Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/02823

 

 

 

 

 

 

 

 

 

  2023     10         06                                            182/ШШ2023/02823

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч О.Аззаяа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 86,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“...Нэхэмжлэгч нь А ХХК-ыг итгэлцлийн үйлчилгээ эрхэлж, бусад банк болон ББСБ-уудыг бодвол арай илүү өндөр хүү санал болгож байгаа тухай сонсоод 2022 оны 6 дугаар сард ............... байрлах, тус байгууллагын оффис дээр очиж, гүйцэтгэх захирал Г.Штой уулзан, итгэлцлийн үйлчилгээний гэрээ байгуулах санал тавьсан.

Нэхэмжлэгч нь 9 дүгээр сард бусдаас зээлсэн өрөө /орон сууцны/ төлөх шаардлагатай байсан тул гэрээний хугацааг 3 сараас хэтрэхгүй байлгах тухай саналаа хэлэхэд гүйцэтгэх захирал Г. Ширнэндорж “итгэлцлийн үйлчилгээний гэрээг хамгийн багадаа 12 сарын хугацаатай байгуулах ёстой байдаг тул бичгээр гэрээ байгуулах боломжгүй юм байна. Харин та мөнгөө миний хувь дансаар дамжуулаад байгууллагад оруулчих, энэ тохиолдолд манай байгууллагаас таны мөнгөө буцааж авах хугацаагаар, 1,5 хувийн хүүтэй зээлж байгаа тухай баталгаа гаргаж өгье” гэсэн санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 63,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Шийн Хаан банк дахь ........... тоот данс руу шилжүүлсэн.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ш нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22/68, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 22/71 дугаар бүхий албан бичгээр баталгаа гаргаж өгсөн.

Тохиролцсон хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусч, нэхэмжлэгч мөнгөө буцааж авахаар шаардахад Г.Ш “...татварууд төлөгдөх хүртэл хугацаагаар..., манай байгууллагад гаднаас орж ирэх мөнгөний асуудал шийдэгдэх хүртэл хугацаагаар..., сунгаж өгөөч гэсэн хүсэлтүүд тавьсныг” нэхэмжлэгч зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрч, нийт 3 удаа тус бүр 1 сараар хугацааг сунгасан.

Хамгийн сүүлд буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 сараар сунгаж, 22/110 дугаар албан бичгээр баталгаа гаргаж өгсөн.

Уг хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч нь А ХХК-аас 86,000,000 төгрөгөө эргүүлж авахаар шаардсан боловч өгөхгүй байсан бөгөөд “манай байгууллагын гүйцэтгэх захирал биднийг залилсан, тэрнээс өөрөөс нь ав” гэх зэргээр хариуцлагаас зугтсан.

Нэхэмжлэгч нь хэн нэгэн иргэнд хандаж биш, А ХХК-аас үйлчилгээ авахаар түүний албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй газарт нь очиж, тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, байгууллагын тамга бүхий баталгааны дагуу 86,000,000 төгрөгөө шилжүүлсэн бөгөөд тухайн байгууллагын удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирал гэх хүний хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, хохирогч болоод байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А ХХК-иас хохиролд 86,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бэд олгож өгнө үү” гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн КГ-ий хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд 2016 оноос эхлэн зээлийн үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа.

Банк бус санхүүгийн байгууллагынхаа хувьд үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тул хувь иргэнээс хөрөнгө оруулалт, зээлээр санхүүжилт авах үндсэн хэрэгцээ шаардлага байхгүй.

Нэхэмжлэгч Т.Б нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон 2022 оны  6 дугаар сарын 28-ны өдрүүдэд Г.Шийн Хаан банкны .................. тоот данс руу нэхэмжлээд буй 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн байж А ХХК-иас нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна.

А ХХК нь нэхэмжлээд буй 86,000,000 төгрөгийг бодитоор зээлж ашигласан үйл явдал огт байхгүй бөгөөд Г.Шийн зээлсэн мөнгийг түүний өмнөөс хариуцах боломжгүй. Г.Шийн А ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үедээ хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж тус байгууллага болон бусад иргэдэд их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр мөрдөн шалгагдаж хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.15-ны өдөр 587,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2023.02.09-ний өдрийн 0146 тоот Н.Од олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 5 х/,

-Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 6 х/,

-2022.12.10-ны өдрийн 22/118 тоот А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Шийн “Баталгаа гаргах нь” албан бичиг /хх-ийн 10 х/,

-2022.06.24-ний өдрийн 22/68 тоот А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Шийн “Баталгаа гаргах нь” албан бичиг /хх-ийн 11 х/,

-2022.06.28-ны өдрийн 22/71 тоот А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Шийн “Баталгаа гаргах нь” албан бичиг /хх-ийн 12 х/,

 

3.1.Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан 2023.03.01-ний өдрийн 23/26 тоот З.Эрдэнэ-Ундралд олгосон итгэмжлэл /хх-ийн 16 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 17 х/,

-2023.03.03-ны өдрийн 23/28 тоот Б.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 22 х/,

-2023.03.17-ны өдрийн 231100636 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-ийн 35 х/,

-2023.02.10-ны өдрийн 23/32 тоот А ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 46-49 х/,

-2023.09.05-ны өдрийн 23/122 тоот Б.Эт олгосон итгэмжлэл /хх-ийн 155 х/,

-2023.10.02-ны өдрийн 23/129 тоот албан бичиг /хх-ийн 185 х/,

 

3.2.Шүүхийн журмаар 2023.05.02-ны өдрийн 182/ШТ2023/00130 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүхийн тогтоолоор хариуцагч А ХХК-иас зээлийн болон итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, дүрэм, /хх-ийн 76-80 х/,

-Г.Шийг гүйцэтгэх захирлаар томилсон болон чөлөөлсөн шийдвэр /хх-ийн 81-82 х/,

-Г.Шийн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ эсхүл дүйцэхүйц гэрээ /хх-ийн 83-85 х/,

-2022 оны 5 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны байгууллагаас Г.Шийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 86-95 х/,

-Санхүүгийн зохицуулах хорооноос А ХХК-д олгосон Банк бус санхүүгийн үйл ажиллагаа болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд бүрдүүлсэн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 52-74 х/,

-2023.05.02-ны өдрийн 182/ШТ2023/00130 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүхийн тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газраас Г.Шийн Монгол улсын хилээр орсон гарсан талаархи лавлагаа /хх-ийн 152 х/,

-Г.Ш нь 2022.06.24-нд 63,000,000 төгрөг, 2022.06.28-нд 23,000,000 төгрөгийг тус тус байгуулагын дансанд шилжүүлсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 154 х/,

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 231100636 дугаартай хэргээс А ХХК-иас 2023.02.10-ны өдөр гаргасан гомдолд хавсарган хүргүүлсэн Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Огийн А ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн мэдэгдлийн дагуу Т.Бийн 86,000,000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх лавлагаа /хх-ийн 175-181/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч А ХХК-д холбогдох хохирол 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

а/ Хариуцагч А ХХК нь ажил олгогчийн хувьд хуулийн этгээдийн дүрэм, “Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх” болон холбогдох бусад журмуудыг зөрчиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Шид хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй,

б/ Г.Ш нь тус байгууллагын албан бланк, тамга, тэмдэг ашиглаж баталгаа гаргасан,

в/ Дотоод хяналтын ажиллах журмаа батлаагүй,

г/ Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн хөрөнгө итгэмжлэн удирдах журмын 4.2.3, 6.1, 8.1-д тус тус заалтыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 86,000,000 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ:

а/ Манай компани банк бус санхүүгийн байгууллагынхаа хувьд үйл ажиллагаа нь харьцангуй тогтворжсон, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тул хувь иргэнээс хөрөнгө оруулалт, зээлээр санхүүжилт авах үндсэн хэрэгцээ шаардлага байхгүй.

б/ Нэхэмжлэгч Т.Б нь 2022 оны 6 дугаар сарын 24, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд Г.Шийн хувийнх нь Хаан банкны .................. тоот данс руу нэхэмжлээд байгаа 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохоос манай байгууллагатай итгэлцлийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй тул энэ мөнгөө А ХХК-иас нэхэмжилж байгаа үндэслэлгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022.03.30-ны өдрийн 22/03 дугаартай шийдвэрээр “Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын итгэлцлийн үйлчилгээг нэмж эрхлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг томилох, ББСБ-ын дүрэм, “Итгэлцлийн үйлчилгээнд мөрдөх журам”, Бизнес төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 57-59 х/

 

Дээрх шийдвэрийн дагуу 2022.03.30-ны өдөр А ХХК “Банк бус санхүүгийн байгууллагын шинэчилсэн дүрэм”, “Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн хөрөнгө итгэмжлэн удирдах журам”-ыг тус тус баталж, мөн өдрөө 22/49 тоот “Тус компани нь 2016 оноос хойш зээлийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж байгаа бөгөөд цаашид зээлийн багц, үйлчилгээгээ өргөжүүлэн тэлэх, зээлдэгч нартаа илүү хүртээмжтэй, олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгох зэрэг тодорхой зорилгоор олон нийт, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх зорилгоор Итгэлцлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна...” гэх албан бичгийг, 2022 оны бизнес төлөвлөгөөний хамт Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. /хх-ийн 60-63, 64-69, 70-73 х/

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022.05.25-ны өдрийн №279 тоот тогтоолоор хариуцагч А ХХК-д “Итгэлцэл” үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нэмж олгосон болох нь ТЗ101/525 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 77-78 х/

 

А ХХК-ийн “Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн хөрөнгө итгэмжлэн удирдах журам” нь Монгол Улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу эрхлэх тус хуулийн этгээдийн итгэлцлийн үйлчилгээтэй холбогдсон талуудын хоорондын харилцааг зохицуулах, уг үйлчилгээнд талууд бие биедээ харилцан итгэх, үнэнч байх, эрх тэгш, шударга байх, хариуцлага хүлээх зэрэг үндсэн зарчмуудыг баримтлах зорилготой байна.

 

Дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “итгэлцлийн үйлчилгээ” гэж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.7-д заасан “итгэл хүлээлэгч /цаашид итгэмжпэгч гэх/-ийн актив хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгч /цаашид итгэмжпэгдсэн өмчлөгч гэх/-ээс түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг”;

2.1.2-т “итгэмжлэгч” гэж өөрийн мөнгөн хөрөнгийг итгэмжлэгдсэн өмчлөгчийн өмчлөлд шилжүүлж, түүнээс гарах үр шимийг өөрөө хүртэх, эсхүл хувь хүртэгчид хүртээх зорилго бүхий иргэн, хуулийн этгээд буюу А ХХК-ийн харилцагчийг;

2.1.3-т “итгэмжлэгдсэн өмчлөгч” гэж итгэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг түүнтэй байгуулсан итгэлцлийн үйлчилгээний гэрээний дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах үүрэг хүлээсэн, итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу А ХХК-ийг;

2.1.4.-т “хувь хуртэгч” гэж итгэмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн ур шимийг :үртэхээр итгэлцлийн үйлчилгээний гэрээнд заасан иргэн, хуулийн этгээдийг;

2.1.5-д “итгэмжилсэн мөнгөн хөрөнгө” гэж итгэмжлэгчээс итгэмжлэгдсэн өмчлөгчид итгэлцлийн үйлчилгээний гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг;

2.1.6-д “итгэлцлийн гэрээ” гэж Иргэний хуулийн 406 дугаар зүйл болон энэ журамд заасныг удирдлага болгон итгэмжпэгч /харилцагч/, итгэмжлэгдсэн өмчлөгч /”А” ХХК/-ийн хоорондын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 406 дугаар зүйлд зааснаар хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах, өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах үүрэг тус тус хүлээх, хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийх, итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх эрх, үүргийг хэргжүүлэхээр зохицуулсан.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн А ХХК нь ажил олгогчийн хувьд хуулийн этгээдийн дүрэм, “Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх” болон холбогдох бусад журмуудыг зөрчиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Шид хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Г.Ш нь тус байгууллагын албан бланк, тамга, тэмдэг ашиглаж баталгаа гаргасан. Дотоод хяналтын ажиллах журмаа батлаагүй. Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн хөрөнгө итгэмжлэн удирдах журмын 4.2.3, 6.1, 8.1-д тус тус заалтыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 86,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

Тодруулбал, А ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 2 дугаар зүйлийн 1.1-д “ББСБ нь өөрийн тэмдэг болон бэлэгдэл /эмблем/, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг /тамга/ хэрэглэнэ”,

 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “итгэлцлийн үйлчилгээг авахаар хандсан этгээдэд өөрийн компанийн санхүүгийн байдал болон итгэлцлийн мөнгөн хөрөнгийг зарцуулах зориулалтын талаар үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх”,

6 дугаар зүйлийн 6.1-д “итгэмжлэгч /харилцагч/-ийг татах зорилгоор олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, сурталчилгаа явуулах”-ыг хориглох,

7 дугаар зүйлд зааснаар дотоод хяналтын асуудлыг Компанийн тухай хуулийн дагуу гэрээний үндсэн дээр аудитын байгууллагаас шалгагч томилон шийдвэрлүүлэх, компанийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж Дотоод хяналтын алба эсвэл хяналтын зөвлөл, хяналтын ажилтантай болсон тохиолдолд дотоод хяналтын ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг “Дотоод хяналтын журам” батлан зохицуулна”

8 дугаар зүйлийн 8.1-д “итгэмжлэгдсэн өмчлөгч /ББСБ/ нь итгэлцлийн үйлчилгээтэй холбоотой гүйлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар"-д заасны дагуу хийж гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэлд бүртгэнэ” гэх заалтуудаа зөрчсөн. /хх-ийн 62 х/

 

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ш нь тус байгууллагын тамга, албан бланкыг ашиглан 2022.12.10-ны өдөр 22/118 тоот албан бичгээр “Иргэн Т овогтой Б /РД:000000000/-ийн тус компанид оруулсан мөнгөний үлдэгдэл болох 70,000,000 төгрөгийн хугацаа дууссан тул 2022.11.10-ны өдрөөс сарын 3,5 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгаж байгаа болно. Үндсэн зээл, зээлийн хүүг 2022.01.10-ны өдөр тус компаниас ХААН банкин дахь ........... /Т.Б/ тоот дансанд шилжүүлэх болно. Зайлшгүй шаардлагын үүднээс зээлдүүлэгч мөнгөө хугацаанаас нь өмнө эргүүлэн татах болвол зээлийн хүүг сарын 0,5%-иар бодож олгох ба мөнгө авахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй” гэх,

2022.06.24-ний өдөр 22/68 тоот албан бичгээр “Иргэн Т овогтой Б /РД:000000000/ нь тус компанид 2022.06.24-ны өдөр 63,000,000 төгрөгийг сарын 1,5%-ийн хуүтэй 76 хоногийн хугацаатай зээлж байгаа болно. Үндсэн зээл, зээлийн хүүг 2022.09.10-ны өдөр тус компаниас ХААН банкин дахь ........... /Т.Б/ тоот дансанд шилжүүлэх болно. Зайлшгүй шаардлагын үүднээс зээлдүүлэгч мөнгөө хугацаанаас нь өмнө эргүүлэн татах болвол зээлийн хүүг сарын 0,5%-иар бодож олгох ба мөнгө авахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй” гэх

2022.06.28-ны өдөр 22/71 тоот албан бичгээр “...Б /РД:0000000000/ нь тус компанид 2022.06.28-ны өдөр 23,000,000 төгрөгийг сарын 1,5%-ийн хүүтэй 72 хоногийн хугацаатай зээлж байгаа болно.

Үндсэн зээл, зээлийн хүүг 2022.09.10-ны өдөр тус компаниас ХААН банкин дахь ........... /Т.Б/ тоот дансанд шилжүүлэх болно” гэх утга бүхий “Баталгаа гаргах нь” гэсэн албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. /хх-ийн 10-12 х/

Мөн хариуцагч А ХХК нь нэхэмжлэгчид өөрийн компанийн санхүүгийн байдал болон итгэлцлийн мөнгөн хөрөнгийг зарцуулах зориулалтын талаар үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх, Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хүрээнд мөнгөн хөрөнгө итгэмжлэн удирдах журамд зааснаар гэрээг бичгээр байгуулах байтал байгуулаагүй, нэхэмжлэгч Т.Бэд итгэл төрүүлсний улмаас тэрээр 2022.06.24-ний өдөр 63,000,000 төгрөг, 2022.06.28-ны өдөр 23,000,000 төгрөг нийт 86,000,000 төгрөгийг , А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Шийн Хаан банкны .................. тоот дансанд шилжүүлэн хадгалуулсан байна. /хх-ийн /5, 6 х/

 

А ХХК-ийн үүсгэн байгуулагч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн КГ-ий 2015.07.23-ны өдрийн 15/01 тоот шийдвэрээр Г.Шийг тус байгууллагыг гүйцэтгэх захирлаар томилж, Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авах, ...хуулийн этгээдийг төлөөлөх, .... асуудлыг шийдвэрлэж ажллахыг даалгасан байх ба 2020.01.01-ниий өдөр №01 тоот “Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээг байгуулж, 2023.01.25-ны өдрийн 23/07 дугаартай шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 81, 82, 83-85 х/

 

Хариуцагч байгууллагын шинэчилсэн дүрмийн 5 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирал нь “ББСБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, ... байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлтийг жилд 2-оос доошгүй удаа Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах, байгууллагын өмч, хөрөнгийг эрх хэмжээнийхээ хүрээнд захиран зарцуулах эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр байх ба, хариуцагч А ХХК нь гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод журам, зээлийн үйл ажиллагааны журам, “Дотоод хяналтын журам”, итгэлцлийн үйлчилгээтэй холбоотой гүйлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар"-д заасны дагуу хийж гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэлд бүртгэх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан дотоод хэм хэмжээг баталж мөрдөөгүй, үүсгэн байгуулагдсан цагаас хойш гүйцэтгэх захирал болон байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн дотоод болон гадаад хяналт хийгдээгүй, энэ талаарх баримтгүй болохыг хариуцагч тал тайлбарласан бөгөөд энэ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ш-д байгууллагын нэрийг ашиглан нэхэмжлэгч Т.Бээс 2 удаагийн үйлдлээр нийт 86,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, өөртөө ашиглах боломжийг олгосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/, учирсан хохирол хоёрын хооронд шалгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хууль бус үйлдэл (эс үйлдэхүй) гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна. Энэхүү эс үйлдэхүй нь санаатай (хүсэж хийсэн), болгоомжгүй (үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан) гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

 

Тодруулбал, Г.Ш нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэшигч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн КГ-той гэрээ байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан компанийн эрх бүхий албан тушаалтан байсан, тэрээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын нэрийг болон албан тушаалаа ашиглан нэхэмжлэгч Т.Бээс 2 удаагийн үйлдлээр нийтдээ 86,000,000 төгрөгийг авсан, хариуцагч А ХХК холбогдох хууль тогтоомж болон дүрмүүддээ заасан гүйцэтгэх захиралд хяналт тавих, Дотоод хяналтын журам батлах, хэрэгжүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгч Т.Бэд 86,000,000 төгрөгийн хохирол учирсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Т.Бэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хохирол шаардах эрх үүсэх бөгөөд нөгөө талаар хариуцагч А ХХК нь ажилтныхаа бусдад учруулсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагч талын гаргасан “... Г.Ш мөнгийг өөрийн хувийн дансаар авсан учир байгууллага өмнөөс нь хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэгч нь Г.Шоос шаардах ёстой...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч А ХХК нь гүйцэтгэх захирал байсан Г.Шоос байгууллагад учруулсан хохирлоо шаардах, эсэх нь Компанийн тухай хуульд заасан тусдаа асуудал болно.

 

Хэдийгээр хариуцагч байгууллага нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Шид холбогдуулан цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 231100636 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа боловч нэхэмжлэгч Т.Бийн 86,000,000 төгрөг уг гомдолд хамаараагүй гэж тус тус тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймээс хариуцагч А ХХК-иас 86,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.15-ны өдөр 587,950 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тус тус заасны дагуу хариуцагч А ХХК-иас 587,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 86,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бэд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А ХХК-иас 587,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА

 

    ШҮҮГЧИД                                                             О.АЗЗАЯА

 

Т.ЭНХТУЯА