Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01273

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 28 210/МА2023/01273

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01471 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: ****

Үндсэн нэхэмжлэл: тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 60 нас хүрч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 40 дүгээр зүйлийн 40.2.9-д заасны дагуу шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл бий болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар Зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн зохицуулалтын дагуу тэтгэмж авах эрх үүссэн. Би төрийн албанд 34 жил 6 сар, үүнээс шүүгчээр 27 жил 3 сар гаруй хугацаанд, сүүлийн 6 жил давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан.

1.2 Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам-д Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шүүгчийн авч байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгохоор, 2 дугаар хавсралтаар батлагдсан Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам-д 26 ба түүнээс дээш жил ажилласан шүүгчид албан тушаалын сарын цалингаас 25 хувиар олгох-оор тус тус зааж шүүгчийн хараат бус байдлыг хангахаар заасан.

Гэтэл ****өөс тэтгэмж олгохдоо онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь нийт 65 хувийн нэмэгдлийг тооцохгүйгээр зөвхөн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь үндэслэлгүй.

Иймд тэтгэмжийн зөрүүд болох онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,200,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 750,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 70,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *.* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул **** 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** дугаартай зарлиг гаргаж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасны дагуу **** нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ****ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог бөгөөд Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их хурлын 2015 оны *** дүгээр тогтоолын хавсралтаар шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон байдаг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа.

Мөн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-аар баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид докторын зэргийн, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин нь Улсын Их хурлын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин учраас 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг ****өөс хэрэгжүүлэхдээ Улсын Их хурлын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан хариуцагч ****өөс тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *.* д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч *.* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч ****өөс 508,950 /таван зуун найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ****ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны *** дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан.

4.2 Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг ****өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч ****д холбогдуулан тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...****өөс тэтгэмж олгохдоо онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, нийт 65 хувийн нэмэгдлийг тооцохгүйгээр зөвхөн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй гэсэн агуулгаар үгүйсгэн маргажээ.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар зарлигаар *.* ыг хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. /хх25/ Улмаар ****ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой *.* д нэг удаагийн буцалтгүй тусламж 108,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга нь захиргааны байгууллага болох ****д холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ буюу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын талаар маргасан.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасанд нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зохигчдын хооронд үүссэн маргаан, давж заалдах гомдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/01471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, *.* ын нэхэмжлэлтэй, тэтгэмжийн зөрүү 70,200,000 төгрөг гаргуулах тухай ****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН