Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 110/2017/0018/з |
Дугаар | 221/МА2017/0470 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0470
М.Нуржаны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Нуржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Нуржаныг тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1980486 /нэг сая есөн зуун наян мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.Нуржаныг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар орон тоо хасаж, бүтцийн өөрчлөлт оруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлсөн.
М.Нуржаныг Улсын Их Хурлаас баталсан 2017 оны орон тоо бүтэц, цалингийн санд багтааж орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон.
2017 оны орон тоо, бүтцийг батлахдаа төрийн захиргааны албан хаагчийг араваар баталсан тул төсөв цалингийн зардал хүрэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад удаа дараа мэдэгдсэн боловч, төсвийн тухай хуулийн дагуу орон тоо цалингийн сантай багтаан ажиллахыг манай байгууллагад өгсөн үүрэг чиглэлийг баримталсан.
Тухайн мэргэжилтний ажил үүрэг нь бусад мэргэжилтнүүдийн ажил албан тушаалд нь давхцаж байгаа тул давхардлыг арилган бусад мэргэжилтнүүдэд хувиарлан өгсөн. Нэгэнт төсөв хөрөнгө нь батлагдаагүй байхад цалин олгох боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох ажиллагааг явуулж, мэргэжилтэн М.Нуржанд 2016 оны 12 дугаар сарын эхэнд мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн.
М.Нуржаныг ажлаас чөлөөлөхөөс өмнө тус байгууллагын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид лаборантаар ажлуулах тухай санал болгосон. М.Нуржан өөрөө уг албан тушаалд ажиллахаас татгалзсан.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар М.Нуржанд ажлын хариуцлага алдсан тухай арга хэмжээ авагдаж, 2 сарын цалинг 20 хувиар бууруулсан.
М.Нуржаныг үүрэгт ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хэвээр нь баталж өгнө үү. Нэгэнт төсөв хөрөнгө нь батлагдаагүй байхад цалин олгох боломжгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч М.Нуржан нь “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаад эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргажээ.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” гэснээс үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах эрх Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргад олгогдсон байна.
Дээрх хуульд зааснаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалт бүтэц, орон тоог батлах тухай” Б/65 дугаар тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалын хавсралтаар “Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудаас бусад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц орон тоог 18 орон тоотой байхаар, түүн дотор “зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтэн 1 орон тоотой” байхаар тогтоосон.
Улмаар дээрх тушаалыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Нуржаныг тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн “орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилжээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, уг байгууллагын албан тушаалын орон тоо нь хасагдсан гэх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ... нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэл бий болоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ... нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн “орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний ажил, албан тушаалаас нь нэхэмжлэгч М.Нуржаныг чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаал үндэслэлгүй юм.
Учир нь аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, албан тушаалын орон тооны жагсаалтыг нэмсэн, хассан шийдвэрийг эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргаагүй, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах” Б/65 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаярын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/182 тоот албан бичгээр нотлогдож байгаа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, албан тушаалын орон тоог баталж, орон тоог хассан, бүтэц өөрчилсөн тухай тушаал, шийдвэрийг гаргаагүй байхад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад “байгууллагын орон тоог цомхотгох, тийм үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх” эрхгүй.
Тиймээс шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг хариуцагч зөрчиж, нэхэмжлэгч М.Нуржаныг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Нуржаныг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл байхгүй байхад түүнийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч гаргасан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “аймгийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байгаа.
Эдгээр дүгнэлт болон хэргийн үйл баримтаар “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтэн”-ийн ажил, албан тушаалаас М.Нуржаныг чөлөөлсөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
Тиймээс “Улсын Их Хурлаас 2017 оны тус байгууллагын төсөвт Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн санг 10 орон тоогоор баталсан” гэж, мөн “Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын бүх ажилтанд 2017 оны байгууллагын батлагдсан төсвийг танилцуулсан ба 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй дүгнэлт авсан төрийн албан хаагчийг 2 орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн” гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР