Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01468

 

 

Д.Бын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/01486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Эт холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда, өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч М.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралд гаргасан тайлбартаа: 2001 онд М.Этай танилцан 2003 онд гэр бүл болж, 2006.8.01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2003.5.28-ны өдөр том охин Э.М, 2008.3.12-ны өдөр хүү Э.М, 2011.05.29-ний өдөр хүү Э.Х нар төрсөн. М.Э 2014 оноос хойш хууль бус үйлдэл хийж, нэхэмжлэгчийг удаа дараа зодож, Ж.А гэдэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаанд орж, гэр бүлийн эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэх зэрэг хүчирхийлэл, шуналаас нь болж 2018.2.15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед М.Э нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгөө авч салсан. Нэхэмжлэгч 3 хүүхэдтэйгээ үлдэх нь хамгийн чухал байсан учир дээрх эд хөрөнгөөс огт булаацалдахгүйгээр эд хөрөнгийн асуудал дээр түүний хүссэнээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд эцэг нь өөрөө мэдээд өгнө гэж байсан тул тухайн үед шүүхээр тэтгэлэг тогтоолгохгүйгээр зөвхөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл тэр цагаас хойш М.Э хүүхдийн тэтгэлэг гэж 1 ч төгрөг төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Том охин Э.М орондоо шээдэг, хараа маш муу, зүрх өөрчлөлттэй зэргээс үүдэн түүний эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байна. М.Э хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөөр звлэрлийн гэрээ байгуулсан. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлддэг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлснөөр М.Эын хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. Том охин Э.Мын хувьд бол онцгой анхаарал, асрамж шаардлагатай хүүхэд. Гэр бүл цуцлах үеэр амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.10 дахь хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хэрэгцээт зүйлсээр хангах үүрэгтэй. Хэрэгцээт зүйл гэдэгт зөвхөн сургалтын төлбөр багтахгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг нь эцэг, эх хоёрт байдаг. Хуульд заасны дагуу охин Э.М, хүү Э.Х, Э.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2017.2.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталж, гэрлэлтийг цуцалж, 2003.5.28-ны өдөр төрсөн охин Э.М, 2008.3.12-ны өдөр төрсөн хүү Э.М, 2011.5.29-ний өдөр төрсөн хүү Э.Х нарыг эхийнх нь асрамжид үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Д.Б нь хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдруулж, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба сурган хүмүүжүүлэхийг, М.Э нь охин Э.М, хүү Э.М, хүү Э.Х нарыг ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуульд суралцах төлбөрийг ерөнхий боловсрол эзэмшиж сургуулиа төгсөх хүртэл нь хариуцахаар тохиролцсоныг шүүхээс баталгаажуулсан. Хариуцагч  дээрх шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж охин хүүхдүүдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд цаашид ч төлнө. Тухайлбал хүүхдүүдийн 2016-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, олон улсын манлайлал, Кембрижийн хөтөлбөрийн төлбөр, сургуулийн автобус, хоолны төлбөр зэрэгт нийт 40 397 570 төгрөгийг Монгол билиг Оюун сургууль, цэцэрлэгийн цогцолбор сургуульд хугацаанд нь төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасан шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг дахин нотлохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Төгсбилэгт овогтой Мянганбуугийн Эт холбогдох, Э М, Э.М, Э.Х нарт тэтгэлэг тогтоолгох тухай Даатуу овогтой Дашчирэвийн Бын  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70 200 төгрөгийг орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоох, гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй. Харин тус шүүхийн 2019.03.11-ний өдрийн шийдвэрээр хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг процессийн алдаа гаргасан гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ны өдрийн 183/ШШ2019/01486 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоох, гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхийн 2019.03.11-ний өдрийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоох, гаргуулах тухай нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэснээр энэ талаар үйл баримт өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй болох нь нотлогдож байна. Гэтэл шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Зохигчдын гэрлэлт цуцлуулах талаарх эвлэрлийн гэрээнд хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар эвлэрч байгааг тусгасан, харин гэрээнд хүүхдийн тэтгэлэг тогтоох, гаргуулах тухай тохиролцоогүй, энэ талаар эвлэрээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчид гэрлэлтээ цуцлуулж эвлэрлийн гэрээ байгуулахдаа хүүхдийн тэтгэлгийн асуудлыг орхигдуулсан байсан. Гэтэл шүүхээс хүүхдийн тэтгэлгийн асуудал эцэслэн шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг жич нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгчид олгоогүй нь хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг эвийн журмаар тохиролцсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эвлэрлийн гэрээнд хүүхдийн тэтгэлгийн талаар маргахгүй гэж тохиролцсон байдлыг “тухай асуудлаар цаашид маргахгүй” гэж ойлгон дүгнэсэн нь буруу юм. Дээрх тохиролцоо нь хүүхдийн тэтгэлгийг төлөх эсэх талаар маргалгүйгээр төлнө гэж тайлбарлаж болохоор байсан. Дээрхи үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэгч тал хүүхдийн тэтгэлгийн асуудлаар хариуцагчтай аливаа маргаангүйгээр шийдвэрлэсэн гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргах шаардлагагүй байсан. Гэтэл түүнийг давж заалдах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн тэтгэлгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Зохигчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь үнэн. Харин ийнхүү эвлэрэхдээ чухам аль хөрөнгийг хүүхдийн тэтгэлэгт зориулан шилжүүлж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд энэ тухай агуулга эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэрт байдаггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Эт холбогдуулж хүүхдийн тэтгэлэгт гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “дээрх үйл баримтын талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж маргажээ. /хх 1-2, 24, 49/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр Д.Б, М.Э нарын гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эхийн асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-15-17/

Дээрх шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээний 2.1 дэх хэсэгт “гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүд болох охин Э.М, хүү Э.М, хүү Э.Х нарыг эх Д.Бын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэмжийн талаар талууд маргахгүй болно” гэж тусгажээ. /хх 9-10/

 

2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Э.М, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн  Э.М, 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Х нарын эцэг нь хариуцагч мөн бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна. /хх-6-8/ Хариуцагч хүүхдүүдийн сургалтын төлбөрт 2016-2019 онуудад 40 397 570 төгрөгийг Монгол билиг оюун сургуульд төлсөн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. /хх-52/ Мөн охин Э.М эмчилгээ хийлгэдэг гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

Талууд гэрлэлт цуцлах үед эвлэрлийн гэрээг байгуулахдаа хүүхдийн тэтгэлгийн асуудлаар маргаангүй байсан нь цаашид хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тогтоолгох асуудлаар маргах эрхийг хязгаарлахгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хүлээх бөгөөд мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд уг үүрэг хэвээр үлдэх юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1-д 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж тус тус заасны дагуу хариуцагчаар хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэдийгээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болохоор заасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр энэ тухай тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна./хх 9-10/

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Мөн-Оргилыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Мыг 18 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг М.Эаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/01486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар 29-ний өдөр төрсөн хүү Э.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Мөн-Оргилыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Мыг 18 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг М.Эаар тэжээн тэтгүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД