Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01731

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01731

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02011 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- Захиргаа удирдлагын газарт ахлах шинжээч, Захиргаа хөгжил, хүний нөөцийн хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж тус тус ажиллаж байсан. “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1427 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, “Б” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж заасан.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр тавьж хууль зөрчсөн байна. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан удаагүй мөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээнд гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал нь миний ажил үүрэгт хамааралгүй.

М-ийн цахим шуудан бичсэн асуудалд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй, энэ талаар үүрэг даалгавар аваагүй. Н-н даргын өгсөн үүргийн талаар М- танилцуулахад нь тэр дагуу нь цахим шуудан бичээрэй гэж хэлсэн. Уг цахим шуудан бичсэн асуудалд хяналт тавих хүн нь даалгавар өгсөн албан тушаалтан нь өөрөө байх ёстой.

Иймд урьд эрхэлж байсан буюу “Б” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Б” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд тус хуулиар онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан байдаг.

Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, зөрчил дутагдал гаргасан ажилтан, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудыг Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн.

Учир нь 2022 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд нүүрсний хулгайг эсэргүүцэх тодотголтой нүүрсний хулгайд оролцсон, холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлах шаардлага бүхий өргөн хүрээтэй, олон нийтийг хамарсан үргэлжилсэн жагсаал, цуглаан болсон. Сүхбаатарын төв талбайгаас 200 метрийн зайд байрлах “Б” ХК-н төв оффис болон ажилчдад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулах /эрт тараах/ цахим шууданг бүх ажилтнуудад хүргүүлэх чиглэлийг компанийн удирдах албан тушаалтан болох А-од өгсөн боловч удирдлагын хүсэл зоригийн эсрэгээр компанийн ажилтнуудад цалинтай чөлөө олгож, жагсаал цуглаанд уриалсан шинжтэй үүрэг даалгавар өгсөн мэтээр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчид үүрэг өгч, цахим шууданг илгээн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан.

Тэрхүү цахим шуудан нь олон нийтэд гадагш задарч, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Б” ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг уриалж ажилчдаа турхирчээ гэх мэдээ нийтлэгдсэн бөгөөд “Б” ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсний улмаас тус мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Онцгой дэглэм тогтоосон үед Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын сарын 26-ны өдрийн “Б” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ... шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх ... гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул ажлаас үндэслэлгүй халсан буюу хууль бус шийдвэр гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ыг “Б” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 69,187,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч А-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Б” ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Б” ХК-д онцгой дэглэм тогтоогдсон. Энэ нь Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан арга хэмжээ бөгөөд үүнийг ердийн компани, аж ахуйн нэгжийн өдөр тутмын харилцаанд үйлчлэх нийтлэг хөдөлмөрийн харилцаатай адилтган үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Компанийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд 1.7 их наядын мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон, 582 сая ам.долларын худалдан авагчдад өгөх өр төлбөртэй, мөн 450 сая ам.долларын урт хугацааны /бонд/-н өр төлбөртэй зэрэг санхүүгийн алдагдалтай, Монгол улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр /вальютын нөөцгүй/ байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд арилгах, сайжруулах шаардлагаар “Б” ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоосон.

4.2. Компанийн үйл ажиллагааг Засгийн газраас удирдан зохион байгуулж байх хугацаанд буюу онцгой дэглэм үйлчилж байхад 2022 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Нүүрсний хулгайг эсэргүүцэх” тодотголтой нүүрсний хулгайд оролцсон, холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлах шаардлага бүхий олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй жагсаал, цуглаан болсон. Энэхүү жагсаал, цуглаан нь 10 жилийн хугацаанд 40 их наядын нүүрсний хулгай буюу энэ хэмжээний боломжоо алдсан гэх асуудлаар “Б” ХК руу шууд чиглэсэн, Сүхбаатарын төв талбайгаас 200 метрийн зайд байрлах компанийн төв оффис руу чиглэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байсан.

Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ажилчдыг 1 цагийн өмнө тараах асуудал удирдлагын шуурхай хуралдаанд яригдаж, дэмжигдсэн бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Н-ны хувьд Хүний нөөц, сургалтын хэлтсийн хуульч М-тэй таарч ...талбай дээр болж буй жагсаал цуглаантай холбоотой ажилчдыг эрт тараах мэдээллийн төслийг бэлтгэж бай гээд А-од хэл ...  гэдэг үүрэг өгсөн. Хуульч М- нь тухайн үед Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байсан А-од энэ талаар танилцуулахад ... Н-ны өгсөн үүргийг биелүүл ... гэсэн чиглэлийг М-т өөрт нь даалгасан байдаг. Тэрээр А-оос өгсөн чиглэлийн дагуу жагсаал цуглаантай холбоотой цахим шууданг удирдлагын групп буюу “managment meeting” хаяг руу илгээсэн байдаг.

Ингэхдээ удирдлагаас өгсөн үүрэг чиглэл бус, жагсаал цуглаанд оролцох хүсэлтэй ажилтнуудад чөлөө олгож байгаа мэтээр талбай дээр болж буй жагсаал цуглаанд уриалсан шинжтэй, ноцтой цахим шууданг явуулсан. Улмаар уг цахим шуудан нь гадагш задарч, олон нийтийн цахим хэрэгслээр цацагдаж асуудал үүсгэсэн.

А-од Анунаас өгсөн үүрэг даалгавар танилцуулагдсан, уг үүргийг хэрэгжүүлэхийг хуульч М-т даалгасан атлаа Анун биечилж өгөөгүй, мэдээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх баримтуудыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй.

Ажилтнуудад буруу ойлголт төрүүлэх, ноцтой мэдээлэл хүргүүлсэн ажилтан болон үүрэг чиглэл өгсөн, хяналт тавин ажиллах чиг үүрэг бүхий Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэж байсан А-ыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч дээрх үйл явдалтай холбоотойгоор “... шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх” гэсэн хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн. Мөн А-ыг хөдөлмөрийн сахилгын болон ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлөөгүй болохыг шүүх анхаараагүй.

4.3. Анхан шатны шүүх хууль болоод түүний зорилго, агуулгыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай гэж үзэж “Б” ХК-д тусад нь онцгой дэглэм тогтоогдсон, энэ нь өөрөө бүхэлдээ нийтлэг эрх ашгийн төлөө хийгдэж байгаа хуулийн онцгой дэглэм тогтоож буй ач холбогдлыг үгүйсгэсэн. Зөвхөн тухайн шийдвэрлэх гэж буй асуудал нь иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхолд нийцсэн үед л нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийг хэрэглэхгүй мэтээр хуулийн зорилго, агуулгаас зөрүүтэйгээр хуулийг дэлгэрүүлж буруу тайлбарласан.

Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь “Ажилтныг томилж, чөлөөлөх” асуудлыг зохицуулсан тул онцгой дэглэм тогтоогдсон хугацаанд нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэхгүй.

Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “...бүх шатных нь удирдах ажилтныг томилох” гэснийг зөвхөн томилох эрхтэй гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд чөлөөлөх агуулга мөн багтсан.

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүгч шийдвэрээ танилцуулахдаа тушаалд үндэслэсэн хууль буюу Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруутгахгүй гэж тайлбарласан боловч бичгээр гарсан шүүхийн шийдвэрт тушаал бүхэлдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй гарсан мэтээр уншиж сонсгосноос зөрүүтэй дүгнэлт хийж бичигдсэн байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн өдөр М-тэй тааралдахад Н-н даргаас өгсөн үүрэг даалгаврын тухай надад хэлсэн. Үүний дараа н.Сауле гэх ажилтны цалинтай холбоотой асуудлаар Н-н даргатай уулзахад Н-н дарга М-ийн надад хэлсэн үүрэг даалгавар, цахим шуудангийн талаар дурдаагүй.

“Б” ХК-д онцгой нөхцөл байдал тогтооход бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийг авч ирсэн. Ирсэн удирдлагууд ажилтанд үүрэг даалгавар өгөхдөө тухайн ажилтны удирдах албан тушаалтанд хэлэхгүй байх тохиолдол байсан. Энэ тохиолдолд миний зүгээс ямар нэг зүйл лавлах, тодруулах үүрэг хүлээдэггүй байсан.

М- эрүүгийн цагдаад өгсөн мэдүүлэгтээ 15:00 цагаас өмнө яаралтай мэйл явуул гэсэн үүрэг даалгавар өгснөөс биш мэйлийн төслийг боловсруулж, А-, Н-нд хянуул гэсэн үүрэг даалгаврыг өгөөгүй, яаралтай явуул гэдэг үүрэг даалгаврыг дагуу гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байдаг. Компанийн дотоод мэйлийг дээд шатны удирдлагаар хянуулах шаардлага байдаггүй байсан. Бүрэн эрхт төлөөлөгчид хуулиар эрх олгогдсон ч өөрийн дур зоргоор ажилтныг чөлөөлөх эрхгүй.

5.2. Н-н дарга М-т амаар үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан нь эрүүгийн цагдаагийн нотлох баримтуудаар тогтоосон. Энэ үйл баримттай холбоотой ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуулиараа эрх зүйн онцгой дэглэм тогтоосон, бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар онцгой дэглэм тогтоосон. Энэ тушаалын 6.2 дэх хэсэгт онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллана, компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журам ердийн нөхцөлд дагаж мөрдөх ажил, амралтын горимд чанд мөрдөж ажиллах ба ажлын цагийн горимд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр өөрчлөлт оруулж болно гэсэн байна.

Н-н даргын М-т өгч байгаа үүрэг даалгаврыг хууль ёсны эсэх асуудал яригдах ёстой. Шуурхай удирдлагын хуралд бүрэн эрхт төлөөлөгч оролцоогүй тул ажлын цагийг эрт тараахаар удирдлагууд шийдвэр гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчид танилцуулаагүй өгсөн үүрэг даалгавар хууль бус юм.

Үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн М-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан. Хариуцагчийг хяналт тавьж ажиллаагүй гэж маргадаг боловч баримтгүй учир хуульд нийцэхгүй. Анхан шатны шүүх Засгийн газарт эрх олгох тухай хуулиар хариуцлага тооцох үндэслэлтэй байгаа хэдий ч зөрчил гаргаагүй байхад, өөрөө мэдэх боломжгүй үйл баримтад хариуцлага тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэг агуулга нь хуульд нийцэхгүй тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулах боломжтой.

Шийдвэрийн тогтоох хэсгийг шүүгч тайлбарлахдаа ажлаас халах тушаалын хувьд 1991 оны хуулиар эрх олгогдсон байна гэхдээ хариуцлагагүй хандсан гэдэг нь үүнд хамааралгүй, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт ороогүй, хариуцлагагүй хандсан үйл явдал нь тогтоогдохгүй үүнийг мэдэх боломжгүй гэж гэж тайлбарласанд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх хэрэгтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч А- нь “Б” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ахлах шинжээчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. А- нь “Б” ХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ахлах шинжээчээр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан /хх 75, 78-79/,

3.2. “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1427 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2 дахь заалтыг баримтлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Захиргаа, удирдлагын газрын шинжээч А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгосон зэрэг үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх 11/.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн маргаантай харилцаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т зааснаар Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Энэхүү эрхийг хамгаалах, ажил олгогч болон ажилтны хооронд үүсч буй хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлдог тул Монгол улсын хэмжээнд нийтлэг байдлаар үйлчилнэ.

 

4.2. Харин БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дэх заалтад улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгохоор заасан байна.

Энэхүү хуулийг хууль тогтоогчийн зүгээс хүчингүй болгоогүй, Үндсэн хуулийн цэцээс Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гараагүй буюу хүчин төгөлдөр үйлчилж  байна.

 

4.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Б” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, уг тогтоолын 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгажээ.

“Б” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын  Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дахь заалтын хүрээнд А-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байхаар заасан БНМАУ-ын  Засгийн газарт эрх олгох тухай хүрээнд хамаарч байна.

 

4.4. Ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж заасан нь хөдөлмөрийн харилцаанд бус харин хуулиар Засгийн газарт олгосон эрхийн хүрээнд онцгой дэглэм тогтоосон үед шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа гэж үзэхээр байна.

 

4.5. Иймд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

5. Харин шүүгчийн уншиж сонсгосон болон бичгээр гарсан шийдвэрийн агуулга зөрүүтэй гэх гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-д зааснаар хариуцагч “Б” ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Т.БАДРАХ