Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02011

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02011

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоотод оршин суух, Шаазган овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, д оршин байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, *******,

Гэрч М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* Захиргаа удирдлагын газар-т ахлах шинжээч, Захиргаа хөгжил, хүний нөөцийн хэлтэст-ийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж тус тус ажиллаж байсан. ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б1427 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд мөн өдрөө тушаал танилцуулсан.

Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан шинжээч албан тушаалтай Л.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгосугай гэжээ.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр тавьж хууль зөрчсөн байна. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан удаагүй мөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээнд гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал нь миний ажил үүрэгт хамааралгүй асуудал болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь урьд эрхэлж байсан буюу ******* ******* ХК-ийн Захиргаа удирдлагын газар-ын ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

1.2.Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргаа удирдлагын газрын даргын дарга Н.Анун миний удирдах албан тушаалтан. Би тухайн өдөр дэлхийн банкнаас хэрэгжүүлэх төсөлтэй холбоотой танилцуулгыг уурхайн дарга дээр очиж танилцаад буцаад оффист ирэхэд М. Н.Анун дарга ийм үүрэг чиглэл өглөө яах вэ гэхээр нь Н.Анун дарга өгсөн бол чи өөрөө шийдчих гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед М. мэйл явуулсан байсан. Тухайн үүрэг даалгаврыг Н.Анун дарга өгсөн байхад хариуцлагыг нь би хүлээсэн. Нөгөө талаас Н.Анун дарга бас хариуцлага хүлээх ёстой байх. Би Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, гарын үсэг зураагүй байсан. Би ахлах шинжээчийн Хөдөлмөрийн гэрээтэй, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурсан байсан. Энэ асуудал Хөдөлмөрийн гэрээтэй холбоотойгоор миний хариуцсан ажил уу эсвэл миний хариуцсан ажилтан уу гэдгийг яривал өөр асуудал болох байх. Тиймээс намайг хэлмэгдүүлсэн хууль бус шийдвэр гарсан гэж харж байна.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 нь бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд ажилтныг томилох эрхийг олгосон. Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 бол мөн адил бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажилтныг томилж, чөлөөлөх зохицуулалтыг хийсэн. Хуульд томилох тогтоолд чөлөөлөх гэдэг үг өгүүлбэрийг үндэслэсэн. Шаардлагатай гэж үзвэл гэдэг дээр акцент өгч энэ нь тусдаа асуудал юм шиг тайлбарлаж байна. Энэ нь бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд шүү.

Өнөөдрийг хүртэл бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж баталсан үйл баримт байхгүй. Бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор арга хэмжээ явуулсан үйл баримт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байдаг.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн хөгжил судалгааны төв гээд Л.*******ын ажиллаж байгаагүй огт өөр бүтцийг татан буулгасан байдаг. Үүнээс өөрөөр бүтэц, зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй.

Ийм учраас эрх зүйн маргааны үйл баримтууд Засгийн газарт эрх олгох тухай хуульд хамаарахгүй.

Ажлаас халсан гол үндэслэл, шалтгаан нь жагсаал цуглаантай холбоотой, ажилдаа хариуцлагагүй хандсан байна, М.ийн үйлдэлд хяналт тавиагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Тэгэхээр маргааны үйл баримтын хувьд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа юм уу, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн харилцаа юм уу гэдгийг тодорхойлох ёстой.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-ээс үзэхэд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоогүй учраас энэ зүйл, заалтад хамаарах харилцаа биш.

Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална гэж үзэж байна. Хууль тогтоомжийн хүрээнд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар аливаа хуулийн өмнө нь болон дараа нь батлагдсан хуулийн дараа нь батлагдсан хуулийг баримталж дагаж мөрдөх зохицуулалт байгаа. Мөн ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэнэ. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь тухайн эрх зүйн харилцаагаар тодорхойлогдож байгаа. Энэ агуулгаар харсан ч гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан. Засгийн газарт эрх олгох тухай хууль 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан. Үүний дараа 1992 онд Үндсэн хууль батлагдсан. 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 1996 он гэхэд 1992 оноос өмнөх бүх хуулийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар УИХ-д даалгасан. Энэ агуулгаараа ч 1992 оноос өмнөх хуулийг дагаж мөрдөхгүй. УИХ-ын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор 1991 оны БНМАУ-ын хуулийг хүчингүй болгох асуудлаар Засгийн газарт үүрэг болгосон. Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолыг баримтлах нь зүйтэй.

Үйл баримтын тухайд Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой 2 үндэслэл яригдана. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Ажилтныг зөрчлөөр халж байгаа гэсэн боловч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зуруулаагүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг шаардах эрх нь Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг танилцуулснаар тухайн ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаа зохицуулагдана. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Хоёрдугаарт маргааны бодит үйл баримтын хувьд эрүүгийн цагдаагийн газраас авсан баримтууд, гэрч Н.Ануны мэдүүлгээр, М.ийн мэдүүлгээр Л.*******од тодорхой үүрэг гүйцэтгэ гэж биечлэн үүрэг даалгавар өгөөгүй. Тэгсэн мөртлөө хяналт тавьж ажиллаагүй гэдэг. Н.Ануны эрүүгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлгээс харахад Л.*******ыг биечилж гүйцэтгэ гэсэн агуулга харагдаад байгаа юм шиг тэгсэн мөртлөө хяналт тавиагүй гэдэг. Гэтэл үүрэг даалгавар өгсөн гэх Н.Анунд огт хариуцлага тооцоогүй. Яг бодитоор хяналт тавих хүн нь бодитоор үүрэг даалгавар өгсөн хүн нь байх ёстой. Гэхдээ энэ үүрэг даалгавар хууль ёсны байсан уу гэдгийг дахиад судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үүрэг даалгавар хууль ёсны байх ёстой. Гэрч Н.Анун бид нар удирдлагын шуурхай хурал хийгээд хэд хэдэн газрын дарга нараас санал ирсэн учраас газрын дарга нарын саналыг үндэслээд ажилтнуудыг эрт тараая гэдэг шийдвэрийг бүрэн эрхт төлөөлөгчид танилцуулах гэж байсан гэдэг. Эндээс менежментийн багийн хурлын шийдвэрийг эцэслэж шийдвэрлэсэн юм уу гэдэг агуулга яригдана. Эцэслэж шийдвэрлээгүй асуудалд дур мэдэн үүрэг даалгавар өгсөн болж таардаг. Бүрэн эрхт төлөөлөгч энэ асуудлыг шийдвэрлэсэн юм уу гэхээр шийдвэрлээгүй байсан гэдэг. Тэгээд Н.Анун хэлэхдээ бүрэн эрхт төлөөлөгч бүх асуудлыг шийднэ, бүрэн эрхт төлөөлөгчөөр ороогүй асуудлыг бид шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ өгсөн үүрэг даалгавар хууль ёсных байсан уу. Бодит фактын хувьд М. мэйл явуулсан. Гэхдээ хариуцагч нар бүх ажилтнуудад тараасан гэж худлаа мэдүүлэг өгдөг. Эрүүгийн цагдаагийн газрын мэдээлэлд зөвхөн удирдлагуудад буюу удирдлагуудын групп мэйл рүү мэйл явуулсан гэдэг. Үүнийг М. Л.******* нар нийлж байгаад тараасан юм шиг ярьдаг. Гэтэл эрүүгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүдээс харахад энэ асуудалд Л.*******ын оролцоо байхгүй. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар Л.*******, М., Н.Анунд холбогдуулж хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг өнөөдрийг хүртэл нээгдээгүй. Эсрэгээрээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байна гэдэг хариу бичгийг гэрч М.т хүргүүлсэн байсан. Энд ямар нэгэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа нь эрх зүйн харилцааны хүрээнд хөдөлмөрийн маргаантай харилцаа байгааг нотолж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 9, 10, 11 дүгээр сар. 12 дугаар сард Л.******* 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан учраас 12 дугаар сарын дундаж цалинг авсангүй. 9 дүгээр сарын цалин 10,006,625.42 төгрөг, 10 дугаар сарын цалин 10,858,547.32 төгрөг, 11 дүгээр сарын цалин 10,317,702.02 төгрөг 1 сарын дундаж цалин 10,394,291.65 төгрөг гарч байна. Бүх нийтийн амралтын өдрүүдийг хасаад өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 143 хоног байна. 1 өдрийн дундаж цалин 494,966.26 төгрөг болно. Үүнийг 143 хоногт үржүүлэхээр 70,780,176 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дундаж цалин хөлс тодорхойлох Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар бодсон гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд тус хуулиар онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан байдаг.

Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд компанийн ажил, нөхцөл байдалтай танилцан, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хариуцлага сайжруулж ажиллах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалыг баталсан.

Мөн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, зөрчил дутагдал гаргасан ажилтан, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудыг Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн.

Учир нь 2022 оны 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Нүүрсний хулгайг эсэргүүцэх тодотголтой нүүрсний хулгайд оролцсон, холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлах шаардлага бүхий өргөн хүрээтэй, олон нийтийг хамарсан үргэлжилсэн жагсаал, цуглаан болсон. Сүхбаатарын төв талбайгаас 200 метрийн зайд байрлах ******* ******* ХК-н төв оффис /талбайн баруун талд байршилтай/ болон ажилчдад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулах /эрт тараах/ цахим шууданг бүх ажилтнуудад хүргүүлэх чиглэлийг компанийн удирдах албан тушаалтан болох Л.*******од өгсөн боловч удирдлагын хүсэл зоригийн эсрэгээр компанийн ажилтнуудад цалинтай чөлөө олгож, жагсаал цуглаанд уриалсан шинжтэй үүрэг даалгавар өгсөн мэтээр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчид үүрэг өгч, цахим шууданг илгээн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан болно.

Улмаар тэрхүү цахим шуудан нь олон нийтэд гадагш задарч, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ******* ******* ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг Уриалж ажилчдаа турхирчээ гэх гарчиг бүхий мэдээ нийтлэгдсэн бөгөөд ******* ******* ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсний улмаас тус мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Онцгой дэглэм тогтоосон энэ үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын сарын 26-ны өдрийн ******* ******* ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ... шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээ тул ажлаас үндэслэлгүй халсан буюу хууль бус шийдвэр гэж үзэхгүй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ хуулийн дагуу тогтоосон бүрэн эрхийн хүрээнд Л.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд Л.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Л.*******ын хувьд салбар дээр ажиллаж байгаад Захиргаа удирдлагын газар-т ахлах шинжээчээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар томилогдсон.

Ахлах шинжээчээр томилогдож ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын Засгийн газраас ******* ******* ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоосонтой холбоотой Захиргаа удирдлагын газар-ын даргыг чөлөөлсөн. Үүнтэй холбоотой Л.******* Захиргаа удирдлагын газар-ын даргын үүргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1299 тоот тушаалаар хавсран гүйцэтгэсэн байдаг. Ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нүүрсний хулгайтай холбоотой жагсаал цуглаан Сүхбаатарын талбай дээр болсон. Энэ жагсаал цуглаан буюу нүүрсний хулгайн асуудал ******* ******* ХК-тай шууд холбоотой асуудал байсан. Энэ нь Улсын Их Хурлын нөлөө бүхий хүмүүст холбоотой, нэрсийг нь зарла гэх асуудал болсон. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жагсаал, цуглаан нэлээн идэвхтэй өрнөж Сүхбаатарын талбай, Төрийн ордон руу халдсан шинжтэй болж хүндэрсэн. Тухайн үед УИХ, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авах, онц байдал зарлах эсэх асуудал хүртэл яригдаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ХК-ийн удирдлагуудын зүгээс үдээс хойш шуурхай хурал хийсэн. Энэ хурлаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж дууссаны дараа нэгжийн даргаас жагсаал цуглаан хүндэрч байна, энэ нь манай компани руу чиглэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул ажилтнуудыг эрт тараая гэсэн санал гаргасан. Тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч Өмнөговь аймагт уурхай дээр томилолтоор ажиллаж байсан. Жагсаал, цуглааны асуудалтай холбоотой эрт тараах асуудал яригдаж Захиргаа удирдлагын газрын даргын зүгээс Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуульчид ажилтнуудыг эрт тараах асуудлаар мэйл бичих төслийг бэлтгэж бай гэдгийг Л.*******од хэлчих гэдэг үүрэг даалгавар өгсөн. Гэрчийн мэдүүлгээс харахад М. тухайн үед Л.******* даргад Н.Анун дарга жагсаал цуглаантай холбоотойгоор ажилчдыг эрт тараах мэйл бичих төсөл бэлтгэ гэсэн чиглэл өгч байна гэж танилцуулсан байдаг. Л.******* чи биччихгүй юу гэх харилцаа тухайн үед болсон байдаг. М. тухайн мэйлийг бэлтгээд хүргүүлсэн. Төслийг бэлтгэж бай гэтэл тухайн мэйл нь бүх удирдлагын буюу менежментийн баг руу илгээгдсэн байдаг. Эрт тар гэдэг агуулгатай төсөл бэлтгэж бай гэтэл жагсаал, цуглаанд оролцох хүмүүс байвал ажлын цагийг чөлөөлж байна, та нар оролцож болно гэдэг агуулга удирдлагын баг руу илгээгдсэн. Тухайн мэйл нь менежментийн багаас гадагшаа задраад тухайн үед цахим орчин буюу цахим сайтуудад ******* ******* ХК нүүрсний жагсаалд ажилчдаа уриалсан байна гэсэн асуудал гарсан. Энэ нь компанийн хувьд асуудал болсон. Энэ асуудал Засгийн газар, УИХ, сайд нарын түвшинд яригдсан байдаг. Л.******* Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой байсан. М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн асуудал яригдсан. Нэгжийн удирдлага зөвшөөрөөгүй байхад мэйлийг менежментийн баг руу илгээсэн асуудал гарсан учраас Монгол улсын Засгийн газрын эрх олгох тухай хууль болон түүнийг үндэслэж гарсан Засгийн газрын 385 дугаар тогтоолоор эрх олгосон асуудлын хүрээнд шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох ажилтныг чөлөөлөх эрхийн хүрээнд жагсаал цуглаантай холбоотой мэйлийг Л.******* нэгжийн даргын хувьд хяналт тавьж оролцох үүргээ хэрэгжүүлээгүй. Жагсаал, цуглаантай холбоотой асуудал нүүрстэй холбоотой байсан. Мөн бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/683 дугаар тушаалаар онцгой дэглэмийн хугацаанд ажиллах сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тушаал, шийдвэр гаргасан байдаг. Энэ тушаалтай холбоотой удирдлагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, үүрэг даалгаврыг удирдлагын түвшинд хариуцаж ажиллахгүй байх үүрэг даалгавар авсан байдаг. Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд Засгийн газрын эрх олгосон тогтоолын шаардлагатай бол гэсэн хүрээнд Л.*******ыг хариуцлагагүй хандсан байна гэж үзсэн. Хариуцлагагүй хандсан байна гэдгийг хөдөлмөрийн ноцтой зөрчил, сахилгын зөрчилтэй холбоотой асуудал гэж үзээгүй. Энэ нь онцгой дэглэмийн үед хариуцаж байгаа асуудлын хувьд хариуцлагагүй хандсан гэж хариуцагчийн зүгээс үзсэн. Хамгийн гол нь нүүрсний жагсаал, цуглаантай холбоотой мэйл цахим шууданг менежментийн баг руу зөвшөөрөлгүй илгээсэн, зөвшөөрөлгүйгээс гадна мэйлийн агуулга жагсаал, цуглаанд уриалсан шинжтэй асуудал болсон учраас бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай гэж үзээд Л.*******ыг ажлаас нь чөлөөлсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан талсах комиссын хуралдааны тэмдэглэл, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.07-ны өдрийн Б/1427 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, 2022.06.01-ний өдрийн М/2022/0795 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2022.06.01-ний өдрийн М/2022/0795 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2002.06.01-ний нууцын баталгаа, 2023.01.05-ны өдрийн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.12-ны өдрийн 881 дугаартай шүүгчийн захирамж гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.03.15-ны өдрийн 01/402 дугаартай итгэмжлэл, 203.04.18-ны хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.10.26-ны өдрийн 385 дугаартай Засгийн газрын тогтоол, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.11.02-ны өдрийн А/683 дугаартай тушаал, 2022.03.16-ны өдрийн А/124 дугаартай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.10.13-ны өдрийн Б/1152 дугаар тушаал, Монгол Улсын Их Хурлын 2023.04.21-ний өдрийн 28 дугаартай тогтоол, ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаартай тогтоол, түүний хавсралт, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.01-ний өдрийн Б/1407 дугаартай тушаал, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.10.28-ны өдрийн Б/1299 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт, ******* ******* ХК-инй 2021.06.30-ны өдрийн А/183 дугаартай тушаал, түүний хавсралт, ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны А/677 дугаар тушаал, түүний хавсралт гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх журмаар бүрдүүлсэн ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.28-ны А/12 дугаартай тушаал, түүний хавсралт, Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023.04.21-ний өдрийн 12 дугаар тэмдэглэл, 2022.12.06-ны өдрийн гэрч М.ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.12.06-ны өдрийн гэрч М.ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.12.06-ны өдрийн гэрч Л.*******оос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022.12.06-ны өдрийн гэрч Н.Анунаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Н.Анунын 2023.06.05-ны өдрийн мэдүүлэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

6.Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар үзлэгээр авагдсан www.mass.mn/n/87744 ******* ******* ХК-ийн хуулийн ажилтан жасаалд нэгдэхийг уриалж ажилчдаа турхирчээ гэх мэдээлэл, https://ett.mn/mn/news/single/4985 ******* ******* ХК-ийн мэдэгдэл, ******* *******н экс захирлууд иргэдийг жагсаал, цуглаанд уриалж буйг ЦЕГ батлав /Sonin.MN гэх мэдээлэл, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023.05.12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь ******* ******* ХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах (ахлах шинжээч), ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр тавьж хууль зөрчсөн, эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан зүйлгүй.

Хууль болон Засгийн газрын тогтоолд бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажилтныг томилж, чөлөөлөх зохицуулалтыг хийсэн. Бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж баталсан үйл баримт байхгүй.

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоогүй учраас энэ зүйл, заалтад хамаарах харилцаа биш. Ажилтныг зөрчлөөр халж байгаа гэсэн боловч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтонд гарын үсэг зуруулаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас авсан баримтууд, гэрч Н.Ануны мэдүүлгээр, М.ийн мэдүүлгээр Л.*******од тодорхой үүрэг гүйцэтгэ гэж биечлэн үүрэг даалгавар өгөөгүй.

Гэтэл хяналт тавьж ажиллаагүй гэдэг, Н.Ануны цагдаагийн газарт өгсөн мэдүүлгээс харахад Л.*******ыг биечилж гүйцэтгэ гэсэн агуулга харагдаад байгаа юм шиг тэгсэн мөртлөө хяналт тавиагүй гэдэг. Захиргаа удирдлагын газрын дарга Н.Анун М.т үүрэг чиглэл өглөө яах вэ гэхэд нь Н.Анун дарга өгсөн бол чи өөрөө шийдчих гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед М. мэйл явуулсан байсан. Тухайн үүрэг даалгаврыг Н.Анун дарга өгсөн байхад хариуцлагыг нь би хүлээсэн. Үүрэг даалгавар хууль ёсны байх ёстой. Менежментийн багийн хурлын шийдвэрийг эцэслэж шийдвэрлээгүй асуудалд дур мэдэн үүрэг даалгавар өгсөн. Бүрэн эрхт төлөөлөгч энэ асуудлыг шийдвэрлээгүй. Л.*******, М., Н.Анунд холбогдуулж хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, хэрэг бүртгэлтийн хэрэг өнөөдрийг хүртэл нээгдээгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... Л.******* Захиргаа удирдлагын газар-ын даргын үүргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хавсран гүйцэтгэсэн байдаг. Нүүрсний хулгайтай холбоотой жагсаал цуглаан Сүхбаатарын талбайд болж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ХК-ийн удирдлагуудын зүгээс үдээс хойш шуурхай хурлаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж дууссаны дараа нэгжийн даргаас жагсаал цуглаан хүндэрч байна, энэ нь манай компани руу чиглэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул ажилтнуудыг эрт тараая гэсэн санал гаргасан, тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч Өмнөговь аймагт уурхай дээр томилолтоор ажиллаж байсан.

Захиргаа удирдлагын газрын даргын зүгээс Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуульчид ажилтнуудыг эрт тараах асуудлаар мэйл бичих төслийг бэлтгэж бай гэдгийг Л.*******од хэлчих гэдэг үүрэг даалгавар өгсөн.

Гэрчийн мэдүүлгээс харахад М. тухайн үед Л.******* даргад Н.Анун дарга жагсаал цуглаантай холбоотойгоор ажилчдыг эрт тараах мэйл бичих төсөл бэлтгэ гэсэн чиглэл өгч байна гэж танилцуулсан байдаг. Л.******* чи биччихгүй юу гэх харилцаа тухайн үед болсон байдаг.

Эрт тар гэдэг агуулгатай төсөл бэлтгэж бай гэтэл жагсаал, цуглаанд оролцох хүмүүс байвал ажлын цагийг чөлөөлж байна, та нар оролцож болно гэдэг агуулга удирдлагын баг руу илгээгдсэн мэйл нь менежментийн багаас гадагшаа задраад тухайн үед цахим орчин буюу цахим сайтуудад ******* ******* ХК нүүрсний жагсаалд ажилчдаа уриалсан байна гэсэн асуудал гарсан.

Л.******* Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой, М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/683 дугаар тушаалаар онцгой дэглэмийн хугацаанд ажиллах сахилга, хариуцлагыг сайжруулах тушаалтай холбоотой удирдлагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, үүрэг даалгаврыг удирдлагын түвшинд хариуцаж ажиллахгүй байх үүрэг даалгавар авсан байдаг.

Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын эрх олгосон тогтоолын шаардлагатай бол гэсэн хүрээнд Л.*******ыг хариуцлагагүй хандсан байна гэж үзсэн. Хариуцлагагүй хандсан байна гэдгийг хөдөлмөрийн ноцтой зөрчил, сахилгын зөрчилтэй холбоотой асуудал гэж үзээгүй.

Энэ нь онцгой дэглэмийн үед хариуцаж байгаа асуудлын хувьд хариуцлагагүй хандсан гэж хариуцагчийн зүгээс үзсэн. Хамгийн гол нь нүүрсний жагсаал, цуглаантай холбоотой мэйл цахим шууданг менежментийн баг руу зөвшөөрөлгүй илгээсэн, зөвшөөрөлгүйгээс гадна мэйлийн агуулга жагсаал, цуглаанд уриалсан шинжтэй асуудал болсон учраас бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай гэж үзээд Л.*******ыг ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.******* нь ******* ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах шинжээчээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгүүлж байгаад ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1427 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын шинжээч Л.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөр дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

******* ******* ХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1427 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ ...Засгийн газрын Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Захиргаа, удирдлагын газрын шинжээч *******гийн *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай... гэж дурджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1427 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд ******* ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба талууд харилцан тохиролцоогүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба талууд маргааныг харилцан тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай ******* ******* ХК-ийн талаар авах арга хэмжээний тогтоолоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгажээ.

 

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 сарын 02-ны өдөр А/683 дугаартай хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалыг гаргажээ.

 

Хариуцагч тал тушаалын үндэслэлээ Л.******* Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой, М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, онцгой дэглэмийн үед хариуцаж байгаа асуудлын хувьд хариуцлагагүй хандсан гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хэдий ч ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн Засгийн газрын тогтоолд заасан бүрэн эрхийн хүрээнд ажилтан байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1/-д үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох,

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2-т ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай, 3-т Онцгой дэглэмийн хугацаанд ******* ******* ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай, 3.1-т Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад, 3.2-т Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,

 

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2-т Онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллана. Компанийн хөдөлмөрийн дотоод журам болон ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах, ажлын цагийн горимд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр өөрчлөлт орж болох бөгөөд тухайн шийдвэрийг холбогдох удирдлага, ажилтнуудад мэдэгдсэний дагуу мөрдөж ажиллах гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл болсон дээрх хууль болон тогтоол нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн үед үүссэн шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байх агуулгыг илэрхийлж байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Л.*******ыг ...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг Засгийн газрын 385 дугаар тогтоолд заасан шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг чөлөөлөх гэх үндэслэлийг баримталсан байх бөгөөд дээрх үндэслэл нь ажлаас халах шаардлагатай тохиолдолд хамааруулахгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх шаардлагатай ямар тохиолдол үүссэн нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн, ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой.

 

Нэхэмжлэгч Л.*******ыг М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой, М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, онцгой дэглэмийн үед хариуцаж байгаа асуудлын хувьд хариуцлагагүй хандсан гэх боловч уг хариуцлагагүй хандсан гэх зөрчлийг тогтоосон баримтгүй байна.

 

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдохоос гадна ажилтны гаргасан зөрчилд ногдуулж байгаа арга хэмжээ хуульд нийцсэн, гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч бүрэн эрхийн дагуу нэхэмжлэгч Л.*******ын ажиллаж байсан Захиргаа, удирдлагын газар татан буулгасан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон гэх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадан хариуцагч тал дээрх газар хэлтэс, татан буугдсан бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй талаар тайлбарласан.

 

Иймд хариуцагч ******* ******* ХК-ийн гаргасан ...байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон бөгөөд уг эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн... гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Шүүх хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэгч Л.*******ыг онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх үед үүссэн шаардлагатай тохиолдлоор бус, харин ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

Энэ тохиолдолд хариуцагч ******* ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан аль нэг үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд заавал баримтлах, түүнчлэн нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас чөлөөлөх үед эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчил нь чухам ямар зөрчил болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар ажилтанд мэдэгдэж, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулан, баримтаар тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас чөлөөлсөн бол Б/1427 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх байжээ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Харин хариуцагч тал эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн үндэслэлээ шүүх хуралдааны явцад ...Захиргаа удирдлагын газрын даргын зүгээс Захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуульчид ажилтнуудыг эрт тараах асуудлаар мэйл бичих төслийг бэлтгэж бай гэдгийг Л.*******од хэлчих гэдэг үүрэг даалгавар өгсөн. Л.******* Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой байсан. М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч талын үндэслэл болгосон ажилчдыг эрт тараах шийдвэрийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч шийдвэрлээгүй байхад Захиргаа удирдлагын газрын дарга үүрэг даалгавар өгсөн талаар гэрчийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны А/683 дугаартай Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалын 6.2-т ... ажлын цагийн горимд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр өөрчлөлт орж болох бөгөөд тухайн шийдвэрийг холбогдох удирдлага, ажилтнуудад мэдэгдсэний дагуу дагаж мөрдөж ажиллах талаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл, ажилтнуудыг эрт тараах асуудлаар мэйл бичих төслийг бэлтгэх үүрэг даалгаврыг биечлэн гүйцэтгээгүй, хяналт тавиагүй гэх боловч ажилчдыг эрт тараах буюу ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах шийдвэрийг дээрх тушаалд зааснаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч шийдвэрлээгүй байхад Л.*******ыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Л.******* нь ...Л.******* Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсны хувьд М.ийн төсөл бэлтгэх үүргийг хариуцаж гүйцэтгэх ёстой байсан. М.ийн мэйл явуулсан асуудал дээр хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй... гэх зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Ажил олгогч болох ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажилтныг ажлаас халсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалдаа баримталсан хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Иймд хариуцагч ******* ******* ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1427 тоот нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл ойлгомжгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Л.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байх тул Л.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Л.******* нь ******* ******* ХК-ийн захиргаа, удирдлагын газрын ахлах шинжээчийн ажил албан тушаалыг эрхэлж байсан байх бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа ******* ******* ХК-ийн захиргаа, удирдлагын газрын шинжээчийн ажил албан тушаалаас чөлөөлсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан ахлах шинжээчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Л.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 70,780,176 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Л.*******ын цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 10,394,291 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 487,232 төгрөг болох нь хэрэгт авагдсан Л.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Л.*******ын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу Л.*******ын ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 69,187,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******од олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу ******* ******* ХК-д нэхэмжлэгч Л.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+503,885 төгрөг/ нийт 574,085 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ыг ******* ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 69,187,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******од олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ******* ХК-д даалгасугай

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 574,085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС