Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01930

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01930

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухайд

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/02508 дугаар шийдвэртэй,

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Р” ХХК нь “М” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хариуцагчийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаадлагатай 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг бэлдэж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх байсан хэдий ч талууд гэрээнд зааснаар ажиллаагүй.

Гэрээний хугацаанд нийлүүлэх 1 м.куб дайрга нь 41,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд худалдан авагч нь уг дайрганы үнээс шатахууны зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөрийг манайд төлөх үүрэгтэй байсан.

1.2. Талууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч “М” ХХК нь 146,905,708 төгрөгийг “Р” ХХК-д төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлснээс хойш удаа дараа төлбөрийг төлөхийг хүссэн боловч худалдан авагч тал төлбөрийг шилжүүлээгүй.

Иймд “М” ХХК-аас дайрга нийлүүлсэн төлбөр 146,905,708 төгрөг, алданги 73,452,854 төгрөг, нийт 220,358,562 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “М” ХХК нь Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний дагуу Зүүнбаян-Ханги чиглэлд 226,9 км урттай төмөр замыг 2022 онд барьж гүйцэтгэсэн. Уг замыг барьж гүйцэтгэхэд дотоодын олон компанитай хамтран ажилласан бөгөөд тэдний нэг нь “Р” ХХК юм.

2.2. “Р” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Р” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг трассын дагуух нөөц тогтоосон цэгт бэлдэж, нийлүүлэх, манай компани уг ажлын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.  

2.3. Мөн  “НИК” ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээний дагуу “Р” ХХК-ийн авсан ажил гүйцэтгэхэд шаардлагатай түлшний үнийг манай компаниас төлөхөөр зохицуулсан байсан.

Гэрээний дагуу “Р” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21,979.59 м.куб, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5,238.54 м.куб хэмжээтэй дайргыг нийлүүлсэн боловч төслийн талбайгаас 50 тонн түлшийг бусдад борлуулах зорилгоор хууль бусаар авч явсан. 

2.4. “Р” ХХК нь  дайрга олборлох боломжтой цэгт хайгуул хийсэн, нөөц тогтоосон, шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан баримтуудыг өнөөдрийг хүртэл манайд хүлээлгэн өгөөгүй,  төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг өөрийн талбайгаас ачиж өгөх үүргийг хийж гүйцэтгээгүйн улмаас балласт дэвсэлтийн компани өөрийн зардлаар дээрх ажлыг гүйцэтгэсэн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг  хийж орон нутагт хүлээлгэн өгөөгүй.  “Р” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлд дурьдсан алданги болох 73,452,854 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 146,905,708 төгрөгийг төлнө.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “М” ХХК-иас 1,259,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,260,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. “Р” ХХК нь “М” ХХК-ийн удирлагуудад тэсэлгээ хийх эрхтэй гэж худал хэлж, хууран мэхэлж гэрээг байгуулсан, “М” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж урьдчилгаа төлбөр 615,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад “Р” ХХК нь гэрээнд заасан хуваариа зөрчиж дайргаа нийлүүлэхгүй удааширсан, дайргаа өөрийн талбайгаас ачиж өгөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл олборолт хийсэн газрын нөхөн сэргээлтийнхээ ажлыг орон нутагт хүлээлгэн өгөөгүй.

“Р” ХХК ажил гүйцэтгэх явцдаа төслийн талбайгаас 50 тонн түлшийг бусдад борлуулах зорилгоор хууль бусаар авч явсан зэрэг зөрчлүүдийг гаргасан тул “М” ХХК хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, гэрээг цуцалсан.

4.2 . Хэдийгээр талууд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний талаар маргаагүй ч нэхэмжлэгч “Р” ХХК нь анхнаасаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулах зорилгоо хэрэгжүүлэх үүднээс тэсэлгээ хийх эрхтэй гэж хууран мэхэлж гэрээг байгуулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үед манай охин компани эрхтэй байсан гэх тайлбараар нотлогддог. Гэтэл шүүх хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болон түүнтэй холбоотой нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч тайлбараа нотлоогүй гэж  тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үлдэгдэл төлбөр 146,906,708 төгрөгтэй холбоотой асуудлаар маргаагүй.

Гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэл гаргах өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир алдангийг нэхэмжилсэн.

Бидний зүгээс 73,452,854 төгрөгийг суутгуулж, авсан шатахууны төлбөрийг төлсөн. Хэрэгт “Р” ХХК шатахуун хулгайлсан талаарх баримт байдаггүй.

Талууд нөхөн сэргээлтийн ажил хийсэн, хийгээгүй гэх асуудалд маргаагүй, гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн асуудлаар маргасан. Гэрчээр асуулгах, үзлэг хийлгэх нь нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, балластын давхаргыг хэн хийсэн гэдгийг нотолно гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эрх ашиг нь хөндөгдсөн бол бид нараас хохирлоо шаардах эрх нь нээлттэй.

Хариуцагч 146,906,708 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбарладаг атлаа давж заалдах гомдлоо нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тусгасан нь зөрүүтэй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 220,358,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үүрэгт 146,905,708 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Р” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “Р” ХХК 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай 150,000 м.куб хэмжээтэй төмөр замын балластын давхаргад зориулсан дайргыг бэлдэж, нийлүүлэх, “М” ХХК 1 м.куб дайргын үнийг 41,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Тэдгээрийн хооронд 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Талууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдлсэн байх бөгөөд “Р” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21,979.59 м.куб, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5,238.54 м.куб дайрга нийлүүлсэн,  “М” ХХК нь дайрганы үнэ 1,115,943,371 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн алдангид 75,604,832 төгрөг, шатахууны зардал 165,572,830 төгрөг, урьдчилгаа 526,718,400 төгрөг, тэсэлгээний зардал 201,141,600 төгрөгийг тус тус хасаж 146,905,709 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Иймд хариуцагч “М” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үнэд 146,905,709 төгрөгийг нэхэмжлэгч “Р” ХХК-д төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Гэрээний 5.2 дахь хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтод нийцсэн боловч тооцоо нийлсэн актад алдангийн талаар тусгаагүй тул талуудын тохиролцсон алдангийн үүрэг тооцоо нийлснээр дуусгавар болсон гэж дүгнэнэ.  

Харин анхан шатны шүүх дээрх тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан төлбөрийн тохиролцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд  нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас алдангид 73,452,854 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

6. Анхан шатны шүүхэд хариуцагч тал гэрээний үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байсан бөгөөд давж заалдах гомдол нь уг тайлбараасаа татгалзах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 04 дүгээр зүйлийн 24-ний өдөр гардуулан өгсөн, хариуцагч хуульд заасан 14 хоногийн хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй, тайлбараа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэж огноолсон атлаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/06282 дугаар захирамж гарсны дараа шүүхэд ирүүлсэн. Түүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2023 оны 05 дугаар сарын 30, 2023 оны 06 дугаар сарын 08, 2023 оны 06 дугаар сарын 13, 2023 оны 06 дугаар сарын 20, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талаас гаргасан хүсэлтээр нийт 5 удаа хойшлуулжээ. Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сар гаруй хугацаанд явуулсан байхад хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/02508 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 220,358,562 ...” гэснийг “...146,905,709 ...” гэж, “... олгосугай.” гэснийг “... олгож, нэхэмжлэлээс 73,452,853 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “... 1,259,743 ...” гэснийг “... 892,479 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,259,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

     ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА