Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00999

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00999

 

 

А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/00980 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХК-д холбогдох,

4,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э ХК-ийн Чанар хяналтын албанд мэргэжилтнээр ажилд орсон ба 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдсөн.

Уг ажлаас чөлөөлөх шийдвэр нь зохих журмын дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталгаажаагүй, зөвхөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1456 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн надад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хамтын гэрээний 8.17.1-д ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно гэж заасан тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийн зөрүү 4,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э ХК болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулагдсан ЭТТ-2018/140 тоот Хамтын гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.17-д Компани түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоно, мөн гэрээний 8.17.1-т Ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сар гэж заасан.

Нэхэмжлэгч А- нь Э ХК-д 1 жил 8 өдөр ажилласан бөгөөд түүнийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөхдөө 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээг зөрчсөн шийдвэр биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д зааснаар хариуцагч Э ХК-аас 2,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,030,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 47,430 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Хамтын гэрээний 8.17.1-д ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын тухайн ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасны дагуу А-д 1 сарын тэтгэмж олгож шийдвэрлэсэн.

Ажлаас чөлөөлсөн ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо дээрх хууль тогтоомжийг баримтлан, ажил олгогчид хуулиар олгосон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд Э ХК нь Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу 500 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн болон компанийн санхүүгийн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн болон Хамтын гэрээний тэтгэмж олгох заалтын хүрээнд 3 сарын хугацаанд туршилтаар, 1 жил 8 хоног үндсэн ажилтнаар ажилласан А-д 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал байхад А-д нэмж 1 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь Э ХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 4,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. А- нь Э ХК-нд 2021 оны 08 дугаар сараас туршилтын журмаар ажиллаж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1364 тоот тушаалаар Чанар хяналтын албанд мэргэжилтнээр томилогдсон /хх 14, 30/.

3.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Э ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1456 дугаар тушаалыг гаргаж, уг тушаалаар А-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ /хх 31/.

Дээрх тушаалын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2,003,760 төгрөгийг олгосон /хх 41/.

 

4. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

4.2. Э ХК болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталсан ЭТТ-2018/140-2 дугаартай Хамтын гэрээний 8.17.1-д Компани, түүний салбар нэгж, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах, орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтан 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын тухайн ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-д зургаан сараас 2 жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасантай нийцжээ.

 

4.3 Хууль болон хамтын гэрээнд заасан дээрх зохицуулалт нь ажилтанд нэг сарын, эсхүл түүнээс дээш 3 сар хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох эсэхийг ажил олгогч өөрөө сонгох агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч буюу Э ХК нь ажилтан буюу А-д заавал 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үүргийг хүлээхгүй юм.

 

4.4. Иймд ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 1 сараар тооцож ажилтанд олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д нийцсэн, нэхэмжлэгч 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж шаардсан нь үндэслэлгүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/00980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д зааснаар хариуцагч Э ХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 4,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ