Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/02877

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................. тоотод оршин суух, С.М /Регистрийн дугаар: .........../,

Нэхэмжлэгч: ............................... тоотод оршин суух, Д.Э /Регистрийн дугаар:.................../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................................... байрлах, К.Б ХХК /Регистрийн дугаар: 2677377/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 3.3, 7.1.5 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус гэрээний 3.1.3-т заасан “жилийн 6 хувь”-ийн хүүгээр тооцохыг даалгах, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг даалгах,  2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч Д.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.М нь К.Б ХХК-д холбогдуулан гэрээний талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3, 7.1.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний 3.1.3-т заасан “жилийн 6 хувь” -ийн хүүгээр тооцохыг, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг даалгах, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

С.М миний бие 2003 онд К.Бинд нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2007-2012 оны хооронд “Сандэй” тооцооны төвийн эрхлэгчээр, 2012-2022 оны хооронд “Их дэлгүүр” салбарын захирлаар тус тус томилогдон ажилласан. Нийтдээ 19 гаруй жилийн хугацаанд К.Бинд ажиллаж хөдөлмөрлөж ирсэн бөгөөд энэ хугацаанд өөрийн бүхий л хичээл зүтгэл, ур чадвараа дайчлан ажиллаж байсан. 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “өөрийн хүсэлтээр” ажлаас чөлөөлөгдсөн.

Ажиллаж байх үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр К.Бтай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 148.800.000 төгрөгийг, 6 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зорилгоор авсан болно. Зээлийн сар бүрийн эргэн төлөлт тэнцүү хэмжээтэй байхаар тохирсон ба нэг сарын эргэн төлөлт 1.065.728 төгрөг (2 хувааж төлдөг) байхаар гэрээнд тусгасан болно. Зээлийн гэрээний үүргээ миний бие нэг удаа ч зөрчиж байгаагүй, өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлсээр байна.

Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн дансанд 11.863.567 төгрөгийн төлөгдөөгүй зээл, хүүний өрийг К.Бнаас гэнэтийн байдлаар үүсгэсэн болно. Энэ учир явдлын талаар К.Бнаас тодруулахад “гэрээний заалтын дагуу миний зээлийн хүүг энгийн нөхцөлд шилжүүлсэн” гэх ерөнхий бөгөөд тодорхойгүй хариу өгсөн. Үүний хариуд шилжүүлсэн талаар яагаад урьдчилж мэдэгдээгүй, мөн шилжүүлсэн шийдвэрийг үзэх талаар санал хүсэлтээ тавьсан боловч хариу өгөөгүй. Зээлийн дансны хуулганаас сар бүр төлвөл зохих нийт төлбөр 1.065.728 төгрөг байсан ба 2022 оны 9 дүгээр сараас хойш сарын нийт төлөлт 2.061.843 төгрөг болж өөрчлөгдөөд байна.

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч болон Капитоон банк хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар, болсон бөгөөд Банкнаас зээлийг тухайн үеийн хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгчийг ажлаас чөлөөлөх тухай К.Бны Гуйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.1.3. 3.1.4-т заагдсан зээлийн хүү, нэмэгдуулсэн хүүг дараах нөхцөл рүү шилжүүлэн тооцно. Үүнд: 3.3.1. Зээлийн хүү: Тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү” гэж заасан. Энэхүү заалтыг үндэслэн миний авсан зээлийн хүүг К.Бнаас нэмсэн. Мөн гэрээний 7.1.5-т “Зээлдэгч болон Банк хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гуйцэтгэгчээс зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах, ийнхүү төлөөгүй тохиолдолд Банкнаас энэхүү гэрээний нөхцөлийг тухайн уеийн орон сууцны энгийн нөхцөл рүү шилжүүлэх шийдвэр гаргах. гэрээнд заасан дагуү хөнгөлөлттэй нөхцөлийг энгийн нөхцөлд шилжүүлэх” гэж тусгасан байна.

Энэхүү гэрээний заалт Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх заалт, 196 дугаар зүйлийн 196.1.2 дах заалтад заасан шаардлагыг зөрчсөн. Зээлийн гэрээний гол нөхцөлийн нэг “зээлийн хүү” байдаг. Зээлийг хүүтэй олгох тохиолдолд гэрээг гагцхүү бичгээр хийхээр заасан. Хүүний хувь, хэмжээний талаар мөн бичгээр байгуулах гэрээнд тодорхой, ойлгомжтой тусгаснаар хүү шаардах эрх зээлдүүлэгчид үүсдэг. Гэтэл гэрээний 3.3 дах заалтаар бичгээр гэрээ байгуулахгүйгээр ирээдүйд бий болох хүүнд автоматаар шилжүүлэх эрхийг зээлдүүлэгч талд олгосон байх тул хуулийн шаардлагад нийцэхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Орон сууцны зээлийн гэрээний 7.1.5 дах заалт, 3.3 дах заалттай ижил агуулгатай байх тул мөн хууль зөрчсөн хэлцэлд хамаарна.

Зээлийн гэрээний 14.5-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар заасан байх ба гэрээний талууд гагцхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр гэрээ байгуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж болох талаар заажээ. Гэтэл К.Б бичгийн гэрээ байгуулахгүйгээр зээлийн гэрээний гол нөхцөлийг нэг талын санаачлагаар өөрчилсөн нь зүй ёсонд нийцэхгүй байна.

Миний сард төлөх зээлийн төлбөрийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн, мөн өмнөх хугацааны зөрүү хүүг нэмж хуримтлуулан 11.863.567 төгрөгийн өр төлбөртэй мэтээр харагдуулсан, хүүгийн хэмжээг ойролцоогоор 3 дахин нэмэгдүүлсэн зэргээс дүгнэн үзвэл гэрээний нөгөө талдаа илт хохиролтой бөгөөд шударга ёсны зарчимд харш гэрээний стандарт нөхцөлийг зээлийн гэрээнд тусгасан гэж үзэхээр байна. Иймээс Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу гэрээний стандарт нөхцөл болох эдгээр заалтууд нь хүчин төгөлдөр бус болно.

Зээл Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ангилал үүсч, анхаарал хандуулах шаардлагатай” зээлийн ангилалд шилжсэн байна. Цаашид үргэлжилсэн нөхцөлд зээлийн ангилал нь муу зээл хүртэл ангилагдах сөрөг үр дагавар үүсэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу 2020 оны 5 дүгээр сарын 27-ны өдөр “К.Б ХХК-тай байгуулсан 20/05 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 3.3 болон 7.1.5 дах заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус заалтуудын үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний 3.1.3-т заасан "жилийн 6 хувь”-ийн хүүгээр тооцохыг, мөн зээл, хүүний тооцоололд “жилийн 6 хувь” хүүгээр бодож залруулга хийхийг К.Бинд даалгаж өгнө үү.

 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр К.Бны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурал хуралдаж 22/15 дугаар шийдвэр гаргажээ. Шийдвэрт: “гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас өөрийн хусэлтээр чөлөөлөгдсөн С.Мын ажилтны орон сууцны зээлийн хүүг иргэдийн нийтийн орон сууцны зээлийн хүү рүү шилжүүлэх, зээлийн шилжих хүү 18 хувь” гэж тусгаж түүний дагуу гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ.

Тус дэд хорооны шийдвэр, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нар болох С.М, Д.Э нарт мэдэгдэж, харилцан тохиролцож гарын үсэг зуруулалгүйгээр нэг талын санаачилгаар өөрчилсөн.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хулээнэ. ” 451.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, гэж заасан. Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “К.Б ХХК болон С.М, Д.Э нарын хооронд байгуулсан 20/05 тоот Орон сууцны зээлийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5-д "Аль нэг тал гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан саналаа нөгөө талдаа тавьж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг гагцхүү талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөрт тооцогдоно. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг байна” гэж тохиролцжээ.

Иймд “К.Б" ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Орон сууцны зээлийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчиж зээлдэгч талтай нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр нэхэмжлэгч нарын зээлийн хүүг иргэдийн нийтийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлсэн шийдвэр гаргаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталсан нь хууль зөрчсөн байна.  Иймд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн К.Бны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгож өгнө үү.

Гэрээнд “тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү” гэдэгт юу хамаарах талаар тусгаагүй. Гэрээний 7.1.5-д бас “энгийн нөхцөл” рүү шилжүүлэх гэсэн бас өөр ойлголт бна. Иргэдийн нийтийн орон сууцны зээлийн хүү гэж 2022 оны зээлийн хүүг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн 22/15 тоот шийдвэрт тусгасан байна. Тэгэхээр дундаж хүү гэдэгт аль хүүг ойлгох нь тодорхойгүй.  Ажилтнуудад олгодог орон сууцны зээлийн хүү, иргэдэд олгодог орон сууцны зээлийн хүү, ипотекийн 6 хувийн хүүтэй зээл гэсэн зээлийн төрлүүд бна.

Мөн гэрээний 7.1.5-д эхлээд банк зээлээ төлөхийг шаардахаар заасан байтал нэхэмжлэгч нараас зээл төлөхийг шаардаагүй хэрнээ шууд хүүг нэмэгдүүлсэн. Мөн анх байгуулсан гэрээгээр 240 сарын хугацаатай, үүнээс нэхэмжлэгч 27 сарын турш үүргээ биелүүлсэн тул 213 сар байх ёстой. Гэтэл банк дангаар хугацааг багасгаж 186 сар болгож улмаар сард төлөх хэмжээг ихэсгэсэн бн. Зөвхөн хүүнээс гадна хугацаанд банк дангаар өөрчлөлт оруулсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгчөөс дэмжиж гаргасан тайлбартаа: 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр оролцсон. Д.Эгийн хувьд банкны дотоод журмыг мэдэхгүй, зөвхөн хамтран зээлдэгчээр оролцсон. Гэтэл банк 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууцны зээлийн асуудал хариуцсан дэд хорооны хурлаас зээлийн хүү жилийн  6 хувь байсныг 18 хувь болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хамтран зээлдэгчид мэдэгдээгүй, мөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хуваарьт гарын үсэг зураагүй. Иймд С.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж хамтран шаардаж байгаа гэв. 

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.М нь К.Бтай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №20/05 тоот “Орон сууцны зээлийн гэрээ /К.Бны ажилтанд зориулсан орон сууцны зээл/”-г байгуулан 148.800.000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Тус зээлд Д.Э  хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон.

Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №19-259-1 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан банкны “Их дэлгүүр” салбарын захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/29 тоот “С.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал гарч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 20/05 тоот Орон сууцны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт “Зээлдэгч болон К.Б хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” дуусгавар болсон бөгөөд Банкнаас зээлийг тухайн үеийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгч /банкны ажилтан/-ийг ажлаас чөлөөлөх тухай К.Бны Гүйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.1.3, 3.1.4-т заагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах нөхцөлрүү шилжүүлэн тооцно. Үүнд:

3.3.1.Зээлийн хүү:-Тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий

нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү

3.3.2.Зээлийн нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүний 20%”-д” гэж заасны дагуу С.Мын зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөгдөж байсан хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү болох 18 хувийн хүүрүү шилжүүлэх шийдвэрийг К.Бны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэрээр гаргасан.

Мөн 20/05 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт “Энэхүү гэрээний 3.3 дах заалтын дагуу зээлийн хүү нь Банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүүрүү шилжсэн тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг дараах байдалтай байхаар талууд харилцан тохиролцож зөвшөөрөв. Үүнд:

3.4.1.Зээлийн үлдсэн хугацаанд энэхүү гэрээний Хавсралт 1-т заагдсан төлөх өдрүүдэд зээл, зээлийн хүүгийн тэнцүү төлбөртэйгөөр төлөх,

3.4.2.Энэхүү гэрээний 3.4.1-т зааснаас өөрөөр эргэн төлөлтийг хийх тохиолдолд шинэчилсэн хуваарийг хийж, банкны холбогдох ажилтан болон үндсэн зээлдэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж заасан. Иймд гэрээний Хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг гэрээний 3.4.1-т заасны дагуу зээлийн үлдсэн хугацаанд тус гэрээний Хавсралт 1-т заагдсан төлөх өдрүүдэд зээл, зээлийн хүүгийн тэнцүү төлбөртэйгөөр төлөх тооцооллыг банкны зүгээс хийсэн.

Гэрээнд 3.4.1-т зааснаас өөрөөр эргэн төлөлтийг хийх тохиолдолд үндсэн зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Банк эргэн төлөлтийн хуваарийг 3.4.1-т заасны дагуу байхаар хийсэн тул зээлдэгчээр гарын үсэг зуруулах шаардлагагүй.

Мөн Орон сууцны зээлийн гэрээний 9.1.4 дэх заалтад “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан байгаа нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэгтэйгээ нэг бүрчлэн танилцаж, ойлгосон болохоо баталгаажуулсныг илэрхийлж байгаа болно” гэж заасан. Иймд нэхэмжлэгч С.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э нар гэрээний бүх заалтуудыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэлд гэрээний 3.3, 7.1.5 дахь заалтууд стандарт нөхцөл гэж тайлбарласан байх ч тус зээл нь зөвхөн К.Бтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтнуудад зориулсан хөнгөлөлттэй хүүтэй зээл юм. Банкны зүгээс ажилтнуудын нийгмийн байдлыг сайжруулах, банкинд олон жил тууштай ажиллах боломжийг хангах зорилгоор тус зээлийг санал болгож байгаа ба ажилтан хүссэн тохиолдолд бусад төрлийн бүхий л зээлийг авах боломж нээлттэй байдаг. Банкны зүгээс ажилтан орон сууцны зээл авах тохиолдолд зөвхөн энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай гэсэн шаардлага тавьдаггүй. Тус зээлийн гэрээ талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэсэн, зээлдэгч өөрөө тус зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Тушаал гарсан өдрөөс эхлэн зээлийн хүүг гэрээний 3.1.1-д заасан хэмжээнд хүүг өөрчилнө гэж анхнаасаа тохирч гэрээг хийсэн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул уг хугацаанаас эхлэн хүүг жилийн 18 хувь болгохоор дэд хорооноос шийдвэрлэсэн. Мөн энэ тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй гэдэг агуулгаар гэрээний 3.4-т зохицуулсан. Банкны зүгээс зөвхөн хүүнд өөрчлөлт оруулсан, харин хугацааг багасгаагүй, өөрчлөлт оруулаагүй болно. Дэд хорооны шийдвэрт техникийн алдаа гарсан байна. Үүнийг банк өөрчлөлт оруулах боломжтой. Нэхэмжлэгч тал гэрээг бичгээр хийх, хүүг тохирох шаардлага хангаагүй гэж зөвхөн нэмэлт гэрээний тухай ярьж тайлбарлаж байна. Гэтэл анхны байгуулсан гэрээнд энэ бүгдийг тохирсон гэрээг бичгээр хийсэн, хүүг заасан байгаа.

 Анх нэхэмжлэгчийг ажлаас гарахад МИК-ийн 6 хувийн хүү рүү шилжүүлэх оролдлогыг банкнаас хийсэн. Гэвч МИК-ийн зээлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө хангаагүй тул банк шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэсэн. Манай банкны зүгээс иргэдийн орон сууцны зээл, ажилтны орон сууцны зээл, төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн 6 хувийн зээл /МИК/ гэсэн гурван төрлийн зээл гарч байгаа. Гэрээнд нэр томьёо өөр өөрөөр тусгагдсан ч нэг адил утгатай, банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг ойлгож байгаа. Үүнийг нэхэмжлэгч тус банкинд ажиллаж байсны хувьд сайн мэдэж байгаа. Банк бүх төрлийн зээлийн хүүгээ нийтэд нээлттэй мэдээлсэн. 2021 оны 8 дугаар сарын ... өдрийн баталсан журмаар орон сууцны зээлийн хүү 16,8-18 хувь гэж байгааг баримтлан банк 18 хувиар тооцсон. Энэ нь өөрөө дундаж хүү юм. Харин хүүний дундаж гэж томьёолоогүй.  Манайх нэхэмжлэгч нараас амаар зээл төлөхийг гэрээний 7.1.5-д зааснаар шаардаж байсан. Нэхэмжлэгч нараас зээлийг бөөнд нь төлөх боломжгүй 6 хувийн ипотекийн зээлд шилжүүлмээр байна, эсхүл би өөр банкинд ажилд орохоор тухайн банкны ажилтны зээлд шилжүүлэх хүсэлтэй талаараа илэрхийлж байсан. Дэд хорооны хурлын шийдвэрийг нэхэмжлэгч нарт танилцуулахаар маш олон удаа холбогдсон ч ирээгүй. Гэхдээ зээлийн гэрээнд анхнаасаа тохиролцохдоо хэрэв ажлаас гарсан тохиолдолд хүү нэмэгдэхийг заасан, нэхэмжлэгч үүнийг өөрөө мэдэж байгаа, гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан тул шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхний лавлагаа, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 8 дугаар сарын 21, 27-ны өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтууд, зээлийн дансны хуулга, /хх 8-36, 192-204/

Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 23-ны 22/15 тоот хурлын шийдвэр зэргийг ирүүлжээ. /хх 41-47, 49-50, 139-150, 165/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2023/07660 дугаар захирамжийн дагуу хариуцагчаас баримтаар ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот хурлын шийдвэр, “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д өөрчлөлт оруулах тухай Гүйцэтгэх захирлын 2022 оны А/151,   2021 оны А/127, 2020 оны А/41 тоот тушаалууд, Гүйцэтгэх захирлын 2018 оны А/194 тоот тушаалаар баталсан К.Бны ажилтнуудад зориулсан орон сууцны зээлийн журам, нөхцөлд оруулсан өөрчлөлт, 2020 оны А/18 тушаалаар журамд оруулсан өөрчлөлт, “К.Б ХХК-н зээлийн үйл ажиллагааны журам, 181/ШЗ2023/10501 дүгээр захирамжийн дагуу хариуцагчаас баримтаар ирүүлсэн ажилтны орон сууцны зээлийн журмын 6 дугаар хавсралт, эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлт зэргийг ирүүлжээ.  /хх 58-120, 151-163, 173-178/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.М, Д.Э нар хариуцагч “К.Б ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3, 7.1.5 дах заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах буюу зээлийн гэрээний 3.1.3-т заасан “жилийн 6 хувь”-ийн хүүгээр тооцохыг, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг даалгуулах, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ: гэрээний 3.3, 7.1.5 дах заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэлцэлд, мөн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан стандарт нөхцөлд хамаарна, банк нэг талын санаачилгаар зээлийн хүүг өөрчилсөн явдал хуульд нийцэхгүй тул банкны холбогдох шийдвэр, гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Банкны ажилтанд зориулсан орон сууцны зээлийн гэрээг банк өөрийн эх үүсвэрээс байгуулсан, ажилтан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдснөөр гэрээний дагуу хүүг ердийн хүүнд шилжүүлсэн, анхнаасаа гэрээгээр тохиролцсон, хууль, журам зөрчөөгүй гэж тайлбарлав. 

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.Нэг талаас “К.Б ХХК, нөгөө талаас С.М, Д.Э нар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохирч, Зээлдүүлэгч 148.800.000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч жилийн 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдол нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр 20/05 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулжээ. /хх 10-19/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.Нэхэмжлэгч С.М тус банкинд 2003 оны 6 дугаар сараас эхлэн ажиллах болсон, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэлээр тогтоогдсон. /хх 31-33/ 

4.3.К.Бны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот хурлын шийдвэрээр: “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн С.Мын ажилтны орон сууцны зээлийн хүүг иргэдийн нийтийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэхээр, зээлийн шилжих хүү 18 хувь, зээлийн үлдэн хугацаа 186 сар, бүтээгдэхүүний шилжих төрөл: нийтийн орон сууцны зээл байхаар, тушаал гарсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн хүүг энгийн нөхцөл рүү шилжүүлэн тооцохоор шийдвэрлэжээ. /хх 59-60/

4.4.К.Бны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/127 тоот тушаалаар банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулсан, тухайн өдрөөс эхлэн маргаанд хамаарах хугацаанд тус банкны “нийтийн орон сууцны зээл 16,8-18 хувь, амины орон сууцны зээл 16,8-18 хувь, хашаа байшин барих худалдан авах зээл 18-19,2 хувьтай байсан болох нь тогтоогдсон. /хх 61-65/

4.5.Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар нэхэмжлэгч нар сард хоёр удаа тус бүр 532.864 төгрөг төлөхөөр, сүүлийн төлөлт 2040 оны 5 дугаар сарын 25-нд төлснөөр дуусахаар тусгагдсан. Харин Дэд хорооны шийдвэр гарснаар сард хоёр удаа тус бүр 1.086.153 төгрөг төлөхөөр, сүүлийн төлөлт 2039 оны 9 дүгээр сарын 27-нд төлснөөр дуусгавар болохоор тусгагджээ. /хх 14-19, 157-163/

5.Зохигчид ийнхүү зээлийн хүүгийн хэмжээ жилд 6 хувь байсныг 18 хувь болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэх эсэхэд маргасан.

5.1.нэхэмжлэлийн шаардлагад хамаарах талуудын хоорондох зээлийн гэрээний 3.3, 7.1.5-д дараах байдлаар тусгажээ.

-Гэрээний 3.3-т “зээлдэгч болон банкны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд зээлийг тухайн үеийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгчийг ажлаас чөлөөлөгдөх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.1.3, 3.1.4-т заагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах нөхцөл рүү шилжүүлэн тооцно. Үүнд:

3.3.1-т  зээлийн хүү: тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү,

3.3.2-т зээлийн нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүний 20 хувь” гэж заажээ.

            -Гэрээний 7.1.5-д Банк “Зээлдэгч болон банк хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах, ийнхүү төлөөгүй тохиолдолд Банкнаас энэхүү гэрээний нөхцөлийг тухайн үеийн орон сууцны энгийн нөхцөл рүү шилжүүлэх шийдвэр гаргах, гэрээнд заасан хөнгөлөлттэй нөхцлийг энгийн нөхцөлд шилжүүлэх” эрхтэй байхаар заажээ.

Гэрээний 3.3.2-т тусгагдсан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалт гэрээний 3.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалттай адилхан байхаас гадна энэ  хэсэг нэхэмжлэлийн шаардлага болох “гэрээний 3.3 дах заалт”-ыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагад хамаарахгүй талаар нэхэмжлэгч тайлбарласныг дурдав.

            5.2.Нэхэмжлэгч гэрээний дээрх хоёр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн”, мөн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөлд хамаарна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний толгой хэсэгт “К.Бны ажилтанд зориулсан орон сууцны зээл” гэж тусгагдсан, нэхэмжлэгч тус банкны ажилтны хувиар “Банкны ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журам”-ын дагуу зээлийг авсан үйл баримтад маргаагүй.

5.3.“К.Бны ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журам”-ын 9.2-т “Ажилтан болон банк хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууцны зээлийн нөхцөлийг хэвээр үлдээх эсхүл зээлийг тухайн үеийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн нөхцөл рүү шилжүүлэх эсэхийг Дэд хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Дэд хорооноос зээлийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн энгийн нөхцөл рүү шилжсэнд тооцно” гэж заажээ.

5.4.Гэрээний хугацаанд зээлийн хүүгийн хэмжээ 6 хувь байхаас хэрэв ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нөхцөлд зээлийн хүүгийн хэмжээг “тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү” гэсэн нөхцлөөр өөрчилж болохоор тохиролцсон, ийнхүү хүүгийн хэмжээг өөрчлөх болсон үндэслэл, шалтгааныг “К.Бны ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журам”-д тусгагдсан, тус журамд үр бүтээлтэй ажиллаж байгаа чадварлаг мэргэшсэн ажилтнуудыг орон сууцжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой талаар заасан, түүнчлэн ажилтан ажлаас гарсан тохиолдолд хүүг нэмэгдүүлж болох талаар заасан байх тул шүүх гэрээнд хүүгийн хэмжээг өөрчлөхөөр тохирсон энэ тохиролцоог “хууль зөрчсөн”, харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзэх үндэсгүй.

Иймд гэрээний 3.3.1, 7.1.5 дах заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй гэж үзнэ.

6.Харин Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг бичгээр хийх бөгөөд хэрэв зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүгийн хэмжээ”-г тодорхой тусгах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д зохицуулсан. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зээлийн гэрээнд тусгавал зохих зүйлийг нэрлэснээс 20.2.7-д “зээлийн хүүгийн хэмжээ” гэж заасан.

Талуудын хоорондох гэрээний 3.3.1-д “тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү” гэжээ.

Нэхэмжлэгчээс гэрээний 3.3.1-д “зээлийн дундаж хүү” гэж, 7.1.5-д “энгийн нөхцөл” гэж, харин Дэд хорооны шийдвэрт “иргэдийн нийтийн орон сууцны хүү” гэж өөр өөрөөр тусгасан гэж, харин хариуцагч гэрээний 3.3.1-д заасан хэсгийг тухайн жилийн иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг ойлгоно, нэр томьёо өөр, өөрөөр тусгагдсан боловч агуулга нэг адил гэж тайлбарласан.

Дээр дурдснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу зээлийн гэрээний хугацаанд хэрэв ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд мөрдөх хүүгийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцож болох хэдий ч тухайн тохиролцоо тодорхой, ойлгомжтой байхыг шаардана. Харин гэрээний 3.3.1-д заахдаа анхнаасаа тодорхой бус байдлаар буюу “тухайн үеийн банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлийн дундаж хүү” гэж тодорхойлсон явдал Иргэний хуулийн  452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасан гэрээнд “зээлийн хүүгийн хэмжээ”-г гэрээнд тусгах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Иймд ажилтан чөлөөлөгдсөн тохиолдолд нэмэгдэж тооцогдох хүүгийн хувь хэмжээ хэд байхыг гэрээнд тухайлан тусгаагүй, хэт ерөнхий байдлаар нөхцөл зааж тусгасан тул шүүх анхны тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээгээр хүү тооцохыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

7.Зээлийн дэд хорооны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: шүүх дээрх байдлаар зээлийн хүүг жилийн 6 хувиар тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн тул үр дагавар үүсгэхгүй гэж үзэн хүчингүй болгох шаардлагагүй. Үүнээс гадна дээрх шийдвэр банкны дотоод асуудлын хүрээнд гаргасан шийдвэр, мөн гэрээний хавсралт өөрөө баталгаажаагүй, нөгөө тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй төсөл байх тул хүчингүй болгох шаардлагагүй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар С.М, Д.Э нартай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг жилийн 6 хувиар тооцож, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг хариуцагч “К.Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэлгүй тул талуудын хоорондох зээлийн гэрээний 3.3.1, 7.1.5 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэр, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ