Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/02532

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/02532

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах, ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* таван толгой ХК-ийн захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс ******* тавантолгой ХК-ийн Захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. ******* тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №Б/1442 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халж намайг хохироосонд гомдолтой байна.

Дээрх тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр миний бие гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, ******* тавантолгой ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж гомдол гаргасан боловч ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй... гэж бичин хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхэд хандан дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

******* тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №Б/1442 тоот тушаалын үндэслэх хэсэгт: Монгол Улсын Засгийн газарт Эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэжээ.

Би уг тушаалыг Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд дараах үндэслэлээр нийцэхгүй шийдвэр гэж үзэж байгаа болно. Үүнд:

Тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Гэтэл ийм хуулийг би Төрийн мэдээлэл сэтгүүл болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/ сайтаас хайгаад олсонгүй.

Харин БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль гэж 1991-01-14-нд БНМАУ-ын Бага Хурлаас баталсан байх бөгөөд энэ хуульд БНМАУ-ын гэдгийг Монгол Улсын болгож өөрчлөлт оруулсан заалт байхгүй байна. Тэгсэн тэрийг нь Монгол Улсын гэж дураараа өөрчилж, байхгүй хуулиар намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Мөн уг хуульд 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалт ч алга. Харин уг хуулийн үйлчлэлд намайг хамруулж ажлаас халахдаа уг хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг ажил олгогч хэрэглэсэн гэж үзвэл: уг хуульд зааснаар Засгийн газраас ******* тавантолгой ХК-д тогтоосон эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхыг шаарджээ. Гэтэл 1992 оноос эхлэн шинэ Үндсэн хуулийн дагуу Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласантай ******* тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл болгосон 1991 оны хууль нийцээгүй учраас хууль бусаар намайг ажлаас халсан гэж үзэх үндэслэл болж байна.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991-01-04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтын үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны нь удирдах ажилтныг томилох гэснийг хэрэгжүүлж намайг халсан гэж үзэхэд: уг заалтын бүх шатных нь удирдах ажилтан гэдэгт миний эрхэлж байсан албан тушаал хамаарах үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие тус компанийн Захиргаа удирдлагын газарт харьяалагдах нэг нэгж болох архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд нэгжийн удирдах ажилтан нь уг заалтанд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бөөсөнд хутга гэгчээр хуулийн заалтыг хэт өргөжүүлэн, хавтгайруулан хэрэгжүүлж, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах үндсэн эрхэд бүдүүлгээр халдсанд мөн гомдолтой байна.

Тушаалын 1 дүгээр заалтад Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог. Мөн орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгодог.

Гэтэл дээрх нөхцөл байдал бодиттойгоор бий болоогүй байхад ...урьдчилсан байдлаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ажлаас халах нь... байж болохгүй үйлдэл гэж үзэж байна.

Ажил олгогч нь хэрвээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө ажилтан надад мэдэгдэх үүрэгтэй байсан боловч огт мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсанд гомдолтой байна.

Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, ******* тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №Б/1442 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, Д.******* намайг ******* тавантолгой ХК-ийн Захиргаа удирдлагын газрын архив бичиг хэргийн эрхлэгчээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж өгнө үү.

Мөн ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор гарах үр дагаврыг ажил олгогч арилгах ёстой тул ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлж өгөхийг хүсье.

Цалин 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацааны цалин буюу 10 сар 3 хоногийн цалин 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд, Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Д.******* нь тус компанид анх 2018 оны Б/95 дугаар тушаалаар Захиргааны хэлтэст Гүйцэтгэх захирлын туслах, референтийн албан тушаалд томилогдож, 2020 оны 7 дугаар сараас Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/702 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон. Түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар:

-Архивын үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах,

-Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагааг хариуцах, хяналт тавих,

-Компанийн түүхчилсэн лавлахын баяжилтыг хариуцах, хяналт тавих,

-Компанийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулах, батлах, мөрдөн ажиллах үйл ажиллагаанд хяналт тавих,

-ББНШК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалтыг хариуцах,

-Архивын дүрэм журмыг ажилтнуудад мөрдүүлэх, дүрэм журмыг шинэчлэх ажлыг хариуцах,

-Холбогдох ажлын хэсэг, үнэлгээний хороонд ажиллах,

-ЕКР систем дэх баримт бичгийн удирдлагын дэд системийг хөтлөн ажиллуулах,

-Хариуцсан нэгжийн эрхлэх ажлын хүрээнд эрсдэлийг тодорхойлох,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон бусад компанийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллах зорилтын хүрээнд ажилладаг байсан.

Захиргаа удирдлагын газарт Захиргааны хэлтсийн Архивын ахлах мэргэжилтэн, Бичиг хэргийн мэргэжилтэн ажилладаг бөгөөд Д.*******гийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Архивын ахлах мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай ба Архивын ахлах мэргэжилтэн, Бичиг хэргийн мэргэжилтэн нарыг шууд харьяалан удирдах албан тушаалтан биш, Д.*******гийн хэрэгжүүлсэн ажлыг тодорхойлох ямар нэгэн баримтгүй, гүйцэтгэсэн ажлын талаарх тайланг нэг ч удаа гаргаж өгч байгаагүй бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээг давхар хэрэгжүүлж буй Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь архив, бичиг хэргийн асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн байхад тусдаа Архив, бичиг хэргийн эрхлэгч шаардлагагүй гэж үзсэн тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1442 дугаар тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Д.*******г Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог хасаж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3.Нэхэмжлэгчээс ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний Б/1442 дугаар тушаал, хавсралт, ******* таван толгой ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023.02.15-ны Т-23/13 дугаар тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.03.15-ны 23 дугаар тэмдэглэл гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.05.03-ны өдрийн 01/690 дугаар итгэмжлэл, 2023.05.22-ны хариу тайлбар, хуулийн этгээдийн гэрчилгээ, ******* таван толгой ХК-ийн дүрэм, ******* таван толгой ХК-ийн 2022.03.16-ны өдрийн А/124 дугаартай тушаал, хавсралт, Хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоол, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.25-ны А/288 дугаар тушаал, хавсралт, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.04.05-ны Б/95 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.07.28-ны өдрийн Б/701 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.07.28-ны Б/702 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.07.09-ний Б/368 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.07.09-ний өдрийн Б/369 дүгээр тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.07.07-ны Б/644 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.07.07-ны өдрийн Б/645 дугаар тушаал, ******* таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1442 дугаар тушаал, 2022.03.16-ны №G/2022/0066 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт, Д.*******гийн цалингийн лавлагаа, архивын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, бичиг хэргийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2023.09.06-ны 06/14033 дугаар албан бичиг гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх журмаар бүрдүүлсэн ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой эрх төлөөлөгчийн 2023.02.15-ны өдрийн А/61 дугаартай тушаалыг шүүх бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь ******* тавантолгой ХК-д холбогдуулан ******* тавантолгой ХК-ийн захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Төрийн мэдээлэл сэтгүүл болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/ сайтаас хайгаад олсонгүй.

Харин БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль байх бөгөөд энэ хуульд БНМАУ-ын гэдгийг Монгол Улсын болгож өөрчлөлт оруулсан заалт байхгүй байна. Мөн уг хуульд 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалт ч алга.

Үндсэн хуулийн тунхагласантай ******* тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл болгосон 1991 оны хууль нийцээгүй учраас хууль бусаар намайг ажлаас халсан гэж үзэх үндэслэл болж байна.

үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны нь удирдах ажилтныг томилох гэснийг хэрэгжүүлж намайг халсан гэж үзэхэд: уг заалтын бүх шатных нь удирдах ажилтан гэдэгт миний эрхэлж байсан албан тушаал хамаарах үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргаа удирдлагын газарт харьяалагдах нэг нэгж болох архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд нэгжийн удирдах ажилтан нь уг заалтанд хамаарахгүй гэж үзэж байна.

Тушаалын 1 дүгээр заалтад Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх гэжээ.

Гэтэл дээрх нөхцөл байдал бодиттойгоор бий болоогүй байхад ...урьдчилсан байдлаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ажлаас халах нь... байж болохгүй үйлдэл гэж үзэж байна.

Ажил олгогч нь хэрвээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө ажилтан надад мэдэгдэх үүрэгтэй байсан боловч огт мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас халсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...Д.*******гийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Архивын ахлах мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай ба Архивын ахлах мэргэжилтэн, Бичиг хэргийн мэргэжилтэн нарыг шууд харьяалан удирдах албан тушаалтан биш.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь архив, бичиг хэргийн асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн болон мэргэжилтэн байхад тусдаа Архив, бичиг хэргийн эрхлэгч шаардлагагүй гэж үзсэн тул 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1442 дугаар тушаалаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Д.*******г Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог хасаж шийдвэрлэсэн гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр томилогдон ажиллаж байгаад ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1442 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Д.*******г үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

******* ******* ХК-ийн захирал /Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч/-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1442 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч *******гийн *******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэж дурджээ.

 

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай ******* ******* ХК-ийн талаар авах арга хэмжээний тогтоолоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгажээ.

 

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1/-д үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох,

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2-т ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай, 3-т Онцгой дэглэмийн хугацаанд ******* ******* ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай, 3.1-т Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад, 3.2-т Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,

 

Ажил олгогч ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл болсон дээрх хууль болон тогтоол нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн үед үүссэн шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байх агуулгыг илэрхийлж байна.

 

Хэрэгт авагдсан ******* тавантолгой ХК-ийн Захиргаа удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон архивын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор дээрх 2 ажлын байрны чиг үүрэг хоорондоо давхцаж байх бөгөөд хариуцагчийн талын энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатын удирдах ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.*******г ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч талаас тушаал гаргасны дараа бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн нь үндэслэлгүй гэх боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл нь компанийн зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар гэсэн байх тул ажлаас чөлөөлөхөөс өмнө бүтэц, орон тоог шинэчлэх байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай гэж хууль байхгүй, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалт байхгүй, 1991 оны хууль нийцээгүй учраас хууль бусаар ажлаас халсан, бүх шатны удирдах ажилтан, Үндсэн хуульд нийцээгүй, эхлээд Хөдөлмөрийн тухай хууль, дараа нь бусад хуулийг баримтлах байсан гэх мэт агуулга бүхий тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй байна. Учир нь, дээрх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг хуулиар шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй, онцгой дэглэм тогтоож, хяналтдаа авах эрхийг Засгийн газарт олгосон, үүний дагуу Бүрэн эрхт төлөөлөгч томилсон, тэрээр өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд тушаал, шийдвэр гаргасан байна гэж дүгнэв.

Иймд ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.*******гийн ******* тавантолгой ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хариуцагч ******* таван толгой ХК-д холбогдох ******* таван толгой ХК-ийн захиргаа удирдлагын газарт архив бичиг хэргийн эрхлэгчээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС