Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/01568

 

 

 

 

 

 

 

 

 

         2023       05        25  

 182/ШШ2023/01568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 2.1.8-д заасан “...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь...” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нар хариуцагч Г ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үнийн дүнгийн 1 хувийн шимтгэл гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Нэхэмжлэгч нар нь Гтай 2020.03.31-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 375,360,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч нарыг зээл авахад Г нь зээлдэгч нартай байгуулдаг стандарт гэрээг байгуулсан бөгөөд зээл авахын тулд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурцгаасан байдаг.

Нэхэмжлэгч нарын гарын үсэг зурсан дээрх гэрээний 2.1.8-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэсэн заалт байсан бөгөөд банк уг заалтыг үндэслэж нэхэмжлэгч нарт олгосон зээлээс үнийн дүнгийн 1 хувь болох 3,753,600 төгрөгийг буцаан авсан.

Банкнаас олгох зээл нь Иргэний хуулиас гадна эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны тухай нарийвчилсан хуулиар мөн зохицуулагддаг бөгөөд эдгээр хуулиудад зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг л төлөх үүрэгтэй байна. Харин зээлдэгч нь дээрх хуулиудад зааснаар банкны өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг төлөх үүрэггүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчээс хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг авах эрхийг хуулиар банкинд олгоогүй бөгөөд төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд зээлийн гэрээний шимтгэл 3,753,600 төгрөгийг зээлийн нэг хувийн шимтгэл хэмээн авсан нь хууль бус буюу уг заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус тул Гтай 2020.03.31-ний өдөр байгуулсан Орон сууцны Зээлийн гэрээний 2.1.8-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Гнаас 3,753,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Биднийг зээл авахад Г нь зээлдэгч нартай байгуулдаг стандарт гэрээг байгуулсан бөгөөд зээл авахын тулд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурцгаасан.

Банкнаас олгох зээл нь Иргэний хуулиас гадна эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны тухай нарийвчилсан хуулиар мөн зохицуулагддаг бөгөөд эдгээр хуулиадад зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг л төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч нь дээрх хуулиудад зааснаар банкны өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг төлөх үүрэггүй...

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчээс хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг авах эрхийг хуулиар банкинд олгоогүй бөгөөд төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус... гэж тодорхойлон тайлбарласан.

Зээлийн гэрээ байгуулах үед дагаж мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх...” гэж зааснаар зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд “бусад нөхцөл”-ийн тухайд Монголбанк хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулж өгсөн бөгөөд түүндээ хяналт тавьж ажилладаг. Банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй бөгөөд нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг.

Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул банкны зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй, ийм учир зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журамд заасан.

Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2008 оны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 9.1-т зээлийн шимтгэлд “зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар банк зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн талаар тусгасан нь тус журамд нийцсэн байна.

Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журамд тус тус зааснаар зээлийн шимтгэл тогтоох, түүнийг зээлдэгчээр төлүүлэх харилцаа нь хууль тогтоомжоор хориглоогүй тул зээлийн гэрээнд шимтгэл төлүүлэхээр харилцан тохирсон энэхүү нөхцөл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.16-ны өдөр 145,208 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2020.03.31-ний өдрийн .... тоот “Орон сууцны зээлийн гэрээ” /хх-ийн 4-5 х/,

-Эргэн төлөлтийн график /хх-ийн 6-7 х/,

-Ж.М-н Гны .... дугаартай дансны хуулга /хх-ийн 8 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 9 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,

-Нэхэмжлэгч нараас 2023.05.15-ны өдөр Ч.Бд олгосон итгэмжлэл /хх-ийн 42 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2023.03.27-ны өдрийн 14/0263 тоот М.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 13 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 14 х/,

-2021.08.04-ний өдрийн 733 тоот Гны гүйцэтгэх захирлын “Эрх олгох тухай” тушаал /хх-ийн 15 х/,

-2023.03.29-ний өдрийн 14/0268 тоот Т.Х, А.Тнарт олгосон итгэмжлэл /хх-ийн 19 х/,

-2019.11.04-ний өдрийн 469 тоот Гны гүйцэтгэх захирлын “Орон сууцны зээл”, “Дулаан зогсоолын”-ийн бүтээгдэхүүнүүдийн нөхцөл батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 32-35 х/,

-2020.10.02-ны өдрийн 361 тоот Гны гүйцэтгэх захирлын “Орон сууцны зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийн хүү батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 36-37 х/,

-2022.10.04-ний өдрийн 1209 тоот Гны гүйцэтгэх захирлын “Орон сууцны зээл”, “Дулаан зогсоолын зээл” бүтээгдэхүүнүүдийн нөхцөл шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 38-41 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2023.05.16-ны өдрийн 182/ШЗ2023/06206 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар Монгол банкнаас ирүүлсэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаал, түүний хавсралт буюу “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” /хх-ийн 54-79 х/,

-Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 дугаар тушаал, түүний хавсралт буюу “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” /хх-ийн 80-114 х/-г тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан  Зээлийн гэрээний 2.1.8-д заасан “...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь...” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

            2.Нэхэмжлэгч М нар нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан талуудын 2020.03.31-ний өдөр байгуулсан 00000000000 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.8-д заасан “Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 3,753,600 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасныг үндэслэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авсан гэж тайлбарласан.

 

4.Талуудын тайлбараар маргааны зүйл нь дээрх гэрээний  2 дугаар зүйлийн 2.1.8, 2.10-т заасан “Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь”, “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банкинд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн ... хэрвээ зээлийг зээлдэгчийн дансанд олгосон бол зээл олгосны дараа тухайн данснаас банк шимтгэлийг суутгаж болно” гэсэн нөхцөл байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын байгуулсан 2020.03.31-ний өдрийн .... тоот “Орон сууцны зээлийн гэрээ” /хх-ийн 4-5 х/, Ж.М-н Гны .... дугаартай дансны хуулга /хх-ийн 8 х/, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 9 х/, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 тоот, 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалуудын хавсралт болох “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” /хх-ийн 54-79 х/, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” /хх-ийн 80-114 х/ болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигчийн хооронд 2020.03.31-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар .... тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагджээ. Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан зээлийн нөхцөлийн дагуу талууд 375,360,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, зээл олгосон өдрөөс хойш эхний 6 жилийн хугацаанд тогтмол 12 хувь, 7 дахь жилээс эхлэн зээлийн жилийн хүү Монгол банкнаас тогтоосон бодлогын хүү + 4 хувийн хүүтэй, “Зээлийн хяналт, эрсдлийн менежментийн шимтгэлд 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь, графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.  

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно”, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан.

Энэхүү заалтаас үзэхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болохоор зохицуулсан бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020.03.31-ний өдөр .... тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-нийхээ агуулгыг тодорхойлсон байх тул зохигчийн хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан.

 

Хуульд заасны дагуу Г ХХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болох 375,360,000 төгрөгийг зээлдэгчийн .... тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч М нар нь гэрээний хавсралт №1-д заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүү төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурсан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасан. Хариуцагч нь 2020.03.31-ний өдөр зээлдэгч Ж.М-н Г дахь .... тоот дансанд 375,360,000 төгрөгийг “зээл олгов” гэх утгаар шилжүүлснээр зээл олгогдож, мөн өдрөө 3,753,600 төгрөгийг “зээлийн шимтгэл авав” гэсэн утгаар суутгажээ. 

 

Энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.М-н Г дахь .... тоот дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хяналт эрсдэлийн менежментийн төлбөрийг авах эрхийг хуулиар олгоогүй, зөвхөн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн төлбөрийг авахаар заасан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 56.5-д зааснаар 3,763,600 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажилпагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, жүрам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй байна.

 

Зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх...” гэж заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох эрхтэй байхаар зохицуулсан “бусад нөхцөл”-ийн тухайд Төв банк /Монгол банк/ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулж өгчээ.

 

Төв банк /Монгол банк/-ны Ерөнхийлөгч нь 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, 2013.12.13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”-ыг баталж, дээрх журамд 2015.05.12-ны өдрийн А-85 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2018.07.23-ны өдрин А/203 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”-ыг тус тус шинэчлэн баталжээ.

 

Тодруулбал Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.1-д Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гээд 9.1.1-ээс 9.1.8 хүртэл “Зээл үүсгэх харилцаа; Зээлийн өргөдөл; Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах; Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан; Зээлийн түүхийн судалгаа; Шуудан, холбоо; Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, Хугацаа сунгасны шимтгэл” орохоор заасан.

 

Монгол улсын үйл ажиллагаа явуулж байгаа банкууд үйл ажиллагаандаа хуулиас гадна дээрх журмуудыг дагаж мөрддөг байх ба эдгээр журмыг үндэслэн Гны гүйцэтгэх захирлын 2019.11.04-ний өдрийн 469 тоот “Орон сууцны зээл”, “Дулаан зогсоолын”-ын бүтээгдэхүүнүүдийн нөхцөл батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар “Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл орон сууцны зээл /ӨЭЗ-ийн бүх зээл”-ийн хугацаа, хүү, шимтгэлийг тогтоожээ.

 

Дээрх журам, тушаалуудаар зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосны дагуу хариуцагч нь 1 хувийн шимтгэл авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй тул нэхэмжлэгч нарын Г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.16-ны өдөр төлсөн 145,208  улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг бартимтлан Г ХХК-д холбогдох Зээлийн гэрээний 2.1.8-д заасан “...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь...” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.16-ны өдөр төлсөн 145,208 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Х.ДАШДЭЧМАА