Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/02839

 

 

 

 

 

 

 

 

 2023      10         10            

                             182/ШШ2023/02839

 

 

                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Б.Х нэхэмжлэлтэй,

ЭТТ ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Ц,

Гэрч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь “ЭТТ” ХК-д 2021 оны 09 сарын 16-ны өдөр Салбарын Экспорт тээвэр зохицуулалтын албаны Мэдээллийн технологийн ажилтан албан тушаалд, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г томилсон болно.

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/1436 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2022 оны 12 сарын 08-ны өдөр тушаалыг танилцуулсан. Уг тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Салбарын Экспорт тээвэр зохицуулалтын албаны Мэдээллийн технологийн ажилтан Батсүхийн Хуланзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай” гэжээ.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Мөн түүнчлэн 2022 оны 12 сарын 05-ны өдөр миний өвөө нас барсан тул захиргааны чөлөө хүссэн хүсэлтийг өөрийн ажиллаж байсан салбарын дарга Б мэдэгдэж, чөлөө хүссэн өргөдлийг бичиж өгсөн бөгөөд дотоод журамд зааснаар 5 хоногийн цалинтай чөлөө авсан. Гэтэл намайг захиргааны чөлөөтэй байсан хугацаанд буюу 12 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Намайг ажилд томилсон тушаал нь Салбарын Экспорт тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан гэсэн боловч захиргаанаас төв оффист зураглаачаар ажиллаж бай гэсэн тул би уурхай руу явж ажиллаагүй, уурхайгаас яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гээд 2-3 удаа утсаар асуухаар нь энэ талаар мэдэхгүй та нар өөрсдөө асуу гэж хэлж байсан.  

Миний бие эрхэлсэн ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж байсан мөн Компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

“ЭТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар Б.Хг Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах, мөн туршилтын хугацаа дуусмагц 2022 оны 06 сарын 27-ны өдрийн Б/695 дугаар тушаалаар Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар томилсон.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн хүрээнд Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх...”-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байдаг.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 дугаар тогтоолд зааснаар компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс /хүний нөөц, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалттай г.м/-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцах явцад Б.Х нь тушаалаар томилогдсон Салбарын ажлын байранд бус, Төв оффисын өөр нэгжид ажиллаж байсан тул Засгийн газрын 385 дугаар тогтоолд дурдсан шаардлагатай бол гэх үндэслэлээр хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/1436 дугаар тушаалаар түүнийг Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Б.Х нь томилсон тушаал гарснаас хойш Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албан /одоо хэлтэс болсон/-д мэдээллийн технологийн ажилтнаар огт ажиллаж байгаагүй бөгөөд төв оффист /Нийгмийн судалгаа, хөгжлийн төв/ ажиллаж байсан.

Мөн Б.Х нь 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс ар гэрийн гачигдлын улмаар захиргааны чөлөө авсан гэх боловч энэ байдал нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед Нийгмийн судалгаа, хөгжлийн төв нь татан буугдсан, тухайн төв нь жилийн ажлын тайлан төлөвлөгөөг албажуулж ирүүлээгүй. Мөн Б.Х нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул холбогдох урамшууллыг олгох үндэслэлгүй юм.

“ЭТТ” ХК-д тогтоосон онцгой дэглэм нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан болно. Иймд Б.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/1436 дугаар Б.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, Б.Хгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Б.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэмэгдүүлсэн шаардлага, Б.Хгийн Голомт банкны дансны хуулга, /хх-ийн 3-5, 110-111, 244-248/

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 01/129 дугаар итгэмжлэл, 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 01/290 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 02 сарын 21-ний өдийн Засгийн газрын тогтоол, 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/187 дугаар Б.Хг ажилд томилох тухай тушаал, 2022 оны 06 сарын 27-ны өдрийн Б/695 дугаар Б.Хг ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаал, “ЭТТ” ХК-ийн дүрэм, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн А/124 дугаар тушаал, “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2022 оны 01 сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаал, хавсралт, 2022 оны 09 сарын 13-ны өдрийн А/560 дугаар тушаал, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаал, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 09 дугаар Дотоод аудитын албаны дүгнэлт, “ЭТТ” ХК-ийн Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн тайлан, итгэмжлэл, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоол, хариу тайлбар, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн А/162 дугаар тушаал, хавсралт, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/198 дугаар тушаал, 2020 оны 12 сарын 30-ны өдрийн А/354 дугаар тушаал, 2022 оны 07 сарын 01-ний өдрийн А/394 дугаар тушаал, “ЭТТ” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, хавсралт, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаал, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/753 дугаар тушаал, 2023 оны 07 сарын 07-ны өдрийн “ЭТТ” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын Б.Хд хүргүүлсэн хариу, 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 02/1279 дугаар албан тоот /хх-ийн 7, 11, 15-16, 17, 18, 19, 20, 21-23, 24-26, 32-64, 73, 108, 118-132, 163, 199

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2023 оны 02 сарын 03-ны өдрийн А/42 дугаар тушаал, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажиллах журам, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн А/15 дугаар тушаал, 2022 оны 10 сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоол, 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 28 дугаар “ЭТТ” ХК-ийн удирдах зөвлөлийн тогтоол, “ЭТТ” ХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ, 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 03/130 дугаар тодорхойлолт, 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаал, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/184 дугаар тушаал, хавсралт, гэрч асуусан тэмдэглэл, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/753 дугаар тушаал хавсралт, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаал, хавсралт, 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 02/1279 дугаар албан тоот, үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 85-99, 102-107, 153-154, 164-175, 219-238/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. /1хх-ийн 1-2, 110-111/

 

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр томилж оролцох эрхтэй бөгөөд хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий этгээд нь Х.Эрдэнэцогт, Б.Цэвэгмид нарыг төлөөлөгчөөр тус тус томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан байна. /1хх-ийн 7,11/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2. Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ...158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хариуцагч байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдсан эсэх талаарх баримтгүй хэдий ч ажилтан тус комиссоор шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шүүхэд хандсанаар шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба зохигч талууд  эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Засгийн газрын тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид ажилтныг ажлаас чөлөөлөх эрх олгоогүй, Б/1436 тоот тушаалд хөдөлмөрийн хуулийн зохих зүйлийг баримтлаагүй, компанийн бүтэц өөрчлөгдөөгүй мөн эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлөөр төв оффист зураглаачаар ажиллаж байсан, захиргааны чөлөө авсан байхад ажлаас халсан нь үндэслэлгүй...”Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан “-ы албан тушаалд эгүүлэн томилуулна гэж, хариуцагч татгалзлын тайлбараа...Хууль болон тогтоолоор онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд нийтлэг баримтлах хууль хэрэглэхгүйгээр ажлаас чөлөөлсөн...ажилтан томилсон ажлын байрандаа огт ажиллаагүй, түүний ажиллаж байсан бүтцийг татан буулгасан, мөн захиргааны чөлөө авсан талаар баримтгүй тул тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“ЭТТ” ХК-ийн захирлын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Б/187 тоот тушаалаар Б.Хг салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар томилсон ба улмаар 2022 оны 06 сарын 27-ны өдрийн Б/695 тоот тушаалаар дээрх албан тушаалд томилж, талууд мөн өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж,   ажилтан ажил үүргээ гүйцэтгэж, ажил олгогч цалин хөлс олгосноор тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /1хх-ийн 19-26/

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасантай нийцэж байна.

“ЭТТ” ХК хаалттай хувьцаат компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан байх ба Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор “Эрдэнэс Таван толгой” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г томилжээ. /1хх-ийн 18 /

“ЭТТ ХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь бүрэн эрхт төлөөлөгч байх ба тэрээр 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/1436 тоот тушаалаар Б.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

“ЭТТ” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/1436 тоот тушаалд...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан Б.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд... Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгожээ.

Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТТ” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж, ...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг ... Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгажээ. /1хх-ийн 18/

Засгийн газрын 385 тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар заасан байх ба энэ үүргийн хүрээнд Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг 2022 оны 12 сарын 08-ны өдрийн А/735 тоот тушаалаар татан буулгажээ. /1хх-ийн 32/

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан.

Харин талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа байх ба уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн байна.

Тодруулбал Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд ...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр...тусад нь онцгой дэглэм тогтоож...харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон, энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тушаал гэж үзэхээр байна.

 

Иймд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл хэсгийг баримтлаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Нийгмийн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаснаар тухайн төвд зураглаачаар ажиллаж байсан Б.Хг ажил олгогчийн 2022 оны 06 сарын 27-ний өдрийн Б/695 тоот тушаалаар томилсон “Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтан”- ы албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Тодруулбал талуудын байгуулсан 2022 оны 06 сарын 27-ны өдрийн М/2022/1069 тоот хөдөлмөрийн гэрээнд ажилтны албан тушаал нь мэдээлэл, технологийн ажилтан гэж, харьяалагдах нэгж экспорт, тээвэр зохицуулалтын алба гэж, гүйцэтгэх ажил үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршилд ажлын шаардлагаар төв оффис гэж тохирсон ба ажлын байрны тодорхойлолтод “ Ажлын байрны үндсэн үүрэг “ЭТТ” ХК-ийн Салбарын Хилийн тээвэр, логистик, экспортын газрын тоног төхөөрөмж болон интернэт дотоод сүлжээ ашиглалт, зөвлөгөө засвар үйлчилгээ, түүний шуурхай ажиллагаа мэргэжлийн болон хэрэглээний программ хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, төв оффис болон салбар, хилийн тээвэр, логистик, экспортын газар хоорондын харилцаа холбооны уялдааг хангах, мэдээллийн системийн өгөгдлийн сангийн нөөц бүрдүүлэх, мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах“ гэж заасан байна.

Харин нэхэмжлэгч Б.Х нь Б/695 тоот тушаалаар томилогдсон албан тушаал болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээс өөр салбар нэгж буюу Төв оффисын Нийгмийн судалгаа хөгжлийн төвд зураглаачийн ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь гэрч Б.Доржсамбуу, Ц.Батжаргал нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд ажилтан тушаал болон гэрээгээр тохиролцсон ажлын байранд ажиллаагүй, түүний ажиллаж байсан салбарыг татан буулгаснаар ажилтан Б.Хг “Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан“-ны албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлгүй байна.

 Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас ажлын 5 хоногийн чөлөө авсан, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгосон гэх боловч 2023 оны 10 сарын 09-ний өдөр “ЭТТ” ХК-ийн ажилтнуудын өргөдөл, гомдлыг хадгалж буй архив болон “ЭТТ” ХК-ийн ажилчдын хүний нөөц, дотоод мэдээллийн систем буюу ERP системд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдохгүй байна.

 5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичмэл нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “ЭТТ” ХК-д холбогдох “Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан “-ы албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОН