Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2023/02117

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02117

 

 

С.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/02877 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М ын хариуцагч К ХХК -д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний 3.3, 7.1.5-д заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус гэрээний 3.1.3-т заасан жилийн 6 хувийн хүүгээр тооцохыг даалгах, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг даалгах, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч Д.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2003 оноос эхлэн Капитрон банкинд ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Капитрон банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 148,800,000 төгрөгийг, 6 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зорилгоор авсан. Зээлийн нэг сарын эргэн төлөлт 1,065,728 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ нэг удаа ч зөрчиж байгаагүй, өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлсээр байна. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн дансанд 11,863,567 төгрөгийн төлөгдөөгүй зээл, хүүний өрийг Капитрон банкнаас гэнэтийн байдлаар үүсгэсэн. Энэ талаар тодруулахад "гэрээний заалтын дагуу миний зээлийн хүүг энгийн нөхцөлд шилжүүлсэн" гэх ерөнхий бөгөөд тодорхойгүй хариу өгсөн. Үүний хариуд шилжүүлсэн талаар яагаад урьдчилж мэдэгдээгүй, мөн шилжүүлсэн шийдвэрийг үзэх талаар санал хүсэлтээ тавьсан боловч хариу өгөөгүй. Зээлийн дансны хуулгаар сар бүр төлвөл зохих нийт төлбөр 1,065,728 төгрөг байсан ба 2022 оны 09 дүгээр сараас хойш сарын нийт төлөлт 2,061,843 төгрөг болж өөрчлөгдсөн. Орон сууцны зээлийн гэрээний 3.3, 3 1.3. 3.14, 3.3.1, 7.1.5 болон Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүү шаардах эрх зээлдүүлэгчид үүсдэг. Гэтэл гэрээний 3.3-т зааснаар бичгээр гэрээ байгуулахгүйгээр ирээдүйд бий болох хүүнд автоматаар шилжүүлэх эрхийг зээлдүүлэгч талд олгосон байх тул хуулийн шаардлагад нийцэхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.1 болон гэрээний 7.1.5, 3.3-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Зээлийн эгрээний 14.5-д бичгээр нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан. Гэтэл гэрээ байгуулахгүйгээр зээлийн гэрээний гол нөхцөлийг нэг талын санаачилгаар өөрчилсөн нь үндэслэлгүй. Миний сард төлөх зээлийн төлбөрийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн, мөн өмнөх хугацааны зөрүү хүүг нэмж хуримтлуулан 11,863,567 төгрөгийн өр төлбөртэй мэтээр харагдуулсан, хүүгийн хэмжээг ойролцоогоор 3 дахин нэмэгдүүлсэн зэргээс дүгнэн үзвэл гэрээний нөгөө талдаа илт хохиролтой бөгөөд шударга ёсны зарчимд харш гэрээний стандарт нөхцөлийг зээлийн гэрээнд тусгасан гэж үзэхээр байна. Иймээс Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний стандарт нөхцөл болох эдгээр заалтууд нь хүчин төгөлдөр бус болно. Зээл Монголбанкны зээлийн мэдээллийн санд ангилал үүсч, анхаарал хандуулах шаардлагатай зээлийн ангилалд шилжсэн байна. Цаашид үргэлжилсэн нөхцөлд зээлийн ангилал нь муу зээл хүртэл ангилагдах сөрөг үр дагавар үүсэхээр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр К ХХК -тай байгуулсан 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.3, 7.1.5-д заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус заалтуудын үр дагаврыг арилгуулах буюу зээлийн гэрээний 3.1.3-т заасан жилийн 6 хувийн хүүгээр тооцохыг, мөн зээл, хүүний тооцоололд жилийн 6 хувь хүүгээр бодож залруулга хийхийг Капитрон банкинд даалгаж өгнө үү. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурал хуралдаж 22/15 дугаар шийдвэр гаргажээ. Уг шийдвэр, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нар болох С.М т мэдэгдэж, харилцан тохиролцож гарын үсэг зуруулалгүйгээр нэг талын санаачилгаар өөрчилсөн. Иймд К ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 болон гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчиж зээлдэгч талтай нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр нэхэмжлэгч нарын зээлийн хүүг иргэдийн нийтийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлсэн шийдвэр гаргаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталсан нь хууль зөрчсөн байна. Иймд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр оролцсон. Миний хувьд банкны дотоод журмыг мэдэхгүй, зөвхөн хамтран зээлдэгчээр оролцсон. Гэтэл банк 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны зээлийн асуудал хариуцсан дэд хорооны хурлаас зээлийн хүү жилийн 6 хувь байсныг 18 хувь болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хамтран зээлдэгчид мэдэгдээгүй, мөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хуваарьт гарын үсэг зураагүй. Иймд С.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж хамтран шаардаж байгаа гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь Капитрон банктай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №20/05 тоот орон сууцны зээлийн гэрээ Капитрон банкны ажилтанд зориулсан орон сууцны зээлийг байгуулан 148,800,000 төгрөгийг жилийн 6 хувийн сүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Тус зээлд Д.Э хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан банкны Их дэлгүүр салбарын захирлын албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/29 тоот С.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.3-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд банкнаас зээлийг тухайн үеийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан орон сууцны зээлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд зээлдэгчийг ажлаас чөлөөлөх тухай Капитрон банкны гүйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.1.3, 3.1.4-т заагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах нөхцөл рүү шилжүүлэн тооцно. Үүнд гэрээний 3.3.1, 3.3.2. 3.4.1, 3.4.2, 3.4.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.М , хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Э нар гэрээний бүх заалтуудыг хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэлд гэрээний 3.3, 7.1.5-д заалтууд стандарт нөхцөл гэж тайлбарласан байх ч тус зээл нь зөвхөн Капитрон банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтнуудад зориулсан хөнгөлөлттэй хүүтэй зээл юм. Банкны зүгээс ажилтнуудын нийгмийн байдлыг сайжруулах, банкинд олон жил тууштай ажиллах боломжийг хангах зорилгоор тус зээлийг санал болгож байгаа ба банкны ажилтан хүссэн тохиолдолд бусад төрлийн бүхий л зээлийг авах боломж нээлттэй байдаг. Банкны зүгээс ажилтан орон сууцны зээл авах тохиолдолд зөвхөн энэхүү элийн бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай гэсэн шаардлага тавьдаггүй. Тус зээлийн гэрээ талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэсэн, зээлдэгч өөрөө тус зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Тушаал гарсан өдрөөс эхлэн зээлийн хүүг гэрээний 3.1.1-д заасан хэмжээнд хүүг өөрчилнө гэж анхнаасаа тохирч гэрээг хийсэн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул уг хугацаанаас эхлэн хүүг жилийн 18 хувь болгохоор дэд хорооноос шийдвэрлэсэн. Мөн энэ тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй гэдэг агуулгаар гэрээний 3.4-т зохицуулсан банкны зүгээс зөвхөн хүүнд өөрчлөлт оруулсан, харин хугацааг багасгаагүй, өөрчлөлт оруулаагүй болно. Дэд хорооны шийдвэрт техникийн алдаа гарсан байна. Үүнийг банк өөрчлөлт оруулах боломжтой. Нэхэмжлэгч тал гэрээг бичгээр хийх, хүүг тохирох шаардлага хангаагүй гэж зөвхөн нэмэлт гэрээний тухай ярьж тайлбарлаж байна. Гэтэл анхны байгуулсан гэрээнд энэ бүгдийг тохирсон гэрээг бичгээр хийсэн, хүүг заасан байгаа. Анх нэхэмжлэгчийг ажлаас гарахад МИК-ийн 6 хувийн хүү рүү шилжүүлэх оролдлогыг банкнаас хийсэн. Гэвч МИК-ийн зээлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө хангаагүй тул банк шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэсэн. Манай банкны зүгээс иргэдийн орон сууцны зээл, ажилтны орон сууцны зээл, төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн 6 хувийн зээл /МИК/ гэсэн гурван төрлийн зээл гарч байгаа. Гэрээнд нэр томьёо өөр өөрөөр тусгагдсан ч нэг адил утгатай, банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг ойлгож байгаа. Үүнийг нэхэмжлэгч тус банкинд ажиллаж байсны хувьд сайн мэдэж байгаа Банк бүх төрлийн зээлийн хүүгээ нийтэд нээлттэй мэдээлсэн. 2021 оны 8 дугаар сард баталсан журмаар орон сууцны зээлийн хүү 16,8-18 хувь гэж байгааг баримтлан банк 18 хувиар тооцсон. Энэ нь өөрөө дундаж хүү юм. Харин хүүний дундаж гэж томьёолоогүй. Манайх нэхэмжлэгч нараас амаар зээл төлөхийг гэрээний 7.1.5-д зааснаар шаардаж байсан. Нэхэмжлэгч нараас зээлийг бөөнд нь төлөх боломжгүй 6 хувийн ипотекийн зээлд шилжүүлмээр байна, эсхүл би өөр банкинд ажилд орохоор тухайн банкны ажилтны зээлд шилжүүлэх хүсэлтэй талаараа илэрхийлж байсан. Дэд хорооны хурлын шийдвэрийг нэхэмжлэгч нарт танилцуулахаар маш олон удаа холбогдсон ч ирээгүй. Гэхдээ зээлийн гэрээнд анхнаасаа тохиролцохдоо хэрэв ажлаас гарсан тохиолдолд хүү нэмэгдэхийг заасан, нэхэмжлэгч үүнийг өөрөө мэдэж байгаа, гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан тул шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 4511, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар С.М тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг жилийн 6 хувиар тооцож, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг хариуцагч К ХХК -д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул талуудын хоорондох зээлийн гэрээний 3.3.1, 7.1.5-д заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэр, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан Телсен 491,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

5. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

ХЯНАВАЛ:

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч К ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний 3.3, 7.1.5-д заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус гэрээний 3.1.3-т заасан жилийн 6 хувийн хүүгээр тооцохыг даалгах, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг даалгах, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дэд хорооны хурлын 22/15 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх С.М тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.3-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг жилийн 6 хувиар тооцож, зээл хүүний тооцоололд залруулга хийхийг хариуцагч К ХХК -д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул талуудын хоорондох зээлийн гэрээний 3.3.1, 7.1.5-д заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэр, зээлийн хүүг 18 хувь болгож өөрчилсөн эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

4. Уг эвлэрлийн гэрээгээр талууд дор дурдсан нөхцлөөр эвлэрсэн байна. Үүнд:

2.1.1. Хариуцагч нь нэхэмжлэгч нартай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэхээр тохиролцов.

2.1.2. Хариуцагч нь Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эргэн төлөлтийг үргэлжлүүлэн хийхээр талууд тохиролцов.

2.1.3. Хариуцагч нь уг гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан хүрээнд нэхэмжлэгч С.М болон Д.Э нарын зээл, зээлийн хүүний үлдэгдэл болон зээлийн мэдээллийн санд залруулга хийж, зээлийг хэвийн ангилалд шилжүүлнэ.

2.1.4. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл буюу Монголын Ипотекийн Корпораци /МИК/-т шилжүүлэхээр тохиролцов.

2.1.5. Нэхэмжлэгч нь уг эвлэрлийн гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 24 сарын хугацааны дотор багтаан МИК-ийн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд тавих шалгуурыг хангах үүргийг хүлээхээр тохиролцов.

2.1.6. Нэхэмжлэгч нь уг гэрээний 2.1.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нь уг гэрээний 2.1.4-т заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд талууд уг гэрээний 2.1.5-д заасан хугацаа дууссанаас хойш буюу 25 дахь сараас эхлэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.1.3-т заасан зээлийн хүү /20.4 хувь/-нд өөрчлөлт оруулж орон сууцны энгийн зээлийн хүүнд шилжүүлэхээр тохиролцов.

2.1.7. Хэрэв нэхэмжлэгч уг гэрээний 2.1.5-д заасан үүргээ биелүүлж, МИК-ийн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд тавих шалгуурыг хангаж байхад хариуцагч уг 24 сарын хугацаанд багтаан зээлийг МИК-т шилжүүлээгүй нөхцөлд уг гэрээний 2.1.1-д заасан зохицуулалт хариуцагч зээлийг МИК-т шилжүүлэх хүртэл үргэлжилнэ.

2.1.8. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2.1.5-т заасан шалгуурыг хангахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхаар тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг батлаж шийдвэрлэх боломжтой байна.

5. Иймд зохигч эвлэрсэн, уг эвлэрэл гуравдагч этгээдийн болон бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/02877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М , Д.Э , хариуцагч К ХХК -иуд талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн нөхцөлийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэх, хариуцагч нь Капитрон банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/15 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эргэн төлөлтийг үргэлжлүүлэх, уг гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан хүрээнд нэхэмжлэгч С.М болон Д.Э нарын зээл, зээлийн хүүний үлдэгдэл болон зээлийн мэдээллийн санд залруулга хийж, зээлийг хэвийн ангилалд шилжүүлэх, нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл буюу Монголын Ипотекийн Корпораци /МИК/-т шилжүүлэх,

нэхэмжлэгч нь уг эвлэрлийн гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 24 сарын хугацааны дотор багтаан МИК-ийн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд тавих шалгуурыг хангах үүргийг хүлээх, уг гэрээний 2.1.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нь уг гэрээний 2.1.4-т заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд талууд уг гэрээний 2.1.5-д заасан хугацаа дууссанаас хойш буюу 25 дахь сараас эхлэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/05 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.1.3-т заасан зээлийн хүү /20.4 хувь/-нд өөрчлөлт оруулж орон сууцны энгийн зээлийн хүүнд шилжүүлэх, хэрэв нэхэмжлэгч уг гэрээний 2.1.5-д заасан үүргээ биелүүлж, МИК-ийн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд тавих шалгуурыг хангаж байхад хариуцагч уг 24 сарын хугацаанд багтаан зээлийг МИК-т шилжүүлээгүй нөхцөлд уг гэрээний 2.1.1-д заасан зохицуулалт хариуцагч зээлийг МИК-т шилжүүлэх хүртэл үргэлжлэх, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2.1.5-т заасан шалгуурыг хангахад аливаа хэлбэрээр саад учруулахгүй гэж зохигчид тус тус эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 210,600 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН