Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02070

 

 

  

2023 оны 11 сарын 27 өдөр Дуга210/МА2023/02070

 

 Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02823 дугаар шийдвэртэй,

 Т.Б-ийн нэхэмжлэлтэй

А ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие А ХХК-ийг итгэлцлийн үйлчилгээ эрхэлж, илүү өндөр хүү санал болгож байгаа тухай сонсоод 2022 оны 06 дугаар сард байгууллагын офисс дээр очиж, гүйцэтгэх захирал Г.Ш-той уулзан, итгэлцлийн үйлчилгээний гэрээ байгуулах санал тавьсан.

1.1. Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 3 сараас хэтрэхгүй байлгах саналаа хэлэхэд гүйцэтгэх захирал Г.Ш итгэлцлийн үйлчилгээний гэрээг хамгийн багадаа 12 сарын хугацаатай байгуулах ёстой тул бичгээр гэрээ байгуулах боломжгүй. Харин та мөнгөө миний хувь дансаар дамжуулан байгууллагад оруулчих, энэ тохиолдолд манай байгууллагаас таны мөнгөө буцааж авах хугацаагаар, 1,5 хувийн хүүтэй зээлж байгаа баталгаа гаргаж өгье гэсэн санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 63,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөгийг гүйцэтгэх захирал Г.Ш-ийн Хаан банкин дахь 544740**** тоот данс руу шилжүүлсэн.

1.2. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ш нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 22/68 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22/71 дугаар албан бичгээр баталгаа гаргаж өгсөн. Тохиролцсон хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дуусч, мөнгөө авахаар шаардахад Г.Ш ...татварууд төлөгдөх хүртэл..., манай байгууллагад гаднаас орж ирэх мөнгөний асуудал шийдэгдэх хүртэл хугацаагаар..., сунгаж өгөх хүсэлтүүд тавьсныг зөвшөөрч, нийт 3 удаа тус бүр 1 сараар хугацааг сунгасан. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22/110 дугаар албан бичгээр баталгаа гаргаж өгсөн 1 сарын хугацаа дуусаад нэхэмжлэгч нь А ХХК-аас 86,000,000 төгрөгөө авахаар шаардсан боловч өгөхгүй хариуцлагаас зугтаж, гүйцэтгэх захирал гэх хүний хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зааснаар хариуцагч А ХХК-иас хохиролд 86,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А ХХК нь 100 хувийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн K I G / К И Г /-ий хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд 2016 оноос эхлэн зээлийн үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. ББСБ-ын үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тул хувь иргэнээс хөрөнгө оруулалт, зээлээр санхүүжилт авах үндсэн хэрэгцээ шаардлага байхгүй.

2.1. Нэхэмжлэгч Т.Б нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд Г.Ш-ийн Хаан банкны 517601**** тоот данс руу 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн байж А ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. А ХХК нь 86,000,000 төгрөгийг бодитоор зээлж ашигласан үйлдэл байхгүй, Г.Ш-ийн зээлсэн мөнгийг түүний өмнөөс хариуцах боломжгүй. Г.Ш-ийн А ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үедээ хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж тус байгууллага болон бусад иргэдэд их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн шалгагдаж хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 86,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч А ХХК-иас 587,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй шийдвэрийн агуулга тодорхой бус бичигдсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.1.1. Нэхэмжлэгч Т.Б нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 63,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөгийг иргэн Г.Ш-ийн хувийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд А ХХК-ийн оффист очиж уулзаж, Г.Ш хэлсний дагуу бичгээр гэрээг байгуулаагүй, төөрөгдсөн, хуулийн этгээдэд мөнгө өгч байна гэж бодсон гэх тайлбар гаргадаг боловч хэрэгт энэ үйл баримтыг нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Б ямар шалтгааны улмаас, ямар холбоотой учраас иргэн Г.Ш ийн дансанд нийт 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохыг хариуцагч компани огт мэдэхгүй /гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээж аваагүй/ болно. Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

4.1.2. Хариуцагч байгууллагын хөрөнгө оруулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын иргэн К И Г бөгөөд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирал болох Г.Ш-д итгэл хүлээлгэж, компанийн үйл ажиллагааг даатгаж, үйл ажиллагааны тайланг тухай бүр авч байсан боловч тайланд дурдсан мэдээлэл худал болохыг 2023 оны эхээр мэдэж улмаар компанийн хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэж цагдаад өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, "А" ХХК-ийн хувьд шийдвэрт дурдсанчлан өдөр тутмын үйл ажиллагааны журмуудыг батлаагүй боловч тэдгээр журмуудыг буюу байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд иргэн Г.Ш ийн хувийн нууцад хамаарах дансны хөдөлгөөний мэдээлэлд түүнтэй уулзаж, ярилцаж, харилцаж буй этгээдүүдэд "А ХХК хяналт тавих боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажил үүргийн хувьд "А ХХК-ийн гүйцэтгэх захирал хэдий ч иргэний хувьд Г.Ш гэх хүн хэнтэй уулзаж, юу ярьж, тохиролцож, хэнээс хэдэн төгрөг авч, өгсөн тухай хариуцагч огт мэдэх боломжгүй, энэ тухай мэдэх шаардлага байхгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж, хувийн дансны мэдээлэлд хяналт тавих ёстой байсан мэт дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.1.3. Нэхэмжлэгч нь иргэн Г.Ш-ийн дансанд мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд Г.Ш нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч гүйцэтгэх захирлын хувьд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ"-ний 4.2.14.а, 4.2.14.с-д зааснаар зээл олгох, төлөвлөгдөөгүй аливаа гэрээ, хэлцэл байгуулахдаа хөрөнгө оруулагчаас бичгээр зөвшөөрөл авах учиртай ч зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгч Т.Буяннэмэхэд дур мэдэн баталгаанууд гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Гэвч шүүх эдгээр албан бичгүүдийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой ямар нэг дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

4.1.4. Аливаа этгээд гэм хор учруулсан байхын тулд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх, гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг. Дээр дурдсанчлан, "А ХХК нь байгууллагын хөрөнгийг хувьдаа завшсан үндэслэлээр Г.Ш-д холбогдуулан өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн ажиллагаа явагдаж байгаа. А ХХК-ийн хувьд иргэн Г.Ш нь Т.Б-ээс 86,000,000 төгрөг хувийн дансандаа авсан тухай цагдаад өргөдөл гаргах үед мэдсэн боловч энэ 86,000,000 төгрөгийн асуудал эрүүгийн хэрэгт хамааралгүй, уг хэрэгт Т.Б хохирогчоор тогтоогдоогүй, Т.Б-тэй холбоотой асуудлыг шалгаагүй. Харин, "А ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд бусад этгээдэд олгож буй зээлийн мэдээллийг Г.Ш хуурамчаар үйлдэж байгууллагын мөнгийг өөртөө авсан мөн байгууллагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусад этгээдээс шилжүүлэн өгсөн байсан 9911 болон 8811-тэй дугааруудыг дур мэдэн захиран зарцуулсан буюу А ХХК-д байсан хөрөнгүүдийг завшсан агуулгаар Г.Ш-ийг шалгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Ш Т.Б-ээс 86,000,000 төгрөг хувийн дансандаа авсан үйлдэлд гэм буруу тогтоогдохгүй буюу энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэгэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай зөвлөмжид заасны дагуу хэлбэр, агуулгын хувьд алдаагүй, утга найруулга, үг үсгийн алдаагүй бичигдсэн байх учиртай. Гэтэл, шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийг А ХХК /РД:598****, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Г/ -д холбогдох гэж, нэхэмжлэлийн шаардлагыг хохиролд 86,000,000 төгрөг гаргуулах тухай гэж тус тус тодорхойлон бичсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар зөвхөн А ХХК-ийг тодорхойлсон, мөн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан 86,000,000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах гэж тодорхойлсон. Иймд, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг 2 хариуцагчтай мэт мөн нэхэмжлэгчийн гэм хорын хохирол гэх нэхэмжлэлийн шаардлагыг хохирол гэж өөрчилж бичсэн нь шийдвэрийн агуулга тодорхой бус байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, зохих журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлж, маргааныг шийдвэрлэсэн. Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 , 116.3 дахь хэсэгт заасны шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгч Т.Б-ийг А ХХК-ийн оффист очсоныг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй болох нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ын шүүхэд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бусад тайлбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь итгэлцлийн үйл ажиллагаа авахаар А ХХК-д очиж уулзахад тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа С.Гэрэлтуяа нь Т.Б-ийг Г.Ш-той уулзахыг зөвлөсөн ба А ХХК-аас Т.Б-д олгосон баталгааны бичгийг боловсруулж, захирлаараа гарын үсэг зуруулж нэхэмжлэгчид өгсөн. Уг баталгааны бичигтэй холбоотой хариуцагч анхан шатны шүүхэд маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь А ХХК-д очиж байснаа нотлох гэж гэрч асуулгах хүсэлт гаргасныг хариуцагч тухайн үедээ үгүйсгэж, няцааж, эсэргүүцэж тайлбар гаргаж байгаагүй байж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Иргэн Г.Ш ийн хувийн данс руу 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь А ХХК-д огт хамааралгүй, бид нар мэдээгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Хариуцагч тал Хаан банк дахь А ХХК-ийн 5178010816 тоот дансны 2022 оны 06 дугаар сарын 24-30-ны өдрийг хүртэлх дансны хуулгыг харахад 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ай Би касс 400,000 төгрөгийг Г.Ш-ийн 517601**** тоот данс руу, мөн өдрөө 4,000,000 төгрөгийг касс гэх утгатай Г.Ш-ийн 517601**** тоот данснаас А ХХК-ийн дансанд хийсэн гүйлгээ байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Т.Б-ийн шилжүүлсэн данстай харьцуулан судлуулж байсан. Өөрөөр хэлбэл, Г.Ш өөрийн дансыг байгууллагын кассын зориулалтаар ашигладаг ба манай үйлчлүүлэгчид өөрийн хувийн дансыг А ХХК-ийн касс гэж тайлбарлаж хэлсэн бөгөөд кассад бэлэн мөнгө төлсний баталгаа гэж итгүүлэн 86,000,000 төгрөгийг хувийн данс руу шилжүүлэн авсан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.3. А ХХК нь дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж эрхэлснээс хойш байгууллагын болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, шалгах, зааварчлах үүргээ хэрэгжүүлж байгаагүй нь хэрэгт А ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23/52 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23/112 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

Тодруулбал, Г.Ш-ийн ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй, ажил үүргийн хувиар тодорхойгүй, байгууллагын хөдөлмөрийн харилцаанд мөрдөх хөдөлмөрийн дотоод хяналт шалгалтын журам байхгүй, дотоод болон гадаад хяналт шалгалт огт хийж байгаагүй тул байгууллагын гүйцэтгэх захирлыг хариуцсан ажил үүргээ ямар арга замаар хэрхэн гүйцэтгэж байгаа талаар мэдэх боломжгүй бөгөөд энэ талаар давж заалдах гомдолд бид мэдээгүй гэж дурдаж байгаа нь үндэслэлгүй. Хавтас хэргийн 153-154 дүгээр талд авагдсан авагдсан А ХХК-ийн 5178080816 тоот дансны хуулгаас харахад гүйцэтгэх захирал Г.Ш-ийн 517601**** тоот дансыг байгууллагын кассын зориулалтаар ашиглаж байсан ба үүнийг байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон эдийн засагч нар мэдэж байсан болох нь хариуцагч байгууллагаас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийн нэг хэсэгт бичсэн тайлбараар нотлогдож байна. Мөн байгууллагын кассаар харилцсан мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогч 1, 2 дугаар гарын үсгээр захиран зарцуулах бөгөөд нэгэнт гүйцэтгэх захирлын хувийн дансыг байгууллагын кассын зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд түүний хувийн дансны мэдээллийг шаардаж авах эрх нь нээлттэй, уг эрхийг хэрэгжүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

5.4. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад хариуцагч талаас А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ш-ийн Т.Б-д гаргаж өгсөн баталгаануудыг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар талуудын маргаагүй асуудлаар анхан шатны шүүхийг дүгнээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

5.5. Аливаа этгээд гэм хор учруулсан байхад гэм хор учруулагчийн гэм хор, эс үйлдэхүй, учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг. Т.Б 12 дугаар сараас эхлэн тус байгууллагад очиж мөнгөө нэхэмжилж байсан боловч өгөхгүй байсан тул 2023 оны 01 дүгээр сард бичгээр өргөдөл гаргаж байсан. Т.Б-ийн гаргаж байсан өргөдлийг А ХХК-ийн байгууллагаас цагдаад өгсөн өргөдөлд хавсаргасан талаар баримт хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч Т.Б нь Г.Ш-той хувь хүний хувьд уулзаагүй бөгөөд Г.Ш-ийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан А ХХК дээр очиж уулзсанаас А ХХК нь ажилтныхаа учруулсан гэм хорыг хариуцах үүрэгтэй. А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ш-ийг ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа эсэх үүргээ зөрчсөнөөс болж Г.Ш байгууллагын нэр болон хэвлэмэл хуудсыг хууль бусаар ашиглан баталгаа гаргаж, Г.Буяннэмэхээс 86,000,000 төгрөг авсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсантай шалтгаан холбоотой гэж үзэж байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэм буруу нь заавал эрүүгийн журмаар тогтоогдсон байхыг шаардахгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагчийг гэм буруутай гэж тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугүй гэдгээ нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Ийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 86,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Б нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 63,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөгийг А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ш ийн Хаан банк ХК дахь 517601**** тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

 4. Анхан шатны шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг тэгш ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

 5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 Хариуцагч А ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22/68 дугаартай албан бичигт Т.Б нь тус компанид 63,000,000 төгрөгийг сарын 1.5%-ийн хүүтэй, 76 хоногийн хугацаатай зээлж байгаа болно. Үндсэн зээл, зээлийн хүүг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус компаниас Т.Б-д шилжүүлэх болно. Зайлшгүй шаардлагын үүднээс зээлдүүлэгч мөнгөө хугацаанаас нь өмнө эгүүлэн татах болвол зээлийн хүүг сарын 0.5%-иар бодож олгох ба мөнгө авахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. гэж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/71 дугаартай албан бичигт Т.Б нь тус компанид 23,000,000 төгрөгийг сарын 1.5%-ийн хүүтэй, 72 хоногийн хугацаатай зээлж байгаа болно. Үндсэн зээл, зээлийн хүүг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус компаниас Т.Б-д шилжүүлэх болно. Зайлшгүй шаардлагын үүднээс зээлдүүлэгч мөнгөө хугацаанаас нь өмнө эгүүлэн татах болвол зээлийн хүүг сарын 0.5%-иар бодож олгох ба мөнгө авахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. гэж, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22/118 дугаартай албан бичигт Т.Б нь тус компанид оруулсан мөнгөний үлдэгдэл болох 70,000,000 төгрөгийн хугацаа дууссан тул 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 3.5%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай сунгаж байгаа болно. Зайлшгүй шаардлагын үүднээс зээлдүүлэгч мөнгөө хугацаанаас нь өмнө эгүүлэн татах болвол зээлийн хүүг сарын 0.5%-иар бодож олгох ба мөнгө авахаас 10 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Дээрх бичгийн баримтуудад нэг талаас Т.Б зээл олгох, нөгөө талаас А ХХК зээлийг буцаан төлөх талаар, мөн хугацаа, хүүг тусгаснаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч А ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 86,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

Хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Ш нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэжээ.

Хариуцагч компанийн дээрх албан бичгүүдэд иргэн Т.Б нь А ХХК-д мөнгө зээлж байгаа талаар тусгаж, улмаар гүйцэтгэх захирал Г.Ш гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсанаас үзэхэд А ХХК-ийг гүйцэтгэх захирал Г.Ш төлөөлсөн гэх ойлголтыг нэхэмжлэгчид төрүүлэхээр нөхцөл бүрдүүлсэн байх тул нэхэмжлэгч нь А ХХК Г.Ш-д зээлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон эсэхийг шалгах үүрэггүй. Иймд Г.Ш-ийн зээлсэн мөнгийг компани хариуцахгүй, зээлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй тул гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэх гомдол үндэслэлгүй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана.

Шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч А ХХК-ийн регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээллийг тусгасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд шийдвэрийн удиртгал хэсэг нь хоёр хариуцагчтай мэтээр бичигдсэн гэх гомдол үндэслэлгүй.

Мөн хуулийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулгыг заах тул нэхэмжлэгчийн тодорхойлсон гэм хорын хохирол гэх нэхэмжлэлийн шаардлагыг хохирол гэж өөрчилж бичсэн гэх гомдол үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02823 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...498 дугаар зүйлийн 498.1... гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 Д.БЯМБАСҮРЭН