Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0456

 

Ө.Ш-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн төлөөлөгч Н.С

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Ш

Хариуцагч Н.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 110/2023/0012/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Ш-аас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ш-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Ш-ныг аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дахь заалтад “Мэргэжилтэн Ө.Ш нь аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн болон тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дундуур гарч явсан, 2023 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан эрүүл мэндийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “чамд захирагдахгүй” гэж хэлж, Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргатай маргалдсан, газрын даргын өрөөнд орж суучхаад түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон, үүнээс 1 удаа тус газрын даргын зөвшөөрлөөр хоносон гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэрэгт хэргийн 51, 52-55, 60-63, 70-72, 76-80, 96, 100-102, 106-107, 110, 111, 114-115, 116-117, 125-128, 144-147, 179-180 дахь тал/ тус тус тогтож байна” ... гэсэн ба үндэслэх хэсгийн 7 дахь заалтад “Дээрх байдлаар нэхэмжлэгч Ө.Ш нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч томилох эрх бүхий этгээдээс ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байна” гэжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Ө.Ш-ны гаргасан зөрчлүүд нь зөвхөн нэг зөрчил мэт үзэж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Тухайлбал, Ө.Ш-ны аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн болон тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дундуур гарч явсан, 2023 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан эрүүл мэндийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “чамд захирагдахгүй” гэж хэлж, Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргатай маргалдсан, газрын даргын өрөөнд орж суучхаад түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон зэрэг зөрчлүүд нь нэг зөрчил биш бөгөөд удаа дараа гаргасан зөрчлүүд өөрөөр хэлбэл давтан зөрчил юм.

Мөн Үндэслэх хэсгийн 9 дэх заалтад “Нэхэмжлэгч Ө.Ш нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, өөртөө давуу байдал олгох зорилгоор зөрчил гаргасан гэж үзэхээргүй байгаа, гаргасан зөрчлүүд нь үр дагаврын хувьд байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа нэр хүндэд болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн газрын даргын өрөөнд орж суучхаад түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон гэх зөрчлүүдийг зориуд санаатайгаар гаргасан зөрчил гэж үзэх боломжгүй бөгөөд ажлын байрандаа хоносон асуудлын хувьд тус газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурал дээр “цаашид хонохгүй гэж тайлбар гаргасан буюу зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан гэж үзэхээр байгаа. Үүнээс гадна Ө.Ш-ны мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаанд ажилласан 1 сарын хугацаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт чиг үүрэг болон үүнтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэрэгтэй бүрэн дүүрэн танилцахад хангалттай хугацаа биш ба энэ нь зөрчил гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байна” ...хэмээн хийсвэр дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн ажлын байран дээрээ хонох ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албаны эд хогшлыг ажлын бус зориулалтаар ашиглан 21 хоногийн хугацаанд фейсбүүкт 4767 удаа хандалт хийж бусад албаны сайт болон цахим шууданд 70 гаруй удаа хандалт хийсэн зөрчлүүд нь байгууллагын гадаад дотоод нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр зогсохгүй төрийн жинхэнэ албан хаагч ажлын байран дээрээ ажлаа хийлгүй ажлын цагаа хийдүүлэх эрхтэй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн ажил дээр хонох болон газрын даргын өрөөнд ороод суучхаад ажил хийлгэдэггүй зөрчлүүд нь нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс зөрчил тасалдсан мэтээр тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Ө.Ш нь тухайн албан тушаалд томилогдохоос өмнө буюу төрийн албаны тусгай шалгалтад бэлдэх үед болон ажилд томилогдсоны дараа ч гэсэн албан тушаалын тодорхойлолттой сайн танилцсан тухайгаа хэлж байсан ба энэ нь шалган тогтоох тухай ажлын хэсгийн тэмдэглэлээс тодорхой харагдана.

Үндэслэх хэсгийн 13 дахь заалтад “Хариуцагч талаас шүүх хуралдаанд “Ө.Ш нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг томилогдсон өдрөөс хойш 3 хоногийн дотор боловсруулж батлуулах ёстой байсан” гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Ө.Ш-ныг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон, тэрээр 01 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргад өгсөн, төвийн дарга уг төлөвлөгөөнд гарын үсэг зураад газрын даргад өгсөн.

Газрын даргаас “Туршилтын хугацаагаар томилогдсон учраас 12 сараар хийж болох талаар хуулийг судлах, үг үсэг, найруулгын алдаа их байгааг анхаарах” гэсэн үндэслэлүүдээр төвийн дарга Е.С-д цохолт хийн буцааж, уг төлөвлөгөөг батлаагүй, улмаар төвийн дарга нь сар, сараар боловсруулж батлуулах үүрэг өгсөн боловч Ө.Ш нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг сар, сараар боловсруулж батлуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 8, 65-69, 83-88, 125-128 дахь тал/ тус тус тогтоогдсон” ... гэсэн мөртлөө дээрх зөрчил Ө.Ш-ныг буруутгах үндэслэлгүй хэмээн илт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сахилгын ноцтой зөрчил гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байхаас гадна ажил олгогчийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор түүний ажлын эрх ашигт илтэд хохиролтой ажилтны хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Үүнд дурдсан ноцтой зөрчилд ажилтны гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ноцтой гэж харилцан тогтоосон зөрчлүүдээс гадна ажил олгогчийн ажлын эрх ашиг илтэд хохиролтой, ажилтны чиг үүрэгт харш, тухайлбал ажлын байранд хонох, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон тайлангаа хугацаандаа өгөхгүй байх ажлын цагаар үргэлж фейсбүүкт хандалт хийх зэрэг болон Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын 2.2 дахь заалтын дагуу нөхцөл байдал, үүсэж угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барсан үед зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй зэрэг зөрчлүүдийг хамаатуулж ойлгоно.

Мөн Ө.Ш-ны ажлын байран дээрээ хэд хэдэн удаа хонох болон албаны эд хогшлыг зориулалтын бусаар ашиглах, газрын даргын өрөөнд байнга орж суучхаад ажил хийлгэхгүй байх болон бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явах зөрчлүүд нь хор уршгийн хувьд ажил олгогчийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогоор хангах хяналт тавих болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлын эрх ашигт илтэд хохиролтой, ажилтны чиг үүрэгт харш буюу ноцтой болох нь “илэрхий” бөгөөд ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээ эсхүл албан тушаалын тодорхойлолтод энэ тухай тухайлан заасан эсэхээс үл хамаарах сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэ төрлийн ноцтойд болон давтан зөрчилд ажилд томилогдоод удаагүй байсан эсхүл тухайлан заасан зөрчил биш гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохгүйгээр ажилтны ажлын байран дээрээ байнга хонох, газрын даргын өрөөнд орж суучхаад ажил хийлгэхгүй байх болон бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явах зөрчлүүдийг өөгшүүлэх нь шударга ёсны зарчимд харшлах юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Анх Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Ш-ныг тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар томилсон бөгөөд маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар “байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг мөрдөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын 2.2 дахь заалтын дагуу нөхцөл байдал үүсэж, угаарын хийн хордлогоор 2 хүүхэд нас барсан үед зохих арга хэмжээ авагдаагүй, холбоо барих утсаа үлдээгээгүй, удирдах албан тушаалтныг мэдээллээр хангаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг журмын дагуу хугацаанд нь гаргаж өгөөгүй албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан, ажлын цагаар албаны компьютерыг болон бусад албаны эд хогшлыг ажлын бус зориулалтаар ашиглан, байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байранд хонож, бүдүүлэг зан авир гарган хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явах, сарын гүйцэтгэлийн тайланг хугацаанд нь өгөөгүй, өгсөн тайланд нь дурдсан асуудлууд бодит бус биелэгдээгүй биелэгдэх боломжгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах ажлуудыг бичсэн зэрэг удаа дараа зөрчил гаргасан нь Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” гээд Нийгмийн эрүүл мэндийн төвийн Орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Ш-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.2 Уг тушаалыг Ө.Ш-аас эс зөвшөөрч “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх “... мэргэжилтэн Ө.Ш нь аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн болон тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлын дундуур гарч явсан, 2023 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан эрүүл мэндийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “чамд захирагдахгүй” гэж хэлж, Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргатай маргалдсан, газрын даргын өрөөнд орж суучхаад түүний ажилд саад болдог, ажлын байранд хэд хэдэн удаа хоносон, үүнээс 1 удаа тус газрын даргын зөвшөөрлөөр хоносон гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна, ... нэхэмжлэгч Ө.Ш нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь тогтоогдож байна...” гэсэн атлаа “томилох эрх бүхий этгээдээс ногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй, ... Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурал дээр “цаашид хонохгүй” гэж тайлбар гаргасан буюу зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан гэж үзэхээр байгаа. Үүнээс гадна Ө.Ш-ны мэргэжилтний албаны тушаалд туршилтын хугацаагаар томилогдон ажилласан 1 сарын хугацаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг болон үүнтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, стандарт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэрэгтэй бүрэн дүүрэн танилцахад хангалттай хугацаа биш ба энэ нь зөрчил гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байна гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ө.Ш нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байранд хонож, бүрдүүлэг зан гаргасан гэх зөрчлийн хувьд өөрөө хүлээн зөвшөөрсөн ба Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн зөвлөлийн багийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр[1] ёс зүйн зөвлөлийн багаас нэхэмжлэгчид сануулга өгч, цаашид ийм асуудал гаргахгүй ажилдаа цагтаа ирж, цагтаа буцаж байх талаар зөвлөсөн байна.

3.4. Түүнчлэн хэлтсийн болон байгууллагын хурлыг үл хүндэтгэн гарч явсан гэх зөрчлийн хувьд хэрэгт авагдсан Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн[2] тэмдэглэл болон Эрүүл мэндийн газрын 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлээр[3] тус тус тогтоогдож байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар тушаалаар “...мэргэжилтэн Ө.Ш нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гарган, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлээгүй тухайн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.С гомдол гаргасан тул түүнийг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулсан” байх ба ажлын хэсэг хяналт шалгалт хийх явцад “гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалыг бүрэн судлаагүй. Орчны эрүүл мэндтэй холбоотой бодлогын баримт бичгүүдийг бүрэн судлаагүй, ...ажлын байрны тодорхойлолтоо бүрэн мэдэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, нэг сарын ажлын тайлан бичихдээ хийгдээгүй ажлуудыг бичсэн. Өмнөх мэргэжилтний тайлангаас хуулсан, хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тодорхой ажил хийгээгүй, ажлын цагаа үр ашиггүй зарцуулж, интернет броузер болох Google Chrome-ийн хайлтын түүхийг үзэхэд ажлын цагт ихэвчлэн Фейсбүүк орж байсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Шалган тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр[4] нотлогджээ.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь түүний ажлын туршлага, ур чадвараас хамааралтай гэхээс илүүтэйгээр ёс зүйн шинжтэй зөрчлүүд байхад шүүх анхаарч үзээгүй нь буруу байна.

3.5. Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Эрүүл мэндийн газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Х.С, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н, Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Ш.И, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.С нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд дээрх гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Ө.Ш-ны дээр дурдсан зөрчлүүд мөн тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-д “төрийн албанаас халах” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ш-аас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 51 дүгээр талд,

[2] Хавтаст хэргийн 54 дүгээр талд,

[3] Хавтаст хэргийн 61-62 дугаар талд,

[4] Хавтаст хэргийн 73-74 дүгээр талд,