Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/01471

 

 

 

 

 

 

 

 

 

    2023      05        11                                            182/ШШ2023/01471

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Шд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 60 нас хүрч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх...”, 40 дүгээр зүйлийн 40.2.9-д “шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн зохицуулалтын дагуу шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл бий болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 236 дугаар Зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Ийнхүү өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааг тусгайлан зохицуулсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 “...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн зохицуулалтын дагуу тэтгэмж авах эрх үүссэн.

Би төрийн албанд 34 жил 6 сар, үүнээс шүүгчээр 27 жил 3 сар гаруй хугацаанд, сүүлийн 6 жил давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан.

Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-д “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгохоор...”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам” 26 ба түүнээс дээш жил ажилласан шүүгчид албан тушаалын сарын цалингаас 25 хувиар олгох”-оор тус тус зааж шүүгчийн хараат бус байдлыг хангахаар заасан.

Гэтэл Шөөс тэтгэмж олгохдоо онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь нийт 65 хувийн нэмэгдлийг тооцохгүйгээр зөвхөн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь үндэслэлгүй.

Иймд тэтгэмжийн зөрүүд болох онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,200,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 750,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 70,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул Ш 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 236 дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Ш хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон болно...

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог бөгөөд Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их хурлын  2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон байдаг. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна...

Мөн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог...

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин....” нь Улсын Их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин учраас 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “...сарын дундаж цалин хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасныг Шөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3 х/,

-2019.01.03-ны өдрийн 203/ЗТ2020/00001 дугаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн “Ерөнхий шүүгчийн үүргийг орлуулах тухай” зөвөлгөөний тогтоол /хх-ийн 126 х/,

-2021.01.15-ны өдрийн 203/ЗТ2021/00001 дугаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн “Ерөнхий шүүгчийн үүргийг орлуулах тухай” зөвөлгөөний тогтоол /хх-ийн 127 х/,

-2021.03.01-ний өдрийн 203/ЗТ2021/00003 дугаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн “Ерөнхий шүүгчийг сонгох тухай” зөвөлгөөний тогтоол /хх-ийн 128 х/,

-Цалингийн карт /хх-ийн 129-131 х/ зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2023.03.01-ний өдрийн 01/393 тоот албан бичгээр О.Д, Б.Бундсүрэн нарт олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.04.27-ны өдрийн 182/ШЗ2023/05375 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар

-Шийн 2023 оны “Явуулсан баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтрээс Н.Нд холбогдох хэсэг /хх-ийн 37-39 х/,

- Шийн 2022.02.18-ны өдрийн 32 тоот “Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай” тогтоол, түүний хавсралт /хх-ийн 40-41 х/,

-Шийн даргын 2023.04.25-ны өдрийн 01/757 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 42 х/,

-Шийн даргын 2022.12.23-ны өдрийн 269 тоот “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 43 х/,

-Монгол Улсын Их хурлын Тамгын газраас

-“Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал” /хх-ийн 45-49 х/,

-Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн танилцуулга /хх-ийн 50-57 х/,

-Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /хх-ийн 58-59 х/,

-Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны хуралдааны 2021.01.05-ны өдрийн 01 дүгээр товч тэмдэглэл /хх-ийн 60-63 х/,

-Монгол Улсын Их хурлын 2020 оны Намрын Ээлжит чуулганы Хууль зүйн Байнгын хорооны 2021.01.05-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /хх-ийн 64-87 х/,

-Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2021.01.13-ны өдрийн 02 дугаар хуралдааны товч тэмдэглэл /хх-ийн 88-93 х/

-Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны 2021.01.07-ны өдрийн 22 дугаар тэмдэглэл /хх-ийн 94-97 х/,

-Монгол Улсын Их хурлын 2020 оны Намрын Ээлжит чуулганы 2021.01.07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /хх-ийн 98-109 х/,

-Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны 2021.01.14-ний өдрийн 24 дүгээр тэмдэглэл /хх-ийн 110-116 х/,

- Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2021.01.15-ны өдрийн төсөл /хх-ийн 117-118 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шд холбогдох тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай Н.Нын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндлэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Н.Н нь 2022.03.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу тэтгэмж олгохдоо албан тушаалын цалингийн сүлжээ дэх 3,000,000 төгрөгөөр тооцсон үндэслэлгүй тул зөрүү 70,200,000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...” гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин бөгөөд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт олгох үндэслэлгүй. Шийн хувьд 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Нын сүүлийн 1 жилийн Цалингийн карт /хх-ийн 129 х/, Шийн 2023.04.25-ны өдрийн 01/757 дугаартай “Хүсэлтийн хариу” /хх-ийн 42 х/, Шийн даргын 2022.12.23-ны өдрийн 269 дугаартай “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 43 х/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2023.05.05-ны өдрийн ТГ-02/612 дугаартай албан бичгийн хавсралт болох Монгол улсын Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 2021.01.05-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2021.01.13-ны өдрийн 02 тоот хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021.01.07-ны өдрийн 22 тоот хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021.01.07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн 24 тоот чуулганы тэмдэглэл зэрэг баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Нэхэмжлэгч Н.Н нь Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.12.23-ны өдрийн 236 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

 

б/ Шийн даргын 2022.12.23-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 269 дүгээр тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 236 дугаар зарлигийг тус тус үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Н-ийн Н-д 108,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгожээ. /хх-ийн 43 х/

 

в/ Зохигч 36 сарын хугацаатай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжид 108,000,000 төгрөг олгосон болон Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан талаар маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

г/ Нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр ... тооцно..., хариуцагч нь 36 сарын тэтгэмжийг Улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээ буюу 3,000,000 төгрөгөөр тооцно гэж тус тус маргасан бөгөөд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

             

д/ Учир нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн гэсэн ангилалд хуваасан байх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-д төрийн тусгай албан тушаалд хамаарах субъектүүдийг тодорхойлж, бүх шатны шүүхийн шүүгчийг хамааруулжээ.

 

е/ Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тус тус заасан байна.

 

ё/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын тэтгэмжийг олгохоор нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон тул Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан өрсөлдөөний /зөрчилдөөний/ хэм хэмжээнээс илүү нарийвчлан зохицуулсан болон сүүлд батлагдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.

ж/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж тус тус заасан.

Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 2021.01.05-ны өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2021.01.13-ны өдрийн 02 тоот хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021.01.07-ны өдрийн 22 тоот хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021.01.07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн 24 тоот чуулганы тэмдэглэлүүдээс үзэхэд “...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгох...”, “...цалин хөлс бол үндсэн цалин, түүний нэмэгдлээс тогтоно...” гэж тусгагдсан байна.

 

Дээрхээс үзвэл шүүгчийн сарын дундаж цалин нь “...үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс...” зэргээс бүрдэж байх тул шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийг сарын дундаж цалингаас тооцсон гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

з/ Ш нь бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах эрхтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2015.11.13-ны өдрийн Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай 101 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ 3,000,000 төгрөгөөр,

2021.01.14-ний өдрийн Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай 04 дүгээр тогтоолоор Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг үндэслэн шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар сар бүр, төрийн алба хаасан хугацааг нь харгалзан нэмэгдлийг 5-25 хувиар тус тус тогтоосон. /Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=208151&showType=1,https://legalinfo.mn/mn/detail?lawId=16147374340851/

 

и/ Нэхэмжлэгч Н.Н нь Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа үндсэн цалин 3,000,000 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам-ын 2.1-д заасны дагуу үндсэн цалингийн 40 хувь болох 1,200,000 /3,000,000 х 40 хувь/ төгрөг, 2 дугаар хавсралт Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам-ын 2.2-т заасны дагуу 25 хувь болох 750,000 /3,000,000 х 25 хувь/ төгрөг буюу нийт 1,950,000 /1,200,000 + 750,000/ төгрөгийн нэмэгдлийг авч байжээ.

 

й/ Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг албан тушаалын сарын цалингийн хэмжээ 3,000,000 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь 1,200,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь 750,000 төгрөг буюу нийт 4,950,000 төгрөг гэж ойлгох бөгөөд үүнийг 36 сарын хугацаагаар тооцоход нэг удаагийн тэтгэмж нь 178,200,000 /4,950,000 х 36/ төгрөг болж байхад албан тушаалын цалин 3,000,000 төгрөгөөс тооцож 108,000,000 төгрөгийг олгож, 70,200,000 төгрөгийг дутуу олгосон нь үндэслэлгүй.

 

к/ Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймээс хариуцагч Шөөс нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож шийдвэрлэсэн болно.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Шөөс 508,950 /таван зуун найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч Шөөс тэтгэмжийн зөрүү 70,200,000 /далан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Шөөс 508,950 /таван зуун найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА