Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2023/00980

 

 

 

 

 

 

 

 

  2023      03        21                                           182/ШШ2023/00980

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... хаягт оршин суух, Д.А /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт байрлах, Э ХК /РД:00000000, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж-ЫН Г/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэнэт халагдсаны тэтгэмж 4,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э ХК холбогдуулан гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Э ХК-ийн Чанар хяналтын албанд мэргэжилтнээр ажилд орсон ба 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдсөн.

Уг ажлаас чөлөөлөх шийдвэр нь зохих журмын дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталгаажаагүй бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1456 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлөхдөө 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн.

Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2020 оны 10 дугаар 23-ны өдрийн 02 тоот хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт болох 8.17.1-т заасны дагуу ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно гэсэн тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийн зөрүү 4,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гүйцэтгэх захирлын Б/1364 тоот тушаалаар Э ХК-д Чанар хяналтын албаны мэргэжилтнээр томилогдсон.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1456 тоот тушаалаар Чанар хяналтын албаны мэргэжилтэн Д.Аг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.1-т “Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх”, мөн хуулийн 82.3-т “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно” гэж тус тус заасан.

            Э ХК болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулагдсан ЭТТ-2018/140 тоот Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.17-д “Компани түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоно”, мөн гэрээний 8.17.1-т “Ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сар” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч Д.А нь “Эрдэнэс Таван толгой ХК-д 1 жил 8 өдөр ажилласан бөгөөд түүнийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөхдөө 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээг зөрчсөн шийдвэр биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2023.01.09-ний өдрийн 3/50 тоот Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын “Тодорхойлолт” /хх-ийн 3 х/,

-2022.03.16-ны өдрийн №G/2022/0171 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”, түүний хавсралт /хх-ийн 4-9 х/,

-2022.03.16-ны өдрийн №G/2022/0171 тоот “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” /хх-ийн 10-11 х/,

-2022.12.09-ний өдрийн Б/1456 тоот Э ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт /хх-ийн 12-13 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх “Тодорхойлолт” /хх-ийн 14 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 15 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16 х/,

 

3.1.Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 20 х/,

-2023.01.23-ны өдрийн 01/138 тоот Д.С-т олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,

-2022.10.26-ны өдрийн 385 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 28-29 х/,

-2021.12.01-ний өдрийн Б/1364 тоот Э ХК-ийн гүйцэтгэх захирлын “Д.Аг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 30 х/,

-2022.12.09-ний өдрийн Б/1456 тоот Э ХК-ийн гүйцэтгэх захирлын “Д.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 31 х/,

-2020.10.23-ны өдрийн №ЭТТ-2018/140-2 тоот Э ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ /хх-ийн 32-40 х/,

-Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж /хх-ийн 41 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ан нэхэмжлэлээс 2,030,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,030,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч нь Э ХК нь ажлаас чөлөөлөхөөс 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр гэнэт халсан. Мөн компанийн болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулагдсан ЭТТ-2018/140 тоот Хамтын гэрээнд заасны дагуу 3 сарын тэтгэмж олгохоос 1 сарын тэтгэмж олгосон нь үндэслэлгүй учраас зөрүү 2 сарын тэтгэмж 4,060,000 төргрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээнд заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Манай компанийн хувьд 1 жил ажилласан бол 1 сарын, 2 жил ажиллсан бол 2 сар, 3 жил ажиллсан бол 3 сарын тэтгэмж олгодог. Нэхэмжлэгч нь 1 жил, 8 хоног ажилласан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.03.16-ны өдөр байгуулсан №G/2022/0171 тоот Хөдөлмөрийн гэрээ, Нууцын баталгаа, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Э ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн Б/1456 тоот “Д.Аг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал”, түүний хавсралт болох Ажил хүлээлцүүлэх комиссын гишүүдийн бүрэлдэхүүн, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2021.12.01-ний өдрийн Б/1364 тоот “Ажилд томилох тухай тушаал”, 2020.10.23-ны өдрийн №ЭТТ-2018/140-2 тоот Э ХК-ийн “Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ”, Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж зэрэг баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Хариуцагч нь 2022.12.09-ний өдрийн Б/1456 дугаартай тушаалаар Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.14-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Чанар, хяналтын албаны мэргэжилтэн Д.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ачтай нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Э ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн Б/1456 тоот тушаалаар Чанар, хяналтын албаны мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2,003,760 төгрөг авсан талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч 2021.08 сараас .хариуцагч байгууллагад Чанар, хяналтын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан, ажлаас чөлөөлөхөөс 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр гэнэт халсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулть болон ЭТТ-2018/140 тоот Хамтын гэрээнд заасны дагуу 3 сарын тэтгэмж олгохоос 1 сарын тэтгэмж олгосон нь үндэслэлгүй учраас зөрүү 2 сарын тэтгэмж 4,060,000 төргрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 82.1.4, ЭТТ-2018/140 тоот Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.17.1-д заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Манай компанийн хувьд 1 жил ажиллсан бол 1 сарын 2 жил ажиллсан бол 2 сар, 3 жил ажиллсан бол 3 сарын тэтгэмж олгодог. Нэхэмжлэгч нь 1 жил, 8 хоног ажилласан учраас 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон орон тоо хасагдсан үндэслэл, түүнчлэн түүний тухайн байгууллагад ажилласан нийт хугацаа нь хуульд заасан тэтгэмж авах эрх үүсгэсэн эдгээр нөхцөл тогтоогдсон ба зохигч гагцхүү тэтгэмжийн хэмжээг ямар эрх зүйн актыг баримталж олгох байсан тухайд маргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаас үзэхэд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудад Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ хамаарах ба эдгээрийн үйлчлэх хүчин чадал нь эрэмбэлэгдсэн байна. Эдгээр хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхийг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заажээ.

 

Зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд маргааны зүйл болсон хамтын хэлэлцээр болон байгууллагын хамтын гэрээ гэдэгт тус тус юуг ойлгох, эдгээр эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын зорилго, зохицуулах зүйлийн хүрээг хуулиар хэрхэн тодорхойлсныг харгалзах нь ач холбогдолтой байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог, 4.1.8-д “хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог тус тус ойлгоно гэжээ.

 

Мөн хуулийн 34-39-р зүйлд зааснаар хамтын хэлэлцээр, хамтын гэрээ нь өөр өөрийн зохицуулах зүйл, үйлчлэх хүрээ, оролцогч талуудаар ялгаатай байна. Тухайлбал, хамтын хэлэлцээр тэр тусмаа салбарын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал, тодруулбал, салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нийтлэг харилцааг зохицуулж, энэ нь салбарын хүрээнд үйлчилдэг бол хамтын гэрээ нь илүү нарийвчилсан харилцаа буюу тухайлбал, үндсэн цалингаас гадна нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ, ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ зэрэг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд үйлчлэх ажилтны болон ажил олгогчийн төлөөлөгчдийн хоорондын хэлэлцээр хийх замаар харилцан тохиролцсон хуулиар тогтоосон нөхцөлөөс илүү таатай нөхцөлийг ажилтанд олгосон, тухайн ажил олгогч, ажилтны эд хөрөнгийн эрхтэй холбоотой харилцааг шууд зохицуулах шинжтэй байдгаараа өөр байна.

 

Нэхэмжлэгч нь 2020.10.23-ны өдрийн №ЭТТ-2018/140-2 тоот Э ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ”-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү гэрээний зорилго, зарчмаас үзэхэд нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй бусад харилцааг зохицуулахаар заажээ. Энэ гэрээний 8 дугаар бүлгийн 8.17 дахь заалт нь компани түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах, орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно гэсэн нь бөөнөөр халах үеийн өөрөөр хэлбэл, компани түүний салбар нэгж татан буугдах үеийн нийтлэг баримталбал зохих зохицуулалт байна. Энэ хэрэг маргааны хувьд хамтын гэрээнд заасан бөөнөөр халах үеийн тохиолдол бий болоогүй байна.

 

Харин байгууллагын хамтын гэрээгээр зохицуулах зүйлийг тогтоохдоо тухайн байгууллагын онцлог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзан тогтоох ба хариуцагч байгууллагын 2020 онд батлагдсан хамтын гэрээ хүчинтэй үйлчилж байгааг зохигч маргаагүй, уг гэрээний 8.17.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд ...ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн баталгааг хангах зорилгоор 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу хариуцагч нь тэтгэмжид 2,003,760 төгрөг олгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1, 82.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх, үүрэгтэй бөгөөд хариуцагчийн ажиллаагүй байж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн асуудал шалгагдаж байгаа, нэхэмжлэгчийг тус байгууллагад 1 жил ажилласан гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 6 сараас дээш буюу 2021.08 дугаар сараас 2022.12.09-ний өдрийг хүртэл нийт 1 жил 3 сар 6 хоног ажилласан, ажилтанд ажлаас халахаас өмнө 30 хоногийн өмнө мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1, хамтын гэрээний 8.17.1-д заасны дагуу 2 сарын үндсэн цалингаар ажилтанд илүү таатай нөхцөлөөр тэтгэмж олгох нь үндэстэй гэж үзнэ.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 2 сарын тэтгэмж болох 4,060,000 төгрөгөөс хариуцагчийн олгосон нэг сарын тэтгэмжийг хасч тооцож нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг буюу нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу 2,030,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,030,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 47,430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д зааснаар хариуцагч Э ХК-иас 2,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,030,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 47,430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА