Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1486

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2019/01486                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бын /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эт /РД: / холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Баасанбат, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд Э танилцан 2003 онд гэр бүл болж, 2006 оны 8 сарын 01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 оны 5 сарын 28-ны өдөр том охин Э.Мөнхзул, 2008 оны 3 сарын 12-ны өдөр хүү Э.Мөнх-Оргил, 2011 оны 5 сарын 29-ний өдөр хүү Э.Хабул нар төрсөн. М.Энхшатар 2014 оноос хойш хууль бус үйлдэл хийж, намайг удаа дараа зодож, Ж.Аззаяа гэдэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаанд орж, бидний гэр бүлийн эд хөрөнгийг надаас салах зорилгоор бусдын нэр дээр шилжүүлэх зэрэг хүчирхийлэл, шуналаас нь болж бид 2018 оны 2 сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед Э нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгөө надаас болон 3 хүүхдээсээ авч салсан. Миний хувьд 3 хүүхэдтэйгээ үлдэх нь хамгийн чухал байсан учир дээрх эд хөрөнгөөс огт булаацалдахгүйгээр эд хөрөнгийн асуудал дээр түүний хүссэнээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд эцэг нь өөрөө мэдээд өгнө гэж байсан тул тухайн үед шүүхээр тэтгэлэг тогтоолгохгүйгээр зөвхөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл тэр цагаас хойш Э хүүхдийн тэтгэлэг гэж 1 ч төгрөг төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Том охин Э.Мөнхзул орондоо шээдэг, хараа маш муу, зүрх өөрчлөлттэй зэргээс үүдэн түүний эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байна. Э хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлддэг. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлснөөр Э хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. Хүүхэд сурахаас гадна өмсөж зүүх, хоол унд гээд хэрэгцээтэй зүйлс их. Том охин Э.Мөнхзулын хувьд бол онцгой анхаарал, асрамж шаардлагатай хүүхэд. Гэр бүл цуцлах үеэр амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.10 дахь хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хэрэгцээт зүйлсээр хангах үүрэгтэй. Хэрэгцээт зүйл гэдэгт зөвхөн сургалтын төлбөр багтахгүй.  Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэг нь эцэг, эх хоёрт байдаг. Тиймээс гэрээгээр Б тэжээн тэтгэх үүрэг хүлээсэн тул би хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдсөн гэж ойлгосон нь буруу тул хуульд заасны дагуу охин Э.Мөнхзул, хүү Э.Хабул, Э.Мөнх-Оргил нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 2 сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталж, бидний гэрлэлтийг цуцалж, 2003 оны 5 сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Мөнхзул, 2008 оны 3 сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Мөнх-Оргил, 2011 оны 5 сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Хабул нарыг эхийнх нь асрамжид үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Б нь хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдруулж, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба сурган хүмүүжүүлэхийг, Э нь охин Э.Мөнхзул, хүү Э.Мөнх-Оргил, хүү Э.Хабул нарыг ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуульд суралцах төлбөрийг ерөнхий боловсрол эзэмшиж сургуулиа төгсөх хүртэл нь хариуцахаар тохиролцсоныг шүүхээс баталгаажуулсан. Миний зүгээс дээрх шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж охин хүүхдүүдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа бөгөөд цаашид ч төлнө. Тухайлбал хүүхдүүдийн 2016-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, олон улсын манлайлал, Кембрижийн хөтөлбөрийн төлбөр, сургуулийн автобус, хоолны төлбөр зэрэгт нийт 40,397,570 төгрөгийг Монгол билиг Оюун сургууль, цэцэрлэгийн цогцолбор сургуульд хугацаанд нь төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасан шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг дахин нотлохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Бямбацогзол нь Э холбогдуулан 3 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 4 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгөө авч салсан, шүүхээр тэтгэлэг тогтоолгоогүй, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн, одоо хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа, том охины эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь тус шүүхийн шийдвэрээр эх нь хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргийг хүлээж эвлэрсэн, шийдвэрлэсэн асуудлыг дахин нотлохгүй гэж маргалаа.

 

Шүүх гэрлэлт цуцлуулах тухай маргааныг хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй юм.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эхийн асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж шийдвэрлэсэн байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хүлээх үүргийг заасан ба энэхүү зохицуулалтын хүрээнд хүүхдүүдийг эрүүл аюулгүй амьдруулж, асран хамгаалах, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргийг Б, хүүхдүүдийн ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуульд суралцах төлбөрийг ерөнхий боловсрол эзэмшиж сургуулиа төгсөх хүртэл төлөх үүргийг М.Энхшатар хүлээснийг дээрх шийдвэрийн 3 дахь заалтаар даалгажээ.

 

Тухайн тохиолдолд Эвлэрлийн гэрээний 2 дахь заалт буюу хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудлаар эвлэрэхдээ хүүхдүүдийн асрамжийг эхэд үлдээж, хүүхдийн тэтгэлгийн талаар маргахгүй гэж тохиролцсон болох нь эвлэрлийн гэрээ, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлуулах тухай хэрэгт хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаархи асуудлуудыг эвийн журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг Б-ыг жич нэхэмжлэлээр гарган шийдвэрлүүлэх талаар заагаагүйгээс дүгнэхэд тухайн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдүүдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар тохиролцож болно гэж заасан ба ийнхүү эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар шүүх тэтгэлгийг тогтоохоор заажээ.

    

Гэрлэгчид нь дээрх асуудлаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан шаардлага буюу хүүхдийн тэтгэлгийг шүүхээс тогтоох үүрэгтэй ба дээрх шийдвэрт хүүхдийн тэтгэлгийн асуудлаар эвлэрээгүй бол нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй үндэслэлээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрэрээр тогтмол хугацааны туршид олгож, хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой гэж тайлбарлаж байгааг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

 

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т тэтгэлгийг хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар тогтоож болохоор заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул      Эт холбогдох, 3 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох тухай Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь охин Э.Мөнхзулын эмчилгээ, асаргааны нэмэлт зардал гаргуулах шаардлагаасаа татгалзсан талаар хүсэлт гаргасан байх боловч үнийн дүнг тодорхойлоогүй байгааг шаардлага гаргасан гэж үзэхгүй тул шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас нэмэлт зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 41 дүгээр зүйлийн 41.3  дахь хэсэгт зааснаар Төгсбилэгт овогтой Эт /РД: / холбогдох, Э.Мөнхзул, Э.Мөнх-Оргил, Э.Хабул нарт тэтгэлэг тогтоолгох тухай Даатуу овогтой Бын /РД: / нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70,200 төгрөгийг орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Б нь Э-ээс охин Э.Мөнхзулын эмчилгээ, асаргааны нэмэлт зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ