Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 117

 

Д.А, А.Х нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:      Х.Батсүрэн

Д.Мөнхтуяа

                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК-д, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Д.Б, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын иргэн Д.А, А.Х нарт холбогдох хэсгийн гуравдагч этгээд “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0073 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: нарын өмгөөлөгч Б.А, А.М,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээд: Д.Б, “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.М нар,

Гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Р” ХХК, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхцсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоох иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан иргэн Д.А, А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0073 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхан шатны шүүхэд А.Насандэлгэр шүүгчид хуваарилагдсан. Хуваарилагдсан шүүгч ээлжийн амралттай байсан тул 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Л.Батбаатарт шилжсэн. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан. Энэ үед А.Насандэлгэр шүүгч ээлжийн амралтын хугацаа дууссан ажилдаа орсон байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон. Уг захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг даргалагчаар А.Насандэлгэр, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг томилсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар захирамж нь гарсан.

5. Ийнхүү хэрэгт авагдсан шүүхийн баримт бичгээс үзэхэд хууль бус бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх бүрэлдэхүүнийг томилсон хүчин төгөлдөр захирамж хэрэгт авагдсан байтал ямар үндэслэлээр хууль бус бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж буй нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл хэргийг буцаан шилжүүлсэн тогтоол хэрэгт авагдаагүйг хууль бус бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн байх боловч энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхөөргүй процессийн алдаа байна.

7. Нөгөөтэйгүүр шүүгчийн туслахын буруутай ажиллагаанаас болж хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй юм. Тус хэрэг нь 2015 оны 7 дугаар сард үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй хэрэг бөгөөд энэ хугацаанд нэг удаа Улсын Дээд шүүхээс буцсан юм. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй тул тус газарт ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийж, төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байх зэргээр манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирж байгаа болно. Түүнчлэн энэ хугацаанд нилээдгүй хэмжээний газрын төлбөрийг төлсөн.

8. Анхан шатны шүүх хэргийг хуульд заасан журмаар явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийг үндэслэлтэй үнэн зөв дүгнэж шийдвэрлэсэн болно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0073 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. Тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0247 дугаар магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хэрэг хуваарилах журмын дагуу /2018 оны Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлтийг шүүгчид хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам/ шүүгч А.Насандэлгэрт хуваарилжээ.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 707 дугаар тогтоолоор А.Насандэлгэр шүүгч ээлжийн амралтаа авч байгаа гэсэн үндэслэлээр уг хэргийг шүүгч Л.Батбаатарт шилжүүлсэн, мөн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг томилсны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн байна.

12. Хэдийгээр хэргийг Л.Батбаатар шүүгчээс А.Насандэлгэр шүүгчид шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй процедурын алдаа байгаа боловч уг хэрэг нь анхнаасаа А.Насандэлгэр шүүгчид хуваарилагдсан /хэргийг хяналтын шатны шүүхээс буцаах үед/, шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид заасан нэр бүхий шүүгч нар /А.Насандэлгэр, У.Бадамсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ/ хэргийг хянан шийдвэрлэснээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т заасан “хуваарийн дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй” гэж үзэх үндэслэлгүй, иймээс мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн” гэж үзэхээргүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн;” гэдэгт шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа буюу дутуу бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн, хуваарийн дагуу томилогдоогүй, эсхүл шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид нэр нь заагдаагүй шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүн таслах эрх олгогдоогүй, эрх нь дуусгавар болсон юмуу түдгэлзсэн хүнийг шүүгчээр оролцуулсан зэргийг ойлгоно.

14. Иймээс гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

15. Харин давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

16. Дээр дурдсанаар гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх...” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0073 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ