Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02150

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02150

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дугаар шийдвэртэй,

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй,

“Э” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгажуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь “Э” ХК-д 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны Мэдээллийн технологийн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.

1.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон.

1.3. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1436 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдөр тушаалыг танилцуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

1.4 Мөн түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний өвөө нас барсан тул дотоод журамд зааснаар 5 хоногийн цалинтай чөлөө авсан. Гэтэл намайг захиргааны чөлөөтэй байсан хугацаанд буюу 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

1.5. Намайг ажилд томилсон тушаал нь Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан гэсэн боловч захиргаанаас “төв оффист зураглаачаар ажиллаж бай” гэсэн тул би уурхай руу явж ажиллаагүй, уурхайгаас “яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ” гэж 2-3 удаа утсаар асуухад нь “энэ талаар мэдэхгүй, та нар өөрсдөө асуу” гэж хэлж байсан.

Миний бие эрхэлсэн ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж байсан мөн компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно.

1.6. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар Б.Хг Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах, мөн туршилтын хугацаа дуусмагц 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/695 дугаар тушаалаар Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар томилсон.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн хүрээнд Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байдаг.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 дугаар тогтоолд зааснаар компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс /хүний нөөц, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалттай г.м/-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцах явцад Б.Х нь тушаалаар томилогдсон Салбарын ажлын байранд бус, төв оффисын өөр нэгжид ажиллаж байсан тул Засгийн газрын 385 дугаар тогтоолд дурдсан шаардлагатай бол гэх үндэслэлээр хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1436 дугаар тушаалаар түүнийг Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

2.3. Б.Х нь томилсон тушаал гарснаас хойш Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын алба /одоо хэлтэс болсон/-нд мэдээллийн технологийн ажилтнаар огт ажиллаж байгаагүй бөгөөд төв оффист /Нийгмийн судалгаа, хөгжлийн төв/ ажиллаж байсан.

2.4. Мөн Б.Х нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ар гэрийн гачигдлын улмаар захиргааны чөлөө авсан гэх боловч энэ байдал нь нотлогдохгүй байна.

2.5. Түүнчлэн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед Нийгмийн судалгаа, хөгжлийн төв нь татан буугдсан, тухайн төв нь жилийн ажлын тайлан төлөвлөгөөг албажуулж ирүүлээгүй. Мөн Б.Х нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул холбогдох урамшууллыг олгох үндэслэлгүй юм.

2.6. “Э” ХК-д тогтоосон онцгой дэглэм нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан болно. Иймд Б.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “Э” ХК-д холбогдох Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан -ы албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилллагааны журам ноцтой зөрчсөн тухайд:

4.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой эсэхийг шүүх дүгнээгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “Э” ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд оролцож, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалган шүүх хурлыг хойшлуулсан. Гэвч Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхээр хангалгүй шууд шүүх хурлыг товлон хуралдуулсан болно. Нэхэмжлэгч Б.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүх хуралдаанд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй талаар маргадаггүй. Иймд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, явагдах боломжтой байсан атал шүүхээс хянаж үзээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

4.1.2. Анхан шатны шүүхээс 13 дахь сарын цалин хөлс, үр дүнгийн урамшуулалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан тул олгох үндэслэлгүй гэхээс өөрөөр хууль зүйн үндэслэлийн хувьд урамшуулал олгохгүй байх зохицуулалт, хамтын гэрээ, цалин хөлсний журам зэрэг байгууллагын дүрэм журмын хүрээнд үндэслээгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарыг иш татан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно.

4.2. Анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд:

4.2.1. Нэхэмжлэгч Б.Х нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан, чөлөөтэй байсан талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”, 60 дугаар зүйлийн 60.1.12-т “Хувийн чөлөөтэй байгаа хугацаанд” ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан.

Гэрч Э.Батжаргалын мэдүүлгээр нэхэмжлэгч нь хувийн чөлөө авсан болох нь тогтоогддог. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Х нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ар гэрийн гачигдлын улмаас захиргааны чөлөө авсан гэх боловч энэ байдал нь нотлогдохгүй байна” гэжээ.

4.2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэл өгсөн эсэхийг бодитоор үнэлээгүй.

Хэрэгт “Э” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдээгүй. Энэ талаар зохигчид маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно.

 Нэхэмжлэгч Б.Х Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуулийн 80.1.1-д зааснаар цуцлахад ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхөөр заасан. Уг мэдэгдлийг өгөөгүй талаарх үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.2.3. 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгосон “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон хавсралтыг үнэлээгүй.

Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилтнуудад 2022 онд ажилласан хугацаанаас нь хамаарч үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин олгосон байна. Тушаалын хавсралтад ажилд ороод 20 хоног болоогүй ажилтанд, мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудад олгожээ.

“Э” ХК-ийн 2018 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн  3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно” гэж заасан.

“Э” ХК-ийн Ажилтанд цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно" гэж заасан байна. ”

Б.Хг ажлаас халснаас хойш ажлын 6 хоногийн дараа үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс олгохоор Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал гарсан. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, цалин хөлс олгох журмыг тус тус баримталсан байна.

4.3. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3.1. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/ Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;

Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид томилох эрх хэмжээг олгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн чөлөөлөх эрхийг нэмж олгосон байна.

Засгийн газарт эрх олгох тухай хуульд Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж хүрээлсэн байх бөгөөд 6/ зүйлд Хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоохоор тогтоох эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд томилох эрхийг олгосон байна.

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гад” гэжээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна.

Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна.

Б.Хг ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт, “Засгийн газраас “Э” ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх арга хэмжөэний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно. 

4.3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. Иймд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол Улсын Иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, нөгөө талаар эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж буй нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно.

4.3.3. Засгийн газарт эрх олгох хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн (1992.01.16) 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажпыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэж заасан.

4.3.4. Монгол Улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тоггоолын 1 дүгээр зүйлийн в/ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ.

4.3.5. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “шударга бус үйлдлийг хориглох” гэж заасан. Хэнийг ч хуулиас гадуур ажлаас халж болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан байна. Үүнд Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль, Захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заажээ.

4.3.6. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй”, 3.2 дахь хэсэгт “Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.", 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасныг баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна.

4.3.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг.

4.3.8. Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаварыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд “Эн” ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас 3 талт хороонд гомдол гаргах эрхээр хангалгүй шууд шүүх хуралдааныг хуралдуулж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэртэй холбоотойгоор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн гурван талт хороонд хандах шаардлагагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасан олгогдсон эрхээ хэрэгжүүлж шууд шүүхэд хандсан гэж шүүх болон шүүх хуралдаан дээр тайлбарлан маргадаг. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж нэхэмжлэл гаргачихаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох ёстой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй. Мөн урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаагүй үндэслэлээ “Э” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дарга болон нарийн бичгийн дарга 2-уулаа буюу захиргааны төлөөлөл оролцсон гэж тайлбарласан. Бүрэлдэхүүн томилсон тушаал, үйл ажиллагааны журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын шууд үр дагавар байдаг онцлогтой буюу тус тусдаа бие даасан шаардлага гэж үзэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тусад нь үнэлж, дүгнэх боломжгүй.

5.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшууллыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.3. Нэхэмжлэгч нь захиргааны чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Хүний нөөцөд чөлөө хүссэн өргөдлийг гаргаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 6.16-д зааснаар албан ёсоор чөлөө олгогдсон талаарх баримт байхгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

5.4. Хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй гэж гомдолдоо дурдсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд хэрэглэх ёстой хууль болох Засгийн газрын эрх олгох тухай хуулийг хэрэглэсэн. Иймд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэх заалтыг хэрэглээгүй.

5.5. А752, А753 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй гэж гомдолдоо дурдсан. Энэ нь үндсэн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэхтэй шууд хамааралтай байсан болохоор онцгой дэглэмийн хугацаанд ажиллаж байсан ажилтнуудад 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн урамшууллыг олгосон. Онцгой дэглэм тогтоох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын 385 дугаар тогтоолд нарийвчлан тусгаж өгсөн. Онцгой дэглэмийн хугацаанд мөрдлөг болгох ёстой хуулийг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгажуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх, 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, уг комисс байхгүй бол хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхийг, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар тус тус зохицуулсан нь маргаан шийдвэрлэх аргуудад хамаарч байна.

Хуульд заасан үндэслэлээр маргааныг ямар аргаар шийдвэрлүүлэхээ нэхэмжлэгч сонгох эрхтэй бөгөөд тэрээр энэ эрхийн хүрээнд шүүхэд гомдол гаргажээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч хөдөлмөрийн гурван талт хороо болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй байгаа ба хандах боломжтой байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн өдөр 182/ШЗ2023/08469 дугаар захирамж гаргаж шүүх хуралдааныг хойшлуулжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид маргаан хянан шийдвэрлэх өөр аргыг сонгох боломж олгосон бөгөөд дараа дараагийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхгүй гэх хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэггүй болно.   

Хөдөлмөрийн тухай хуульд заасан маргаан шийдвэрлэх сонголтод аргуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам, уг журмыг заавал баримтлах учиртай гэж тайлбарлахгүй юм. Иймд анхан шатны шүүх хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

4.1. Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс “Э” ХК-ийн Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээлэл технологийн ажилтнаар томилогдож, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус байгууллагын Нийгмийн судалгаа, хөгжлийн төвд зураглаачаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

4.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/1436 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Салбарын Экспорт тээвэр зохицуулалтын албаны Мэдээллийн технологийн ажилтан Б.Хг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.  

 

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилж, түүнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан байна. 

 

5.2. Дээрх тогтоолоор олгогдсон эрхийн хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/735 дугаар тушаалаар Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар компанийн бүтцийн нэгжээс Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгажээ.

Тодруулбал, тус байгууллагын Дотоод аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэд “... компанийн дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, Нийгмийн судалгаа, хөгжлийн төв гэх нэгжийг байгуулсан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2020 оны 01/3008 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлд нийцэхгүй ... уг нэгжийг татан буулгах шаардлагатай” гэжээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын бүтцийн нэгжээс татан буугдсан Нийгмийн судалгаа, хөгжлийн төвд бодитоор ажиллаж байсан буюу анх томилсон ажлын байранд ажиллаагүй байгааг үндэслэн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Г нь компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагыг үндэслэн холбогдох албан тушаалтныг чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

Иймд ажилтан Б.Хг ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээлэл, технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд нийцсэн байх бөгөөд энэ тохиолдолд ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх зохицуулалт хамаарахгүй. 

Дээрх үндэслэлээр БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, хөдөлмөрийн хууль тогтоомжийн эрэмбэ, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нийцээгүй дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжүй байна.  

 

6. Хөдөлмөрийн дотоод журмын 6.16-д заасны дагуу тус байгууллагын ажилчдын хүний нөөц, дотоод мэдээллийн систем буюу ERP системээр дамжуулан Б.Х нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлын чөлөө олгох хүсэлтийг илгээсэн боловч ажил олгогчоос уг хүсэлтийг түдгэлзүүлсэн буюу шийдвэрлээгүй байна. Мөн Б.Х нь мөн хүсэлтийг бичгээр гаргаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

Гэрч Э.Батжаргал /хариуцагч байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Нийгмийн судалгаа хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан/ шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ “Б.Х Багануурт өвөө өнгөрсөн гэж хэлээд өргөдлөө танаар цохуулмаар байна гэж хэлсэн. ... өргөдөл дээр нь би цохиод хүний нөөцийн Жандролитд өгөх ёстой байсан. Өргөдлийг бол би цохож өгсөн. ... би өргөдлөө хүний нөөцөд өгөөд явж болно гэж хэлсэн. ... надад 1-3 хоногийн чөлөө өгөх эрх байсан. ...” гэх боловч хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.16-д зааснаар нэгжийн удирдлага нь ажилтанд ажлын 5 өдрийн чөлөө олгох эрх олгогдоогүй. Түүнээс гадна мөн журмын 6.21-д зааснаар ажилтан чөлөө авах хүсэлтээ шийдвэрлэгдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна.  

Нэхэмжлэгч ар гэрийн гачигдлын улмаас 5 хоногийн чөлөө авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоодохгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар ажилтан хувийн чөлөөтэй байсан гэх байдал тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн гаргасан 2022 оны Б/1436 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй байна.  

 

7. Хариуцагч байгууллагаас 2022 оны үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна. Ийнхүү шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл талууд энэ нэхэмжлэлийн талаар байр сууриа илэрхийлж тайлбар гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалсан байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар алдааг залруулах боломжтой байна.

  

7.1. Ажилтан Б.Х нь хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/187 тоот тушаалаар мэдээлэл технологийн ажилтнаар туршилтын 3 сарын хугацаагаар томилогдсон, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/695 тоот тушаалаар туршилтын хугацаа дуусч жинхэлсэн боловч мөн оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар чөлөөлөгдсөн буюу нийт 6 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байжээ.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 тоот тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал, А/753 тоот тушаалаар ажилтнуудад шагналт цалинг олгохоор тус тус шийдвэрлэхдээ тус компанид онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлийг заажээ. Тус компанид 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосноос хойшхи ажилтан Б.Хгийн ажилласан хугацаа 1 сар 18 хоног байна.

Иймд түүнд жилийн үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг олгох ёстой байсан гэж дүгнэхгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул түүний гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгажуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулалд нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн БНМАУ-ын гэснийг орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

9. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхийн гомдол хэлэлцэх үндэслэл нь давж заалдах шатны шүүхэд хамааралгүй болохыг дурдав.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний буюу хуулийн нэршлийг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн” гэсний урд “БНМАУ-ын” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

          ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                     Э.ЗОЛЗАЯА