Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/02508

 

 

 

 

 

 

 

 

 

  2023     09         07                                           182/ШШ2023/02508

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Оюун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Р ХХК нь М ХХК-тай 2022.02.14-ний өдөр ХА-22/07 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, хариуцагчийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаадлагатай 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг бэлдэж, 2022.04.01-ний өдрөөс 08.01-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх байсан хэдий ч талууд гэрээнд зааснаар ажиллаагүй.

Гэрээний хугацаанд нийлүүлэх 1 м.куб дайрга нь 41,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд, худалдан авагч нь уг дайрганы үнээс шатахууны зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөрийг манайд төлөх үүрэгтэй байсан.

 Талуудын хувьд 2022.06.15-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч М ХХК нь 146,905,708.99 төгрөгийг Р ХХК-д төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлсэнээс хойш удаа дараа төлбөрийг төлөхийг хүссэн боловч худалдан авагч тал төлбөрийг шилжүүлээгүй...

Иймд М ХХК-иас дайрга нийлүүлсэн төлбөр 146,905,708 төгрөг, алданги 73,452,854 төгрөг, нийт 220,358,562 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай М ХХК нь Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай 2022.03.09-ний өдөр байгуулсан “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээний дагуу Зүүнбаян-Ханги чиглэлд 226,9 км урттай төмөр замыг 2022 онд барьж гүйцэтгэсэн. Уг замыг барьж гүйцэтгэхэд дотоодын олон компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний нэг нь Р ХХК юм.

Р ХХК-тай 2022.02.14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Р ХХК нь 2022.04. 01-ний өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг трассын дагуух нөөц тогтоосон цэгт бэлдэж нийлүүлэх, манай компани уг ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

Мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай түлшийг Н ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээний дагуу Р ХХК-ийн авсан түлшний үнийг манай компаниас төлөхөөр зохицуулсан байсан. Гэрээний дагуу Р ХХК нь 2022.06.03-ны өдөр 21,979.59 м.куб, 2022.06.13-ны өдөр 5,238.54 м.куб хэмжээтэй дайргыг нийлүүлсэн боловч төслийн талбайгаас 50 тонн түлшийг бусдад борлуулах зорилгоор хууль бусаар авч явсан болох нь тогтоогдсон тул уг асуудлыг шалгуулахаар манай компаниас цагдаагийн байгууллагад хандаж, гэрээг цуцалсан.

Уг асуудал нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн Р ХХК нь гэрээний 3.6 дахь заалтад заасан дайрга олборлох боломжтой цэгт хайгуул хийсэн, нөөц тогтоосон, шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан баримтуудыг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэн өгөөгүйгээс манай компанийн барьж гүйцэтгэсэн төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх, бичиг баримтыг Үндэсний архивын газарт хүлээлгэж өгөх ажлууд хойшлогдоод байна.

Гүйцэтгэгч Р ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг өөрийн талбайгаас ачиж өгөх үүргийг хийж гүйцэтгээгүйн улмаас балласт дэвсэлтийн компани өөрийн зардлаар дээрх ажлыг гүйцэтгэсэн асуудлыг шийдвэрлээгүй орхисон.

Олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй зэрэг шалтгааны улмаас Р ХХК-ийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг Р ХХК нь хэзээ, хэрхэн гүйцэтгэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Мөн Р ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас төлбөрийг төлөөгүй тул нэхэмжпэлийн шаардлагад дурьдсан алданги болох 73,452,854 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд манайх худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 146,905,708 төгрөгийг төлнө. Алданги 73,452,854 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.13-ны өдөр 1,260,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-2023.03.13-ны өдрийн 09 тоот Э.Эд олгосон итгэмжлэл /хх-ийн 3-4/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-Р ХХК-ийн дүрэм /хх-ийн 6-7 х/,

-2022.06.15-ны өдрийн Р ХХК-ийн тооцоо /хх-ийн 8 х/,

-2022.02.14-ний өдрийн ХА-22/07 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 9-11 х/,

 

3.1.Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан 2023.04.24-ний өдрийн 205 тоот С.Бд олгосон итгэмжлэл /хх-ийн 14 х/,

-2022.01.24-ний өдрийн ХА-2022/А/05 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гурван талт гэрээ”, түүний хавсралт /хх-ийн 48-51х/,

-2022.03.31-ний өдрийн 2022/А/05-1 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2022/а/05 дугаартай гурвалсан гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт” /хх-ийн 52 х/,

 

3.2.Шүүхийн журмаар 2023.06.13-ны өдрийн 182/ШЗ2023/07621 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу ааа@ссссс.mn цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт /хх-ийн 63-67 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 146,905,708 төгрөг, алданги 73,452,854 төгрөг, нийт 220,358,562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Р ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М ХХК-тай 2022.02.14-ний өдөр ХА-22/07 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, 2022.04.01-ний өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдан авагчийн хэрэгжүүлж байгаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаадлагатай 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг бэлдэж, нийлүүлэх, 1 м.куб дайргын үнийг 41,000 төгрөг байхаар тохиролцсон.

Нэхэмжлэгчийн хувьд 2022.06.03-наас 2022.06.13-ны хооронд нийт 27,218.13 м.куб 1,115,943,371 төгрөгийн үнэ бүхий дайргыг нийлүүлж, талууд 2022.06.15-ны өдөр үлдэгдэл төлбөр 146,905,708.99 төгрөг болж байгааг тооцоо нийлж баталгаажуулсан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас алдангийг уг үнийн дүнгийн 50 хувиар тооцсон гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч М ХХК-д Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, зөвшөөрөлтэйг нотлох баримт бичиг бүхий төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг нийлүүлэх, худалдан авагч нь худалдагч талд дайрганы үнийг төлөх нөхцөл болон эдгээр үйл ажиллагаатай холбогдох бусад харилцааг зохицуулахаар 2022.02.14-ний өдөр ХА-22/07 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. /хх-ийн 9-10, 11х/

Нэхэмжлэгч Р ХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2022.04.01-ний өдрөөс 2022.08.01-ний өдрийг хүртэл хугацаанд 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг трассын дагуу нөөц тогтоосон цэгт бэлдэж, гэрээний 1 дүгээр хавсралтад зааснаар нийлүүлэх үүргийг хүлээсэн бол хариуцагч М ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар тухайн балластыг хэмжсэн дүнгээр үндэслэн ажлын гурваас доошгүй хоногийн дотор үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2022.02.14-ний өдөр ХА-22/07 дугаартай гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Зохигчийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар худалдан авсан зүйлийн үнийг төлөх нь худалдан авагчийн үндсэн үүрэг юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “... төмөр замын балластын давхаргад зориулсан дайрга 1 м.куб нь 41,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч Р ХХК нь гэрээний нэгдүгээр хавсралтад заасны дагуу 2022.04.15-нд 10,000 м.куб, 2022.05.01-нд 20,000 м.куб, 2022.06.01-нд 40,000 м.куб, 2022.07.01-нд 40,000 м.куб, 2022.08.01-нд 40,000 м.куб дайргыг нийлүүлэх үүрэгтэй байсан боловч 2022.06.03-нд 21,979.59 м.куб буюу 901,163,313 төгрөгийн, 2022.06.13-нд 5.238.54 м.куб буюу 214,780,058 төгрөгийн нийт 27,218.13 м.куб 1,115,943,371 төгрөгийн үнэ бүхий дайргыг тус тус нийлүүлжээ.

 

Зохигч 2022.06.15-ны өдөр тооцоо нийлсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 27,218.13 м.куб дайрганы үнэ болох 1,115,943,371 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн алданги 75,604,832.01 /2022.04.15-нд нийлүүлэх байсан 10,000 м.куб дайрганы алдангид 43,050,000 төгрөг, 2022.05.01-нд нийлүүлэх байсан 20,000 м.куб дайрганы алдангид 32,554,832.01/ төгрөг, шатахууны зардал 165,572,830 төгрөг, урьдчилгаа 526,718,400 төгрөг, тэсэлгээний зардал 201,141,600 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл 146,905,708.99 төгрөг болж байгааг баталгаажуулсан талаар хэн аль нь маргаагүй. /хх-ийн 8 х/

 

Хариуцагч нь үндсэн төлбөр 146,905,708 төгрөгийн хувьд маргаагүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд төслийн талбайгаас 50 тонн түлшийг бусдад зарж борлуулахаар хууль бусаар авч явсан учраас гэрээ цуцлагдсан, мөн дайрга олборлосон талбайд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх, бичиг баримтыг Үндэсний архивын газарт хүлээлгэж өгөх ажлууд хойшлосон буруутай тул алданги 73,452,854 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан тул шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь дээрх хуульд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг дайрга олборлосон талбайд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас төмөр замыг улсын комисст хүлээлгэн өгөх, бичиг баримтыг Үндэсний архивын газарт хүлээлгэж өгөх ажлууд хойшлосон, 50 тонн түлшийг нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд бусдад зарж борлуулахаар тээвэрлэх явцдаа баригдсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасан.

 

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүсдэг. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэгээрээ онцлогтой.

 

Хариуцагч нь 2022.59.11-ний өдөр 179 тоот Р ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ CR ТАНАА Мэдэгдэл хүргүүлэх тухай “Танай компанитай 2022.02.14-ний өдөр байгуулсан ХА-22/07 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.5 дахь заалтад заасны дагуу манай компаниас гэрээний урьдчилгаа төлбөр болох 615,000,000 төгрөгийг 2022.03.14-ний өдөр төлсөн боловч танай компани гэрээний 2.1 дахь заалт болон гэрээний нэгдүгээр хавсралтад заасан “Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хуваарь”-ийн 1 дүгээрт зааснаар 2022.04.15-ны өдөр 10,000 м.куб, 2022.05. 01-ний өдөр 20,000 м.куб төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг нийлүүлэх хуваарийг өнөөдрийг хүртэл зөрчиж байна.

Гэрээний 5.2 дахь заалтад алданги төлөхөөр заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд алданги тооцож байгааг анхаарч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлнэ үү.

Гэрээний хавсралтад зааснаар дараагийн дайрга нийлүүлэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгаа бөгөөд цаашид дахин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөн тохиолдолд худалдан авагчаас гэрээг дангаар цуцалж, гэрээ цуцалснаас үүссэн хохирол, шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэх болохыг мэдэгдэе” гэсэн албан бичгийг 2022.05.11-ний өдөр,

Мөн 2022.09.12-ны өдөр 438 дугаартай Р ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд танай компанитай байгуулсан ХА-22/07 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад тусгагдсан худалдагч төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг өөрийн талбайгаас ачиж өгөх үүргийг хийж гүйцэтгээгүйн улмаас балласт дэвсэлтийн компани өөрийн зардлаар гүйцэтгэсэн асуудлыг шийдвэрлээгүй. Мөн танай компани олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй зэрэг шалтгаанаар тооцоо нийлсэн актын дагуу төлбөр гүйцэтгэх боломжгүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичгийг 2022.09.12-ны өдөр тус тус нэхэмжлэгч байгууллагын ааааааа.vc цахим шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн 2023.06.20-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Энэхүү албан бичгүүдийн агуулгаас үзэхэд талууд 2022.06.15-ны өдөр тооцоо нийлснээс хойш гэрээг албан ёсоор цуцалсан гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал буюу нэхэмжлэгч тогтоох, энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдахаар зохицуулсан бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байгаа нь хариуцагчийн алданги төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

Зохигчийн 2022.02.14-ний өдөр байгуулсан ХА-22/07 дугаартай “худалдах, худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “худалдан авагч нь төмөр замын балластын давхаргад зориулсан дайрганы үнийг гэрээний 4.4.-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон худалдагчид алданги төлнө” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги 73,452,854 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 146,905,708 төгрөгөөс 0,3 хувиар тооцоход 1 өдрийн алданги нь 440,717 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 9 сар буюу 270 хоногоор тооцоход 118,993,590 төгрөг болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 146,905,708 төгрөгийн 50 хувиар тооцоход 73,452,854 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн шаардсан 73,452,854 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иймээс хариуцагч М ХХК-иас 220,358,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.13-ны өдөр 1,260,000 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тус тус заасны дагуу хариуцагч М ХХК-иас 1,259,743 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,260,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч М ХХК-иас 1,259,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,260,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА