Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02761

 

 

 

 

 

 

 

 

 

  2023      10         03                                           182/ШШ2023/02761

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Б ХХК-иас цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,

Хариуцагч нарын төлөөлөгч Д.Б,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Амарбаяр,

Гэрч У.Б, М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Д ХХК, Ж ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай байгууллагын салбар буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрлэлийн хашаа руу цахилгааны шугам татуулахаар Д ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, “Багануур-Зүүн, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас цахилгаан эрчим хүчээр хангуулах техникийн нөхцөл гаргуулан, цахилгааны шугам татан, КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбуулахаар хоёр байгууллага хамтран ажилласан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт дуусгахаар гэрээнд заасан боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчиж, тус гэрээний  10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу гэрээт ажлыг комисс томилон акт үйлдэж хүлээлгэн өгөх үүргээ одоо болтол хэрэгжүүлээгүй.

Манай байгууллага гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж, цахилгаан татуулах ажлаа гүйцэтгүүлэхийн тулд Д ХХК-д, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бод, мөн Д.Бын шаардсаны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл авахад шаардлагатай зардал гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг Д ХХК-ийн дансанд, цахилгаан татах “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ба техникийн нөхцөл гарснаар ажлын урьдчилгаа шилжүүлэхээр гэрээнд тусгагдсаны дагуу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мт гарын үсэг зурж баталгаажуулагдсан Техникийн нөхцлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, урьдчилгаа 59,000,000 төгрөгийг Д ХХК-ийн дансанд, ажил гүйцэтгэх явцын санхүүжилт болох 35,400,000 төгрөгийг гэрээнд тусгагдсаны дагуу 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Д ХХК-ийн дансанд, Цахилгааны техникийн комисс ажиллах гэхэд ажил гүйцэтгэгч Д.Б нь очоогүй бөгөөд түүнтэй утсаар холбогдон лавлахад: тэрээр “....та нар үлдэгдэл төлбөрөө төл, дээр нь би нэмж 12,000,000 төгрөг зарцуулсан тэрийг өгөхгүй бол танай цахилгааныг холбуулахгүй” гэж шантаажлаад техникийн комиссыг ажиллуулахгүй байсан ба тухайн жилийн холболтын ажлын графикт хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр зогсох байсан тул бид аргагүйн эрхэнд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 23,600,000 төгрөгийг Д ХХК-ийн дансанд, Д.Бийн өөрийнх нь дансанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, Говьсүмбэр аймгийн Улсын комисс ажиллаад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хийж гүйцэтгээгүй, комиссын саналын хуудаст зураг зохиогч Г ХХК-ийн захирал Т.Т-р гарын үсэг зуруулж, тэмдэг даруулах гэхэд Д.Б нь зургийн төлбөрөө бүрэн төлөөгүй гэдэг шалтгаанаар гарын үсэг зурахгүй байсан ба Д.Бтой холбогдоход үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өг тэгэхгүй бол зуруулж чадахгүй гэж дарамталсан тул Г ХХК-ийн захирал Т.Т-ны данс руу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, Улсын комиссоос Цахилгаан татсан шугамын дагуу Геодези хэмжилт гүйцэтгэлийн зураг хийлгэх шаардлагатай гэсний дагуу зургийг К ХХК-иар хийлгэж, тус компани руу 1,650,000 төгрөгийг шилжүүлж, манай байгууллага нийт 134,650,000 төгрөгийн бодит зардал гаргасан.

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 04/02 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6.1-т заасны дагуу тооцсон алданги нь:

Төлсөн огноо

Мөнгөн дүн

Алданги тооцож эхлэх огноо

Алданги тооцож дуусах огноо

Алданги тооцох хоног

Алдангийн мөнгөн дүн

2022.04.15

3,000,000 төгрөг

2022.06.13

2022.12.23

187 хоног

1,500,000 төгрөг

2022.05.13

59,000,000 төгрөг

2022.06.13

2022.12.23

187 хоног

29,500,000 төгрөг

2022.05.31

35,400,000 төгрөг

2022.06.13

2022.12.23

187 хоног

17,700,000 төгрөг

2022.10.24

23,600,000 төгрөг

2022.10.24

2022.12.23

61 хоног

7,198,000 төгрөг

2022.10.24

10,000,000 төгрөг

2022.10.24

2022.12.23

61 хоног

3,050,000 төгрөг

Нийт төлсөн

131,000,000 төгрөг

 

 

 

58,948,000 төгрөг

болж байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 71,948,000 төгрөгөөс гэрээнд зааснаас илүү төлсөн 3,000,000 төгрөг болон гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөгийг тус тус Д ХХК-иас, гэрээнд зааснаас илүү төлсөн 10,000,000 төгрөгийг Ж ХХК-иас гаргуулж өгнө үү...” гэв.

           

2.Хариуцагч нарын төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сүүлийн 30 шахам жил цахилгаан, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн Д ХХК, Ж ХХК-иудаар тус чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч компанийн ажлыг дээрх 2 компаниараа цаг тухайд нь гүйцэтгэж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. 

Алдангийн хувьд манай компанийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд бидний хувьд гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн. Тодруулбал нэхэмжлэгчтэй байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр манай компани Говьсүмбэр аймагт байрлах Б ХХК-ийн хашаа руу “Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас цахилгааны шугам татах, уг шугамын техникийн нөхцөл буюу холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас авах, КТПН буюу дэд өртөөг цахилгаанд холбох ажлыг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн.

Тус гэрээгээр манай компани гэрээнд заасан хугацаанд 1 км урттай цахилгааны шугам татах газар шорооны ажил, ЦДАШ, ЦДКШ, 63 ква КТПН барьж байгуулах, тоног төхөөрөмжийн тээвэр зэрэг ажлыг гүйцэтгэхэд гэрээнд заасан хугацаа буюу нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний ажил нь цахилгааны шугам татах болон КТПН угсралт зэргийг Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх ёстой байсан. Цахилгаан шугам сүлжээ нь дээрх хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах, ажлын зургыг мэргэжлийн компаниар зуруулах, зурагт эрх бүхий байгууллага хяналт тавиулах, дүгнэлт гаргуулах, барилгын ажлыг эхлүүлэх төрийн захиргааны зөвшөөрлийн үндсэн дээр хийж гүйцэтгэдэг, тус холбогдсон станцад хүчдэл өгөх үйл ажиллагаа нь Эрчим хүчний хууль дүрмийн дагуу 3-6 сарын хугацаа ордог мэргэжлийн ажиллагаа.

Тус компанитай гэрээ анх байгуулахад М.О ирж уулзсан бөгөөд гэрээний ажил болох шугам татах, станц угсрах, газар шорооны ажлыг нь түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ, гэхдээ манай компанийн зүгээс шалтгаалахгүй барилгын зураг, зургын хяналт, дүгнэлт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэрэг нь зохих ёсоор гарах хугацаандаа хянагдана гэдгийг тус компанийхан мэдэж байсан. Энэ талаар гэрээ байгуулах үед М.О болон М.ОТ нарт хэлэхэд “...мэдэж байна, угаасаа техникийн нөхцөл ч гараагүй байгаа ажил ямар хугацаанд явдаг, барилгын комисс хүлээж авахад ямар хугацаа шаардагддаг гэдгийг мэднэ...” гэж хэлж байсан. Учир нь нэхэмжлэгч компани Улаанбаатар хотод .... хотхон барьж байсан барилгын ажлын туршлагатайгаас гадна нэхэмжлэгч компанийн захирал М.ОТын ах М.О нь барилгын инженер, ТОСК-д олон жил болсон, 38 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай барилгын инженер хүн учраас барилга байгууламжийн улсын комисс яаж ажилладаг 3-6 сарын хугацаа ордог гэдгийг сайн мэдэх чадвартай, туршлагатай, цахилгаан ажлын бэрхшээл хүндрэлийг сайтар мэддэг хүмүүс. Тиймээс манай компани эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл гарсан тохиолдолд газар шорооны ажил, цахилгааны шугам татах, КТПН угсрах ажлыг нэг сарын хугацаанд багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Захиалагч компанийн ажлын 63 ква техникийн нөхцөл 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Н.М гарын үсэг зурж, 5 дугаар сарын 13-ны өдөр ирснээр Б ХХК гэрээнд заасан урьдчилгаа төлснөөр ажил эхлүүлэх эрх олгогдсон. Манай компани цахилгаан шугамын техникийн нөхцөл гарангуут 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бараа материал КТПН трансформатор, шонгийн тээвэр болон 63 кВа КТПН трансформатор,, болон 1 км Цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтыг гүйцэтгэн 5 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК-ийн Говьсүмбэр аймгийн үйл ажиллагааг хариуцсан дарга Батжаргалд хүлээлгэж өгөөд манай компанийн ажилчид Улаанбаатар хот руу буцаж ирсэн.

Захиалагчийн ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд Г ХХК зургийн компаниар ажлын зургийг зуруулж БЗӨБЦТ-ТӨХК-д ажлын зургаа өгсөн. БЗӨБЦТ-ТӨХК манай гэрээт ажлын зургийг оочир дарааллын дагуу сар орчим хянаж засварлах ажлуудыг гүйцэтгээд гарын үсэг зурах түвшинд хүргэж, Говьсүмбэр аймгийн Газрын алба, Онцгой байдлын газраар хянуулж гарын үсэг зуруулах шаардлага тавьсан бөгөөд цахилгааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй дээрх шаардлага тавигддаг. Зохих шаардлагын дагуу Говьсүмбэр аймгийн газрын албад хандахад Б ХХК-иас өөрөөс нь шалтгаалан зургийг авахгүй гэсэн бөгөөд учир нь 63 кВа КТПН дэд өртөөг өөрийн эзэмшлийн газар дээр хийгээгүй, үүнийг өөрийн эзэмшлийн газар дээр буюу хашаан дотроо угсрах шаардлага тавьсан. Б ХХК хашаан дотроо дэд станцаа угсарвал нүүрс ачиж, буулгах обект учраас  63 кВа КТПН дэд өртөөн нүүрсний тортог трансформатор дээр буугаад шатаж гал гарах, дэлбэрэх аюултай гэж маргаад 20 гаран хоног ажлын зургийг авахгүй байсан тул газрын албатай яаж тохирлцсоныг нь мэдэхгүй, гэнэт зургаа аваад ир  63 кВа КТПН хашааны гадаа тавьж болохоор болсон гэж хэлсэн.

Түүнчлэн Газрын албанаас ажлын зургийг 6 дугаар сарын 27-ны өдөр баталсан бол Онцгой байдлын газраас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гарч зөвшөөөрөл авснаар БЗӨБЦТ-ТӨХК-д зургаа өгч ерөнхий инженер А.А-аар хянуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулан, батлагдсан ажлын зургыг Эрчим хүчний яам хөгжлийн төвд өгч экспидицээр батлуулж, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажлын зурагт магадлал хийгдэж батлагдсан. Улмаар ажлын зураг бүрэн батлагдаж Говьсүмбэр аймгийн захиргаанд ажил эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд шаардлагатай материалуудыг бүгдийг нь бүрдүүлж өгч ажил эхлүүлэх зөвшөөрлийг авахаар сар гаран хүлээсэн.

Б ХХК нь орон нутагт мөнгө төлдөггүй орон нутагтайгаа хамтарч ажиллах дургүй, мөн Говьсүмбэр аймгийн ард иргэд нүүрсний тортогт дардагдсанаас болж ард иргэд маш их гомдол гаргадаг гээд ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй удааширч байгаад Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 8 дугаар сарын сүүлээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон. Ажил эхлүүлэх зөвшөөрлөө 8 дугаар сарын сүүлээр авсан учраас техникийн комисс ажиллуулах материалуудыг БЗӨБЦТ-ТӨХК-д өгч тус компанийн шаардлагын дагуу реле хамгаалалтын тавил тооцоог хийлгүүлж дууссаны дараа 63 кВа КТПН болон 1 км ЦДАШ туршилт тохируулгын ажил болон техникийн комисс ажиллахын тулд шаардагдах бүх ажлуудыг шаардлагын дагуу хийж бичиг баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БЗӨБЦТ-ТӨХК-ийн комисс ажиллуулах захирлын шийдвэр, тогтоол батлагдан гарсан байдаг. Эрчим хүчний барилга байгууламж барих журмын дагуу Техникийн комисс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн цахилгаан түгээх компаниас ажиллаж №22/04 дүгнэлт гарч, дүгнэлтэд дурдагдсан үүрэг даалгаврууд болон замичанууд өгч, өгсөн үүрэг даалгаварыг манай компани цаг хугацаанд нь биелүүлж, Стандарт хэмжил зүйн газраас Хэмжлийн трансформаторын баталгаажуулалтын гэрчилгээ 9 дүгээр сарын 29-ны өдөр гарсан.

Б ХХК-ийн 63 кВа КТПН болон 1км ЦЦАШ хүчдэл өгөхийн тулд Говьсүмбэр аймгийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн 220/110/35/63кВ-н Чойр дэд станцын “Сүмбэр” цахилгаан дамжуулах агаарын шугамын үндсэн тэжээлийн хуучирсан кабелийг техникийн нөхцөлийн дагуу шинэчилж тус шугамьш тулгуур номер 3-т реклоузер иж бүрэн суурилуулснаар 10 дугаар сарын дундуур хүчдэлд залгагдаж түүнээс хойш Захиалагч компани эрчим хүчээр бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид холбогдох дүрмийн дагуу БЗӨБЦТ ТӨХК-иас шаардагдах ажил нь бүрэн дууссан тул тус цахилгааны дэд станцыг орон нутгийн улсын комисс ажиллуулах шаардлагын дагуу Говьсүмбэр аймгийн захиргаанд орон нутгийн улсын комисс ажиллуулах материалыг бүрдүүлэн өгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисс ажиллаж барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гарсан.

Цахилгааны шугам барих ажил нь дээрх олон шат дамжлага, зөвшөөрөл зэргийг Эрчим хүчний хууль тогтоомжийн дагуу шат дараатайгаар эрх бүхий байгууллагаар хянуулж, гүйцэтгэдэг тул манай компаниас шалтгаалдаггүй ажил юм. Иймд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн учраас гэрээний алданги болох 58,948,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй юм.

Мөн манай компани нэхэмжлэгч компанитай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 3,000,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр техникийн нөхцөл авах шаардлагын хүрээнд шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл гэрээний үнийн дүн болох 118,000,000 төгрөгт гэрээ байгуулахаас өмнө өгсөн 3,000,000 төгрөг багтахгүй бөгөөд гэрээний 5.4 дэх заалт үйлчлэхгүй юм.

Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үед бидний зүгээс ажлын төсөв зохиож өгсөн ба тус төсвийг захиалагч компани хүлээн зөвшөөрснөөр бидний хооронд гэрээ байгуулагдсан. Тус ажльн төсөвт багтаагүй аливаа төлбөр мөнгийг манай компани хариуцахгүй, зөвхөн төсөвт тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах мөнгийг гэрээний ажлын төсөв гэж үзэн бид хариуцах ёстой. Мөн тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тохиолдолд төлбөр мөнгө шаардагддаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр надад шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь гэрээнээс гадуур шилжүүлэг болохыг тус компанийнхан сайн мэдэж байгаагаас гадна тухайн үед ажлыг гүйцэтгэх явцад мөнгөний шаардлага гарсныг нэхэмжлэгч компани сайтар мэдэж хүлээн зөвшөөрч 10,000,000 төгрөгийг надад ажил бүтээж өгсөн баярлалаа гээд өөрсдөө шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 13,000,000 төгрөгийг манай компани хариуцахгүй бөгөөд гэрээ байгуулахад манай компаниас өгсөн төсөвт тус ажлын хөлс тооцогдоогүй, санал болгосон ажлын төсөвт тус ажлын хөлс тусгагдаагүй, тус мөнгийг манай компани аваагүй, Тиймээс гэрээний ажилд тус ажлын хөлс ороогүй учраас бид хариуцахгүй.

Б ХХК-д Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрлэлийн 119 тоот хашаанд 6 кВа КТПН болон нийт урт 1 км өндөр хүчдлийн ЦДАШ, ЦДКШ барих угсралтын ажлын төсөв 142,754,438 төгрөгний төсвөөр хийж гүйцэтгэхээр санал өгч байснаас 3 ширхэг материал болох 10 кв реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВа 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 ква трансформатор 6,000,000 төгрөг, Нийт 29,650,000 төгрөгийг хасаж тооцсоны үндсэн дээр 118,000,000 төгрөгөөр усралтын ажлыг хийхээр тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан.

Улмаар Б ХХК тухайн үед 10 кВ реклоузер иж бүрэн, S-63/10 ква трансформатор, КТПН дэд өртөө 63 ква дээрх гурван материал, тоног төхөөрөмжийг өөрсдөө гаргахаар тохиролцсон ба тус компаниас 22 товчооны ойролцоо хашаанд, хуучин ашиглаж байсан 3 тоног төхөөрөмжийг М.О ах намайг дуудаж үүнийг угсруулах юм гэж орой дуудаж үзүүлж байсан. М.О ахын угсруулна гэсэн тэр КТПН нь манай компанид үйлдвэрлэсэн байсан ба хуучивтар трансформатор, “реклоузерын” модон хайрцаг дотор реклоузерын оронд “хуурай салгуур” байсан.

Трансформаторыг нь шалгах хэрэгтэй, гаднаас хараад би ажиллагааг нь мэдэх боломжгүй, энэ гурван хуучин тоног төхөөрөмжийг худалдаж аваад хэрэггүй гэж М.О ахад хэлж, хэрэв эдгээр хуучин тоног төхөөрөмжийг угсарвал баталгаа гаргаж чадахгүй гэдгээ хэлж зөвлөж байсан. Маргааш нь М.О ах над руу утсаар яриад би энэ гурван тоног төхөөрөмжийг хямдхан худалдаж авсан танай хашаанд хүргүүлье гэсэн. 2022 оны 5 дугаар сарын дундуур угсралтын ажил эхлээд Говьсүмбэр аймаг явах үед манай хашаанд буулгасан нөгөө гурван тоног төхөөрөмжийн трансформатор,, нь гэмтэлтэй, шатсан трансформатор,, байсныг М.О ахад хэлсэн. М.О хэлэхдээ Буяа миний дүү энэ КТПН болон трансформатор,,ыг нь засаж янзлаад зараад өг би чамаас /шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер иж бүрэн/ авъя өмнө нь өгч байсан чиний өгсөн төсвийн дагуу зөрүү мөнгийг нь өгье гэж хэлсэн. Түүний үндсэн дээр шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер тавьж өгсөн. Одоо манайд буулгасан хуучин тоног төхөөрөмжүүд нь байгаа учир одоо ч тоног төхөөрөмжүүдээ авч болно. Энэ эвдэрсэн трансформатор, КТПН хоёрыг засварлаж зараад зөрүү мөнгийг хасаж тооцохоор болсон ч одоо болтол зарагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Манай компани нь Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Б ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Цахилгааны шугам татах, КТПН дэд өртөөг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг гэрээгээр эрчим хүчний холболтын ажлыг хийж гүйцэтгэх, уг ажилд гаргах зарим материал, төхөөрөмжийг манай компаниас нийлүүлэхээр үнийн санал илгээхийг санал болгосны дагуу “Даян дуурсагдах” ХХК-иас Барилгын материал бүтэц, хийц эдлэлийн үнэ, гүйцэтгэх ажлын өртөг зэргийг бодож барилгын төсвийг тооцон тухайн ажлыг цахилгааны тоног төхөөрөмжийн үнэ зэрэг бүгдийг оруулж 142,754,438 төгрөгийн үнийн саналыг тэдний компанийн и-мэйл хаягруу илгээсэн.

Тодруулбал Б ХХК нь компани манай саналыг хүлээн авч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрлэлийн 119 тоот хашаанд 6 ква КТПН болон нийт урт 1 км өндөр хүчдэлийн ЦДАШ, ЦДКШ барих угсралтын ажлын төсөв 142,754,438 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэхээр санал өгч байснаас 3 ширхэг материал болох 10 кв реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВа 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 кВа трансформатор, 6,000,000 төгрөг, нийт 29,650,000 төгрөгийг хасаж тооцсоны үндсэн дээр 118,000,000 төгрөгөөр усралтын ажлыг хийхээр тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан.

Улмаар Б ХХК тухайн үед 10 кВ реклоузер иж бүрэн, S-63/10 ква трансформатор, КТПН дэд өртөө 63 ква дээрх гурван материал, тоног төхөөрөмжийг өөрсдөө гаргахаар тохиролцсон ба тус компаниас 22-ын товчооны ойролцоо хашаанд, хуучин ашиглаж байсан 3 тоног төхөөрөмжийг Б ХХК-иас М.О гэх таньдаг хүн намайг дуудаж үүнийг угсруулах юм гэж орой дуудаж үзүүлж байсан...

..М.О хэлэхдээ Буяа миний дүү энэ КТПН болон трансформаторыг нь засаж янзлаад зараад өг би чамаас шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер иж бүрэн авъя өмнө нь өгч байсан чиний өгсөн төсвийн дагуу зөрүү мөнгийг нь өгье гэж хэлсэн. Түүний үндсэн дээр шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер тавьж өгсөн.

...Өөрөөр хэлбэл Б ХХК-ийн цахилгааны дэд бүтцийн ажилд тавьсан дээрх тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 шинэ тоног төхөөрөмжийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл уг компани нь тус төлбөрөө төлөөгүй.

Иймд Б ХХК-ийн уг цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

 

4.Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Хариуцагчийн 29,650,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 10 кв реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВа 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 кВа трансформатор 6,000,000 төгрөг, нийт 29,650,000 төгрөгийн эд материалыг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт үнийн дүнгээс хасаж тооцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

29,650,000 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасаж тооцуулсан шалтгаан нь дээрх тоног төхөөрөмжүүд Д ХХК болон Ж ХХК-ийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бөгөөд манайх 1 жилийн өмнө өөр ажилд зориулж худалдаж авсан боловч ашиглаагүй шинээрээ агуулахад байсныг захирал Д.Б нь ирж үзээд “..чанарын шаардлага хангаж байна, өөр газраас худалдаж авбал найдваргүй, эвдрэл гэмтэл гардаг, тиймээс өөрийнхөө үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө ашиглана...” гэж хэлээд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүнгээс суутгуулан тооцсон тул энэ асуудал дээр ямар ч маргаангүй, хариуцагч манай нэхэмжлэлийн хариу тайлбартаа дурдсан байсан.

Дээрх техник тоног төхөөрөмжүүд нь Б ХХК-ийн Чойр дахь салбарт бүрэн суурилагдсан, чанарын шаардлага хангасан, одоо ашиглалтын хэрэгцээ хангаад хэвийн ажиллаж байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.28-ны өдөр 571,537 төгрөг төлсөн баримт /хх-ийн 5 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-Б ХХК-ийн дүрэм /7-8 х/,

-2022.04.28-ны өдрийн 04/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 9-12 х/,

-Шилжүүлгийн баримтууд /хх-ийн 13-17 х/,

-Д ХХК-тай хийсэн 2022.04.28-ны өдрийн 04/02 тоот гэрээний 6.1-д заасан алдангийн тооцоо /хх-ийн 20 х/,

-2023.04.26-ны өдрийн 23/29 тоот С.Сод олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,

-2022.04.28-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 119-122 х/,

-2022.09.27-ны өдрийн 22/04 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт /хх-ийн 152-153 х/,

-2022.09.27-ны өдрийн 22/01 тоот “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын техникийн комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 154-155 х/,

-Гэрэл зургууд /хх-ийн 194-195 х/ зэрэг баримтуудыг,

 

6.Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын 2023.06.19-ний өдрийн 07/693 тоот албан бичиг /хх-ийн 82-86 х/,

-Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 87 х/,

-Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 88 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.27-ны өдөр 307,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 131 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2023.09.18-ны өдөр 311,213 төгрөг төлсөн баримт /хх-ийн 158 х/,

-Гэрэл зургууд /хх-ийн 159-161 х/,

-Ж ХХК-ийн дүрэм /хх-ийн 162-166 х/,

-Д ХХК-ийн дүрэм /хх-ийн 167-170 х/,

-Говьсүмбэр аймаг Сүмбэр суманд баригдах Б ХХК-ийн ачилт буулгалт, тээвэр зууч, ложистикийн гадна цахилгаан хангамжийн ажлын төсөв /хх-ийн 171 х/,

-Төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 172 х/,

-Цалингийн нэгтгэл /хх-ийн 173-177 х/,

-Бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх-ийн 178-181 х/,

-Нийт барилгын машин механизмын хэрэгцээ /хх-ийн 182 х/ зэрэг баримтуудыг,

 

7.Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.06.08-ны өдрийн 182/ШЗ2023/07490 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн Б ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрийн 119 тоот хаягт байрлах хашаа руу цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, /хх-ийн 69-72 х/,

-Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот Б ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрийн 119 тоот хаягт байрлах хашаа руу цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлын Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 73-75 х/,

-“Багануур-Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбараас ирүүлсэн нэхэмжлэгч Б ХХК-ийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, үйлдвэрийн 119 тоот хаягт цахилгаан холбохоор зохих этгээдээс гаргасан тушаал, тус компани хэзээнээс цахилгааны төлбөрийг төлж эхэлсэн талаарх баримтууд /хх-ийн 76-80 х/,

-2023.06.27-ны өдрийн 182/ШЗ2023/08483 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын хэлтсээс ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-ийн 100-112 х/,

-Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт /хх-ийн 113-115 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 16,650,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 66,067,250 төгрөг, нийт 82,717,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

а/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулахаар багасгаж, 13,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөг болон алданги 58,948,000 төгрөгийг Д ХХК-иас, 10,000,000 төгрөгийг Ж ХХК-иас тус тус гаргуулахаар шаардсан.

 

б/ Дээрх үндэслэлээ Д ХХК-ийн Голомт банкны ................ дугаартай дансанд 2022.04.15-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2022.10.24-ний өдөр Дагвын Буянтогтохын дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус илүү төлсөн гэж, мөн гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүйн улмаас алдангийг 2022.04.15-ны өдрөөс 2022.12.23-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 58,948,000 төгрөг болж байгаа. /2022.04.15-ны өдөр илүү шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн алданги 1,500,000 төгрөг, 2022.05.13-ний өдөр шилжүүлсэн 59,000,000 төгрөгийн алданги 29,500,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр шилжүүлсэн 35,400,000 төгрөгийн алданги 17,700,000 төгрөг, 2022.10.24-ний өдөр шилжүүлэн 23,600,000 төгрөгийн алданги 7,198,000 төгрөг,2022.10.24-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 сая төгрөгийн алданги 3,050,000 төгрөг/ гэж тодруулан тайлбарласан.

 

2.Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3.Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

4. Нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Д ХХК, Ж ХХК-иудад холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

а/ Нэхэмжлэгч Б ХХК нь энэхүү шаардлагаа талуудын хооронд 2022.04.28-ны өдөр байгуулсан 04/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт илүү төлсөн 13,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгийг Ж ХХК-иас, үлдэх 61,948,000 төгрөгийг Д ХХК-иас гаргуулна гэж тайлбарласан.

 

б/. Хариуцагч нар нь дээрх төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн гэж маргаж байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д ХХК-тай 2022.04.28-ны өдөр 04/02 дугаартай /хх-ийн 9-12 х/ мөн өдрөө хариуцагч Ж ХХК-тай /хх-ийн 119-122 х/ “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулжээ.

 

б/ Зохигч эдгээр гэрээ нь нэг гэрээ бөгөөд ажлыг Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд сүүлд Д ХХК-ийн нэрийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох Ж ХХК-ийн нэрээр хийсэн. Хариуцагч Д ХХК нь гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын худалдаа, худалдааны зуучлал, аялал жуулчлалын чиглэлээр, Ж ХХК нь гадаад худалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулдаг, нэг хувьцаа эзэмшигчтэй. Тухайн үед тусгай зөвшөөрөлтэй Ж ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр, төлбөртэй байсан учраас талууд 2022.04.28-ны өдөр 04/02 дугаартай гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй гэж тайлбарлаж байна.

 

в/ Шүүх зохигчийн дээрх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзсэн бөгөөд дээрх 04/02 дугаартай гэрээгээр талууд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Үйлдвэрлэлийн 119 тоот хаягт байрлах Б ХХК /ачилт, буулгалт, тээвэр зууч ложистик/-ийн хашааруу Зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулан цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсийг төлөх харилцааг зохицуулжээ.

 

г/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2022.04.28-ны өдөр 04/02 дугаартай гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

д/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээний зүйл нь гүйцэтгэх ажил, ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

е/ Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...хугацаа нь гэрээ байгуулагсан өдрөөс хойш 30 хоногт багтаан гүйцэтгэнэ”, 2.2-т “Гэрээний хугацааны эхлэл нь Захиалагч гэрээний эхний санхүүжилтийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Гэрээт ажлын нийт үнэ 118,000,000 төгрөг байна. Дээрх үнэнд НӨАТ орсон”, 3.2-т “Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан техникийн нөхцөл гарснаар урьдчилгаа төлбөр болгож, гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 59,000,000 төгрөгийг төлнө”, 3.3-т “Захиалагч гэрээт ажлын явцад ажлын гүйцэтгэлийг харгалзан гүйцэтгэгчид дундын санхүүжилт болгож гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 35,400,000 төгрөгийг шилжүүлнэ”, 3.4-т “Гэрээт ажлыг бүрэн дуусгаж актаар Захиалагчид хүлээлгэн өгсний дараа гэрээний үлдсэн 20 хувь буюу 23,600,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлөх”-өөр талууд өөрсдийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар харилцан тохиролцжээ.

 

ё/ Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3, 3.4-т тус тус заасны дагуу ажлын хөлс болох 118,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-ийн Голомт банкны ................ дугаартай дансанд 2022.05.13-ний өдөр 59,000,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 35,400,000 төгрөг, 2022.10.24-ний өдөр 23,600,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй. /хх-ийн 13 дугаар хуудасны ар тал, 14, 15 х/

 

ж/ Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК-ийг гэрээнд заасан ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй улмаас алданги 58,948,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлсан бол хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө ажил гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх баримтуудыг гаргаж өгөх талаар хугацаа алдсан гэж маргасан.

 

з/ Эрчим хүчний зохицуулах хорооны 2018.10.11-ний өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор судалгааг хийж иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох боломжтой эсэх хариуг мэдэгдэнэ”,

Барилгын тухай хуулийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно”,

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана”, 2-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна”, 2.1-д “Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх”, 3-т “Эрх бүхий этгээд энэ зүйлийн 2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл хүсэгчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана”, 4-т “Энэ зүйлийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна...”, 5-д “Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана”, 5.1-д “тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор”, 5.2-т “Энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор” тус тус олгохоор зохицуулжээ.

 

и/ Нэхэмжлэгч байгууллагын ачилт, буулгалт, тээвэр зууч ложистикийн гадна цахилгаан хангамж буюу 6 квт-ын цахилгаан дамжуулах кабель шугам /цаашид ЦДКШ гэх/, цахилгаан дамжуулах агаарын шугам /цаашид ЦДАШ гэх/ болон 6/0,4 кв-ын 63 ква иж бүрдэл дэд өртөө КТПН барих Барилгын ажлын зөвшөөрлийн №13 тоот гэрчилгээг Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2022.08.01-ний өдөр, зураг төсөлд хяналт хийсэн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын №12 дугаартай дүгнэлт 2022.06.21-ний өдөр тус тус гарсан байна. /хх-ийн 83-84, 85-86 х/

 

й/ Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”, 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “Захиалагч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

к/ Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх хугацааг харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд хариуцагчид төлбөрийг төлсөн. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд зохих этгээдийн зөвшөөрлийг гэрээ байгуулагдахаас өмнө гүйцэтгэгч буюу хариуцагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

л/ Мөн талуудын 2022.04.28-ны өдөр байгуулсан 04/02 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Үйлдвэрлэлийн 119 тоот Б ХХК-ийн хашааруу Зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулан цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Гэрээт ажлыг бүрэн дуусгаж актаар Захиалагчид хүлээлгэн өгсний дараа гэрээний үлдсэн 20 хувь буюу 23,600,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэсэн заалтын дагуу 2022.10.24-ний өдөр 23,600,000 төгрөгийг төлсөн. /хх-ийн 15, 114-115, 152-153, 154-155 х/,

 

м/ Хариуцагч байгууллага нь дээрх ажлыг 2022.05.20-ны өдрөөс 2022.06.25-ны өдрийн хооронд барьж дуусгасан,  болох нь гэрч У.Б, М.О нарын шүүх хуралдаанд өгсөн “...ажлыг бол 5 хоногт багтааж хийсэн...” гэх тайлбар, 2022.09.27-ны өдрийн 22/04 дугаартай “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт”, мөн өдрийн 22/01 дугаартай “БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын Техникийн комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар хариуцагчийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэх тайлбар үндэслэл бүхий байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн хариуцагч Д ХХК-иас алданги 58,948,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

6.Илүү төлсөн 13,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас 3,000,000 төгрөг, Ж ХХК-иас 10,000,000 төгрөгөөр тус тус гаргуулах шаардлагын тухайд

а/ Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа хариуцагчийн төлөөлөгч Д.Б нь цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл авахад 3,000,000 төгрөг шаардлагатай байна гээд 2022.04.15-нд 3,000,000 төгрөг, мөн “...нэмж 12,000,000 төгрөг өгөхгүй бол танай цахилгааныг холбуулахгүй” гэж шантаажлаад техникийн комиссыг ажиллуулахгүй байсан ба тухайн жилийн холболтын ажлын графикт хугацаа 2022.11.01-ний өдрөөр зогсох байсан тул бид аргагүйн эрхэнд 2022.10.24-ний өдөр Д.Бийн өөрийнх нь дансанд 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн учраас шаардах эрхтэй. 3,000,000 төгрөгийг Д ХХК-иас, 10,000,000 төгрөгийг Ж ХХК-иас тус тус гаргуулна гэж тайлбарласан.

 

б/ Нэхэмжлэгч нь 2022.04.15-ны өдөр 3,000,000 төгрөгийг Д ХХК-ийн Голомт банк дань ................ дансанд “Цахилгаан шугам холболтын ажлын урьдчилгаа”, 2022.10.24-ний өдөр 10,000,000 төгрөгийг Д.Бын Хаан банкны ................ дансанд “Цахилгаан татах ажлын төлбөр” гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх-ийн 13, 16 х/

 

в/ Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Гэрээний хугацааны эхлэл нь Захиалагч гэрээний эхний санхүүжилтийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээр талуудын хооронд амаар болон бичгээр хийгдсэн бүх тохиролцоо дуусгавар болсонд тооцно” гэж тохиролцжээ.

 

г/ Зохигч 2022.04.28-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба эхний санхүүжилт болох 59,000,000 төгрөгийг 2022.05.13-ны өдөр хариуцагч Д ХХК-ийн Голомт банк дахь ................ дугаартай дансанд шилжснээр гэрээ хэрэгжиж эхэлснээр талуудын өмнөх тохиролцоо дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь илүү төлсөн гэх 13,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас шаардах эрхгүй байна.

 

д/ Хэрэгт авагдсан баримтаар 10,000,000 төгрөгийг Ж ХХК-д шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2022.10.24-ний өдөр Д.Бийн Хаан банкны дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Быг татан оролцуулаагүй учраас шүүх энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь Д.Быг 10,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл иргэнийх нь хувиар нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Б ХХК-иас цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

а/ Хариуцагч Д ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Б ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрлэлийн 119 тоот хашаандаа 6 ква КТПН болон нийт урт 1 км өндөр хүчдэлийн ЦДАШ, ЦДКШ барих угсралтын ажлын хийлгэхдээ манай компаниас 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 кв реклоузер иж бүрэн, 7,650,000 төгрөгийн үнэ бүхий КТПН дэд өртөө 100 ква, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий хүчний хувьсгуур S-100/10 ква трансформатор зэрэг нийт 29,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 шинэ тоног төхөөрөмжийг авч суурилуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

б/ Б ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 10 кв реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВа 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 кВа трансформатор 6,000,000 төгрөг, нийт 29,650,000 төгрөгийн эд материалыг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт үнийн дүнгээс хасч, гэрээт ажлын нийт үнэ нь 118,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан гэж маргасан. Шүүх энэхүү тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

 

в/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.4-т “Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэж тус тус заасан.

 

г/ Д ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Үйлдвэрлэлийн 119 тоот хаягт байрлах Б ХХК /ачилт, буулгалт, тээвэр зууч ложистик/-ийн хашааруу Зүүн, өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулан цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлыг нийт 142,754,438 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр төсөвлөжээ. /хх-ийн 172 х/

 

д/ Дээрх төсөвт нийт 29,650,000 төгрөгийн 3 ширхэг тоног, төхөөрөмжийн үнэ буюу 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 кв-ын реклоузор, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий хүчний хувьсгуур S-100/10 ква трансформатор, 7,650,000 төгрөгийг үнэ бүхий 100 кв-ын КТПН багтсан байх ба талууд энэ үнийг гэрээний нийт үнийн дүнгээс суутган тооцож, 118,000,000 төгрөгөөр гэрээт ажлын нийт үнийг тогтоосон болох нь гэрч М.Оын “...Буянтогтохыг би өмнө нь мэддэг байсан учраас дүүгийнхээ компанитай холбож өгсөн. ... Буянтогтох өөрөө манай компаниас 10 кв-ын реклоузор, хүчний хувьсгуур S-100/10 кв трансформатор, 100 кв-ын КТПН-ийг авчих, гэрээний үнээсээ хасаад тооцъё гэж тухайн үед тохиролцсон учраас гэрээний нийт үнээс 29,650,000 төгрөгийг хасч тооцож гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг, хариуцагч Д ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, “Төсөвт өртөгийн нэгдсэн товчоо”, “Бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал” гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 179, 180 х/

 

            е/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б ХХК нь 29,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тоног, төхөөрөмжийн үнийг Д ХХК-д төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

ё/ Тодруулбал, Д ХХК-ийн нийт 29,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг тоног, төхөөрөмжийн үнийг Б ХХК төлөөгүй гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймээс Д ХХК-ийн Б ХХК-д холбогдуулан гаргасан 3 шинэ тоног, төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.28-ны өдөр төлсөн 571,537 төгрөг, хариуцагч Д ХХК-ийн 2023.09.18-ны өдөр төлсөн 311,213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Д ХХК, Ж ХХК-д тус тус холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Б ХХК-д холбогдох цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.28-ны өдөр төлсөн 571,537 төгрөг, Д ХХК-ийн 2023.09.18-ны өдөр төлсөн 311,213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА