Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/02308

 

 

 

 

 

 

2023       08        10                                           182/ШШ2023/02308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч О.Цэнд-Аюуш, шүүгч Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ГЖ ын нэхэмжлэлтэй,

ЗМ НҮТББ /РД:8309639/-д холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч

Иргэдийн төлөөлөгч С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч тал үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

БНКУлсын иргэн ГЖ нь саяхныг /2022 оны 09 сарын 19/ хүртэл “ЭЭЖТ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрээр тус албыг Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Контракт гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл мэдээллийн “ZUV.ММ” сайт болон “Зөв.мн” фейсбүүк пэйж хуудсаар түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг удаа дараа цахим сүлжээнд нийтэлсэн. Тодруулбал:

1.1 2022 оны 04 сарын 16-ны өдрийн нийтлэлд:

“улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж ашигт малтмал экспортолж, халаасаа зузаатгаж яваа…”

“..Луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн…”

1.2. 2022 оны 08 сарын 28-ны өдрийн нийтлэл болон дурс бичлэг / фейсбүүк хаяг/-т:

“ГЖын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх юм билээ”

“энэ цаг үед бид “Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна” гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялах учиртай…”

“ГЖ… Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж “хар” аргаар мөнгө олох хэрэгсэл болгосныг анхаарахгүй өнгөрч болохгүй юм”

1.3. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд:

“Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Казакстаны нэрт улс төрч ГЖ оргон зугтаж, хил давжээ.”

“ЭЭЖТ ХХКкомпанийг Ж “аавын хаалга” татах нь тодорхой болсон учир ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө бусдад шилжүүлээд өөрөө Монгол Улсыг орхисон байна”.

“ГЖын хувьд аль ч улсад хууль зөрчлөө гэсэн албан тушаалтнуудыг нь аргалж авлигадаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн нь анхаарал татдаг”

“Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр гарах эрхээ хаалгасан ч компаниа зараад яаж ч юм бүү мэд аргалаад гараад явчихсан байх аж ... үүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудал хөндөгдөж ч мэдэх юм”

“татвараас зайлсхийж луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ анхаарах шаардлагатай байна” гэх зэргээр олон нийтэд түгээн Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан гадаадын иргэний нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдаж, халдашгүй эрхийг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг, мөн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг, 22.5 дүгээр зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг тус тус үйлдсэн мэтээр ГЖын нэр хүндийг унагаж, гутаан доромжилж байна.

ГЖын хувьд Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байхдаа татвараас зайлсхийх, хахууль өгөх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд эдгээр гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжид заасан үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн байтал ийнхүү худал мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна.

Мөн ГЖын хувьд Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байсан хэдий ч тухайн асуудал нь “гэмт хэргийн шинжгүй” болохыг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тогтоосон. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаар “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарах эрхийг сэргээсэн.

Үүний дагуу ГЖ нь Монгол Улсын хилээр гарсан байтал үүнийг “оргон зугтаж, хил давсан” “албан тушаалтнуудыг нь аргалж, авлигадаж  зугтсан” хэмээн нийтэлсэн нь бодит байдалд үл нийцсэн, үндэслэлгүй худал юм.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль,  олон улсын 5 гэрээнд заасан хүний эрхэнд бүдүүлгээр халдаж хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг ийнхүү гутаасан мэдээ тарааж буйд маш их гомдолтой байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,  

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”,

мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гээд “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, “хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”,

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд “... хэнтэй ч ... хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах... ёсгүй”, мөн тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”, 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн тогтоолгох эрхтэй”, 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, нэр төр алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй”,

Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно”, мөн зүйлийн 2 дах хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу Мэдээллийн Зөв.мн сайтад БНКУлсын иргэн иргэн ГЖын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“Тус шүүхэд БНКУлсын иргэн ГЖ нь "ЗМ" НҮТББ-д холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч нарыг гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

2.1. Бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн нийтлэл бичсэн тухай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ЗМ” НҮТББ-ын гаргасан нийтлэл, мэдээлэлд дурдагдсан мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан талаар дурдаж, бодит байдалд нийцээгүй гэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах зорилгоор тухайн мэдээллийг бэлтгээгүй бөгөөд холбогдох эх сурвалжид үндэслэн бодит байдалд нийцсэн мэдээлэл бэлтгэж хүргэсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч БНКулсын иргэн ГЖ нь Монгол Улсад байх хугацаандаа хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан /одоо ч зарим компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа/ бөгөөд эдгээр компаниуд нь ихэвчлэн уул, уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа “Залилан мэхлэх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул “Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцах алба”-аас түүнд холбогдох хэргийг шалгаж, улмаар хилээр гарах эрхийг хязгаарласан байсан бөгөөд энэ тухай нэхэмжлэлдээ мөн дурдсан байдаг. Ийнхүү шалгагдаж байсан нэхэмжлэгч нь Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гармагц Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулж хилээр гарах эрхээ сэргээлгэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч явсан байсан тул хариуцагчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг дүгнэн бичсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гараагүй байх хугацаанд түүнийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан шалгаж байсан бөгөөд БНХАУ-н иргэний гаргасан гомдлыг дагуу шалгагдаж байсан нь тогтоол дээрээс тодорхой болсон. Ийнхүү шалгагдаж байх хугацаандаа хохирогч БНХАУ-н иргэнтэй тохиролцсон буюу, ойлголцсоны үндсэн дээр гомдлыг нь татуулан хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байх боловч БНХАУ-н иргэнийг хохироосон үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын гаргасан нийтлэл нь олон нийтэд анхааруулга өгөх зорилгоор гарсан бөгөөд нийтлэлд нэхэмжлэгчийн дурдсан байдлаар Г.Ж нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй. Харин түүнд итгэж, хамтарч байсан иргэдийг хохироож үлдээсэн талаар товч үгээр бичсэн болно. Тодруулбал, Монгол нь хэлэнд залилах гэх үгийг "Заль башир гаргах, хууран мэхлэх" гэх байдлаар тайлбарладаг бөгөөд нийтлэлийн хувьд дээрх утга агуулгаар бичсэн байдаг.

Нэхэмжлэгч Г.Ж нь өөрийн төрөлх улс болох Казакстан Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял авсан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдож байсан тул өөрийн улсад гэмт хэрэг үйлдсэн талаар нийтлэлдээ мөн дурдаж өгсөн.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдаж, хувьцааг нь зарсан гэх "ЭЭЖТ " ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал ч цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар мэдээлэл өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гадаад улсын хэвлэлийн байгууллагын мэдээгээр цацагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

Цаашилбал, нэхэмжлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний улмаас эх орондоо ажиллах, амьдрах боломжгүй болсон тул Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай улсад ажиллаж байх хугацаандаа гэмт хэргийн шинжтэй, бусдыг хохироосон үйлдэл гаргасан байсан тул энэ талаар мэдээллийг хүргэсэн.

Сэтгүүлчийн хувьд иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийн хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс дээрх нийтлэлийг бичсэн болно.

2.2. Хууль зүйн үндэслэлийн тухай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно" гэж заасныг дурдаж шаардлагаа дэмжсэн байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийг хууль бусаар хэрэглэсэн явдал байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн гаргаж буй нийтлэлд нэхэмжлэгчийн нэрийг дурдсан. Хуулийн дээрх зохицуулалт нь тухайн иргэний өмнөөс, түүний нэрийг хууль зөрчиж ашиглаж болохгүй талаар зохицуулсан зохицуулалт бөгөөд энэхүү хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх зохицуулалт биш, хамааралгүй болно.

 Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тодорхойлсон (1) нэр, (2) нэр төр, (3) алдар хүнд, (4) ажил хэргийн нэр хүнд нь тусдаа агуулга бүхий ойлголтууд бөгөөд хариуцагч аль эрхийг нь ямар үндэслэлээр зөрчсөн гэж тодорхойлж буй нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дах хэсэгт заасан “... үг хэлэх, хэвлэн нийтлэх..." гэж заасан хэвлэн нийтлэх үндсэн эрхийн хүрээнд, гадаад болон дотоодын эх сурвалжийг ашиглан бодит нөхцөл байдалд нийцсэн мэдээ мэдээллийг хүргэсэн.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн зүгээс бодит байдалд нийцсэн, гадаадын болон дотоод эх сурвалж, мэдээ мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг үндэслэн нийтлэл бэлтгэн хүргэсэн бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж буй Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний хуульд заасан холбогдох эрхийг зөрчөөгүй, бодит байдалд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талын бүрдүүлсэн нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Байгальд олгосон итгэмжлэл, ГЖын гадаад паспортын хуулбар, нотариатчийн тэмдэглэл, орчуулгын гэрчилгээ, “ZUV.ММ” сайт болон “Зөв.мн” фейсбүүк пэйжийн зураг, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаар Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн “Зөв.мн” фейсбүүк хаягт байршуулсан “Ноцтой: Залилангийн хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж МУ-ын хилээр гарчээ” гэх гарчигтай видео бичлэг бүхий СД, итгэмжлэл, орчуулгын гэрчилгээ, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн Алматы хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолын орчуулга, Г.Жын хилээр гарсан, орсон дэлгэрэнгүй лавлагаа /1х.х 1-4, 5-20, 77-94, 104-105, 131-132, 179-200, 2 х.х 35-36/

4. Хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримт:  2023.04.19-ний өдөр гаргасан хариу тайлбар, итгэмжлэл, үзлэгийн тэмдэглэлийн орчуулга, орчуулагчийн үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн болно. /1х.х 108-110, 120-122, 123, 201-203/

5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: 2023 оны 01 сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 10/1242 дугаар албан тоот, “ЗМ” НҮТББ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 04/134 дугаар албан тоот, 2023 оны 06 сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 4/5747 дугаар албан тоот, 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 926 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 322 дугаар албан тоот, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 390 дугаар албан тоот, 2023 оны 06 сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл,  хавсралт, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 2-46/4083 дугаар албан тоот, 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 2-46/4179 дугаар албан тоот /1х.х 36-57, 63-71, 73, 169-172, 173-175, 212, 234-2х.х 4, 2хх 11-14/ зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ГЖ нь хариуцагч “ЗМ” НҮТББ-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан  хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ГЖ нь БНКулсын иргэн, тэрээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн адил эрхтэй оролцоно.

 Иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч нь итгэмжлэлээр Б.Байгальд, хариуцагч нь 2023 оны 04 сарын 28-ны 05/321 тоотоор Г.Долгорсүрэнг төлөөлөгчөөр томилсон,  тухайн итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангасан байна. /хх131-132, 123/

Нэхэмжлэгч нь хариуцагчаар ЗМ НҮТББ гэж тодорхойлсон, уг хуулийн этгээд нь хуулийн этгээдийн бүртгэлд холбооны хэлбэрээр бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь  www.Zuv.mn мэдээллийн сайт, Зөв.мн фэйсбүүк цахим хуудас эрхлэн гаргадаг талаар маргаагүй болно. /хх64-71/

2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2...д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3...д “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” ... гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “нэр төр” гэдэгт тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг, “ажил хэргийн нэр хүнд” гэдэгт зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт бөгөөд тухайн этгээдэд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалах зүйл гэж үзнэ.

“Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-ийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд өөрөөс нь өөр хэн нэгэнд уг мэдээ мэдээлэл хүргэгдсэн байхад “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-ийг нь гутаасан гэж, мөн “гутаасан мэдээ” гэдэг нь бодит байдалд нийцээгүй, хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн агуулга бүхий мэдээ тарааснаар иргэний нэр төр, алдар хүндэд нөлөөлсөн байдлыг ойлгоно.

 

Иргэний эрх зүйгээр Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулсан ба иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            3.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... ГЖ нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч хариуцагчийн нийтлэлд дурдсан татвараас зайлсхийсэн, холбогдох албан тушаалтан авлига өгсөн гэх мэт хэрэгт холбогдоогүй, эрх бүхий этгээдийн захирамж гарснаар хилээр гарсан байхад хууль бусаар хилээр гарч зугтсан гэх мэтээр нийтэлсэн нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул уг арга хэлбэрээр няцаалт хийлгэх, уучлал гуйхыг шаардах эрхтэй гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч нь залилангийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан нь эрх бүхий байгууллагын тогтоолоор тогтоогдсон, түүний талаарх сөрөг мэдээлэл ихээр ирсэн тул иргэдийг сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү нийтлэлийг гаргасан... энэ нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

3.2. Хариуцагч ЗМ НҮТББ нь өөрийн эрхлэн гаргадаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох www.Zuv.mn цахим хуудсанд 2022 оны 04 сарын 16-ны өдөр “НОЦТОЙ: Уул уурхайн компанийг залилсан Жыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна “ гэсэн гарчигтай,

2022 оны 08 сарын 28-ны өдөр “НОЦТОЙ: 775,000 ам.доллар “ЛУЙВАРДСАН” хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Жыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ”  гэсэн гарчигтай,

2022 оны 10 сарын 13-ны өдөр “НОЦТОЙ: Залилангийн хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж Монгол Улсын хилээр гарчээ” гарчигтай нийтлэлүүд,

мөн Зөв.мн фэйсбүүк хаягт 2022 оны 08 сарын 28-ны өдөр “НОЦТОЙ: 775,000 ам.доллар “ЛУЙВАРДСАН” хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Жыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ” гэсэн гарчигтай мэдээлэл тус тус нийтэлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх цахим хаяг болон фэйсбүүк цахим хуудаст хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /1хх 234-2хх 4/

3.3. Дээрх үзлэгийн ажиллагааны явцад www.Zuv.mn мэдээллийн сайтын 2022 оны 04 сарын 16-ны өдөр “НОЦТОЙ: Уул уурхайн компанийг залилсан Жыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна “ гэсэн гарчигтай нийтлэлд “...улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж ашигт малтмал экспортолж, халаасаа зузаатгаж яваа…,”..Луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн…” гэж, 

2022 оны 08 сарын 28-ны өдрийн нийтлэл болон дурс бичлэгт  “ГЖын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх юм билээ...,

Энэ цаг үед бид “Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна” гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялах учиртай…”

ГЖ… Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж “хар” аргаар мөнгө олох хэрэгсэл болгосныг анхаарахгүй өнгөрч болохгүй юм” гэж, 

 

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд “...Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Казакстаны нэрт улс төрч ГЖ оргон зугтаж, хил давжээ...”

“...ЭЭЖТ ХХКкомпанийг Ж “аавын хаалга” татах нь тодорхой болсон учир ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө бусдад шилжүүлээд өөрөө Монгол Улсыг орхисон байна...”

“...ГЖын хувьд аль ч улсад хууль зөрчлөө гэсэн албан тушаалтнуудыг нь аргалж авлигадаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн нь анхаарал татдаг...”

“...Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр гарах эрхээ хаалгасан ч компаниа зараад яаж ч юм бүү мэд аргалаад гараад явчихсан байх аж ... үүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудал хөндөгдөж ч мэдэх юм...”

“...татвараас зайлсхийж луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ анхаарах шаардлагатай байна...” гэж тус тус дурдагдсан болох нь тогтоогдож байна. /1хх 234-2хх 4/

3.4. Хариуцагч “ЗМ” НҮТББ-ын 2022 оны 04 сарын 16, 2022 оны 08 сарын 28, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн нийтлэлд дурдсан мэдээллүүд нь агуулгын хувьд адил төстэй байх ба хариуцагч нь тухайн мэдээллүүд үнэн зөв талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлон шүүхэд гаргаж өгсөн дараах баримтуудаар дээрх нийтлэлд дурдагдсан мэдээллүүд нь няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас “нэр төр”-ийг сэргээх шаардлагыг хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.5. Тухайлбал Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор БНКУ-ын иргэн ГЖ нь ЭЭЖТ ХХКХХК-ийн нэрийн өмнөөс БНХАУ-ын иргэн Ли Жианюу-г 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 775,000 ам доллартой тэнцэх хэмжээний нийт 6,415,035,712 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба уг үйлдэл нь Иргэний эрх зүйгээр зохицуулагдах гэрээний харилцаа буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх78-91/

Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 2-4в/2956 тоот тодорхойлолтоор шүүхийн хязгаарлалт тогтоосон хугацаанд Монгол улсын хилээр ГЖ гарсан талаар бүртгэгдээгүй /2хх35-36/,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай “ 2021/ЦХШЗ/227 тоот захирамжаар БНКУ-ын иргэн ГЖыг Улаанбаатар хотоос гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай “ 2021/ЦХШЗ/2730/х тоот захирамжаар  БНКУ-ын иргэн ГЖыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 09 сарын 21-ний өдрөөс хүчингүй болгосон байна. /хх 91,92-94/

3.6. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч ГЖыг нийтлэлд дурдсан үйл баримтаар шалгаагүй, мөн тэрээр шүүхийн хязгаарлалт тогтоосон хугацаанд тэрээр Монгол улсын хилээр гараагүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дээрх нийтлэлүүдэд “...ГЖ нь улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж ашигт малтмал экспортолж, халаасаа зузаатгаж яваа…, луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн…”, Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Казакстаны нэрт улс төрч ГЖ оргон зугтаж, хил давжээ...”гэх мэтээр дурдсан хэдий ч Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн 19 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын агуулгаас үзэхэд ГЖыг нийтлэлд дурдсан үйл баримтаар шалгаагүй, мөн тэрээр шүүхийн хязгаарлалт тогтоосон хугацаанд Монгол улсын хилээр гараагүй гэж үзэхээр байна.

4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Дээрх баримтаар хариуцагч нь нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нягтлаагүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүйгээс уг  мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх мэдээлэл буюу нийтлэлүүд нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн, үнэн зөв мэдээлээгүйгээс нэхэмжлэгч ГЖын нэр төрийг гутаасан агуулга бүхий байдлаар мэдээлэл тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг  хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

5. Харин нэхэмжлэгч нь алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх боловч энэхүү шаардлага нь бичгийн бусад баримтаар нотлогдоогүй тухайлбал “алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг, “ажил хэргийн нэр хүнд” гэдэгт зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт бөгөөд тухайн этгээдэд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох www.Zuv.mn мэдээллийн сайт, Зөв.мн фэйсбүүк цахим хаягт 2022 оны 04 сарын 16-ны өдөр “НОЦТОЙ: Уул уурхайн компанийг залилсан Жыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна “ гэсэн гарчигтай, 2022 оны 08 сарын 28-ны өдөр “НОЦТОЙ: 775,000 ам.доллар “ЛУЙВАРДСАН” хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Жыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ”  гэсэн гарчигтай, 2022 оны 10 сарын 13-ны өдөр “НОЦТОЙ: Залилангийн хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж Монгол Улсын хилээр гарчээ” гарчигтай нийтлэлүүд,

Зөв.мн фэйсбүүк хаягт 2022 оны 08 сарын 28-ны өдөр “НОЦТОЙ: 775,000 ам.доллар “ЛУЙВАРДСАН” хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Жыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ” гэсэн гарчигтай мэдээллээс нэхэмжлэгч ГЖын нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч “ЗМ” НҮТББдаалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ГЖын алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ЗМ” НҮТББ-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГЖд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОН

 

 

                                          ШҮҮГЧИД                                     О.ЦЭНД-АЮУШ

 

 

     Ц.НАРАНЧИМЭГ