Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02044

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02044

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02761 дугаар шийдвэртэй,

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК, “Ж” ХХК-д тус тус холбогдох,

 

Илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Тоног төхөөрөмжийн үнэд  29,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрийн хашаа руу цахилгааны шугам татуулахаар “Д” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, “Б" ТӨХК /“Б” ТӨХК/-аас цахилгаан эрчим хүчээр хангуулах техникийн нөхцөл гаргуулан, цахилгааны шугам татан, КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбуулахаар ажилласан.

Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг байгуулсан өдрөөс хойш 30 хоногт дуусгахаар заасан боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд гэрээний 10.1-т зааснаар гэрээт ажлын үр дүнг хүлээлцэх комисс томилон акт үйлдэж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.

1.2. Манай байгууллага цахилгаан татуулах ажлаа гүйцэтгүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл авахад шаардлагатай зардалд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 59,000,000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх явцын санхүүжилт болох 35,400,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 23,600,000 төгрөгийг тус тус “Д” ХХК-ийн дансанд, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бын дансанд, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажлын зураг гаргасан “Г” ХХК-ийн захирал Т.Ты дансанд 2,000,000 төгрөгийг, “К” ХХК-аар хийлгэсэн Цахилгаан геодези, хэмжилт гүйцэтгэлийн зургийн төлбөрт 1,650,000 төгрөгийг шилжүүлж,   нийт 134,650,000 төгрөгийн бодит зардал гаргасан.

1.3. Гэрээний 6.1-т зааснаар 97,000,000 төгрөгөөс 187 хоногийн алданги 48,700,000 төгрөг, 33,600,000 төгрөгөөс 61 хоногийн алданги 10,248,000 төгрөг, нийт алданги 58,948,000 төгрөг болж байна.

1.4. Иймд гэрээнд зааснаас илүү төлсөн 3,000,000 төгрөг болон алданги 58,948,000 төгрөгийг “Д” ХХК-аас, гэрээнд зааснаас илүү төлсөн 10,000,000 төгрөгийг “Ж” ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би сүүлийн 30 гаруй жил цахилгаан, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн “Д” ХХК, “Ж” ХХК-уудаар нэхэмжлэгч компанийн ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

“Б” ХХК-д Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрлэлийн - хашаанд 63 кВА КТПН болон нийт урт 1 км өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, цахилгаан дамжуулах кабель шугам /ЦДКШ/ барих угсралтын ажлыг 142,754,438 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэхээр санал өгснөөс 3 ширхэг материал болох 10 кВ реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВА 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 кВА трансформатор 6,000,000 төгрөг, нийт 29,650,000 төгрөгийг хасаж тооцсоны үндсэн дээр 118,000,000 төгрөгөөр усралтын ажлыг хийхээр тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр манай компани Говьсүмбэр аймагт байрлах “Б” ХХК-ийн хашаа руу “З” ТӨХК-аас цахилгааны шугам татах, уг шугамын техникийн нөхцөл буюу холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас авах, КТПН буюу дэд өртөөг цахилгаанд холбох ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Цахилгаан шугам сүлжээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах, ажлын зургийг мэргэжлийн компаниар зуруулах, зурагт эрх бүхий байгууллагаар хяналт тавиулах, дүгнэлт гаргуулах, барилгын ажлыг эхлүүлэх төрийн захиргааны зөвшөөрлийн үндсэн дээр хийж гүйцэтгэдэг, тус холбогдсон станцад хүчдэл өгөх үйл ажиллагаа нь 3-6 сарын хугацаа шаардагддаг мэргэжлийн ажиллагаа юм. Тиймээс тус гэрээгээр манай компани эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл гарсан тохиолдолд 1 км урттай цахилгааны шугам татах газар шорооны ажил, ЦДАШ, ЦДКШ, 63 кВА КТПН барьж байгуулах, тоног төхөөрөмжийн тээвэр зэрэг ажлыг нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2. Техникийн дүгнэлт гарч, “Б” ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд заасан урьдчилгаа төлснөөр манай компани 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бараа материал, КТПН трансформатор, шонгийн тээвэр болон 63 кВА КТПН трансформатор болон 1 км цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтыг гүйцэтгэн 05 дугаар сарын 26-ны өдөр “Б” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн үйл ажиллагааг хариуцсан дарга н.Батжаргалд хүлээлгэж өгөөд манай компанийн ажилчид Улаанбаатар хот руу буцаж ирсэн.

Захиалагчийн ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд “Г” ХХК-аар ажлын зургийг зуруулж, Онцгой байдлын газраас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гарч, Газрын албанаас ажлын зургийг 06 дугаар сарын 27-ны өдөр баталж, “Б” ТӨХК-д зургаа өгч баталгаажуулан, батлагдсан ажлын зургыг Эрчим хүчний яам хөгжлийн төвд өгч экспидицээр батлуулж, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажлын зурагт магадлал хийгдэж батлагдсан. Улмаар ажлын зураг бүрэн батлагдаж Говьсүмбэр аймгийн захиргаанд ажил эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд шаардлагатай материалуудыг бүгдийг нь бүрдүүлж өгч ажил эхлүүлэх зөвшөөрлийг авахаар сар гаран хүлээсэн.

Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 8 дугаар сарын сүүлээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдож, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Б” ТӨХК-ийн комисс ажиллуулах захирлын шийдвэр, тогтоол батлагдан гарсан. Эрчим хүчний барилга байгууламж барих журмын дагуу Техникийн комисс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн цахилгаан түгээх компаниас ажиллаж 22/04 дүгнэлт гарч, дүгнэлтэд дурдагдсан үүрэг даалгаварыг манай компани цаг хугацаанд нь биелүүлж, Стандарт хэмжил зүйн газраас Хэмжлийн трансформаторын баталгаажуулалтын гэрчилгээ 09 дүгээр сарын 29-ны өдөр гарсан.

“Б” ХХК-ийн 63 кВА КТПН болон 1 км ЦДАШ хүчдэл өгөхийн тулд Говьсүмбэр аймгийн “Ц” ХК-ийн 220/110/35/63кВ-н Чойр дэд станцын “Сүмбэр” цахилгаан дамжуулах агаарын шугамын үндсэн тэжээлийн хуучирсан кабелийг техникийн нөхцөлийн дагуу шинэчилж, тус шугамын тулгуур номер 3-т реклоузер иж бүрэн суурилуулснаар 10 дугаар сарын дундуур хүчдэлд залгагдаж түүнээс хойш захиалагч компани эрчим хүчээр бүрэн хангагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид холбогдох дүрмийн дагуу “Б” ТӨХК-аас шаардагдах ажил нь бүрэн дууссан тул тус цахилгааны дэд станцыг орон нутгийн улсын комисс ажиллуулах шаардлагын дагуу Говьсүмбэр аймгийн захиргаанд орон нутгийн улсын комисс ажиллуулах материалыг бүрдүүлэн өгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисс ажиллаж барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гарсан.

Иймд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн учраас гэрээний алданги болох 58,948,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй юм.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 3,000,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр техникийн нөхцөл авах шаардлагын хүрээнд шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийн дүн болох 118,000,000 төгрөгт гэрээ байгуулахаас өмнө өгсөн 3,000,000 төгрөг багтахгүй бөгөөд гэрээний 5.4 дэх заалт үйлчлэхгүй юм.

Мөн нэхэмжлэгч компаниас надад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг ажил бүтээж өгсөнд баярлалаа гээд шилжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 13,000,000 төгрөгийг манай компани хариуцахгүй бөгөөд гэрээ байгуулахад манай компаниас өгсөн төсөвт тус ажлын хөлс тооцогдоогүй, санал болгосон ажлын төсөвт тус ажлын хөлс тусгагдаагүй, тус мөнгийг манай компани аваагүй.

2.4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагч “Д” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Манай компани “Б” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

3.2 “Б” ХХК материал, тоног төхөөрөмжийг өөрсдөө гаргахаар тохиролцсон ба тус компаниас М.О гэх таньдаг хүн хэлэхдээ “Буяа миний дүү энэ КТПН болон трансформаторыг нь засаж янзлаад зараад өг, би чамаас шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер иж бүрэн авъя, чиний өмнө нь өгч байсан төсвийн дагуу зөрүү мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Түүний үндсэн дээр шинэ КТПН, шинэ трансформатор, шинэ реклоузер тавьж өгсөн.

Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-ийн цахилгааны дэд бүтцийн ажилд тавьсан дээрх тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 шинэ тоног төхөөрөмжийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл уг компани нь тус төлбөрөө төлөөгүй.

Иймд “Б” ХХК-ийн уг цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүнгээс 10 кВ реклоузер иж бүрэн 16,000,000 төгрөг, КТПН дэд өртөө 100 кВА 7,650,000 төгрөг, Хүчний хувьсгуур S-100/10 кВА трансформатор 6,000,000 төгрөг, нийт 29,650,000 төгрөгийн эд материалыг хасаж тооцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан.

Дээрх тоног төхөөрөмжүүд “Д” ХХК болон “Ж” ХХК-ийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бөгөөд манайх 1 жилийн өмнө өөр ажилд зориулж худалдаж авсан боловч ашиглаагүй шинээрээ агуулахад байсныг захирал Д.Б нь ирж үзээд “...чанарын шаардлага хангаж байна, өөр газраас худалдаж авбал найдваргүй, эвдрэл гэмтэл гардаг, тиймээс өөрийнхөө үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөө ашиглана...” гэсэн тул ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс суутгуулан тооцсон.

Дээрх техник тоног төхөөрөмжүүд нь “Б” ХХК-ийн Чойр дахь салбарт бүрэн суурилагдсан, чанарын шаардлага хангасан, одоо ашиглалтын хэрэгцээ хангаад хэвийн ажиллаж байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Д ХХК, Ж ХХК-д тус тус холбогдох ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг, нийт 71,948,000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Б ХХК-д холбогдох цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,537 төгрөг, Д ХХК-ийн төлсөн 311,213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 13,000,000 төгрөг, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 58,948,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд хариуцагч тал цахилгаан шугам татах, КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбуулах үндсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги нэхэмжлэх шаардлагыг хангах боломжгүй гэж шийдвэрлэснийг манайх хүлээн зөвшөөрч байна.

6.2. Харин ажил гүйцэтгэх гэрээнд заасан илүү төлбөр 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь “Д” ХХК, “Ж” ХХК-ууд нь нэг хувьцаа эзэмшигчтэй, өөрөөр хэлбэл хариуцагч Д.Бын эзэмшлийнх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Бын эзэмшлийн, “Хаан банк” ХХК-ийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул түүнээс дээрх төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай илүү төлсөн 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан 13,000,000 төгрөгийг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн 13,000,000 төгрөгийн үнийн дүн дээр үнэн зөв дүгнэлт өгсөн. Учир нь 3,000,000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс өмнө шилжүүлсэн бөгөөд үүний дараа талууд дахин шинэ гэрээ байгуулсан байдаг. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Нэхэмжлэгчээс Д.Бын данс руу мөнгө шилжүүлсэн бол Д.Боос иргэнийх нь хувиар жич нэхэмжлэх эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл тодорхойгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан   ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас илүү төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 58,948,000 төгрөг, хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу илүү төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Д” ХХК эс зөвшөөрч цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “Б” ХХК болон “Д” ХХКийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.  

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч “Д” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Үйлдвэрлэлийн -, “Б” ХХК-ийн хашаа руу “З” ХХК-аас цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулан цахилгааны шугам татан КТПН дэд өртөөг барин цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Б” ХХК нь ажлын хөлс 118,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатын шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

 

4. Захилагчаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 59,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 35,400,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 23,600,000 төгрөг, нийт 118,000,000 төгрөгийг гүйцэтгэгч “Д” ХХК-д төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.

 

5. Ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэснийганхан шатны шүүх Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот дүгнэлтийг үндэслэн хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг “Б” ХХК хүлээн авсан гэж зөв дүгнэсэн байх ба энэ дүгнэлтэд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

6.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас 3,000,000 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд  талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т зааснаар гэрээ хэрэгжиж эхэлснээр талуудын хооронд өмнө нь хийгдсэн бүх тохиролцоо дуусгавар болсон тул 3,000,000 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байгаас гадна нэхэмжлэгч мөн давж заалдах гомдол гаргаагүй болно.

6.2. “Б” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээний дагуу “Ж” ХХК аливаа нэгэн ажлыг хийж гүйцэтгээгүй талаар талууд маргаагүй. 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрөөс илүү хэмжээгээр төлсөн тул буцаан гаргуулна гэх үндэслэлээр хариуцагч “Ж” ХХК-аас шаардсан боловч уг мөнгөн хөрөнгийг иргэн Д.Бын эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь дансанд шилжүүлсэн тул хариуцагч компаниас шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх шаардлагад нийцжээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.2 дахь хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж тус тус  заасан тул “Ж” ХХК нь өөрийн  хувьцааг дангаар эзэмшиж байгаа иргэн Д.Бын аливаа үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй болно.    

Иймд Д.Боос 10,000,000 төгрөгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

7. Нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан  цахилгааны дэд бүтцийн ажилд угсарч тавьсан 3 шинэ тоног төхөөрөмжийн үнэ болох 29,650,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч “Д” ХХК гаргасан байх ба анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

8. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02761 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

                                                ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

                                                                                                       Э.ЗОЛЗАЯА