Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2023/0023

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Ө.Ш,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.М нарын хоорондын  төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ш, хариуцагч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Ө.Ш нь  Баян-Өлгий аймгийн  Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож,  тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоолгох“-оор маргаж байна.

            2. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ө.Ш нь  удаа дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр  тус газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар  төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

            3. Уг  тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ө.Шаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д зааснаар  шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Миний бие Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж тэнцэж, тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

Дээрх тогтоолыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тухайн өдрөөс  тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаагаар томилсон.

Би тухайн өдрөөс ажлаа хүлээн авч, ажил үүргээ гүйцэтгэж байхад аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.Газрын даргын энэ шийдвэр хууль бус, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд намайг байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг мөрдөөгүй гэсэн боловч чухам ямар соёл, дэг журам, дүрэм, зааврыг хэрхэн мөрдөөгүй, яаж зөрчсөн талаар тодорхой дурдаагүй.

Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхгүй гэж буруутгасан боловч намайг ажилд томилогдсоноос хойш албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулан гаргаж өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг тодорхой болгож өгөөгүй байж намайг буруутгасан нь үндэслэлгүй.

Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын 2.2 дахь заалтын дагуу нөхцөл байдал үүсэж, угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барсан үед зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Намайг ажилд орсноос хоёр долоо хоногийн дараа Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 хүүхэд угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол гарсан.Би тухайн тохиолдлын талаарх мэдээллийг авмагц Цагдаагийн газар дээр ирж эцэг , эхтэй нь уулзаж мэдээлэл авах гэсэн боловч эцэг нь мэдээлэл өгөхөөс татгалзсан. Дараа нь орой тийш гэр оронд нь очиж, зуухны байрлалыг үзэх гэсэн боловч хүүхдүүдийн ээж нь над руу дайрч гэр орондоо оруулаагүй.Үүнээс болж тодорхой мэдээлэл авах боломжгүй болсон.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг журмын дагуу хугацаанд гаргаж өгөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.Би ажилд томилогдсоноос хойш 2 хоногийн дараа 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж газрын даргаар батлуулж мөрдөж ажиллаж байсан.

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-д зааснаар албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой ба миний тайлагнах хугацаа болоогүй, ажилд томилогдоод дөнгөж сар болж байхад буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан, ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албаны эд хогшлыг ажлын бус зориулалтаар ашигласан гэж буруутгаж байгаа нь бас үндэслэлгүй.Би албаны компьютер, албаны эд хогшлыг зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглаж байсан.

Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байранд хоносон гэх асуудлын хувьд гэр оронд таагүй асуудал үүсэж, хоорондоо муудалцсан учир албаны өрөөнд хоносон тохиолдол бий.Гэхдээ энэ талаар газрын даргад тухайн үед танилцуулж хэлж байсан. Бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явсан гэх асуудлын тухайд хурал дээр миний хуулиар хамгаалагдсан нууцад халдаж элдэв юм ярихаар нь эсэргүүцлээ илэрхийлж гарч явсан. Тэгээд ч байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байранд хонож, бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явсан гэх үндэслэлээр ажлаас халах ёсгүй.

Сарын гүйцэтгэлийн тайланг хугацаанд нь өгөөгүй, өгсөн тайланд нь дурдсан асуудлууд бодит бус, биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах ажлуудыг бичсэн гэж буруутгаж байгаа асуудлын хувьд миний би тухайн ажилд томилогдоод дөнгөж сар болсон, ажилтай гүйцэт танилцаагүй, мэдэхгүй, чадахгүй зүйлүүд байсан. Ийм үед байгууллагын удирдлагын зүгээс намайг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын байранд зааж сургах талаар ямар ч арга хэмжээ аваагүй байж, намайг буруутан болгож байгаа нь үндэслэлгүй.

Иймд миний нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ө.Шд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа :.

“Би байгууллагын дотоод журамтай танилцаагүй. Байгууллагад 2-3 хоног хонохдоо даргад мэдэгдээд зөвшөөрөл авсан. Би хурлаас гарч явсан нь буруу болсон байна. Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Хэлэх хүнгүй болохоор уураа барьж чадалгүй, хамт олондоо гаргасан байна. Тухайн үед гэр бүлийн асуудалтай байсан.

Хоёр хүүхэд нас барсан үед зохих арга хэмжээ авагдаагүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй  гэдэг нь үндэслэлгүй. Тухайн өдөр би шөнийн 12 цаг хүртэл ажилласан. Тухайн өдрийн ээлжийн эмч М залгахад, ”би ямар нэгэн бүртгэл хийж аваагүй, цагдаагаас асуучих” гэж цагдаагийн дугаарыг өгсөн. Цагдаагийн газарт очиж мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл авч чадаагүй. Тэгээд  тухайн айлд очиход, “манай охин эмнэлэгт ороход амьд байсан “ гэж ээж нь над руу дайраад, аав нь мэдээлэл өгөхөөс татгалзсан. Нэгдсэн эмнэлгийн хор судлаач Жангүл мэргэжилтэн руу залгаад арай гэж мэдээлэл аваад Е.С даргад өгсөн” гэв.

5. Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө.Шы нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ө.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба тухайн өдрөөс эхлэн харьяа хэлтсийн дарга нь ажлыг нь хүлээлгэн өгч ажиллаж эхэлсэн.

Гэвч Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Ө.Шд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулах болсон шалтгаан нь Ө.Ш нь байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм зааврыг мөрдөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын 2.2 дах заалтын дагуу нөхцөл байдал үүсэж, угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барсан үед зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг журмын дагуу хугацаанд нь гаргаж өгөөгүй албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан, ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албаны эд хогшлыг ажлын бус зориулалтаар ашиглан, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байранд хонож, бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явсан, сарын гүйцэтгэлийн тайланг хугацаанд нь өгөөгүй, өгсөн тайланд дурдсан асуудлууд бодит бус биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах ажлуудыг бичсэн зэрэг удаа зөрчил гаргасан ба дээрх зөрчлүүдтэй холбогдуулан байгууллагын ёс зүйн зөвлөлд , байгууллагын ажилтнуудаас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад Ө.Шы талаар гомдол гаргасан тул “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т заасны дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар тушаалаар ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тухайн ажлын хэсэг нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шалгалт явуулж эхэлсэн ба тухайн шалгалтын тэмдэглэлээс харахад Ө.Ш нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг.Мөн ажлын хэсэг нь холбогдох албан тушаалтнууд буюу гомдол гаргасан албан тушаалтнуудаас тодруулга тайлбар авах замаар шалгалт явуулахад Ө.Шы гаргасан гэх зөрчлүүдийн талаар тодорхой тайлбар өгсөн. Энэ тухай холбогдох нотлох баримтуудыг хавсаргав.

Үүний дараа ажлын хэсэг нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ө.Штай холбоотой явуулсан шалгалтыг дүгнэсэн ба тухайн өдөр нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Ө.Шыг сонсох ажиллагааг явуулсан ба тухайн сонсох ажиллагаанд ажлын хэсгийн дүгнэлтийг мөн Ө.Шы өөрт нь танилцуулсан. Танилцуулахдаа ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон зөрчлүүд нь сахилгын ноцтой зөрчилд хамаарч байгаа тухай дүгнэлт гаргасан ба Ө.Шы нэхэмжлэлдээ ямар соёл дэг журам, дүрэм зааврыг хэрхэн мөрдөөгүй, яаж зөрчсөн талаар тодорхой дурдаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн Ө.Ш нэхэмжлэлдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхгүй гэж буруутгасан боловч намайг ажилд томилогдсоноос хойш албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулан гаргаж өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг тодорхой болгож өгөөгүй байж намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэжээ. Ө.Ш нь төрийн албаны тусгай шалгалт өгөхдөө албан тушаалын тодорхойлолтын талаар танилцсан байдаг бөгөөд мөн албан тушаалын тодорхойлолт нь Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулж танилцуулсан байдаг, мөн ажилд томилогдсоны дараа ч гэсэн албан тушаалын тодорхойлолтыг нь баталгаажуулан гаргаж өгсөн ба үүнийг манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Нуржайна нь нотлох ба Ө.Шыг ажлаас халсны дараа ажил хүлээлцэх комисс Ө.Шы хавтсанд албан тушаалын тодорхойлолт байсан талаар мэдээлсэн.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тухайд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажилд томилогдсоноос хойш 2 хоногийн дараа 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж газрын даргаар батлуулсан гэж байгаа ба энэ нь үндэслэлгүй юм. Ө.Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр надад гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулахаар танилцуулсан ба миний бие 2 шалтгаанаар батлахаас татгалзсан. Тухайн шалтгаанууд нь нэгдүгээрт Ө.Ш нь 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон ба төлөвлөгөөгөө 12 сараар гаргасан байсан тул энэ талаар судлаад дахин боловсруулах, хоёрдугаарт тухайн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь үг , үсгийн алдаа ихтэй байсан тул татгалзаж хууль журмын дагуу дахин боловсруулахыг үүрэг болгож харьяа хэлтсийн дарга Е.С хянуулахаар болсон.

“Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам’’-д заасны дагуу туршилтын хугацаагаар томилогдсон ажилтан нь сар бүр төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах ёстой байсан ба гүйцэтгэлийн тайлангаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор өгөх ёстой байсан боловч хугацаандаа өгөөгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан. Н.С би Ө.Шы гүйцэтгэлийн тайлантай танилцаж үзээд журмын дагуу бичээгүй, үг үсгийн, найруулгын алдаатай байсан, мөн жилийн турш хийж гүйцэтгэх ажлуудыг 1 сард багтаан хийсэн хэмээн хийсвэр, бодит бус тайлан бичсэн, өөр мэргэжилтний хийсэн ажлуудыг  хуулбарласан тул хангалтгүй хэмээн үнэлсэн.

Албан үүрэгтээ хариуцлагагүй хандан ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албан эд хогшлыг ажлын бус зориулалтаар ашигласан зөрчлийн  тухайд, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.8-д “ажлын бус зориулалтаар олон цагаар интернэт сүлжээг ашиглахыг хориглосон” байдаг, Ө.Ш нь үүнийг зөрчсөн ба үүнийг шүүхийн зүгээс үзлэг хийх замаар тодруулж болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэлтсийн болон байгууллагын хурлыг удаа дараа орхин гарч байсан шалтгаанаа тайлбарлахдаа тухайн хурал дээр миний хуулиар хамгаалагдсан нууцад  халдаж ,элдэв юм ярихаар нь эсэргүүцлээ илэрхийлж гарч явсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэлтсийн хурлаар Ө.Шы сарын гүйцэтгэлийн тайланг дүгнэх ёстой байсан боловч Ө.Ш нь ямар ч шалтгаангүй хурлыг орхиж гарсан ба энэ тухай тухайн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Ө.Шы асуудлыг байгууллагын ёс зүйн зөвлөлд мэдэгдсэн ба ёс зүйн зөвлөл нь хуралдахаар Ө.Шыг хэд хэдэн удаа дуудсан боловч Ө.Ш нь ирэхээс татгалзсан. Үүний дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын хурлаар Ө.Шы гаргаж байгаа зөрчлүүдийн талаар хэлэлцэх гэсэн боловч Ө.Ш нь мөн ямар ч шалтгаангүйгээр хаалга савж гарч явсан.

Иймд Ө.Шы нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч намайг ажилд томилсноос хойш албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулан гаргаж өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт,чиг үүргийг тодорхой болгож өгөөгүй байж албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй  гэсэн байна. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шалгалт явуулж эхлэхдээ нэхэмжлэгчээс тайлбар авсан. Шалган тогтоох хэсгийн “албан тушаалын тодорхойлолттой танилцсан уу” гэсэн асуултад “...би төрийн албаны тусгай шалгалтад бэлдэж байх үед танилцсан. Мөн төрийн албаны сайтад нээлттэй байсан “ гэдгийг хэлсэн. Мөн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н ажил хүлээлгэж өгөх үед албан тушаалын тодорхойлолтыг гаргаж өгсөн гэдгийг хэлсэн. Хөдөлмөрийн дотоод журмыг тухайн өдөр танилцуулсан гэдгийг мөн нотолж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн надад албан тушаалын тодорхойлолтыг танилцуулаагүй, би байгууллагын ямар ёс зүйг зөрчсөн бэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Төрийн албанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журамд заасны  дагуу  туршилтын хугацаагаар томилогдсон ажилтан сар бүр төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах ёстой. Тухайн тайлангаа харьяа хэлтсийн даргад 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор өгөх ёстой. Гэвч   02 дугаар сарын 16-нд буюу шалган тогтоох ажлын хэсэг байгуулагдсаны дараа гаргасан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлантай Эрүүл мэндийн газрын дарга танилцаж үзээд, журмын дагуу бичээгүй, үг үсэг, найруулгын алдаатай, мөн нэг жилийн турш хийх ажлуудыг нэг сард багтаан хийсэн хэмээн бодит бус хийсвэр тайлан гаргасан, өмнө нь тухайн орон тоонд ажиллаж байсан Ж.Г ажлыг хуулбарласан тул хангалтгүй гэж дүгнэсэн. Шалган тогтоох ажлын хэсгийн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч Ж.Г ажлыг хуулбарласан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Албан үүрэгтээ хариуцлагагүй  хандаж ажлын цагаар албаны компьютерыг болон  бусад эд хогшлыг албаны бус зориулалтаар ашигласан талаар тайлбар хэлэхэд, шүүхийн журмаар нэхэмжлэгчийн албаны компьютерт үзлэг хийхэд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны хооронд нэхэмжлэгч “Facebook” хуудсанд нийтдээ 4767 удаа хандалт хийсэн ба бусад албаны зориулалтаар яамны сайт, эрүүл мэндийн сайт, эсвэл бусад ажил үүрэгтэй холбоотой хандалтыг маш цөөхөн хийсэн байдаг. Энэ ажлаас халах бас нэг шалтгаан болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байгууллагын хурлыг удаа дараа орхин гарч байсан, надтай холбоотой хувийн нууцыг ярих гэж байсан учраас орхин гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ө.Шы тайланг дүгнэх ёстой байсан. Ө.Ш ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхин гарч явсан. Ёс зүйн зөвлөлөөс хурал хийхээр 2-3 удаа нэхэмжлэгчийг дуудсан боловч “би ажилтай байна, би завгүй байна, та нартай ярьж суух зав байхгүй” хэмээн оролцоогүй. Мөн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байгууллагын хурал буюу нийт ажилчдын хурлаар Ө.Штай холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Нэхэмжлэгч өөрт нь холбоотой асуудлыг хэлэлцэж эхлэх үед  хурлыг орхиж явсан. Дээрх зөрчлүүд тогтоогдсон гэж үзээд, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа явуулаад ажлын хэсгийн дүгнэлтээр сахилгын ноцтой зөрчил байна, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж тайлбарласан учраас нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ө.Шы “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар “Ө.Шд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож,  тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоолгох”  шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1.а, 3.1.1.в, 3.1.4.д, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журмын 6.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.5, 12.2, 12.4, 12.8, 12.9 дэх заалтыг тус тус үндэслэн удаа дараа зөрчил гаргасан гэх үндэслэлээр орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Шд төрийн албанаас халах  сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Төрийн албаны тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 130 дугаар  тогтоолоор аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний  албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлснээр  тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар  нэхэмжлэгч Ө.Шыг 6 сарын туршилтын хугацаагаар уг албан тушаалд томилсон  байна.

4. Маргаан бүхий захиргааны актад “...мэргэжилтэн Ө.Ш нь байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа  соёл, дэг журам, дүрэм, зааврыг  мөрдөөгүй, ... байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр  ажлын байранд хонож, бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явах ... зэрэг удаа дараа зөрчил гаргасан” гэж тусгасан ба  хариуцагч талаас “мэргэжилтэн Ө.Ш нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр  ажлын байранд хонох, хэлтсийн дарга,  бусад албан хаагчидтай хэрүүл хийх, хэлтсийн болон  байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явах,  бусдын ажилд садаа болох зэргээр байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа  соёл, дэг журам, дүрэм, зааврыг  мөрдөөгүй зөрчил гаргаж, Төрийн албаны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7  дэх заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан

5. Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, Төрийн захиргааны болон үйлчилгээний  албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-т “Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй: 3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; 3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд ..., саад болох, ...; 3.1.4.энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу  ажлын байрандаа ...,  бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих;” гэж, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  А/58 дугаар  тушаалаар баталсан  Хөдөлмөрийн дотоод журмын 2.6-д “Байгууллагын хэлтсүүд нь батлагдсан чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах ба 7 хоног бүр ажилтнуудын хурлыг зохион байгуулна...”, 8.2.2-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах”,12.4-т ”Ажлын цагаар хувийн асуудлаар удаан ярих, хувийн болон албаны бус ажил гүйцэтгэх,дэмий сэлгүүцэх,бусдын ажилд саад болох”, 12.8-д “Ажлын цагаар  компьютерын тоглоом тоглох, ажлын бус зориулалтаар олон цагаар  интернэт сүлжээг ашиглах, ...” тус тус заажээ.

6.Мэргэжилтэн Ө.Ш нь аймгийн Эрүүл мэндийн газрын 2023  оны 2 дугаар сарын 17-ны  өдрийн  болон  тус газрын Нийгмийн  эрүүл мэндийн төвийн 2023  оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дундуур  гарч явсан,  2023 оны 2 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан эрүүл мэндийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “чамд захирагдахгүй” гэж хэлж,  Нийгмийн  эрүүл мэндийн төвийн даргатай маргалдсан, газрын даргын өрөөнд  орж суучхаад түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон,  үүнээс 1 удаа тус газрын даргын зөвшөөрлөөр хоносон гэх   үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 51,52-55,60-63, 70-72, 76-80, 96, 100-102, 106-107, 110, 111, 114-115, 116-117, 125-128, 144-147, 179-180 дах тал/ тус тус  тогтоогдож байна.

7. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ө.Ш нь Төрийн захиргааны болон үйлчилгээний  албан хаагчийн ёс зүйн дүрэм,  аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан холбогдох заалтуудыг  тус тус зөрчсөн  буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн  нь тогтоогдож байгаа боловч  томилох эрх бүхий этгээдээс  ногдуулсан  сахилгын шийтгэл нь  гаргасан зөрчлийн шинж байдалд   тохироогүй байна гэж үзлээ.

8. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;48.1.2.нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;48.1.4.төрийн албанаас халах;48.1.5.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;48.1.6.хуульд заасан бусад” гэж,

Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар  тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа  дараах зарчмыг баримтална:1.4.1. хариуцлага гарцаагүй байх; 1.4.2. сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх; 1.4.3.сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх;1.4.4. ил тод байх; 1.4.5. хууль зүйн үндэслэлтэй байх;”, 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа  дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар;3.3.2. гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр;3.3.3. албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан  ажил үүрэг болон түүний үйлдэл,эс үйлдэхүйн хоорондын хамаарал;3.3.4. бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл; 3.3.5.өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх;3.3.6. гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал;3.3.7.зөрчлийн улмаас  учирсан хор уршгийг  арилгах арга хэмжээ  авсан эсэх;” гэж   тус тус заасан.

9. Нэхэмжлэгч Ө.Ш нь өмнө нь ижил  төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан  гэж үзэхээргүй байгаа,  гаргасан зөрчлүүд нь үр дагаврын хувьд байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд болон нийгэмд сөрөг нөлөө  үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн газрын даргын өрөөнд  орж суучхаад  түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон гэх зөрчлүүдийг зориуд санаатайгаар гаргасан зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд ажлын байрандаа  хоносон гэх  асуудлын хувьд  тус газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурал дээр “цаашид хонохгүй” гэж тайлбар гаргасан буюу  зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан  гэж үзэхээр байгаа. Үүнээс гадна Ө.Шы мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар  томилогдон  ажилласан 1 сарын хугацаа нь албан тушаалын  тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт,чиг үүрэг болон үүнтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, стандарт,  байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэрэгтэй бүрэн дүүрэн танилцахад  хангалттай хугацаа биш  ба энэ нь зөрчил гаргахад  нөлөөлсөн гэж үзэхээр  байна.

Иймээс нэхэмжлэгч Ө.Шы  гаргасан дээрх зөрчлүүдийн  хувьд  өмнө нь ижил  төрлийн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй,өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан  гэж үзэх  үндэслэлгүй, зарим зөрчлийг нь  зориуд санаатай зөрчил гэж үзэх  үндэслэлгүйгээс гадна зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байгаа, зөрчил гаргахад   дээр дурдсан  нөхцөл байдал нөлөөлсөн,  мөн зөрчлийн үр дагаврын хувьд байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд болон  нийгэмд сөрөг нөлөө  үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас  сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан үзэхгүйгээр Ө.Шд төрийн албанаас халах  сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай  хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4.2, 3.3-тай тус тус нийцээгүй,  уг сахилгын шийтгэл  нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байна гэж дүгнэлээ.

10. Маргаан бүхий захиргааны актад  “мэргэжилтэн Ө.Ш нь ...ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албаны эд хогшлыг  ажлын бус зориулалтаар ашиглан, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр  ажлын байранд хонож,...зэрэг удаа дараа зөрчил гаргасан...” гэж тусгасан ба  хариуцагч талаас “мэргэжилтэн Ө.Ш нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр  ажлын байранд хонох, ажлын цагаар албаны компьютероор “Facebook”-т орох зэргээр албаны бус зориулалтаар байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг ашигласан зөрчил гаргаж, Төрийн албаны тухай  хуулийн 39 дүгээр  зүйлийн 39.1.11 дэх заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан.

Дээр дурдсанаар Ө.Ш нь аймгийн Эрүүл мэндийн газрын байранд хэд хэдэн удаа хоносон,  үүнээс 1 удаа тус газрын даргын зөвшөөрлөөр хоносон, ажлын цагаар албаны компьютероор  “Facebook” цахим хуудаст орсон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 70-72, 73-74, 144-147, 155-157 дах тал/ тогтоогдож байгаа.

Гэхдээ  ажлын байранд хэд хэдэн удаа хоносон, ажлын цагаар албаны компьютероор  “Facebook” цахим хуудаст орсон үйлдэл нь  байгууллагын эд хөрөнгийг хууль бусаар олж авч,өөрийн үзэмжээр захиран зарцуулах буюу эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг өөрөө авч,  ашиглан завшсан идэвхтэй үйлдэл биш учир Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчөөгүй  гэж үзлээ.

11. Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны  актад тусгасан “албан тушаалын тодорхойлолтод заасан  зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэх зөрчлийн талаар  “угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барах үед  зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөг журмын дагуу хугацаанд нь батлуулаагүй, сарын гүйцэтгэлийн тайланг  хугацаанд нь өгөөгүй,өгсөн тайланд дурдсан асуудлууд нь бодит бус, биелэгдээгүй,биелэгдэх боломжгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах ажлуудыг бичсэн  зөрчил гаргаж, Төрийн албаны тухай  хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дах заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан ба шүүх хуралдаанд “гүйцэтгэлийн төлөвлөгөөг  журмын дагуу хугацаанд нь батлуулаагүй гэх зөрчлийг тушаалд гүйцэтгэлийн  төлөвлөгөөний биелэлтийн тайланг журмын дагуу хугацаанд нь гаргаж өгөөгүй гэж буруу бичигдсэн байна, техникийн алдаа гарсан”   гэж тодруулсан.

12. Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 52 дугаар зүйлийн 52.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэж  тус тус заасан.

Мөн Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журамд  туршилтын хугацаагаар томилогдсон  албан хаагчийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлах, тайлагнах, үнэлэх, үнэлгээг үндэслэн авах арга хэмжээний талаар   зохицуулсан байгаагаас гадна дээр зааснаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,  ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-аар төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүнг  үнэлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар  нарийвчлан зохицуулсан байна.

13. Хариуцагч талаас шүүх хуралдаанд “Ө.Ш нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг  томилогдсон өдрөөс хойш 3 хоногийн дотор боловсруулж батлуулах ёстой байсан” гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ө.Шыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд,  эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон, тэрээр  01 дүгээр сарын 12-ны өдөр  гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргад өгсөн, төвийн дарга нь уг төлөвлөгөөнд гарын үсэг зураад 01  дүгээр сарын 13-ны өдөр  газрын даргад өгсөн.

Газрын даргаас “Туршилтын хугацаагаар томилогдсон учраас 12 сараар хийж болох талаар хуулийг судлах, үг, үсэг, найруулгын алдаа их байгааг анхаарах” гэсэн үндэслэлээр төвийн дарга Е.С цохолт хийн буцааж, уг төлөвлөгөөг   батлаагүй, улмаар төвийн дарга нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг сар,сараар боловсруулж батлуулах үүрэг өгсөн боловч Ө.Ш нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг сар,сараар   боловсруулж батлуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 8, 65-69, 83-88, 125-128 дах тал/ тус тус тогтоогдсон.

Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 3.1-д “Томилох эрх бүхий албан тушаалтан албан хаагчийн туршилтын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж,.. “ гэж зааснаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь мэргэжилтэн Ө.Шы 6 сарын туршилтын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлах үүрэгтэй,өөрөөр хэлбэл туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөг сар, сараар боловсруулж  батлуулахаар зохицуулаагүй байна.

Нэхэмжлэгч  Ө.Ш нь 12 сарын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан  байсан нь тогтоогдсон хэдий ч аймгийн Эрүүл мэндийн газрын  нэгжийн даргаас түүнд гүйцэтгэлийн төлөвлөгөөг 6 сараар бус, харин  сар, сараар боловсруулж  батлуулах шаардлага тавьсан нь  хууль бус тул “гүйцэтгэлийн төлөвлөгөөг журмын дагуу хугацаанд нь батлуулаагүй” гэх зөрчилд  Ө.Шыг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, хууль, журамд заасан хугацаанд хэрэгжүүлэх тул гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэхэмжлэгчээс боловсруулж, түүнийг хариуцагч төрийн захиргааны байгууллагаас баталж, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх асуудлыг хариуцагч шийдвэрлэх тул нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй ажиллуулсан нь хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

14. Хариуцагч талаас  “мэргэжилтэн Ө.Ш нь  ажилласан 1 сарын хугацааны гүйцэтгэлийн тайланг 2 дугаар сарын 10-13-ны хооронд өгөх ёстой байсан боловч 2 дугаар сарын 16-нд өгсөн буюу хугацаандаа  өгөөгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд дурдсан асуудлууд нь бодит бус, биелэгдээгүй,биелэгдэх боломжгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах ажлуудыг бичсэн” гэж маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 21-23, 52-55, 65-69, 70-72, 73-74, 76-80, 89-93, 125-128 дах тал/ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргаас мэргэжилтэн Ө.Шд ажилласан 1 сарын хугацааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг өгөх талаар 2023 оны 02 дугаар сарын 10-аас эхлэн шаардаж, эцсийн хугацаа 14-нд өгөх үүрэг өгсөн.  Ө.Ш нь   уг тайланг 2023 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр   газрын даргад өгсөн ба тайландаа ногоон байгууламжийг тогтмол арчлах, байгууллага дотор халдваргүйжүүлэлт хийх  гэсэн ажлуудыг 1 сарын хугацаанд хийгээгүй мөртлөө хийсэн гэж тусгасан нь тус тус  тогтоогдсон болно.

Гэхдээ Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 3.1, 3.2-т тус тус зааснаар томилох эрх бүхий этгээд нь туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, улмаар уг  албан хаагч  нь батлагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнах үүрэгтэй бөгөөд өмнө нь дурдсанчлан туршилтын хугацаагаар томилогдсон  мэргэжилтэн Ө.Шд гүйцэтгэлийн  төлөвлөгөөг сар, сараар боловсруулж батлуулах  хууль бус үүрэг өгч, түүний  боловсруулсан төлөвлөгөөг батлаагүй мөртлөө  төлөвлөгөөний биелэлтийн тайланг шаардаж байгаа нь  үндэслэлгүй, хууль бус тул нэхэмжлэгчийг  дээрх зөрчлийг гаргасан гэж  буруутгах  үндэслэлгүй байна.

15. “Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барахад зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй” гэх зөрчлийн хувьд  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болсон уг үйл явдалтай холбоотой мэдээллийг цуглуулахаар тухайн хүүхдүүдийн гэрт болон аймгийн Цагдаагийн газарт очсон,аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нараас мэдээлэл авсан гэх боловч  мэдээллийг  холбогдох этгээдүүдээс бүрэн дүүрэн цуглуулж чадаагүй, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд явуулахаар бэлтгэсэн мэдээлэл нь алдаатай байсан  гэсэн үйл баримтууд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 52-55, 65-69, 70-72, 76-80, 112-113, 125-128, 135-136, 144-147 дах тал/ тогтоогдсон.

Дээрх үйл баримтууд болон уг үйл явдал болох үед нэхэмжлэгч Ө.Ш нь мэргэжилтний ажилд томилогдоод 19 хоног болсон буюу  холбогдох  хууль, журам, дүрэмтэй бүрэн танилцаагүй, тухайн нөхцөлд хэрхэн ажиллах ажлын дадлага, туршлагагүй байсан зэргээс үзэхэд зөрчлийн  шинж байдлын хувьд санаатай зөрчил  гэж, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ  огт хэрэгжүүлээгүй зөрчил  гэж  тус тус дүгнэх үндэслэлгүй ба албан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр уг зөрчилд томилох эрх бүхий этгээдээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, улмаар төрийн албанаас халах  шийтгэл ногдуулах  үндэслэлгүй байжээ гэж дүгнэлээ.

16. Төрийн албаны тухай хуулийн 52, 55 дугаар зүйл,Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,  ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамд тус тус  зааснаар  төрийн жинхэнэ албан хаагч нь  хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах бөгөөд ийнхүү батлуулсан төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий этгээдээс үнэлэх, улмаар үнэлгээг үндэслэн  төрийн жинхэнэ албан хаагчийг  урамшуулах, эсхүл хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан.

Тодруулбал, нэхэмжлэгчээс албан тушаалын тодорхойлолттойгоо уялдуулан боловсруулж, батлуулсан  гүйцэтгэлийн төлөвлөгөөг эрх бүхий этгээдээс  үнэлгээний хуудсаар баталгаажуулсан буюу нэхэмжлэгчийн албан  тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ биелүүлээгүй зөрчил нь түүний гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, үнэлгээгээр тогтоогдсон, уг үнэлгээгээр 3 удаа  хангалтгүй гэж үнэлэгдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар нарийвчлан зохицуулжээ.

Гэтэл  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 83-88, 89-93 дах  тал/ хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас мэргэжилтэн Ө.Шы гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй бөгөөд Ө.Шаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн 1 сарын хугацааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээн аваад хянасан боловч журмын дагуу үнэлгээ өгч,баталгаажуулаагүй болох нь тус тус тогтоогдсон.

17. Эдгээр тогтоогдсон нөхцөл байдал ,үйл баримтыг дүгнэж үзэхэд хариуцагч  нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг... хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг болон 

Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 3.1-д “Томилох эрх бүхий албан тушаалтан албан хаагчийн туршилтын хугацаанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж,.. “, 3.2-т “Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч  ажлын төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнана”, 3.3-т “Энэ журмын 3.2-т заасан төлөвлөгөөний биелэлт, үр дүнг холбогдох албан тушаалтан сар бүр үнэлж баталгаажуулсан байна”,6.1-т “Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч төрийн албанаас Төрийн албаны тухай хууль, энэ журамд заасан үндэслэлээр чөлөөлөгдөнө”, 6.3-т “Сарын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 удаа “Хангалтгүй” үнэлгээ авсан бол туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлнө” гэж,

“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,  ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн  төлөвлөгөөг  байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө,түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж,... батална”, 2.4-т “Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна”, 3.4-т “Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”, “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна”,4.12-т “Нэгжийн даргын (зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд төсвийн шууд захирагч)-ийн өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна”,4.14-т “ Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана”, 4.14.5-т ”г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл)”, 4.20-д “Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно” гэж тус тус заасныг зөрчиж,  томилох эрх бүхий этгээдээс туршилтын 6 сарын хугацаагаар томилогдсон мэргэжилтэн Ө.Шы гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй,  Ө.Шаас  гаргаж өгсөн ажилласан 1 сарын хугацааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг журмын дагуу үнэлж баталгаажуулаагүй, түүнчлэн  гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээгээр  3 удаа  хангалтгүй гэж үнэлэгдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад “ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр  төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хууль бус байна.

18. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ө.Ш нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1.7 дэх заалтыг зөрчсөн гэх асуудлын хувьд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, 37.1.13 дах заалтыг зөрчсөн гэх асуудлын хувьд  тухайн зөрчлүүдэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна хариуцагчаас хууль, журамд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, мөн албан үүргээ хангалттай биелүүлээгүй зөрчилд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулаагүй,Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтыг зөрчсөн гэх асуудлын хувьд уг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдсон.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын  Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд, эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан  Ө.Шд  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн  шийдвэр  үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуултийн 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасантай тус  тус нийцээгүй,  хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн алба хаах,хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Ө.Шыг  аймгийн Эрүүл мэндийн газрын  Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд  эгүүлэн  тогтоолгох нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.20-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ө.Шы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Шыг  аймгийн Эрүүл мэндийн газрын  Нийгмийн эрүүл мэндийн төвийн  орчны эрүүл мэнд,  эрүүл  мэндийн  нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ