Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01422

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  21  210/МА2023/01422

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/01525 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 68,082,689 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хохирол 69,895,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 40 тоот машин, механизм түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд *******-******* чиглэлийн төмөр замын ажилд ажиллахаар *******УН, 5619УБ улсын дугаартай 2 экскаватор түрээслүүлэх, сарын түрээс нь өдөрт 11 цаг ажилласан бол 84,000,000 төгрөг байх, эхний төлбөрөөс урьдчилгаа 25,200,000 төгрөгийг ерөнхий захирал Р.*******ын дансанд шилжүүлж, үлдэгдэл болон түрээсийн төлбөрийг дараа сарын 10-15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Хариуцагч нь дээрх 2 экскаваторын 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 28,427,415.85 төгрөг тус тус шилжүүлж, үлдэгдэл 29,706,770 төгрөгийг төлөөгүй.

1.3. Манай компани гэрээний 4.3-т зааснаар операторын ээлжийг солих гэсэн боловч хариуцагч ээлж солигдохыг зөвшөөрөхгүй байснаас тохиролцоонд хүрээгүй, мөн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэж үзсэн бөгөөд 2 компанийн зүгээс гэрээг цуцлахаар тохирон 5 дугаар сард ажилласан хугацааны тооцоог нийлэн компанийн нягтлан бодогч нар нэхэмжлэх болон тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тооцоо нийлэхдээ дээрх 2 экскаваторын ажилласан цагийг дутуу бодож тооцоо нийлсэн байсан учраас гэрээнд заасны дагуу цагийн түрээсийн зөрүү *******УН улсын дугаартай экскаваторт 04 дүгээр сард 4,859,969 төгрөг, 05 дугаар сард 1,825,665 төгрөг, 5619УБ улсын дугаартай экскаваторт 04 дүгээр сард 4,888,824 төгрөг, 05 дугаар сард 4,104,230 төгрөг, нийт 15,681,689 төгрөгийн нэмж нэхэмжилж байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүн болох 45,388,459.26 төгрөгийн 50 хувиар тооцож 18,416,455 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймээс хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр 45,388,459.26 төгрөг, алданги 22,694,229 төгрөг, нийт 68,082,689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сард *******-******* шинэ төмөр замын цогцолбор төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй Сотэ кашмер ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус төмөр замын цогцолбор төслийн ПК67+670-ПК75+750 8080 метр төмөр замын далан болон ухмалын ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Уг үүргээ гүйцэтгэхээр 35 машин, механизмыг түрээсийн гэрээгээр түрээслэсэн. Үүнд ******* ******* ХХК-ийн *******УН улсын дугаартай экскаватор, 5619УБ улсын дугаартай 2 экскаватор багтсан.

2.2. Манай компани нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулан 2 экскаватор түрээсэлсэн үйл баримтын талаар маргахгүй. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь ажиллагаа сайтай, 1 сарын хугацаанд 2 өдөр засвар үйлчилгээ хийх, 28 өдрийн турш тасралтгүй ажлын цагаар буюу өдөрт 11 цаг ажиллах хүчин чадалтай 2 экскаваторыг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс төслийн ажлыг дуустал хугацаагаар түрээслүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл ажил эхэлснээс хойш *******УН улсын дугаартай экскаватор нь 14 хоногийн хугацаанд бүтэн ажиллаагүй, 7 өдөрт ажлын цагаар бүтэн ажиллаагүй, 48.5 цагийн хугацаанд машин, механизмын гэмтлээс шалтгаалан засвар үйлчилгээтэй байсан буюу нийт 18 хоногийн хугацаанд ажиллаагүй.

Түрээсийн гэрээний 4.1, 7.1-д заасны дагуу түрээслүүлэгч нь өөрийн машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж, ажилд саад учруулахгүй байх, мөн гэрээ цуцлах тухай 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтуудаа зөрчсөн.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагаас тооцоо нийлсэн актын дагуу 29,706,770.38 төгрөг, алданги 4,366,880 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлагдах хүртэл 0.3 хувиар тооцож төлөх боломжтой. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. ******* ******* ******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сард *******-******* чиглэлийн шинэ төмөр замын цогцолбор төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй Сотэ кашмер ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 8080 метр төмөр замын далан болон ухмалын ажил гүйцэтгэх зорилгоор 22 өөрөө буулгагч, 1 түлшний машин, 2 усны машин, 2 авто ачигч, 2 автогрейдер, 3 индүү, 3 экскаватор зэрэг нийт 35 машин, механизмыг түрээсийн гэрээгээр түрээслэсэн.

Уг ажил нь төмөр замын далан байгуулах ажлын талбайг бэлтгэх, экскаватороор дамжуулан шороог өөрөө буулгагч нарт ачих, өөрөө буулгагч нь ачигдсан шороог ажлын талбайд буулгах, буулгасан шороог автогрейдерээр түрж тараах, услах, индүүгээр тэгшлэх зэрэг дарааллаар гүйцэтгэгддэг.

3.2. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн машин, механизм түрээсийн гэрээний дагуу ******* ******* ХХК-аас түрээслэсэн *******УН улсын дугаартай экскаватор нь 14 хоногийн хугацаанд бүтэн ажиллаагүй, 7 өдөрт ажлын цагаар бүтэн ажиллаагүй, 48.5 цагийн хугацаанд машин, механизмын гэмтлээс шалтгаалан засвар үйлчилгээтэй байсан буюу нийт 18 хоногийн хугацаанд ажиллаагүй, үүнээс гэрээнд заасан засварын хугацааг хасаж тооцвол 15 хоногт ажиллаагүй.

Түрээсийн гэрээний 4.1-т түрээслүүлэгч нь өөрийн машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж, ажилд саад учруулахгүй байх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, эвдрэлтэй экскаваторыг түрээслэсний улмаас тус экскаваторын засвартай байх 18 хоногийн хугацаанд 22 ширхэг өөрөө буулгагч нь 2 экскаваторын хүчин чадлаар ажиллаж, 1 өдөр дунджаар 286 рейс шороо ачиж, буулгасан нь 3 экскаваторын ажиллах 1 өдөр дунджаар 382 рейс шороо буулгаж ажилладаг ажлын бүтээмжтэй харьцуулахад 75 хувьтай тэнцэхээр байгаа буюу тухайн өдрийн гүйцэтгэх ёстой ажил 25 хувиар багассан. Экскаваторын өөрөө буулгагчид ачдаг шорооны хэмжээ багасах нь өөрөө буулгагчийн рейс багасах, цаашлаад автогрейдер, усны машин, индүүний гүйцэтгэх ёстой ажлын хэмжээнд хүртэл шууд нөлөөлдөг байсан.

Өөрөө буулгагч машины 1 өдрийн түрээс 330,000 төгрөгөөр 22 автомашиныг тооцож, ажлын бүтээмжийн хэмжээтэй харьцуулахад 1 өдөрт 1,815,000 төгрөгийн хохирол засварын хугацааг хасаж тооцсон 15 өдрийн хугацаанд учирсан гэж үзэхээр байна.

3.3. Мөн түрээсийн гэрээний 6.1-т гэрээгээр тохирсон албан ёсны хугацааг 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс төслийн ажил дуусах өдрийг хүртэл ажиллана гэж, 7.1-т гэрээг сунгах, өөрчлөх болон цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан байхад ******* ******* ХХК нь манай компанид мэдэгдэлгүйгээр өөрсдийн операторуудад үүрэг өгч, *******УН дугаартай экскаваторыг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөр, 5619УБ дугаартай экскаваторыг 2022 оны 05 дугаар сарын18-ны өдрөөр тус тус дуусгавар болгон зогсоосон.

Манай компанийн 3 экскаватор, бусад машин, механизмаар ажил гүйцэтгэж байсан ажлын бүтээмж доголдож, зөвхөн 1 экскаватор л өөрөө буулгагч машинд шороо ачих болсон ба дахин экскаватор түрээслэн ажлын талбайд хүргүүлэх хүртэл буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд зөвхөн 1 экскаватор ажилласнаар 8 өөрөө буулгагч сул зогсож, бүх өөрөө буулгагч машинууд өдөрт дунджаар 193.7 рейс шороо буулгаж байсан нь 3 экскаваторын ажлын бүтээмжтэй харьцуулахад 50 хувиар буурсан. Зөвхөн өөрөө буулгагч машины түрээсийн төлбөрт төлсөн алдагдлыг авч үзэхэд өдөрт 3,630,000 төгрөгийн алдагдлыг 9 өдөр хүлээсэн.

3.4. Өөрөө ачигч машины түрээсийн төлбөрт илүү төлөгдсөн шууд хохирлыг тооцож үзэхэд 1,815,000 x 15 хоног + 3,630,000 x 9 хоног нийт 59,895,000 төгрөг байна.

3.5. ******* ******* ******* ХХК нь ажлын гүйцэтгэлийг доголдуулахгүй байх зорилгоор нэн даруй 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Мөнх Алтан Хөхий ХХК-тай, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Зэсэндэмидтэй машин, механизм түрээсийн гэрээг тус тус байгуулж, 2 экскаваторыг ажлын талбай руу тээвэрлүүлсэн бөгөөд тээврийн хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ******* ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 69,895,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлж, 2 экскаваторыг ******* ******* ******* ХХК-д шилжүүлэн өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5619УН улсын дугаартай экскаватор 10 цаг, *******УН улсын дугаартай экскаватор 10 цаг, нийт 20 цаг ажилласан. Энэ хугацааны түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч тухайн сард төлөөгүй.

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрийн хугацаанд 5619УН улсын дугаартай экскаватор 319 цаг, *******УН улсын дугаартай экскаватор 215 цаг, нийт 534 цаг ажилласан. Энэ сарын түрээсийн төлбөр 48,791,615 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 10-15-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Техникүүд ажиллаж эхэлснээс хойш 47 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өмнөх саруудын түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрснийг ******* ******* ******* ХХК-ийн холбогдох ажилтнуудад утсаар мэдэгдэж, 2 экскаваторыг түр зогсоосноор 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 17-ны өдөр 28,427,415 төгрөг тус тус шилжүүлсэн.

4.2. Энэ үед О.Оргил захиралд *******УН улсын дугаартай экскаваторыг засвар үйлчилгээнд татан авах, 5619УБ улсын дугаартай экскаваторын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулж, оператор У.Ганчулууны ээлжийг солих хүсэлтээ илэрхийлэхэд татгалзаж, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 экскаватораа буцаан татахыг шаардсан.

4.3. Анх түрээсийн гэрээ байгуулагдах үед түрээслэгч нь тухайн техникүүдийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг шалгаад, завсар үйлчилгээнүүдийг бүрэн хийлгээд авч явсан. *******УН улсын дугаартай экскаватор 4 дэх өдрөөсөө эвдэрсэн. Ажил гүйцэтгэж байсан газрын хөрс (карьер хатуу байсан) болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гэмтэл гарсан, сэлбэг явуулж засуулсан, сэлбэг хэрэгслийг хүргүүлэхэд цаг хугацаа алдах нөхцөл байдал үүссэн. Техник эвдрэхэд түрээслэгчийн зүгээс гэрээний 8.1.4-т зааснаар бичгээр мэдэгдээгүй.

4.4. Сөрөг нэхэмжлэлд 22 өөрөө буулгагч машин сул зогссон гэсэн нь компанийн бүртгэлд буруу тооцоолсон худал баримт гэдэг нь харагддаг. Техник эвдрэхэд ажил удааширдаг болохоос огт сул зогсдоггүй. Хэрэв сул зогсоод компани алдагдалд орж байсан бол яагаад манайд мэдэгдэж эрхээ эдэлж гэрээгээ цуцлаагүйг ойлгохгүй байна.

Тус компанийн бүртгэлээс үзэхэд өдөр бүр ажилласан машины тоо харилцан адилгүй, өөрөө буулгагч 8-22 тоогоор ажилласан байна. Энэ газар шорооны ажлыг нормт ажил шиг харилцан адилгүй өөр тооны техникүүдийн тооцооллоор дундажлах боломжгүй. Мөн тухайн бүртгэлд 3 экскаватортой ажилласан рэйсний тоо 04 дүгээр сарын 29-ний өдрийнх буруу, 2 экскаватор ажилласан өдрийн бүртгэл дээр 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүд, 05 дугаар сарын 04, 07, 14-18-ны өдрүүдэд манай экскаватор ажиллаагүйгээр харагдуулж бүртгэл хийж тооцоолсон нь худал байна.

4.5. Түрээсийн гэрээний 3.2-т зааснаар *******УН улсын дугаартай экскаваторын ажиллаагүй цагийн хөлсийг хасаж нэхэмжилж байгаа бөгөөд техник эвдэрсэн тохиолдолд бусад түрээсийн техникийн төлбөрийг сул зогссон өдрийн тоогоор төлөх заалт байхгүй.

Иймээс хариуцагчийн гаргасан 69,895,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 236 дугаар зүйлийн 236.2, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус зааснаар ******* ******* ******* ХХК-аас 45,388,459 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 22,694,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК-аас 10,000,000 төгрөг гаргуулан ******* ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 59,895,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн 656,314 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлсөн 507,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 384,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Манай компани 2022 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр гэрээний 6.2.1-т заасан хугацаанд төлөгдөөгүй тул 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 техникээ зогсоосон. ******* ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрөө төлснөөр төлбөрийн маргаангүй болж, 2 техникээ буцааж ажлын талбайд гаргасан. Харин гэрээний 4.3-т заасны дагуу операторын ээлжийг солих, 1 техникээ буцаан татах буюу түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад ******* ******* ******* ХХК хүлээж аваагүй.

6.2. Манай 5619УН улсын дугаартай техник ажлын талбайд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл байсаар атал хариуцагч ажилд гаргаагүй, дахин техник түрээсэлж 10,000,000 төгрөгийн зардал гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мэдэгдэлгүйгээр техникээ буцаан татаж, гэрээг цуцалсан үйлдэл гаргаагүй тул гэрээний 7.1-т зааснаар мэдэгдэл өгөх үүрэггүй. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрээ цуцлах болсон үндэслэлд буруу үнэлэлт дүгнэлт өгч 10,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн маргаж буй 2022 оны 04 дүгээр сарын төлбөр төлөгдсөн. 2 экскаваторыг ачаад явсны дараа ажлыг зогсоохгүйн тулд 9 хоногийн дараа 2 экскаватор ирсэн. Гэрээ цуцлахтай холбоотой асуудлыг шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай саналыг хариуцагчид 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор дараагийн экскаваторыг түрээсэлсэн нь гэрээний үүргийг зөрчсөнөөс учруулсан хохирол гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн тус хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 45,388,459 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан 29,706,770,38 төгрөгийг алданги тооцсон дүнгээр нэхэмжилсэн.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тооцооны үлдэгдлийн баталгааг үгүйсгэж, өмнө нэгэнт дүгнэгдсэн төлбөр тооцоонд өөрчлөлт оруулж, машин, механизмын өдөрт ажиллах ажлын цаг нь 10 цаг байсан гэх байдлаар нэг талын тооцоолол гаргаж, машин, механизмын түрээсийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж нэхэмжилсэн. Харин шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хэргийн бусад баримтуудтай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулан зөвхөн түрээсийн гэрээний 6.4 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан үндсэн төлбөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрч байгаа 29,706,770.38 төгрөгийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 15,681,688.62 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 59,895,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйг зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь түрээсийн гэрээний 4.1, 4.2, 4.7, 7.1, 7.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, гэрээнд заасан зориулалтын дагуу буюу ажлын талбайд 1 сард тасралтгүй 28 хоног ажиллах боломжтой, бүрэн бүтэн техникээр хангаагүй, *******УН улсын дугаартай экскаватор нийт 47 хоног ажиллахдаа 202.5 цаг засвар үйлчилгээ хийхээр зогссон болох нь өдрийн цагийн бүртгэл, нэхэмжлэгчийн ажилтан У.Ганчулууны гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын цагийн тооцоо, шүүхийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Гэрээнд заасны дагуу экскаватор нь 1 сарын хугацаанд 2 хоног засвар үйлчилгээ хийгээд, бусад 28-29 хоногт бүрэн гүйцэд, өдрийн 11 цагаар ажиллах чанар стандартын шаардлага хангасан, зориулалтын дагуу ашиглах боломжтой байх ёстой. Гэтэл энэ экскаватор нь чанарын шаардлага хангаагүй, гэрээнд заасны дагуу засвар хийх 3 хоногийн хугацааг ажлын цагаар нь хасаад тооцоход нийт 169.5 цаг буюу 15 хоногийн хугацаанд ажиллаагүй гэж үзэхээр байгаа юм.

Иймд хариуцагч нь гэрээний 5.2 дахь заалт, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж, үлдэгдэл 59,895,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

8.3. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд тусгагдсан үнийн дүнг тодорхойлж буй баримтууд болох өөрөө буулгагч машинуудын түрээсийн гэрээ, ажлын цагийн бүртгэл, шороо буулгасан рейсийн өдөр бүрийн бүртгэл, түрээсийн төлбөр төлж байсан баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нь өөрөө буулгагч автомашинуудын сул зогсолтын төлбөрт 59,895,000 төгрөгийг нэхэмжилсэн мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж, сул зогсолт нь ******* ******* ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй хамааралгүй гэх байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн хангагдаагүй үнийн дүн болох 59,895,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Түрээсийн гэрээгээр ажилласан хугацааны 2 техникийн цагийн бүртгэл, зардлын баталгаажуулалтын хуудсыг хариуцагч хөтөлж байсан. 29,706,770.38 төгрөгийн тооцоо нийлсэн акт гаргасан ба нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч нь гэрээнд зааснаас өөр тооцоолол гарсан талаар санал гаргасан боловч хүлээн аваагүй.

Гэрээний 6.4, 3.2-т техникийн ажиллах цагийг харилцан тохиролцсон. Техник өдөрт 10 цаг тасралтгүй ажиллаж, 1 цагт нь засвар үйлчилгээ авна гэж ойлгоно. Тухайн 2 техник цоо шинэ техник байсан ба өдөрт тасралтгүй 11 цаг ажилласан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан баримтад үндэслэн үнэн зөв шийдвэрлэсэн.

9.2. Нэхэмжлэгч тал гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан боловч хариуцагч зөвшөөрөөгүй, техникийг буцаах санал гаргасан. Нэхэмжлэгч гэрээ цуцлах санал гаргаагүй тул мэдэгдэл өгөх үүрэг хүлээхгүй. Хариуцагч байгууллагын ажлын талбайд нэхэмжлэгчийн техник байх хугацаанд 214,721 м.куб ухмалын ажил буюу 97.6 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд ажлын бүтээмж буурсан гэх тайлбар үндэслэлгүй. Шүүх зөв дүгнэн шийдвэрлэсэн тул шийдвэрийн тус хэсгүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 68,082,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 69,895,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр машин, механизмын түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч ******* ******* ХХК нь Hyundai R480LC-9S маркийн *******УН улсын дугаартай, Hyundai R520LC-9S маркийн 5619УБ улсын дугаартай 2 экскаваторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* ******* ******* ХХК нь сарын түрээсийн төлбөрт *******УН улсын дугаартай экскаваторт 40,000,000 төгрөг, 5619УБ улсын дугаартай экскаваторт 44,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь 2 экскаваторыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн ба хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд ашиглаж, түрээсийн төлбөрт нийт 73,627,415 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийн баталгаанд тооцоог буруу хийсэн үндэслэлээр түрээсийн төлбөрт 45,388,459.26 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь тооцоо нийлж баталгаажуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

5.1. Талууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д 29,706,770.38 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан байна.

5.2. Хариуцагч нь 2 экскаваторын ажилласан хугацааг дор дурдсанаар тооцсон баримтыг шүүхэд гаргасан ба уг тооцооллыг нэхэмжлэгч маргаагүй. Тодруулбал,

- 5619УБ улсын дугаартай экскаватор - 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг, 04 дүгээр сард 331 цаг, 05 дугаар сард 181 цаг, нийт 510 цаг.

- *******УН улсын дугаартай экскаватор - 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг, 04 дүгээр сард 215 цаг, 05 дугаар сард 88.5 цаг, нийт 313.5 цаг.

5.3. Зохигчдын тайлбар, тооцооллыг харьцуулахад, нэхэмжлэгч нь экскаваторын нэг өдөрт ажиллах хугацааг 10 цагаар тооцон нэг цагийн төлбөрийг гаргасан бол хариуцагч нь сарын түрээсийн төлбөрийг хуанлийн хоногт хувааж нэг өдрийн төлбөрийг гаргаж, үүнийгээ 11 цагт хувааж нэг цагт ногдох төлбөрийг тооцжээ. Өөрөөр хэлбэл, талууд нэг цагийн төлбөрийг өөр өөрөөр тооцсоны улмаас хоорондоо зөрүүтэй болжээ.

5.4. Гэрээний 3.2 дахь заалтад ...гэрээний хугацаанд өдөрт ажиллах цагийг ажлын 11 цагаар тооцох бөгөөд техник ашиглалтын шаардлагын дагуу засвар үйлчилгээний 1 цагийг тооцон 10-11 мото цагийн хугацаагаар ашиглана, 6.4 дэх заалтад техникийн нэг сарын бүрэн ажилласан цаг сар 28 хоногтой бол 280 цаг, сар 31 хоногтой бол 290 цаг байна гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөлийг үндэслэн экскаватор тус бүрийн гэрээгээр тохирсон сарын түрээсийн төлбөрийг 290 цагт хувааж нэг цагт ногдох түрээсийн төлбөрийг тооцсон нь үндэслэлтэй болжээ. Тодруулбал, 5619УБ улсын дугаартай экскаваторын ажилласан 510 цагт 77,379,311 төгрөг, *******УН улсын дугаартай экскаваторын ажилласан 313.5 цагт 43,241,377 төгрөг тус тус тооцсон нь зөв байна.

Мөн 2 экскаваторын нийт төлбөр 120,620,689 төгрөгөөс төлөгдсөн 73,627,415 төгрөгийг хасаж, хариуцагчийн төлбөл зохих дүнг 46,993,274 төгрөг гэж тогтоож, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 45,388,459 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн төлбөрийн үүргийг тогтоосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангуулах тухай хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 22,694,229 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хохирол 69,895,000 төгрөгийг дор дурдсан үндэслэлээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

- Нэхэмжлэгчийн *******УН улсын дугаартай экскаватор эвдэрч 15 хоног ажиллаагүйн улмаас уг хугацаанд бусдаас түрээсэлсэн 22 өөрөө буулгагчийн ажлын бүтээмж 25 хувиар буурсны хохирол 27,225,000 төгрөг (нэг өдрийн түрээс 330,000*22 техник*25%*15 хоног),

- Нэхэмжлэгч гэрээг цуцлахдаа хариуцагчид гэрээний дагуу 14 хоногийн өмнө мэдэгдээгүйн улмаас дараагийн экскаватор олох хүртэл 9 хоногт 22 өөрөө буулгагчийн ажлын бүтээмж 50 хувиар буурсны хохирол 32,670,000 төгрөг (нэг өдрийн түрээс 330,000*22 техник*50%*9 хоног),

- 2 экскаватор тээвэрлэж ирсний зардал 10,000,000 төгрөг.

6.1. Хэрэгт авагдсан *******УН улсын дугаартай экскаваторын ажилласан цагийн тооцоо, гэрч У.Ганчулууны ...4-5 хоног литрийн шүүр цоорч зогссон, дараа нь шүд хугараад хэд хоног зогссон, хот руу захихаар хүлээгддэг байсан... гэсэн мэдүүлгийг харьцуулж дүгнэхэд, түрээсийн гэрээний хугацаанд уг экскаваторт гэмтэл гарч бүрэн хугацаагаар ажиллаагүй болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт түрээслүүлэгч нь өөрийн машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, түрээслэгчийг бүрэн бүтэн техникээр хангаж ажилд саад учруулахгүй үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь газрын хөрс хатуу байсан, мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж экскаваторт гэмтэл гарсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймээс түрээсийн гэрээний дагуу экскаватор ажиллаагүйтэй холбоотойгоор хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах үүрэг хүлээнэ.

6.2. Түүнчлэн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол түрээсийн гэрээ дуусгавар болохоор заасан ба мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэж, татгалзах санал гаргаагүй тал нь татгалзах хугацааг тогтоох журамтай. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт гэрээ цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.

Түрээсийн гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө мэдэгдээгүй гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй.

6.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 22 өөрөө буулгагчийн ажлын бүтээмж 25, 50 хувиар тус тус буурсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь, хариуцагчийн машин, механизмын түрээсийн баримтууд, ажилласан цагийн бүртгэл нь тухайн техникийн ажлын гүйцэтгэлийг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгчийн экскаватораас шалтгаалсан ажлын бүтээмжийн бууралтын хувь хэмжээг шууд тодорхойлох баримт болохгүй юм.

6.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээ цуцлах журмыг хэрэгжүүлээгүйгээс бусад этгээдээс 2 экскаватор түрээслэж 10,000,000 төгрөгийн тээврийн зардал гаргасныг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Дээрх үндэслэлээр нотлох баримтыг буруу дүгнэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, мөн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэх хариуцагчийн давж заалдах гомдол тус тус хангах үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 45,388,459 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс хохирол 10,000,000 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцжээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангитай холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг 236 дугаар зүйлийн 236.2 гэж техник шинжтэй алдаа гаргасныг залруулсан өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/01525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...236 дугаар зүйлийн 236.2... гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 174,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 693,784 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА