын захирамжид түүний дээд шатны захиргааны байгууллага болон Төв аймгийн Засаг даргад 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 22/1117-2 дугаар албан бичгээр[3] гомдол гаргасныг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 07/1138 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр[4] “... сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/676 дугаар захирамжийг хүчингүй болгон ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг зөвлөж байна” гэх хариу өгсөн байна.
2.4. Нэхэмжлэгч талаас Төв аймгийн******* сумын Засаг даргаас дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хариуг ирүүлэхгүй байна гэх үндэслэлийг 2023 оны 02 сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлдээ гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, төмс, хүнсний ногоо, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх Төв аймгийн******* сумын Эрдэнэ 3 дугаар баг******* 74 га гэдэг газарт төмс, хүнсний ногоо, газар тариалангийн зориулалтаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/214 дүгээр захирамжаар 75 га газрыг эзэмшиж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/605 тоот Төв аймгийн******* сумын Засаг даргын захирамжаар 65 га болгон өөрчилсөн. Манай компани нь тухайн газар дээрээ өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ногоон тэжээл болон үр тарианы чиглэлээр тариалалт хийж байна. 2021 оны 03 дугаар сард Алтайн Тутарга ХХК-ийг дуудаад******* суманд хүрч ирээд уулз, газрыг хүчингүй болгох гэж байна, уулзалт зохион байгуулъя гэж хэлсэн. Тэгээд******* сумын Засаг даргын орлогч Б.Болдоо, газрын даамал М.Алтантуяа нартай уулзахаар миний бие болон компанийн захирал******* хамт очиж уулзсан. Энэ хурлаар юуг хэлэлцсэн бэ гэхээр танай газрыг хүчингүй болгоно гэж хэлсэн. Яагаад хүчингүй болгож байгааг асуухад танайх газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байна, анх авсан******* гэх хүн газрыг авахдаа хуулийн дагуу аваагүй байна, дуудлага худалдаа төсөл шалгаруулах замаар газар авах ёстой байсан учраас хууль зөрчсөн учраас хүчингүй болгож байгаа гэж хэлсэн. Байгууллагын дуудлага худалдаа төсөл шалгаруулах нь манай компанид хамаагүй. Яагаад гэхээр бид нар гуравдагч этгээд байгаа. Энэ газрыг******* гэх хүнээс шилжүүлж авсан. Гэтэл ******* ХХК-д хамааруулж энэ газрыг хүчингүй болгох боломжгүй юм. Манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын гэрээний дагуу нийгмийн хариуцлагаа хүлээгээд корона цар тахлын үед маск болон тухай сум орон нутагт нь тодорхой хэмжээгээр мөнгөний хандив өгч байсан. Ийм учраас манай газрыг цуцлахгүйгээр гэрээ байгуулаад цаашдаа үйл ажиллагаа эрхлээд явна гэх саналыг тавьсан. Энэ саналын дагуу Засаг даргын орлогч Б.Болдоо, газрын даамал М.Алтантуяа нар нь зөвшөөрөөд газрыг цуцлахгүй, цаашдаа нийгмийн хариуцлагынхаа гэрээний дагуу хандив тусламж үзүүлэхээр тохиролцож, цаашдаа хамтран ажиллахаар тохиролцсон. Үүний дараагаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/676 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Захирамжиндаа тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасан “хоёр буюу түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргасан байна. Манайх газраа 2 жил дараалан ашиглаагүй асуудал байхгүй. ******* ХХК нь 2019 онд 65 га газарт 520 тонн, 2020 онд 60 га газарт 360 тонн, 2021 онд 65 га газарт 382.2 тонн, 2022 онд 30 га газарт 70 тонн ургац хураан авч 2020 онд 30 га газарт уринш хийсэн тайлан мэдээг газар тариалангийн мэргэжилтэнгээс тус тус өгсөн байна. 2021, 2022 онд ногоон тэжээл тариалаад тайлан мэдээгээ тариалангийн хэлтэст нь өгч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд хариу хүргүүлэхдээ 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/307 дугаартай захирамжаар*******эд газар эзэмшүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэж тайлбар ирүүлсэн. Яг захирамж дээрээ 2 жил буюу түүнээс дээш жил дараалан ашиглаагүй гэж захирамж гаргасан байсан. 2 өөр зүйл яриад байхыг гайхаж байна, яг захирамжаа баримтлах юм уу, эсвэл хариу тайлбараа баримтлах юм уу. Төр хувийн хэвшлийн бодлого баримтлах тухай улсын их хурлын 2009 оны 64 дугаартай тогтоолыг харахаар төр бол хувийн хэвшлийг дэмжиж ажиллана, хувийн хэвшил нь татвар төлдөг учир хувийн хэвшлийг дэмжиж ажиллах ёстой гэж тусгаад өгсөн байна. Мөн 2022 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэж гарсан. Энэ хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаа дэмжинэ гээд байдаг. Гэтэл төрийн байгууллага нь хувийн хэвшилээ хавчаад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохдоо ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж үздэг. Газрын үзлэгээр тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан нь тогтоогддог. Мөн Төв аймгийн Тариалангийн газар, Төв аймгийн Барилга хот байгуулалтын газраас хариу хүргүүлсэн. Уг хариундаа газрын төлбөрийг хугацаанд нь төлж газрыг зориулалтын дагуу эзэмшиж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгжүүлэн ажилласан байна. Төв аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/676 дугаатай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захирамжийг гаргахдаа 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/307 дугаар захирамжид иргэн******* тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд тусгагдаагүй газрыг авсан нь хууль зөрчсөн байгаа тул газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу тайлбарыг гаргасан. Маргаан бүхий захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 33.1.1, 33.2-т заасныг үндэслэсэн байгаа. Үүнийг үндэслэлтэй гэж үзсэн. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалтаар иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу Засаг дарга шийдвэр гаргана гэсэн агуулгатай. Хэрэв ингэж аваагүй бол төсөл сонгон шалгаруулалтаар мөн дуудлага худалдаагаар газар авна гэсэн зохицуулалттай. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/307 дугаартай захирамж хууль бус байна. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй авсан ийм захирамж байгаа учир зөрчлийг арилгах үүднээс маргаан бүхий захирамжийг гаргасан. Гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж зааснаар энэ хуулийн зохицуулалтыг анх зөрчиж газар олгосон байна гэж үзсэн. Нэхэмжлэгч бид нар очиж уулзсан ярилцсан гэсэн асуудал ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, тайлбарыг нь авсны дараагаар эрх бүхий этгээд буюу Засаг дарга газрыг цуцлах шийдвэрийг гаргасан. Маргаан бүхий А/676 захирамжийг 2 жил дараалан ашиглаагүй гэж гарсан гэж хэллээ. Захирамжийг харахад бичгээр бол тийм зүйл тусгаагүй байна. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг үндэслээд гаргасан байна. Гэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т заасан үндэслэлүүдийг давхар баримталсан. Сонсох ажиллагаа дээр нэхэмжлэгч ******* ХХК нь*******эд хамааралтай юм байна, ******* ХХК-д огт хамааралгүй, газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх нь хамаагүй гэхээс илүүтэй тэр үедээ дуудлага худалдааны анхны үнийг төлөх асуудлыг хэлэлцээд саналаа хэлээд явах ёстой байсан. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөд газраа эзэмшээд явах боломж байсан болов уу гэж хараад байгаа. Тус уулзалтаар энэ талаар ерөөсөө яриагүй байдаг. ******* ХХК-тай холбоотой 3 захирамж гарсан. 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон. Яагаад газрууд нь өөрчлөгдсөн асуудал бас хөндөгдөнө. Мөн 2010, 2016 онуудад гаргасан захирамжууд нь дараагийн захирамж гарахдаа хүчингүй болгосон байгаа. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/605 тоот захирамж дээр асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болж хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т заасныг баримталсан нь үндэслэлтэй байна. Эхлээд газрын зориулалт нь эрдэнэ шиш, шар буурцаг, малын тэжээл тариалах зориулалтаар гэж байгаа. Дараа нь төмс хүнсний ногооны зориулалтаар гэж байгаа. Маргаантай захирамжууд гаргаад байсан нь тодорхой байна. Төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшчихээд хошуу будаа тариалж байна. Ингэж дураараа газрыг өөрчилж тариалалт явуулж байгаа байдал харагдаж байна. Засаг даргын захирамж нь үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.1. Дээр дурдсан маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, мөн зүйлийн 33.1.2 дах хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж тус тус заажээ.
3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд Төв аймгийн******* сумын Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэх бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг олгох эрх бүхий захиргааны албан тушаалтан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох ба тус захиргааны хэргийн маргаан бүхий захиргааны акт нь ******* ХХК нь Төв аймгийн******* сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн А/605 тоот захирамжаар Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр******* 75га-д төмс хүнсний, ногооны зориулалтаар 65 газар эзэмшдэгийг хүчингүй болгосон тус сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/676 дугаар захирамж байх бөгөөд Төв аймгийн******* сумын Засаг даргын 2010 оны 10 сарын 27-ны өдрийн 307 дугаар захирамжид маргаагүй байна.
Тиймээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Төв аймгийн******* сумын Засаг даргын 2010 оны 10 сарын 27-ны өдрийн 307 дугаар захирамжийг илт хууль бус, хууль зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 48.2.1 дэх заалтад “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2 дах заалтад “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.3 дах заалтад “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, 48.2.4 дэх заалтад “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48.2.5 дах заалтад “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж, мөн зүйлийн 48.3 дах хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус хуульчилсан байх ба*******эд 2010 онд олгосон газар нь илт хууль бус, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Төв аймгийн******* сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчсөн, нэхэмжлэгч болон*******эд газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий актыг хариуцагчаас 2010 онд хууль бусаар гаргасан гэж тайлбартаа дурдаж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг баримтлан хүчингүй болгосон гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчсөн буюу даруй 12 жилийн дараа шийдвэрлэж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-ийг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй ...” гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/676 дугаар “******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дах заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48.3, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн******* сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/676 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж,******* регистрийн дугаартай Алтайн тутрага ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР