Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0425

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* *******” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Г,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.П,

Маргааны төрөл: Нийгмийн даатгалын тайланг нөхөн бүртгэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М******* *******” ХХК-иас *******, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “М******* ******* ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оны дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг *******т, Татварын хэлтсүүдэд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэжээ. 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс *******т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Ц.Гын тасарсан цалингийн шимтгэлийг хуульд заасан ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож бүртгэхийг, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэхийг, 2014 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар дуустал хугацаанд тасарсан тайланг нөхөж бүртгэхийг тус тус даалгах” гэж өөрчилж, нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаанд “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг *******т даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. “М******* *******” ХХК-ийн захирал Ц.Гыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШТ/610 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Год холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Гыг П.Иг хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгожээ.

Уг тогтоолоор шүүгчдэгч Ц.Г 274 хоног цагдан хоригдсоныг дурдсан, ******* дүүргийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 5/309 тоот албан бичгээр эрүүгийн 20140691 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хоригдож байсныг тодорхойлжээ.

******* 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн архивын мэдээлэлд зааснаар 2014 оны 10 дугаар сараас хойш хугацаанд М******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/74 дүгээр албан бичгээр 2014 оноос хойш тасарсан нийгмийн даатгалын тайлангаа нөхөж өгөх шаардлагатай байх тул шийдвэрлэж өгөхийг хүсэж *******т, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/92 дугаар албан бичгээр Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт тус тус хандахад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/281 дүгээр албан бичгүүдээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж тайлагнах боломжтой гэх хариуг хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10039 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, дахин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын тайланг залруулах хүсэлт гаргахад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгээр 2010 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг захирал Ц.Гын гарын үсэг, байгууллагын тамгаар баталгаажуулан ирүүлснийг нийгмийн даатгалын байцаагч хянан баталгаажуулсан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн байна.

4. ******* хэргийн анхан шатны шүүхэд “М*******  *******” ХХК, Ц.Г нараас “Төрөөс гэм хорын хохиролд “М******* *******” ХХК нь 2,916,877,760 төгрөг, Ц.Г нь 166,661,677 төгрөг, нийт 3,083,539,437 төгрөг гаргуулах” тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02418 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 29,746,820 төгрөгийг гаргуулан Ц.Год олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 136,914,857 төгрөгийн шаардлага, мөн “М*******  *******” ХХК-ийн төрөөс гэм хорын хохиролд 2,916,877,760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01782 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “29,746,820” гэснийг “41,410,000” гэж, “136,914,857” гэснийг “125,251,677” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Харин Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00208 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Тус компани 2004 онд 1 гишүүнтэй байгуулагдсан аж ахуйн нэгж бөгөөд захирал Ц.Гыг 2010 оноос “иргэн Х.О, Б.Б, Ё.Э нарыг залилсан" гэж Эрүүгийн *******1 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.4-д заасан онц хүнд гэмт хэрэгт эрүүдэн шүүж, 2014 оноос 2 удаа 11 жилийн хорих ялаар яллан 3 сар хорих ангид ял эдлүүлж, нийт 274 хоног цагдан хорьсноос тус компанийн нийгмийн даатгалын бланс тасарч иргэн, аж ахуйн нэгж хохирсон. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг *******т даалгаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус үндэслэн шүүхийн зардал төлөхөөс чөлөөлж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Х.О нь эрүүгийн *******1 дугаартай хэрэгт намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.1-т заасан онц хүнд гэмт хэрэгт эрүүдэн шүүж, нийт 5 удаа яллах дүгнэлт үйлдэж, 2014 онд 11 жилийн хорих ялаар яллаж, 3 сар хилсээр ял эдлүүлэн нийт 274 хоног цагдан хорьж, эрүүгийн шүүх 14 удаа хуралдсан бөгөөд 2019 оны 11 сард тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Энэ нь “М******* *******” ХХК-ийн тайлан тасрах үндэслэл болсон. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос цагдаа прокурорт удаа дараа зөвлөмж, шаардлага хүргүүлж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн шаардлагад Ц.Гыг 2010 оноос эхлэн эрүүгийн хэрэгт холбогдуулан 10 жилийн хугацаанд 9 удаа шалгахдаа 274 хоног цагдан хорьж, хорих ангид 3 сар хилсээр ял эдлүүлэн эрүүл мэнд сэтгэл санаа, эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан. 

Аливаа этгээдийг хангалттай нотлох баримт байхгүй байхад яллагдагчаар татах, цагдан хорих, удаан хугацаагаар шалгах, залхаах, сэтгэл санааны дарамтад оруулах нь эрүү шүүлтийн нэг хэлбэрт хамаарна гэж Монгол Улсад нэгдэн орсон олон Улсын гэрээ конвенцод заачихсан байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 212 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 2г-д “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“”М******* *******” ХХК нь *******т 2006 оны 02 дугаар сараас эхлэн бүртгэлтэй бөгөөд 2014 оны 09 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д "Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд 4/ Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа" гэж, мөн Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2.г-д "хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж тус тус заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл даатгуулагчийн хууль бусаар ажлаас зайлуулагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх шаардлагатай. 

Манай хэлтсийн Хяналт шалгалтын байцаагч Н.Б албан бичгийн хариуг шийдвэрлэх явцад Ц.Гоос хилс хэргээр ял эдэлсэн шүүхийн шийдвэр гарсан эсэхийг лавлахад тийм шийдвэр гараагүй, шүүхийн шатанд хянагдаж байгаа гэсэн байна. 

Иймд Ц.Гыг хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөн тайлагнах боломжтой юм. 

Ц.Гыг хилс хэргээр хорих ял эдэлсэн тухай болон хугацааг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байх тул “М******* *******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөн тайлагнах боломжгүй болно.

Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэгт заасны дагуу 2010 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны тайланг тус хэлтэс цахимаар болон цаасаар баталгаажуулж архивын нэгжийн хадгаламж үүсгэн хадгалж байгаа тул энэ хугацааны тайланд засвар хийх үндэслэлгүй гэдэг хариу өгсөн. Хариуцагч байгууллага Нийгмийн даатгалын хууль болон бусад холбогдох журмаар баримталсан. 610 дугаар шийтгэх тогтоолд цагаатгагдсан гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон ийм үйл баримт байдаг.” гэв

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.  Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.“Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэв.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, аж ахуй нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:”, мөн хэсгийн 4/ “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа;”, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.г.“хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуй нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж тус тус заажээ.

******* хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02418 дугаар шийдвэрээр “... Ц.Гыг 2010 оны 06 дугаар сараас эхлэн эрүүгийн хэрэгт шалган, бусдын батлан даалтад өгөх, гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 2014 оноос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нийт 274 хоног цагдсан хоригдсон болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Ц.Г нь хууль бусаар цагдан хоригдсоны хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүссэн …” гэж тус тус “М******* *******” ХХК-ийн захирал Ц.Гыг 274 хоног хууль бусаар цагдан хоригдсон талаар дүгнэжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г нь хилс хэргээр хорих ял эдлээгүй боловч хууль бусаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг төрөөс олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.“Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар “М******* *******” ХХК-ийн захирал Ц.Г нь цагдан хоригдож байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй байсан гэх үндэслэлээр шүүхээс цагдан хоригдсон хоногийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж,  Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг *******т даалгаж шийдвэрлэв. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9.“Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:”, 41.1.7.”гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;”, 41.1.9.“хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;”-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т заасныг баримтлан “М******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, “М******* *******” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны тайланг хуульд нийцүүлэн залруулж бүртгэх, 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тасарсан тайланг нөхөж бүртгэхийг *******т даалгасугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН

         ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ

           ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ