Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01859

 

 

 2023 оны 10 сарын 16 өдөр Дугаар 210/МА2023/01859

 

 

Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн

Галымжан Жакияновын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Г... Ж...вын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З...-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч...гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д..., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Г...н Ж... нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Э... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, тус албыг контракт гэрээний үндсэн дээр хууль тогтоомжид нийцүүлэн хийж ирсэн.

1.2. Гэтэл мэдээллийн Z....ММ сайт болон З....мн фейсбүүк пэйж хуудсаар түүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг удаа дараа цахим сүлжээнд нийтэлсэн. Тодруулбал:

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нийтлэлд:

Улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж ашигт малтмал экспортолж, халаасаа зузаатгаж яваа

...Луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн

2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нийтлэл болон дурс бичлэгт:

Г... Ж...ын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх юм билээ. 

Энэ цаг үед бид Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялах учиртай.

Г... Ж... Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж хар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосныг анхаарахгүй өнгөрч болохгүй юм.

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд:

Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Казакстаны нэрт улс төрч Г... Ж.. оргон зугтаж, хил давжээ.

Э... компанийг Ж... аавын хаалга татах нь тодорхой болсон учир ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө бусдад шилжүүлээд өөрөө Монгол Улсыг орхисон байна.

Г... Ж...ын хувьд аль ч улсад хууль зөрчлөө гэсэн албан тушаалтнуудыг нь аргалж авлигадаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн нь анхаарал татдаг.

Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр гарах эрхээ хаалгасан ч компаниа зараад яаж ч юм бүү мэд аргалаад гараад явчихсан байх аж ... үүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудал хөндөгдөж ч мэдэх юм.

татвараас зайлсхийж луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ анхаарах шаардлагатай байна.

гэх зэргээр олон нийтэд түгээн Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан гадаадын иргэний нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдаж, халдашгүй эрхийг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг, мөн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, 22.5 дүгээр зүйлд заасан Хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн мэтээр Г... Ж...ын нэр хүндийг унагаж, гутаан доромжилж байна.

1.3. Г... Ж...ын хувьд Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байхдаа татвараас зайлсхийх, хахууль өгөх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд эдгээр гэмт хэрэгт огт холбогдож байгаагүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжид заасан үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн байтал ийнхүү худал мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна.

1.4. Мөн Г... Ж...ын хувьд Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байсан хэдий ч тухайн асуудал нь гэмт хэргийн шинжгүй болохыг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор тогтоосон. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 2021/ЦХШЗ/2730/х дугаар Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарах эрхийг сэргээсэн.

Үүний дагуу Г... Ж... нь Монгол Улсын хилээр гарсан байтал үүнийг оргон зугтаж, хил давсан албан тушаалтнуудыг нь аргалж, авлигадаж зугтсан хэмээн нийтэлсэн нь бодит байдалд үл нийцсэн, үндэслэлгүй худал юм.

1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын 5 гэрээнд заасан хүний эрхэнд бүдүүлгээр халдаж хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг ийнхүү гутаасан мэдээ тарааж буйд маш их гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гээд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх,

1.6. Мэдээллийн З...мн сайтад Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн иргэн Г... Ж...ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бодит нөхцөл байдал, үйл баримт, эх сурвалжид үндэслэн нийтлэл бичсэн тухай.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах зорилгоор тухайн мэдээллийг бэлтгээгүй бөгөөд холбогдох эх сурвалжид үндэслэн бодит байдалд нийцсэн мэдээлэл бэлтгэж хүргэсэн.

Г. Ж... нь Монгол Улсад байх хугацаандаа хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан /одоо ч зарим компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа/ бөгөөд эдгээр компаниуд нь ихэвчлэн уул, уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан.

2.2. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцах албанаас түүнд холбогдох хэргийг шалгаж, улмаар хилээр гарах эрхийг хязгаарласан байсан бөгөөд энэ тухай нэхэмжлэлдээ мөн дурдсан байдаг. Ийнхүү шалгагдаж байсан нэхэмжлэгч нь Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гармагц Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ-г хүчингүй болгуулж хилээр гарах эрхээ сэргээлгэн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч явсан байсан тул хариуцагчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг дүгнэн бичсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоол гараагүй байх хугацаанд түүнийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан шалгаж байсан бөгөөд БНХАУ-ын иргэний гаргасан гомдлыг дагуу шалгагдаж байсан нь тогтоол дээрээс тодорхой болсон. Ийнхүү шалгагдаж байх хугацаандаа хохирогч БНХАУ-ын иргэнтэй тохиролцсон буюу, ойлголцсоны үндсэн дээр гомдлыг нь татуулан хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байх боловч БНХАУ-ын иргэнийг хохироосон үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байна.

2.3. Хариуцагч байгууллагын гаргасан нийтлэл нь олон нийтэд анхааруулга өгөх зорилгоор гарсан бөгөөд нийтлэлд нэхэмжлэгчийн дурдсан байдлаар Г.Ж... нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж бичээгүй. Харин түүнд итгэж, хамтарч байсан иргэдийг хохироож үлдээсэн талаар товч үгээр бичсэн болно. Тодруулбал, Монгол хэлэнд залилах гэх үгийг "Заль башир гаргах, хууран мэхлэх" гэх байдлаар тайлбарладаг бөгөөд нийтлэлийн хувьд дээрх утга агуулгаар бичсэн байдаг.

Нэхэмжлэгч Г.Ж... нь өөрийн төрөлх улс болох Казакстан Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж ял авсан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдож байсан тул өөрийн улсад гэмт хэрэг үйлдсэн талаар нийтлэлдээ мөн дурдаж өгсөн.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдаж, хувьцааг нь зарсан гэх "Э..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудал ч цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа талаар мэдээлэл өөр бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гадаад улсын хэвлэлийн байгууллагын мэдээгээр цацагдаж байгааг дурдах нь зүйтэй байна.

Цаашилбал, нэхэмжлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний улмаас эх орондоо ажиллах, амьдрах боломжгүй болсон тул Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай улсад ажиллаж байх хугацаандаа гэмт хэргийн шинжтэй, бусдыг хохироосон үйлдэл гаргасан байсан тул энэ талаар мэдээллийг хүргэсэн.

2.4. Сэтгүүлчийн хувьд иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн улсад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийн хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс дээрх нийтлэлийг бичсэн болно.

2.5. Хууль зүйн үндэслэлийн тухай.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийг хууль бусаар хэрэглэсэн явдал байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн гаргаж буй нийтлэлд нэхэмжлэгчийн нэрийг дурдсан.

2.6. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тодорхойлсон (1) нэр, (2) нэр төр, (3) алдар хүнд, (4) ажил хэргийн нэр хүнд нь тусдаа агуулга бүхий ойлголтууд бөгөөд хариуцагч аль эрхийг нь ямар үндэслэлээр зөрчсөн гэж тодорхойлж буй нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дах хэсэгт заасан ... үг хэлэх, хэвлэн нийтлэх..." гэж заасан хэвлэн нийтлэх үндсэн эрхийн хүрээнд, гадаад болон дотоодын эх сурвалжийг ашиглан бодит нөхцөл байдалд нийцсэн мэдээ мэдээллийг хүргэсэн.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн зүгээс бодит байдалд нийцсэн, гадаадын болон дотоод эх сурвалж, мэдээ мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг үндэслэн нийтлэл бэлтгэн хүргэсэн бөгөөд нэхэмжлэгчийн дурдаж буй Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний хуульд заасан холбогдох эрхийг зөрчөөгүй, бодит байдалд нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох www.Z.....mn мэдээллийн сайт, З.....мн фэйсбүүк цахим хаягт 2022 оны 04 сарын 16-ны өдөр НОЦТОЙ: Уул уурхайн компанийг залилсан Жакияновыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна гэсэн гарчигтай, 2022 оны 08 сарын 28-ны өдөр НОЦТОЙ: 775,000 ам.доллар ЛУЙВАРДСАН хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж...ыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ гэсэн гарчигтай, 2022 оны 10 сарын 13-ны өдөр НОЦТОЙ: Залилангийн хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж... Монгол Улсын хилээр гарчээ гарчигтай нийтлэлүүд, З....мн фэйсбүүк хаягт 2022 оны 08 сарын 28-ны өдөр НОЦТОЙ: 775,000 ам.доллар ЛУЙВАРДСАН хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж...ыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ гэсэн гарчигтай мэдээллээс нэхэмжлэгч Г..Ж...ын нэр төрийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч З...-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Г... Ж...ын алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгч Г... Ж...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.. Ж...д олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй тухай.

Г.. Ж...т залилуулсан гэх иргэний зүгээс түүнд холбогдуулан Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан болох нь эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон тогтоолоос тогтоогддог. Хариуцагчийн хувьд иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн улсад Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа хамтарч байсан иргэд, аж ахуйн нэгжийн хохироосон үйлдэл гаргасан талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс дээрх нийтлэл бичигдсэн байдаг.

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний улмаас эх орондоо ажиллах, амьдрах боломжгүй болсон тул Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай улсад ажиллаж байх хугацаандаа гэмт хэргийн шинжтэй, бусдыг хохироосон үйлдэл гаргасан тул хилийн хоригоо цуцлуулмагц гадагш гарсан талаар нийтлэл бэлтгэж хүргэсэн бөгөөд тухайн нийтлэлийг бүхэлд нь уншиж үзвэл нэхэмжлэгч Г... Ж...той холбоогүй олон нийтэд анхааруулсан хэсэг дийлэнх хэсгийг эзэлдэг. Гэвч анхан шатны шүүх нийтлэлийн дээрх олон нийтэд хандаж анхааруулсан, сэрэмжлүүлсэн нийтлэлийн хэсгийг дурдаж дээрх хэсгүүд нь нэхэмжлэгчийн нэр төрд халдсан байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тодорхойлсон (1) нэр, (2) нэр төр, (3) алдар хүнд. (4) ажил хэргийн нэр хүнд нь тусдаа агуулга бүхий ойлголтууд бөгөөд хариуцагч аль эрхийг нь ямар үндэслэлээр зөрчсөн гэж тодорхойлж буй нь ойлгомжгүй байсан ба "...нэр төр..." гэх ойлголт нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, ...алдар хүнд..." гэх ойлголт нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгодог.

Анхан шатны шүүхийн бусдаас өгсөн үнэлэмж нь хэрхэн гутсан талаарх нөхцөл байдлын нэхэмжлэгч нотлоогүй гэх хэсэг нь үндэслэлтэй болсон хэдий ч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэх ойлголтыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн ба нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэж үзэж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.3. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгчид бусдаас өгсөн үнэлэмж нь хэрхэн гутсан талаарх нөхцөл байдлыг нотлоогүй тул түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутсан гэж үзэх үндэслэлгүй ба харин түүний өөртөө өгсөн үнэлэмж болох алдар хүнд нь гутсан гэж үзэж болохоор байна.

Сэтгүүлч бол мэдээллийг хайх, олж авах, түгээх, хэвлэн нийтлэх эрхтэй бөгөөд энэ нь сэтгүүлчийн үндсэн ажил, мэргэжлийн үйл ажиллагаа болно. Сэтгүүлч нь үйл ажиллагааны явцад өөрийн олж авсан мэдээлэл, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч нийтлэлийг гаргасан ба олон нийтэд анхааруулах, сэрэмжлүүлэх зорилгоор нийтэлсэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/02308 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэргийн 11-15 дугаар тал, 12 дугаар тал, 13-17 дугаар тал, 18-20 дугаар талд З...мн нийтэлсэн 4 нийтлэл авагдсан. Тус нийтлэлүүдэд нийт 35 удаа Г... Ж... гэх нэрийг дурдсан. Залилагч, луйварчин, авлигач гэх агуулгыг бичсэн байдаг. Эдгээр нийтлэлүүдэд нийт 4-5 удаа Г... Ж...ын фото зургийг ашигласан. Тус нийтлэлүүдийг гаргачхаад олон нийтэд анхааруулах зорилготой байсан гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

5.2.. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 4, 5-д тодорхой тусгаж дүгнэсэн. Эдгээр нийтлэлд дурдсан залилсан, мэхэлсэн, оргон зайлсан, бусдад хахууль өгч авлигадсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.. Ж... нь хариуцагч З...-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж гутаасан хэлбэр, аргаар няцаалт хийлгэх, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх. 1-4, 108-110/

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Z....MN сайтад НОЦТОЙ: Уул уурхайн компанийг залилсан Ж...ыг Монголын хуулийн байгууллага шалгаж байна гэсэн гарчигтай нийтлэлд:

...улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийж, ашигт малтмал экспортолж, халаасаа зузаатгаж яваа...,

...луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн...,

3.б. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Z....MN сайтад НОЦТОЙ: 775,000 ам.доллар луйвардсан хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж...ыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ гэсэн гарчигтай нийтлэлд:

Г... Ж...ын хувьд мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан нэгэн гэгддэг. Түүнийгээ ч манай улсад хэрэгжүүлж, өөрийн халаасаа зузаатгасан гэх юм билээ,

энэ цаг үед бид Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэх шүүмжлэлийг дээр дооргүй ярьцгааж байгаа ч худалч, хулгайч, залилагч этгээдүүдийг хэрсүүгээр ялгах учиртай,

Га...Ж.....Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж хар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосныг анхаарахгүй өнгөрч болохгүй юм гэж дурдаад мөн өдөр З....мн фэйсбүүк хаягт мэдээллийг нийтэлжээ.

3.в. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Z.....MN сайтад НОЦТОЙ: Залилангийн хэргээр шалгагдаж буй Казакстаны улс төрч Ж...ыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ. гэсэн гарчигтай нийтлэлд:

Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэг холбогдон шалгагдаж байсан Казакстаны нэрт улс төрч Г... Ж... оргон зугтаж, хил давжээ.

Э...компанийг Ж... аавын хаалга татах нь тодорхой болсон учир ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө бусдад шилжүүлээд өөрөө Монгол Улсыг орхисон байна.

Г... Ж...ын хувьд аль ч улсад хууль зөрчлөө гэсэн албан тушаалтнуудыг аргалж, авлигадаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн нь анхаарал татдаг.

Монгол хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр гарах эрхээ хаалгасан ч компаниа зараад яаж ч юм бүү мэд аргалаад гараад явчихсан байх аж...үүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудал хөндөгдөж ч мэдэх юм.

татвараас зайлсхийж, луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ анхаарах шаардлагатай байна. гэж тус тус дурдсан болох нь тогтоогджээ. /1-р хх. 36-57, 237 - 2-р хх. 4/

3.г. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн яллагдагчаар татагдсан Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Г... Ж...т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /1-р хх. 78-91/

4. Зохигч дээрхи нийтлэлд агуулагдаж буй мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй эсэхэд маргаж байна.

4.а. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт нь харилцан уялдаатай боловч бие даасан агуулгатай. Нэр төр, алдар хүнд гэдэг нь иргэнд хамааралтай бөгөөд ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай. Нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ бол алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой, ажил хэргийн нэр хүнд нь ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ биелүүлэхтэй холбоотой ойлголт юм.

4.б. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй мэдээллийг бусдад мэдээлснийг ойлгох юм. Z....MN сайтын 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нийтлэл, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нийтлэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэл, мөн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн фэйсбүүк нийтлэлүүдэд заагдсан мэдээлэл нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан шинжтэй, бодит байдалд нийцээгүй, уг үйл баримтыг үнэн зөв болохыг хариуцагч нотолж чадаагүй тул мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрлэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж, чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх юм.

Улсын төсөвт төлөх ёстой татвараас зайлсхийсэн, луйврын үйлдлээ нуун дарагдуулахыг оролдсон, холбогдох албан тушаалтнуудад хахууль өгсөн, мужийн засаг даргаар ажиллаж байх үедээ өөрийн эрх ашгийн лоббигоо сурамгай явуулдаг байсан, Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж хар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон, аавын хаалга татах нь тодорхой болсон, татвараас зайлсхийж, луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ зэрэг мэдээлэл үнэн зөв болох нь нотлогдоогүй, иргэний нэр төрийг гутаасан агуулгатай байх тул мэдээ тараасан этгээд уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч....ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ

Ш.ОЮУНХАНД