Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0397

 

                    

 

 

МИ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай

 

                  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “МИ” ХХК, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О нар,

Хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “МИ” ХХК,

Хариуцагч СХД-ийн НДХ-, СХД-ийн ТХ-,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “МИ ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оныг дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг СХД-ийн НДХ-т, ТХ-т тус тус даалгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 305 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0027/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МИ ХХК-иас СХД-ийн НДХ, СХД-ийн ТХ-т тус тус холбогдуулан МИ ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оныг дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг СХД-ийн НДХ-т, ТХ-т тус тус даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 305 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасныг тус тус баримтлан “МИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “МИ” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайланг нөхөн бүртгэхийг СХД-ийн НДХ-т, 2014 оны III, IV улирал, 2015 оны I, II улирлын татварын зөвтгөсөн тайланг нөхөн бүртгэхийг СХД-ийн ТХ-т тус тус даалгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... захирал Ц.Г-ын эрх, эрх чөлөөг хязгаарлаж, 2014.10.23-нд яллан 2015.08.20-ны өдөр хүртэл нийт 274 хоног хилсээр ял эдлүүлсэнээс тус компаний тайлан, блансс тасарч хохирсон.

3.2. ... шүүх зөвхөн Ц.Г-ын хилс ял эдлэсэн 2014.10.23-2015.8.20-н хүртэл хугацааны тайлан, блансс нөхөж бүртгэхийг Татварын хэтэс, Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан нь тус компаний 2015 оны 9 сараас 2022 оны 4 сарыг дуусталх хугацаанд тасарсан тайлан бланссууд нөхөж бүртгүүлэх эрх зөрчигдсөн.

3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөө, ...бусад баталгаа, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж зааснаар тус компаний 2014 оны 10 сараас 2022 оны 04 сар дуусталх хугацааны тасарсан тайлан, бланссыг төр хариуцах үүрэгтэй.

Иймд шүүхийн 2022.4.20-ны өдрийн 0305 шийдвэрийн 1-т: 2015 оны 9 сараас 2022 оны 4 сар дуустал хугацаанд тасарсан тайлан бланссыг нөхөж бүртгэхийг Татвар, Нийгмийн даатгалд даалгах өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “ ... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан нь тухайн тайлант жилийн өмнөх жилийн тайланг хүсэлт өгөн засварлах боломжтой гэсэн үг юм. Харин Ц.Г нь 2014 оны 10 дугаар сараас цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдож байх үедээ 2014 оны 1-4 улирлын тайлан, 2015 оны 1, 2 дугаар улирлын тайланг илгээсэн байдаг нь “Татварын удирдлагын нэгдсэн систем”-д бүртгэгдсэн байдаг.

4.2. Харин Ц.Г нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс батлан даалтаар гарсан бөгөөд 2015 оны 3-р улирлаас эхлэн тайлангаа тасралтгүй өгөх боломжтой байсан. Татварын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр суллагдсанаас хойш тухайн жилдээ багтаан хүсэлтээ илгээн 2014 оны тайлангаа засварлах бүрэн боломжтой байсан боловч өөрийн хариуцлагагүй байдлын улмаас тайлангаа засварлаагүй.

4.3. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын хавсралтын “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.13-т “Татварын нэгдсэн мэдээллийн систем нь хуулиар тогтоосон татварын тайлан тушаах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нээлттэй байна” гэж заасан байдаг бөгөөд 2014 оны 3, 4, 2015 оны 1, 2-р улирлын тайланг засварлан нөхөж авах боломжгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 305 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хэсэгт заагдсан “...Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж зааснаар “МИ” ХХК-ийн 2014 оны 3, 4, 2015 оны 1, 2-р улирлын засварласан тайланг хүлээн авч, засвар оруулж бүртгэхийг СХД-ийн ТХ- тус тус даалгаж шийдвэрлэв”, тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заагдсан “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1 ...  2014 оны 3, 4-р улирал, 2015 оны 1, 2-р улирлын татварын зөвтгөсөн тайланг нөхөн бүртгэхийг СХД-ийн ТХ-т ... даалгаж...” гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч МИ ХХК-иас СХД-ийн НДХ, СХД-ийн ТХ-т тус тус холбогдуулан “ “МИ ХХК-ийн 2014 оны 10 сараас 2022 оныг дуустал тасарсан тайлан, блансыг нөхөж бүртгэхийг СХД-ийн НДХ-т, ТХ-т тус тус даалгуулах”-аар маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ... тус компани 2004 ... байгуулагдсан ... захирал Ц.Г-ыг 2010 оноос ... Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт ... эрүүдэн шүүж, 2014 оноос 2 удаа 11 жилийн хорих ялаар яллан ... нийт 274 хоног цагдан хорьсноос тус компанийн Нийгмийн даатгал, Татварын тайлан бланс тасарч иргэн, аж ахуйн нэгж хохирсон … Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 02ы өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх үйлдэл холбогдлуудыг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан … харьяа нийгмийн даатгал, татварын хэлтсүүд ... тоот албан бичгүүдийг ирүүлж ... үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна ... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т ... Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна ... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т ... Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан ... эрхийг сэргээсэн тохиолдолд ... төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэж тайлан балансыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасныг үндэслэн тус компанийн 2014 оны 10 сараас тасарсан тайлан, бланс нөхөж бүртгэхийг СХД-ийн НД-, ТХ-д даалгаж өгнө үү ... гэж тайлбарлажээ.

        2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “МИ ХХК-аас анх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Нийслэлийн СХД-ийн ТХ-т “ ... 2010 оноос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан үндэслэлээр ... нийт 274 хоног хорих ял эдлүүлж, “МИ ХХК-ийн татварын тайлан баланс таслуулсан ... гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан ... иймд тус компанийн 2014 оноос тасарсан тайлан бланссыг нөхөж өгнө үү ... ” гэх албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч СХД-ийн ТХ-ээс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/6168 дугаар албан бичиг болон Нийслэлийн Татварын газрын  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/980 дугаар албан бичгээр ... 2020 он болон 2021 оны татварын тайланг залруулж болно ... 2014 оноос тасарсан татварын тайлангаа нөхөж өгөх боломжгүй ... ” гэх,  СХД-ийн НД-ын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар албан бичиг болон Нийгмийн даатгалын газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/281 дүгээр албан бичгээр... шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнах боломжтой …” гэх тус тус хариуг нэхэмжлэгч МИ ХХК-д хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

2.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

2.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.

2.5. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

2.6. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий СХД-ийн НД-ын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1160 дугаар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/6168 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулахаар хариуцагчид хандаж байсан эсэх, хариуцагч гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан эсхүл шийдвэрлэхгүй эс үйлдэхгүй гаргасан эсэх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн аль дэд хэсэгт хамаарах шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актуудыг хүчингүй болгоогүй нь хууль бус эсэх, хүчингүй болгохыг даалгах нөхцөл бүрдсэн эсэх буюу эс үйлдэхүй, татгалзал ямар хуульд нийцэхгүй байгаа талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шарадлага түүний үндэслэлийг эргэлзээгүйгээр тодорхойлсон байх шаардлагатай, хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн маргаж буй хүрээнд маргаж мэтгэлцэх боломжтой, шүүх ч тэрхүү нэхэмжлэгчийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаж, нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хийх хууль зүйн боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайланг нөхөн бүртгэхийг СХД-ийн НДХ-т, 2014 оны III, IY улирал, 2015 оны I, II дугаар улирлын татварын зөвтгөсөн тайланг нөхөн бүртгэхийг СХД-ийн ТХ-т тус тус даалгаж шийдвэрлэсэн нь буруу юм.

2.8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1095 дугаар албан бичигт “... 2008 оны 08 дугаар сард П.И-д Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол ... би компаниараа зээлийн гэрээ байгуулж, зээлийг бүтээж өгнө ... чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих ... гэж итгүүлэн “МИ ХХК-ийн нэр дээр П.И-  ... нарын дээр байсан 2 өрөө орон сууцыг барьцаалан ... 20 сая төгрөгийг ...би төлж барагдуулна гэж залилан авч ... нийт 28736000 төгрөгийн хохирол учруулсан ... Прокуророос танд ял сонсгож зүйлчилж ирүүлснийг 2015 огы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Г нь хохирогч П.И-г хуурч 20 сая төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... энэ хэргийг ... хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ... ” гэжээ.

2.9. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШТ/610 дугаар шийтгэх тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор “ ... шүүгдэгч Ц.Г нь 2008 оны 08 дугаар сард П.И-дКапитал банкнаас зээл авахад туслана гэж хуурч ... П.И ... нарын нэр дээр байсан  2 орон сууцыг барьцаалан ... 20 сая төгрөгийг би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна гэж авсан ... үйлдэл нь бодит байдлыг нуун дарагдуулан ... залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийж, ... 2 дах заалтаар ... Ц.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.Оюучимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар хэрэгсэхгүй болгож, 3 дах заалтаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ц.Г-од холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Г-ыг П.И-г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар Ц.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, 5 дахь заалтаар ... Ц.Г- нь 274 хоног ... хоригдсон, ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Ц.Г-оос  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20000000 төгрөгийг гаргуулж хохирогч П.И-д олгохыг дурьдаж ... ”  гэж тус тус шийдвэрлэжээ.

2.10. Анхан шатны шүүхээс “ ... хэдийгээр цагдан хоригдсон гэсэн нөхцөл Татварын ерөнхий хуульд хүндэтгэн үзэх шалтгаанд зааж өгөөгүй хэдий ч татварын тайлангаа өгөх бодит боломж байхгүй байсан нь баримтаар нотлогдож байна ... “МИ” ХХК-ийн захирал Ц.Г нь хилс хэргээр хорих ял эдлээгүй боловч  цагдан хоригдож байх хугацаандаа нийгмийн даатгалын тайлан болон татварын тайланг тайлагнах боломжгүй байсан учраас шүүхээс цагдан хоригдсон 274 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан авч үзлээ ...” гэж дүгнэж, “МИ ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлсөн тайланг хүлээн авч бүртгэхийг СХД-ийн НДХ-т ... 2014 оны 3, 4, 2015 оны 1, 2 дугаар улирлын засварласан тайланг хүлээн авч, засвар оруулж бүртгэхийг СХД-ийн ТХ-т тус тус даалгаж ... бусад хугацааны тайланг нөхөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.11. Нэхэмжлэгч “МИ ХХК-ийн захирал Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд “ ... П.И-гийн гомдолтой холбоотой хэргийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 сар хүртэлх миний хоригдсон хугацаанаас хойш шалгасан бөгөөд энэ нэхэмжлэлд огт хамааралгүй ... би Х.О, Б.Б, Ё.Э-нарт холбогдох хэргийг шалгах явцад цагдан хоригдсон, П.И-той холбоотой хэрэгт цагдан хоригдож байгаагүй ... тухай хэрэгтэй холбогдуулан гомдол гаргасан тул Хүний эрхийн үндэсний комисоос Улсын ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлж тус хэргийг дахин шалгуулж байгаа ... төрийн буруутай үйл ажиллагаанаас болж эрүүдэн шүүгдэж, цагдан хоригдсон ... тайлан бланс гаргаж өгөх боломж байгаагүй ... ” гэж тайлбарлан маргаж байна.

2.12. Анхан шатны шүүхээс Ц.Г-од холбогдох 21040691 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШТ/610 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, мөн Ц.Г-ыг эрүүдэн шүүж, хилсээр ял эдлүүлсэн талаар хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан эсэхийг нэг мөр эргэлзээгүйгээр тодруулж холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

2.13. Түүнчлэн Ц.Г нь “ ... би Х.О, Б.Б, Ё.Э-нарт холбогдох хэргийг шалгах явцад цагдан хоригдсон, П.И-той холбоотой хэрэгт цагдан хоригдож байгаагүй ... ” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж маргасан, мөн түүнд холбогдуулан эрүүгийн хэдэн төрлийн, ямар гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хэрэг үүсгэж шалгасан нь тодорхойгүй байх тул хохирогч Х.О, Б.Б, Ё.Э-, П.И- нарын гомдлоор тус тусад нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хэрэг үүсгэж шалгасан эсэх, эрүүгийн хэргүүдийг нэмж нэгтгэсэн эсэх, Ц.Г-ыг аль гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьсон эсэхийг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

2.14. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, аж ахуй нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: Үүнд 4/ хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа” гэж, мөн Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.г-д “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуй нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

2.15. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгч “МИ ХХК-ийн захирал Ц.Г нь хилс хэргээр хорих ял эдэлсэн эсэх, хууль бусаар мөрдөгдсөн эсэх, түүнд хууль хяналтын байгууллага, албан тушаалтан эрүү шүүлт тулгасантай холбоотой эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан эсэх талаар бүрэн дүүрэн тодруулж, холбогдох баримтуудыг хэрэгт бүрдүүлсний үндсэн дээр дээрх хуулийн зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх буюу нийгмийн даатгалын болон татварын тайлан балансыг нөхөж бүртгэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг тогтоож, нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

2.16. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Ц.Г нь 2014 оны 10 сараас цагдан хоригдсон бөгөөд хоригдож байх хугацаандаа буюу 2014 оны 1-4 дүгээр улирлын тайлан, 2015 оны 1-2 тайланг илгээсэн байдаг ... 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс батлан даалтанд гарсан ... 2015 оны 3 дугаар  улирлаас эхлэн тайлангаа тасралтгүй өгөх боломжтой байсан ...” гэх гомдол, тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан “МИ” ХХК 2014 оны 1-4 дүгээр улирлын тайлан 2015 оны 1-2 улирлын тайланг илгээсэн эсэх, “МИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс батлан даалтад гарсан гэх тайлбар үндэслэлтэй эсэх, түүнээс хойш тухайн оны 3 дугаар улирлын тайланг тасралтгүй өгөх боломжтой байсан гэх хариуцагчийн тайлбартай холбоотой баримт нотолгоог хэрэгт цуглуулж, эдгээр тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх  шаардлагатай.

2.17. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар СХД-ийн НДХ-, СХД-ийн ТХ-ийг тус тус тодорхойлсон байх бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ эдгээр байгууллагуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбогдуулан маргааны үйл баримтад хамаарах тухайн салбар эрх зүйн харилцааг нарийвчилсан зохицуулсан хууль, эрх зүйн үндэслэлийг анхаарч эдгээрт хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж буй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэйг жич тэмдэглэв. 

2.18. Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эдгээр алдааг засаж залруулан хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ