Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2023/01525

 

 

 

 

 

 

 

 

 

   2023      05         18                                           182/ШШ2023/01525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 68,082,689.26 төгрөг гаргуулах тухай үндсэн,

З ХХК-иас 69,895,000 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О хариуцагч Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 68,082,689.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“З ХХК нь Д ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 40 тоот “Машин механизм түрээсийн гэрээ” байгуулан Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажилд ажиллахаар 0000, 1111 улсын дугаартай 2 экскаватор түрээслүүлэх, сарын түрээс нь өдөрт 11 цаг ажилласан бол 84,000,000 төгрөг байх, эхний төлбөрөөс урьдчилгаа 25,200,000 төгрөгийг ерөнхий захирал Р.Өлзийбат дансанд шилжүүлж, үлдэгдэл болон түрээсийн төлбөрийг дараа сарын 10-15-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч нь дээрх 2 экскаваторын 4 дүгээр сард ажилласан хугацааны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөлгүйгээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 28,427,415.85 төгрөг гэх мэтээр хувааж шилжүүлж, үлдэгдэл 29,706,770 төгрөгийг төлөөгүй.

Манай компани гэрээний 4.3-т заасан эрх, үүргээ биелүүлэн операторынхоо ээлжийг солих гэсэн боловч Д ХХК-ийн зүгээс ээлж солигдохыг зөвшөөрөхгүй байсан тул тохиролцоонд хүрээгүй. Мөн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ тус тус зөрчсөн гэж үзсэн бөгөөд 2 компанийн зүгээс гэрээг цуцлахаар тохирон 5 дугаар сард ажилласан хугацааны тооцоог нийлэн компанийн нягтлан бодогч нар нэхэмжлэх болон тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан боловч түрээслэгч нь өнөөдрийг хүртэл ажилласан хугацааны түрээсийг өгөөгүй, гэрээт ажлын үлдэгдэл төлбөр тооцоог удаа дараа нэхсэн боловч өгөөгүй учраас дээрх 2 экскаваторын ажилласан хугацааны төлбөр болох 29,706,770.38 төгрөг, гэрээний 8.3.1-д заасны дагуу алданги 4,277,774.88 төгрөг нийт 33,984,545.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан...

Гэвч тооцоо нийлэхдээ дээрх 2 экскаваторын ажилласан цагийг дутуу бодож тооцоо нийлсэн байсан учраас гэрээнд заасны дагуу 0000 экскаваторын цагийн хөлсний зөрүү 4 сард 4,859,969 төгрөг, 5 сард 1,825,665 төгрөг, 1111 экскаваторынх 4 сард 4,888,824 төгрөг, 5 сард 4,104,230 төгрөг буюу 15,681,689 төгрөгөөр нэмэгдүүлж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүн болох 45,388,459.26 төгрөгийн 50 хувиар тооцож 18,416,455 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн...

Иймээс хариуцагчаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 45,388,459.26 төгрөг, алданги 22,694,229 төгрөг нийт 68,082,689 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК нь 2022 оны 01 дүгээр сард Зүүнбаян-Ханги шинэ төмөр замын цогцолбор төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8,080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээний дагуу ажлыг тохирсон хугацаанд чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр 22 өөрөө буулгагч, 1 түлшний машин, 2 усны машин, 2 авто ачигч, 2 автогрейдер, 3 индүү, 3 экскаватор зэрэг нийт 35 тооны машин, механизмыг тухайн машин механизмыг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдтэй “Машин, механизм түрээсийн гэрээ”-г байгуулан, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажлыг хийж гүйцэтгэхээр 8,080 метр төмөр замын далан болон ухмалын ажлаа эхлүүлсэн.

Төмөр замын далан болон ухмалын ажил нь нэгдүгээрт төмөр замын далан байгуулах ажлын талбайг бэлтгэх, хоёрдугаарт экскаватороор дамжуулан шороог өөрөө буулгагч нарт ачих, гуравдугаарт өөрөө буулгагч нар нь ачигдсан шороог ажлын талбайд буулгах, дөрөвдүгээрт буулгасан шороог автогрейдерээр түрж тараах, тавдугаарт тараасан шороог услах, зургадугаарт шороог индүүгээр тэгшлэх зэрэг дарааллаар ажлыг хийж гүйцэтгэдэг.

Д ХХК-ийн бусдаас түрээслэсэн тээврийн хэрэгслүүдэд З ХХК-иас түрээслэсэн 0000 улсын дугаартай экскаватор, 1111 улсын дугаартай 2 экскаватор нь багтаж байсан.

Манай компанийн зүгээс З ХХК-тай гэрээ байгуулан 2 экскаватор түрээслэсэн үйл баримтын талаар маргахгүй. Гэрээнд заасны дагуу 2 экскаваторыг 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс төслийн ажлыг дуустал хугацаагаар түрээслэсэн бөгөөд З ХХК нь 2 тооны ажиллагаа сайтай, 1 сарын хугацаанд 2 өдөр засвар үйлчилгээ хийх, 28 өдрийн турш тасралтгүй, ажлын цагаар буюу өдөрт 11 цаг ажиллах хүчин чадалтай экскаваторыг шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан.

Гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 тооны экскаваторыг ажлын талбайд хүргүүлж, ажил эхэлсэн. Гэтэл ажил эхлэснээс хойш З ХХК-ийн түрээслэсэн 0000 улсын дугаартай экскаватор нь 14 хоногийн хугацаанд бүтэн ажиллаагүй, 7 өдөрт ажлын цагаар бүтэн ажиллаагүй, 48,5 цагийн хугацаанд засвар үйлчилгээтэй байсан буюу нийт 18 хоногийн хугацаанд ажиллаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл 0000 улсын дугаартай экскаватор нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 47 хоног ажиллахдаа 18 хоногт нь үүнээс гэрээнд заасан засварын хугацааг хасаж тооцвол 15 хоног нь машин механизмын гэмтлээс шалтгаалан ажиллаагүй.

З ХХК-тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-ний 4.1, 7.1-д тус тус заасны дагуу түрээслүүлэгч нь өөрийн машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж, ажилд саад учруулахгүй байх, гэрээ цуцлах тухай 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтуудаа зөрчсөн...

Нэхэмжлэлийн шаардлагаас тооцоо нийлсэн актын дагуу 29,706,770.38 төгрөг, алданги 4,366,880 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 16-нд гэрээ цуцлагдсан өдрийг хүртэл 0,3 хувиар тооцож төлөх боломжтой. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: “...Манай компани 2022 оны 01 дүгээр сард Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр замын цогцолбор төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8,080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээний дагуу ажлыг тохирсон хугацаанд чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн.

Манай компани нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ажлын 22 өөрөө буулгагч, 1 түлшний машин, 2 усны машин, 2 авто ачигч, 2 автогрейдер, 3 индүү, 3 экскаватор зэрэг нийт 35 тооны машин механизмыг тухайн машин механизмыг өмчлөгч иргэн, хуулийн этгээдүүдтэй “Машин, механизм түрээсийн гэрээ” гэх гэрээг байгуулан, 2022.03.31-ний өдрөөс 2022.05.29-ний өдрийг хүртэл хугацаанд ажлыг хийж гүйцэтгэхээр 8,080 метр төмөр замын далан болон ухмалын ажлаа эхлүүлсэн.

Төмөр замын далан болон ухмалын ажил нь нэгдүгээрт төмөр замын далан байгуулах ажлын талбайг бэлтгэх, хоёрдугаарт экскаватороор дамжуулан шороог өөрөө буулгагч нарт ачих, гуравдугаарт өөрөө буулгагч нар нь ачигдсан шороог ажлын талбайд буулгах, дөрөвдүгээрт буулгасан шороог автогрейдерээр түрж тараах, тавдугаарт тараасан шороог услах, зургадугаарт шороог индүүгээр тэгшлэх зэрэг дарааллаар ажлыг хийж гүйцэтгэдэг.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай “Машин, механизм түрээсийн гэрээ”-ний дагуу З ХХК-иас хэвийн журмаар ашиглах боломжтой, ажиллагаа сайтай, 2 тооны экскаваторыг түрээслэх, түрээсийн хугацааг Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8,080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг хийж гүйцэтгэх хугацаагаар харилцан тохиролцсон...

Гэтэл ажил эхлэснээс хойш З ХХК-ийн түрээслэсэн 0000 улсын дугаартай экскаватор нь 14 хоногийн хугацаанд бүтэн ажиллаагүй, 7 өдөрт ажлын цагаар бүтэн ажиллаагүй, 48,5 цагийн хугацаанд засвар үйлчилгээтэй байсан буюу нийт 18 хоногийн хугацаанд ажиллаагүй. Өөрөөр хэлбэл 0000 улсын дугаартай экскаватор нь 2022 оны 3 дугаар сарын 31-2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 47 хоног ажиллахдаа 18 хоногт нь үүнээс гэрээнд заасан засварын хугацааг хасаж тооцвол 15 хоног нь машин механизмын гэмтлээс шалтгаалан ажиллаагүй.

Энэ талаар З ХХК-ийн удирдлагад тухай бүрт нь мэдэгдэж байсан бөгөөд жолооч нартай тухайн сард ажилласан, засвар үйлчилгээ хийсэн цагийн талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн байдаг. З ХХК-тай байгуулсан, 2022 оны 3  дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ”-ний 4.1-т “Түрээслүүлэгч нь өөрийн машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж, ажилд саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, эвдрэлтэй экскаваторыг түрээслэсний улмаас тус экскаваторыг засвартай байх 18 хоногийн хугацаанд 22 ширхэг өөрөө буулгагч нь 2 экскаваторын хүчин чадлаар ажиллаж, 1 өдөр дунджаар 286 рейс шороо ачиж, буулгасан нь 3 экскаваторын ажиллах, 1 өдөр дунджаар 382 рейс шороо буулгаж ажилладаг ажлын бүтээмжтэй харьцуулахад 75 хувьтай тэнцэхээр байгаа буюу 0000 улсын дугаартай экскаваторын эвдрэлээс шалтгаалан тухайн өдрийн хийж гүйцэтгэх ёстой ажил 25 хувиар багассан байдаг.

Экскаваторын өөрөө буулгагчид ачдаг шорооны хэмжээ багасах нь өөрөө буулгагчийн рейс багасах, цаашлаад автогрейдер, усны машин, индүүний хийж гүйцэтгэх ёстой ажлын хэмжээнд хүртэл шууд нөлөөлдөг байсан бөгөөд эвдрэлтэй экскаватор түрээслэж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас манай компанид нийт 18 өдрийн хугацаанд ажлын бүтээмж 25 хувиар буурч, тэр хэмжээгээр буюу өөрөө буулгагч машины 1 өдрийн түрээс 330,000 төгрөгөөр 22 автомашиныг тооцож, ажлын бүтээмжийн хэмжээтэй харьцуулахад 1 өдөрт 1,815,000 төгрөгийн хохирол, нийт 18 өдрийн хугацаанд, засварын хугацааг хасаж тооцвол, 15 өдрийн хугацаанд хохирол учирсан гэж үзэхээр байна.

Мөн 2022 оны 3  дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-ний 6.1 ...Гэрээгээр тохирсон албан ёсны хугацааг 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс төслийн ажил дуусах өдрийг хүртэл ажиллана” гэж, 7.1 ...гэрээг сунгах, өөрчлөх болон цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байхад З ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр өөрсдийн компанийн экскаваторын операторуудад үүрэг даалгавар өгч, 0000 дугаартай экскаваторыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр, 1111 дугаартай экскаваторыг 2022 оны 5 дугаар сарын18-ны өдрөөр тус тус дуусгавар болгон ажлын зогсоосон байдаг.

Ингээд манай компанийн 3 экскаватор болон бусад машин механизмыг түрээслэн ажил гүйцэтгэж байсан ажлын бүтээмж доголдож, зөвхөн 1 экскаватор л өөрөө буулгагч машинд шороо ачих ажлын хийж гүйцэтгэх болсон ба З ХХК-ийн экскаваторууд ажиллахгүй байгаа талаар мэдэж, дахин экскаватор түрээслэн, ажлын талбайд хүргүүлэх хүртэл буюу 2022 оны 5 дугаар сарын 19-нөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд зөвхөн 1 экскаватортойгоор үйл ажиллагаа явуулж, 8 тооны өөрөө буулгагч сул зогсолт хийж, нийт өөрөө буулгагч машинууд өдөрт дунджаар 193,7 рейс шороо буулгаж байсан нь 3 экскаватор ажиллаж байсан ажлын бүтээмжтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй, зөвхөн өөрөө буулгагч машины түрээсийн төлбөрт төлсөн алдагдлыг авч үзэхэд өдөрт 3,630,000 төгрөгийн алдагдлыг 9 өдөрт тус бүр хүлээсэн.

З ХХК нь 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-нд заасан эвдрэлгүй машин механизм түрээслэх үүргээ зөрчсөн, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, түрээслэгчид мэдэгдэхгүйгээр ажлыг зогсоосон буруутай үйлдлийн улмаас зөвхөн өөрөө ачигч автомашины түрээсийн төлбөрт илүү төлөгдсөн, шууд учирсан хохирлыг тооцож үзэхэд 1,815,000 x 15 хоног + 3,630,000 x 9 хоног нийт 59,895,000 төгрөг байна.

Мөн Д ХХК нь хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг доголдуулахгүй байх зорилгоор нэн даруй буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-тай №43 дугаартай “Машин, механизм түрээсийн гэрээ”-г, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.З-тэй №44 дугаартай “Машин, механизм түрээсийн гэрээ”-г тус тус байгуулж, 2 тооны экскаваторыг ажлын талбай руу тээвэрлүүлсэн бөгөөд тээврийн хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Өөрөөр хэлбэл З ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчиж, эвдрэлтэй, гэрээнд заасан хугацаагаар ажиллах боломжгүй машин, механизмыг түрээслэсний улмаас, гэрээнд заасныг зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүйгээр машин механизмыг ажлын талбайгаас шилжүүлэн авсны улмаас манай компанид нийт 69,895,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 заасныг тус тус үндэслэн, З ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай Машин, механизм түрээсийн гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 69,895,000 төгрөгийг З ХХК-иас гаргуулж өгнө үү...” гэв.

 

4.Нэхэмжлэгч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Манай компани хариуцагчтай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №40 дугаартай “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний үүргээ биелүүлж, 2 тооны экскаваторыг түрээслэгчид шилжүүлэн өгч ажиллуулсан.

Ажлын талбайд техникүүд ажиллаж эхэлсэн өдрөөс гэрээний хугацааг тоолохоор заасан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2 тооны экскаватор ажлын талбайд ажиллаж эхэлсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар түрээсийн төлбөрийг дараа сарын 10-15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заасан. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ........ улсын дугаартай экставатор нь 10 цаг, 0000 улсын дугаартай экскаватор нь 10 цаг буюу нийт 20 цаг ажилласан.

3 дугаар сарын төлбөр болох 20 цаг ажилласан түрээсийн төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 10-15-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч тухайн сард төлөөгүй. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийг хүртэл ........ улсын дугаартай экставатор нь 319 цаг, 0000 улсын дугаартай экскаватор нь 215 цаг буюу нийт 534 цаг ажилласан.

4 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 48,791,615 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, техникүүд ажиллаж эхэлснээс хойш 47 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өмнөх саруудын түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрснийг Д ХХК-ийн холбогдох ажилтнуудад утсаар мэдэгдэж, 2 экскаваторыг 13:00 цагт түр зогсоосны үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16:45 цагт 4 дүгээр сарын түрээсийн төлбөр гэж 20,000,000 төгрөг, 17-ны өдөр 28,427,415 төгрөг тус тус шилжүүлэн 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг авч дууссан...

Энэ үед Оргил захиралтай утсаар холбогдож 0000 дугаартай экскаваторыг засвар үйлчилгээнд татан авах, 1111 улсын дугаартай экскаваторын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулж, оператор У.Гы ээлжийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд Оргил захирал татгалзсан хариу өгсөн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2 экскаватораа хоёуланг нь буцаан татахыг шаардсан. Манай компани 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 2 техникийг төслийн талбайд хүлээлтийн байдалтай байлгаж байсан.

...Төслийн талбайд ажиллаж байсан манай оператор болон Д ХХК-ийн нягтлан нар 0000 улсын дугаартай экскаватор нь 5 дугаар  сарын 01-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл 88 цаг, 30 мин, 1111 улсын дугаартай экскаватор 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 181 цаг буюу нийт 269,5 цаг ажилласанг тасалбар болгож ажилласан хоногийн тооцоог нийлэн баталгаажуулсан.

Энэ нь ажилласан цагийн тооцоогоор тогтоогдож байгаа бөгөөд 5 дугаар сарын түрээсийн төлбөрөө төлөхийг мэдэгдэхэд түрээслэгч нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт орж ирэхээр 5 дугаар сарын түрээсийн төлбөрөө төлье гэсэн хариу өгсөн...

Манай 2 техникийг Улаанбаатар хотоос машин очиж ачиж, авч ирэх 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд экскаватор байсаар байтал гэрээний 7.4-т заасны дагуу зөвшилцөлд хүрэхийг хүсэхгүй өөр техник хайж байсныг манай компанийн зүгээс шалтгааныг нь ойлгоогүй...

Түрээслэгч тал нь анхнаасаа эвдрэлтэй экскаватор түрээслэсэн гэж байгаа боловч анх түрээсийн гэрээ байгуулагдах үед түрээслэгч тал нь тухайн техникүүдийн хэвийн ажиллагаа болон бүрэн бүтэн байдлыг шалгаад, завсар үйлчилгээнүүдийг нь бүрэн хийлгээд авч явсан байдаг. 0000 экскаватор нь очсон өдрөөсөө эхний 3 хоног ажиллаад 4 дэх өдрөөсөө ажиллаж байгаад эвдэрсэн байдаг. Ажил гүйцэтгэж байсан газрын хөрсний нөхцөл /карьер хатуу байсан/ болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэвийн ажиллаж байсан 0000 улсын дугаартай экскаваторт гэмтэл гарсан. Гарсан гэмтлийг манай тал тухай бүрд нь сэлбэг явуулж засч байсан.

Дорноговь аймгийн Хөвсгөл сум нь Улаанбаатар хотоос 700 км-н зайд байдаг учраас сэлбэг хэрэгслийг хүргүүлэхэд цаг хугацаа алдах нөхцөл байдал үүссэн. Техник эвдрэх хугацаанд Д ХХК-ийн зүгээс гэрээний 8.1.4 зааснаар манай компанид бичгээр мэдэгдэж байгаагүй. Мөн гэрээний 4.3-т “Түрээслүүлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 92-р зүйлийн 92.4-т заасныг үндэслэн жолоочийн ээлжийг зохион байгуулна” гэж заасан бөгөөд операторуудын ээлжийг солих талаар мэдэгдэхэд татгалзсан хариу өгч анх явсан 2 операторын ээлжийг огт солиогүй, мөн ажилчдыг хөдөлмөрийн стандартад нийцсэн хоолоор хангах үүргээ зөрчсөн.

Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсанаар 22 тооны өөрөө буулгагч машиныг сул зогсоосон гэсэн нь Д ХХК-ийн өгсөн компанийн бүртгэл дээрээс үзэхэд буруу тооцоолсон худал баримт гэдэг нь харагддаг. Техник эвдрэхэд ажил удааширдаг болохоос огт сул зогсдоггүй. Хэрэв сул зогсоод компани нь алдагдалд орж байсан бол яагаад манайд мэдэгдэж гэрээн дээрх эрхээ эдэлж гэрээгээ цуцлаагүйг ойлгохгүй байна.

Тус компанийн бүртгэлээс үзэхэд өдөр бүр ажилласан машины тоо харилцан адилгүй өөрөө буулгагч 8-22 тооны машин ажилласан байна. Энэ газар шорооны ажил нь өдөр бүр ижил тооны ажиллах хүчинтэй ямар нэгэн саад бэрхшээлээс үл хамаарсан тогтмол үйлдвэрлэгддэг бараа шиг нормт ажил биш учир тухайн компанийн гаргасан харилцан адилгүй өөр тооны техникүүдийн тооцоололоор дундажлагдах боломжгүй.

Мөн тухайн бүртгэлд 3 экскаватортой ажилласан рэйсний тооны бүртгэлд 4 дүгээр сарын 29-ний өдрийн нийт рэйсний тоо буруу, 2 экскаватор ажилласан өдрийн бүртгэл дээр 0000 болон 1111 экскаватор нь 4 дүгээр сарын 3, 5-ны өдрүүд, 5 дугаар сарын 4, 7, 14-18 хүртэлх экскаваторын ажиллаж, баталгаажсан цагийн бүртгэлийг ажиллаагүйгээр харагдуулж бүртгэл хийж тооцоолол гаргасан нь худал бүртгэл гэдэг нь харагдаж байна...

Өдөр тутмын ажил нэгэн хэвийн явагддаггүй бөгөөд дараах хүчин зүйлсүүд нөлөөлж байдаг. Жишээ нь цаг агаар, хөрсний хатуу зөөлөн, ажиллах хүчний тоо, инженер удирдлагын заавар зөвөлгөө, шороо зөөх машин техникийн тоо хэмжээ, түлш шатахууны хүрэлцээ хангамж, шороо зөөх газрын хол ойр, карьер болон ухмал дээр ажиллах экскаваторын тоо, хяналтын багийн дараагийн ажил хийх зөвшөөрөл олгох гэх мэт хүчин зүйлс байх бөгөөд ажлын удаашрал ганц манайхаас шалтгаалахгүй. Д ХХК-тай байгуулсан гэрээний 3.2-т зааснаар 0000 дугаартай экскаваторын ажиллаагүй цагийн хөлсийг хасуулж, 0000 болон 1111 экскаваторын ажилласан цагийн хөлсийг авахаар нэхэмжилж байгаа бөгөөд тус гэрээнд техник эвдэрсэн тохиолдолд бусад түрээсийн техникийн төлбөрийг техник эвдэрч сул зогссон өдрийн тоогоор төлнө гэсэн заалт байхгүй.

Иймээс манай компани Оргил захирлын хүсэлтээр 2 техникээ буцаан татсан тул Д ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж тооцсон өөрөө буулгагч техникийн түрээс, 2 экскаватор түрээслэхэд төлсөн тээврийн хөлс, ажлын бүтээмж бууруулсан гэх алдаатай болон баримт нотолгоогүй, худал бүртгэл тооцооллыг үндэслэж манай компаниас нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...

Иймд З ХХК нь зөвхөн өөрийн түрээслэсэн 2 экскаваторыг түрээслэгчид мэдэгдэлгүйгээр машин механизмыг ажлын талбайгаас шилжүүлэн авч явсан, мөн анхнаасаа эвдрэлтэй техник түрээслэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Д ХХК-ийн нэхэмжилж буй 69,895,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2022.08.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 327,873 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2022.03.24-ний өдрийн 40 тоот “Машин механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /хх-ийн 5-8 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-12 х/,

-2022.07.08-ны өдрийн нэхэмжлэх /1 хх-ийн 13 х/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /1 хх-ийн 14 х/,

-Тооцооллын баримтууд /хх-ийн 1 хх-ийн 111-117 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатайгаа холбогдуулан 2023.01.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид 328,441 төгрөг төлсөн баримт /2 хх-ийн 48 х/,

-Тооцооллын баримтууд /2 хх-ийн 49-50 х/,

-2023.01.31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 хх-ийн 75 х/,

 

6.Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан хуулийн этгээдийн гэрчилгээ /1 хх-ийн 26 х/,

-2022.11.11-ний өдрийн 14 тоот Б.Ад олгосон итгэмжлэл /1 хх-ийн 32 х/,

-2022.03.24-ний өдрийн 40 тоот “Машин механизмын түрээсийн гэрээ” /1 хх-ийн 36-38 х/,

-Машин механикмын түрээсийн зардлын баталгаажуулалтын хуудас болон экскаваторын ажилласан хоногийн тайлан /1 хх-ийн 39-46 х/,

-2022.05.23-ны өдрийн 43 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 47-50 х/,

-Тооцооллын баримтууд 1 /хх-ийн 51-55 х/,

-2022.01.18-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /1 хх-ийн 56-58 х/,

-2022.05.27-ны өдрийн 44 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 63-66 х/,

 

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.29-ний өдөр 507,425 төгрөг төлсөн баримт /1 хх-ийн 90 х/,

-2022.02.04-ний өдрийн 04 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 119-124 х/,

-2022.02.04-ний өдрийн 05 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 125-133 х/,

-2022.02.05-ны өдрийн 07 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 134-139 х/,

-2022.02.05-ны өдрийн 10 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 140-143 х/,

-2022.02.05-ны өдрийн 11 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 144-147 х/,

-2022.02.05-ны өдрийн 13 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 148-151 х/,

-2022.02.06-ны өдрийн 14 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 152-156 х/,

-2022.02.06-ны өдрийн 15 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 157-159 х/,

-2022.03.21-ний өдрийн 26 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 160-164 х/,

-2022.03.21-ний өдрийн 27 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 165-169 х/,

-2022.03.21-ний өдрийн 28 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 170-174 х/,

-2022.03.21-ний өдрийн 29 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 175-178 х/,

-2022.03.22-ны өдрийн 31 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 179-183 х/,

-2022.03.22-ны өдрийн 32 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 184-188 х/,

-2022.03.22-ны өдрийн 33 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 189-193 х/,

-2022.03.22-ны өдрийн 34 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 194-198 х/,

-2022.03.22-ны өдрийн 35 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 199-202 х/,

-2022.03.22-ны өдрийн 36 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 203-206 х/,

-2022.03.23-ны өдрийн 37 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 207-211 х/,

-2022.03.23-ны өдрийн 38 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 212-216 х/,

-2022.03.23-ны өдрийн 39 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 217-222 х/,

-2022.01.24-ний өдрийн 02 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 223-225 х/,

-2022.02.07-ны өдрийн 17 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 226-227 х/,

-2022.02.09-ний өдрийн 18 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 228-231 х/,

-2022.03.07-ны өдрийн 21 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 232-236 х/,

-2022.03.07-ны өдрийн 22 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 237-239 х/,

-2022.03.09-ний өдрийн 23 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 240-241 х/,

-2022.03.21-ний өдрийн 25 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 242-244 х/,

-2022.03.28-ны өдрийн 41 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”, түүний хавсралт /1 хх-ийн 245-247 х/,

-2022.05.23-ны өдрийн Кассын орлогын ордер /2-р хх-ийн 2 х/ баримтуудыг,

 

7.Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022.11.29-ний өдрийн 182/ШЗ2022/15331 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу З ХХК-иас ирүүлсэн 2022.12.05-ны өдрийн 22/51 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбарууд /1 хх-ийн 104-106/,

-Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2022.07.20-ны өдрийн Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээж авах акт /2 хх-ийн 96 х/,

-2022.12.20-ны өдрийн 182/ШЗ2022/16442 дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу Д ХХК-иас ирүүлсэн машины тооцоо /2 хх-ийн 26-27, 42-44 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 28-41 х/,

-Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл хөтлөх журам /2 хх-ийн 104-166 х/,

-Гэрчийн мэдүүлгүүд /2 хх-ийн 19-22, 174-177 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 29,706,770 төгрөг, алданги 4,277,774 төгрөг, нийт 33,984,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022.08.02-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа илүү ажилласан цагийн хөлс 15,681,689 төгрөг, алданги 18,416,455 төгрөгөөр 2023.01.03-ны өдөр нэмэгдүүлж, нийт 68,082,689.26 төгрөгийг гаргуулах үндсэн,

Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч З ХХК-д холбогдуулан 2022.11.29-ний өдөр түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 69,895,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            2.Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

3. Нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 45,388,459 төгрөг, алданги 22,694,229 төгрөг, нийт 68,082,689.26 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

3.1. Нэхэмжлэгч З ХХК нь энэхүү шаардлагаа талуудын хооронд 2022.03.24-ний өдөр байгуулсан №40 дугаартай “Машин, механизмын түрээсийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.4, 8 дугаар зүйлийн 8.3.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу HyundaiR520LC-9S маркийн 1111, Hyundai R480LC-9S маркийн 0000 улсын дугаартай экскаваторуудын 2022.03.31-нээс 2022.05.18-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,388,459 төгрөг, алданги 22,694,229 төгрөг, нийт 68,082,689.26 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Д ХХК нь дээрх төлбөрөөс тооцоо нийлсэн актын дагуу 29,706,770.38 төгрөг, алданги 4,366,880 (2022.03.31-ний өдрөөс 2022.05.18-нд гэрээ цуцлагдсан өдрийг хүртэл 0,3 хувиар (1 өдрийн 89,120 х 49 хоног = 4,366,880) тооцож) төгрөг буюу нийт 34,073,650.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4.1. Харин үлдэх хэсэг буюу 34,009,038.88 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч З ХХК нь талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасны дагуу өөрийн машин, механизмын бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцаж түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж ажилд саад учруулахгүй байх, мөн гэрээ цуцлах саналыг 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй учраас зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Зохигчийн хооронд 2022.03.24-ний өдөр №40 дугаартай “Машин, механизмын түрээсийн гэрээ” байгуулагдаж, түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад дурдсан түрээсийн зүйл болох Hyundai R480LC-9S маркийн 0000, HyundaiR520LC-9S маркийн 1111 улсын дугаартай экскаваторуудыг 2022.03.27-ны өдрөөс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн ажлыг дуусах хүртэл хугацаатай түрээслэгчийн буюу хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, өөрийн машин механизмын бүрэн бүтэн байдлыг хариуцаж түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангах оператор, жолооч нарын хөдөлмөрийн хөлсийг хариуцах, түрээслэгч өдрийн 11 цагаар ажилласан бол Hyundai R480LC-9S маркийн 0000 улсын дугаартай экскаваторын төлбөрт сард 40,000,000 төгрөг, HyundaiR520LC-9S маркийн 1111 улсын дугаартай экскаваторын төлбөрт сард 44,000,000 төгрөг буюу нийт 84,000,000 төгрөгийг төлөх, техникийн нэг сарын бүрэн ажилласан цаг нь сар 28 хоногтой бол 280 цаг, 31 хоногтой бол 290 цаг байхаар харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 5-6, 7 х/

 

б/ Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн. Зохигчийн хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

в/ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан.

 

г/ Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч З ХХК нь 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизмын түрээсийн гэрээ”-ний дагуу HyundaiR520LC-9S маркийн 1111, Hyundai R480LC-9S маркийн 0000 улсын дугаартай экскаваторуудыг хариуцагч Д ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгч Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн ажлын талбайд хүргэж хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

6. Талууд түрээсийн төлбөрийн тооцоолол, түрээсийн зүйл болох 2 экскаваторын бүрэн бүтэн байдал, гэрээ цуцлагдсан, 2 экскаваторын 2022.03.31-нээс 2022.05.18-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны тайланг цагаар тооцсон баримтыг болон машин, механизмын ажилласан өдөр, цагийн тооцооны үлдэгдлийн баталгааг шүүхэд нотлох баримтаар гаргасан ба нэхэмжлэгч нь өдөрт 10 цаг ажиллахаас 11 цаг ажилласан гэж маргасан. /1 хх-ийн 39-46, 2 хх-ийн 49-50 х/

 

а/ Зохигчийн байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т дээрх тоног төхөөрөмжийн гэрээний хугацаанд ажиллах цагийг ажлын 11 цагаар тооцох бөгөөд техник ашиглалтын шаардлагын дагуу засвар үйлчилгээний 1 цагийг тооцон 10-11 мото цагийн хугацаагаар ашиглана. (түрээслэгчийн талаас зогссон хугацааг ажилласан цагт, түрээслүүлэгч талаас шалтгаалан зогссон хугацааг ажиллаагүй цагт тооцно), 6 дугаар зүйлийн 6.4-т техникийн нэг сарын бүрэн ажилласан цаг сар 28 хоногтой бол 280 цаг, 31 хоногтой бол 290 цаг байна гэжээ.

 

Үүнээс үзвэл дээрх техникүүд нь өдөрт 10 цаг /280 цаг : 28 хоног = 10 цаг, 290 цаг : 31 хоног = 9.35 цаг/ ажиллаж, 1 цагийг засварын цаг байхаар талууд тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.  

 

б/ HyundaiR520LC-9S маркийн 1111 улсын дугаартай эксковатор нь 2022.03.31-нээс 2022.05.15-ны өдрийг хүртэл өдрийн 11 цагаар бүтэн, 2022.05.16-нд 5 цаг, 05.17-нд 6 цаг, 05.18-нд 5 цаг нийт 510 цаг ажилласан байх ба гэрээнд заасан ажлын хөлс болох сарын 44,000,000 төгрөгөөс тооцоход өдөрт 1,517,241.4 төгрөг, цагт 151,724.14 төгрөг (44,000,000 : 290 цаг =  151,724.14 төгрөг х 10 цаг = 1,517,241.4  төгрөг) болж байна. Үүнийг ажилласан цагаар тооцоход 77,379,311.4 (510 цаг х 151,724.14) төгрөг,  /1 хх-ийн 40-42 х/

Hyundai R480LC-9S маркийн 0000 улсын дугаартай экскаватор 2022.03.31-нээс 2022.05.16-ны өдрийг хүртэл нийт 313.5 цаг ажиллаж, 14 хоног засварын цаг гэж зогссон байх ба гэрээнд заасан ажлын хөлс болох сарын 40,000,000 төгрөгөөс тооцоход өдөрт 1,379,310.34 төгрөг, цагт 137,931.03 төгрөг (40,000,000 : 290 цаг =  137,931.03 төгрөг х 10 цаг = 1,379,310.34  төгрөг) байх ба үүнийг ажилласан цагаар тооцоход 43,241,377.90 төгрөг (313.5 цаг х 137,931.03)-ийн түрээсийн төлбөр гарч байна. /1 хх-ийн 44-46 х/

 

Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт нийт 120,620,689.3 төгрөг (/77,379,311.4 + 43,241,377.90)-ийг төлөх үүрэгтэй байснаас 73,627,415 төгрөгийг төлж, 46,993,274.3 төгрөгийг төлөөгүй байна.

 

г/ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь 2 экскаваторыг ашиглуулсан хугацааны хөлсийг шаардах эрхтэй учраас нэхэмжлэгч нь 2 экскаваторын 2022.03.31-нээс 2022.05.18-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45,388,459 төгрөгийг өдөрт 10 мото цаг ажилласнаар тооцож хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж үзнэ.

 

7. Алданги 22,694,229 төгрөг гаргуулах шаардлагын тухай

7.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2022.03.24-ний өдөр байгуулсан №40 дугаартай “Машин, механизмын түрээсийн гэрээ”-ний гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1 болон дээрх хуульд заасны дагуу алданги 22,694,229 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

а/ Хариуцагч нь гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 2022.05.16-ны өдөр 2 экскаваторын ажлыг зогсоосон, мөн алдангийг гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд нэмэгдүүлэн тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

 

б/ Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “...гэрээг цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж тохиролцжээ.

 

в/ Хариуцагч Д ХХК нь дээрх 2 экскаваторыг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хугацаандаа төлөөгүйн улмаас нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай саналыг хариуцагчид 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй цуцалсан болох нь гэрч У.Гы “...түрээс орохгүй байна. Экскаваторуудаа зогсоо гэж хэлснээр мэдсэн...” гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээ цуцлах талаар манайд бичгээр мэдэгдээгүй...” гэж тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

г/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай саналыг хариуцагчид 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээр гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учраас хариуцагчаас алданги 22,694,229 төгрөгийг шаардах эрхгүй.

 

 Иймээс хариуцагч Д ХХК-иас 45,388,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 22,694,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

8.З ХХК-иас түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 69,895,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухай

8.1. Хариуцагч Д ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа З ХХК нь 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчиж, эвдрэлтэй, гэрээнд заасан хугацаагаар ажиллах боломжгүй машин механизмыг түрээслэсэн, гэрээг цуцлахад 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүйгээр машин, механизмыг ажлын талбайгаас шилжүүлэн авсны улмаас нийт 69,895,000 төгрөгийн хохирол учирсан гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а/ З ХХК нь 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-нд заасан эвдрэлгүй машин, механизм түрээслэх үүргээ зөрчсөн, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, түрээслэгчид мэдэгдэхгүйгээр ажлыг зогсоосон буруутай үйлдлийн улмаас 8 өөрөө ачигч автомашин сул зогсож түрээсийн төлбөрт илүү төлөгдсөн 59,895,000 төгрөг,

б/ Гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй улмаас хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг доголдуулахгүй байх зорилгоор 2 тооны экскаваторыг ажлын талбай руу тээвэрлүүлэхэд гарсан зардал 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

 

8.2. З ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ хариуцагч гэрээнд заасны дагуу хугацаандаа түрээсийн төлбөрийг төлөөгүй, манай компани гэрээ цуцлаагүй, гэрээгээ өөрчлөх саналыг утсаар тавьсан боловч Д ХХК-ийн Оргил захирал манай 2 экскаваторыг ажиллуулахгүй, татаж гэж хэлснээр гэрээ цуцлагдсан. Нэхэмжилж байгаа 69,895,000 төгрөг нь хийсвэр тоо гэж маргаж байна.

 

8.3. Сөрөг нэхэмжлэлийг шаардлага тус бүрээр нь авч үзвэл

8.3.1. З ХХК нь 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-нд заасан эвдрэлгүй машин, механизм түрээслэх үүргээ зөрчсөн, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад, түрээслэгчид мэдэгдэхгүйгээр ажлыг зогсоосон буруутай үйлдлийн улмаас зөвхөн өөрөө буулгагч 8 автомашин сул зогссоны улмаас түрээсийн төлбөрт илүү төлөгдсөн 59,895,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

а/ Хариуцагч Д ХХК нь 2022.01.18-ны өдөр С ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Зүүнбаян-Ханги шинэ төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсоны дагуу 22 тооны өөрөө буулгагч 1 түлшний автомашин, 2 усны автомашин, 2 авто ачигч, 2 автогрейдер, 3 индүү зэрэг тээврийн хэрэгслүүдийг түрээслэхээр 2022.01.24-ний өдрөөс 2022.03.28-ны өдрүүдийн хооронд 02, 04, 05, 07, 10, 11, 13, 14, 15, 17, 18, 21-23, 25-29, 31-39, 41 тоот “Машин механизмын түрээсийн гэрээ”-г тус тус байгуулжээ. /1 хх-ийн 119-247 х, үүнийг хүснэгтээр харуулбал/

 

д/д

 

Огноо

 

Гэрээний дугаар

Гэрээ байгуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч

Тээврийн хэрэгслийн улсын дугаар

1

2022.02.04

04

Ц.М

0000

2

2022.02.04

05

Б.Ш

0000

3

0000

4

2022.02.05

07

С.О

0000

5

10

0000

6

2022.02.05

11

Ө.Э

0000

7

2022.02.05

13

Т.А

0000

8

2022.02.06

14

А.Б

0000

9

2022.03.21

15

Д.Д

0000

10

2022.03.21

26

Д.З

0000

11

2022.03.21

27

Ч.Б

0000

12

2022.03.21

28

Б.А

0000

13

2022.03.21

29

Э.Б

0000

14

2022.03.22

31

Э.Т

0000

15

2022.03.22

32

Б.М

0000

16

2022.03.22

33

П.О

0000

17

2022.03.22

34

И.Ц

0000

18

2022.03.22

36

Б.Н

0000

19

2022.03.22

37

Э.Г

0000

20

2022.03.23

38

Г.Б

0000

21

2022.03.23

39

Н.Б

0000

22

2022.03.22

35

В.С /үйлчилгээний машин/

0000

 

б/ Дээрх гэрээнүүдээр Д ХХК нь 21 өөрөө буулгагч, 1 үйлчилгээний автомашиныг 11 цагаар ажилласан бол сард тус бүр 9,90,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нартай харилцан тохиролцсон байна.

 

в/ Хэрэгт авагдсан 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь 2022.05.15-ны өдрөөс, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2022.05.19-ний өдрөөс хойш тус тус ажиллаагүй болох нь ажилласан хоногийн тайлангаар тогтоогдож байгаа хэдий ч ямар шалтгааны улмаас зогссон. Мөн М ХХК-ийн 21-85 УН, Д.З-ийн 0000 улсын дугаартай 2 экскаватор ирснээс хойш хэвийн ажилласан гэх баримтгүй байна.

 

г/ Мөн  Д ХХК-ийн Хаан банкны 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 хх-ийн 36 х)-аар 84-99 5-р сар түрээс 3,566,200 төгрөг, 87-25 -р сар түрээс 2,446,118 төгрөг, 17-33 5-р сар түрээс 2,367,200 төгрөг, 23-57 5-р сар түрээс 2,347,764 төгрөг, 19-18 5-р сар түрээс 2,613,000 төгрөг, 86-62 5-р сар түрээс, нөат буц 4,070,400 төгрөг,  75-36 5-р сар түрээс 2,481,400 төгрөг гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байгаа нь дээрх тээврийн хэрэгслүүдийг сул зогссоны улмаас илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

д/ Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 8 өөрөө буулгагч сул зогссоны улмаас Д ХХК нь түрээсийн төлбөрт 59,895,000 төгрөг илүү төлж хохирсон гэж үзэх боломжгүй.

 

8.3.2. Гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй улмаас хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлийг доголдуулахгүй байх зорилгоор 2 тооны экскаваторыг ажлын талбай руу тээвэрлүүлэхэд гарсан зардал 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

а/ Нэхэмжлэгч З ХХК нь 2022.05.18-ны өдөр хариуцагч Д ХХК-тай байгуулсан 2022.03.24-ний өдрийн №40 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр гэрээгээ цуцалсны улмаас хариуцагч 2022.05.23-ны өдөр М ХХК-тай №43 дугаартай “Машин, механизм түрээсийн гэрээ” байгуулж 21-85 УН улсын дугаартай 1 ширхэг экскаватор, 2022.05.27-ны өдөр №044 тоот “Машин, механизмын түрээсийн гэрээ”-г Д.Зэсэндэмидтэй байгуулж, 80-89УН улсын дугаартай 1 ширхэг экскаваторыг тус тус Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ажлыг дуусах хүртэл хугацаагаар түрээлсэн байна. /1 хх-ийн 47-50, 63-66 х/

 

б/ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

в/ Д ХХК нь 21-85 УН, 80-89УН улсын дугааруудтай 2 ширхэг эксаваторыг Зүүнбаян-Ханги шинэ төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг хийж гүйцэтгэх талбайд тээвэрлэн хүргэхэд нийт 10,000,000 төгрөгийн зардал гарсан болох нь “Хөвсгөл транс” ХХК-ийн 2022.05.23-ны өдрийн “Кассын орлогын ордер” гэсэн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /2 хх-ийн 2 х/

 

Иймээс З ХХК-иас 2 экскаваторыг тээвэрлэсэн хөлс 10,000,000 төгрөгийг гаргуулж, Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 59,895,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9. Хариуцагч нь 2 ширхэг эксаваторыг тээвэрлэсэн хөлс 10,000,000 төгрөгийг “Хөвсгөл транс” ХХК-д шилжүүлсэн болохоо нотлохоор тус компанийн захирал Э.Аыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2022.12.20-ны өдрийн 182/ШЗ2022/16442 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 656,314 төгрөг (2022.08.02-нд 327,873 төгрөг, 2023.01.03-нд 328,441 төгрөг)-ийг, хариуцагчийн 2022.11.29-ний өдөр төлсөн 507,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 384,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 236 дугаар зүйлийн 236.2, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус зааснаар Д ХХК-иас 45,388,459 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 22,694,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            З ХХК-иас 10,000,000 төгрөг гаргуулан Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 59,895,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З ХХК-ийн төлсөн 656,314 төгрөг, хариуцагч Д ХХК-ийн төлсөн 507,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 384,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА