Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/02847

 

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2023       10        06

182/ШШ2023/02824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ё.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.С-дд холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 42,962,605 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Ё.М-с хариуцагч П.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,962,605 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ё.М нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр П.Са зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар буюу 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар тохиролцсон байгаа.

1.2. Зээлдэгч зээлийн гэрээний  төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн болох нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн тооцоо дээр дэлгэрэнгүй харагдаж байгаа. Зээлийг сар бүрийн 29-ний өдөр 1,146,000 төгрөгөөр Хаан банкны  тоот данс руу шилжүүлнэ гээд гэрээний 3.6 дахь хэсэгт заагаад өгсөн байгаа. Үүний дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж мөнгөө төлөх ёстой байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхний төлөлт хэвийн орж ирсэн. 2022 оны 2 дугаар сараас зээл төлөлт алдагдсан.

1.3. Зээлдэгч нь зээлийн хүүд 8,597,593 төгрөгийг төлсөн байна. Харин зээлд 3,239,927  төгрөгийг төлсөн байна. Бид зээл болон хүү тооцооллоо нийтлэг банк бус санхүүгийн байгууллага дээр хэрэглэгддэг хүү тооцоолол бодсон. Эхний жишээ болгоод аваад үзэх юм бол 10 дугаар сарын 29-ний өдөр  хүүд нь нийтдээ 739,726 төгрөгийг төлсөн байна гэж харагдаж байна. Энэ дүн нь яаж гарч ирсэн бэ гэхээр нийт зээлийн хэмжээ нь 25,000,000 төгрөг байгаа. Үүний 36% гэдэг нь 0.36-д үржүүлээд мөн жилийн 365 хоногтоо хуваагаад нэг өдөр нь ногдох хүүгийн хэмжээ гарч ирж байгаа юм. Үүнийг нь 30%-д үржихээр сард авах хүүгийн хэмжээ гараад ирнэ гэсэн үг юм. Дараа нь мөн жишээ болгон бодох юм бол үндсэн зээлээсээ сард төлсөн зээл хүүгээ хасаад гарч ирсэн дүнгээс нь саяны аргачлалаар ерөнхийдөө бодно гэсэн үг. Иймэрхүү байдлаар зээл, хүүгийн тооцоолол нь явж байгаа.

1.4. Алдангийн тооцоо нь зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээгээ байгуулсан байгаа. Энэ гэрээг нотариат дээр байгуулсан. Нотариатаас энэ зээлийн гэрээнийх нь нөхцөлийг ерөнхийдөө тайлбарлаж өгөөд хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг талуудаас асуугаад баталдаг журамтай. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь энэ бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Алдангийн тооцоолол гээд хүү тооцооллын хэсэг дээр гарч ирж байгаа. Эндээс сар бүрийн төлөх хугацаа эхний багана дээр байна. Дараа нь төлөх ёстой дүн нь байна. Дараа нь төлсөн эсэх дүн нь байгаа юм. Тэгэхээр ер нь 10 сарын 29-ний өдөр, 11 сарын 29-ний өдөр, 12 сарын 29-ний өдөр, 01 сарын 29-ний өдөр, 5 сарын 29-ний өдөр гээд энэ төлбөрүүд яг хугацаандаа орж ирсэн. Харин төлөөгүй дүн гээд ард нь нэг бланк гаргаад ирсэн байгаа. Энэ төлөөгүй дүнгээсээ ямар хугацаанд төлөөгүй вэ гэдгийг нь хамгийн сүүлийн багана дээр гарч ирсэн байгаа. Энэ сүүлээсээ 2 дахь баганыг харах юм бол 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,146,000 төгрөгийг төлсөн байна гээд гарч ирж байгаа юм. Энэ 1,146,000 төгрөгийг төлөх хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгаад байгаа юм. Сүүлд төлсөн хугацаа нь бол 2022 оны 5 сарын 18-ны өдөр байгаа юм. Энэ хугацаанд тооцогдож байгаа хоног нь төлөөгүй буюу үүргээ гүйцэтгээгүй хоног нь 79 хоног байгаа юм. 79 хоногоос гүйцэтгэх ёстой байсан дүн нь өөрөө 1,146,000 төгрөг хүүгээсээ 0.5%-ийн алданги тооцоод нийтдээ үүнд тооцогдох алданги нь болохоор 452,670 төгрөг болж байгаа. Энэ мэтээр алдангийн тооцоо цаашид гарсан байгаад байгаа.

1.5. Ийнхүү алдангийн болон зээлийн хүүгийн тооцоолол хийгээд үзэхээр үндсэн зээлийн үлдэгдэл нь 21,760,073 төгрөг, зээлийн хүү нь 7,146,834 төгрөг, алданги 14,055,690 төгрөг болж байгаа. Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны  өдрийн 01 зөвлөмж нь зээлийн гэрээтэй холбоотой байгаа. ҮҮн дээр алдангийг үндсэн зээл болон зээлийн хүү нь өөрөө үндсэн үүрэг учраас үүний  50 хувиас хэтрэх ёсгүй гэж зөвлөсөн байгаа. Уг зөвлөмжийн дагуу алдангийг тооцооллыг гаргасан байгаа.

1.6. Ийнхүү нийтдээ 42,962,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Дээрээс нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор анх зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээн дээр Улаанбаатар, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6-р хороолол 20-р байр 10 тоот 18м.кв  Ү-2202004786 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан учраас энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч П.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Хариуцагч тал нэхэмжлэгч талтай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж сарын 3 хувийн хүүтэй, 25,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Бид тухайн зээлээр олон улсын анагаахын сүүлийн үеийн судалгааг үндэслэж хүний биеийн эрүүл мэндэд ашиг тустай улаан буудайн соёолжны ногоон нахианы цэвэр органик шүүс үйлдвэрлэх хөрсгүй тариалалт буюу гидропоник технологийн өвөл зуны ажиллагаатай хүлэмжийн аж ахуй байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. Бидний шинээр байгуулсан хүлэмж болон үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань өмнө Монголд ашиглагдаж байгаагүй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн учир олонд танигдаж хэрэглэгчдэд  хүрэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа болохоор борлуулалтын орлог төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа улмаас зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хугацаанд нь хийгдэж чадахгүй байгаа учир шалтгаанаа нэхэмжлэгч талд тухай бүр тайлбарлаж байсан. Шинээр эхэлж байгаа хувиараа эрхлэх аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлд бага хүүтэй зээл олдох боломж байдаггүй (шаардлага өндөр) учир арга буюу хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч аж ахуйгаа явуулж байгаа ч одоогийн байдлаар манай бүтээгдэхүүний элүүл мэндэд ашиг тустай чанарыг олон нийт танин мэдэж борлуулалт бага багаар өсөж байгаа болохоор зээлж авсан мөнгө төлж барагдуулна гэдэгтээ итгэл дүүрэн байна.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүрэн биелүүлэхээс татгалзаж байна. Зээлийн эргэн төлөлтийн дүнг буруу тооцсон. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын дансанд 11,880,000 төгрөг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч тал 11.837.451 буюу 42.549 төгрөг дутуу тооцсон.

2.3. Алданги тооцохдоо гүйцэтгэх ёстой үүргийн 50 хувиас хэтрүүлж тооцож, алдангиас алданга, хүүгээс хүү бодож тооцсон. Үндсэн зээл маань 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж байгаа. Бид нар 11,000,000 төгрөг төлсөн байгаа. Энэ алданги нь 14,000,000 төгрөг, хүү нь 7,000,000 төгрөг гээд энэ нь нийлээд үндсэн зээлээсээ маш өндөр дүнтэй байгаа юм. Энийг харж үзнэ үү. нэхэмжлэгч талаас энэ өндөр алданги дээрээс нь энэ хугацаа хэтэрсэн нь буруу.

2.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 2 сард шүүхэд хандлаа, шүүхээр явахаар болсон гэж мэдэгдсэн. Түүнээс хойш бид нарын хувьд нэгэнт шүүхээр явж байгаа бол байраа алдах нь ээ гэж бодсон. Гэхдээ хүү зогсооно гэдэгт нь бол баярлаж байсан. Тэгэхээр үндсэн зээлээ төлөх нь үндсэн зээлээ төлөхийн тулд мөнгө хураах хэрэгтэй болох нь гээд ийм зүйлдээ анхаарч байсан. Хэзээ шүүх хурал нь болох юм бол гэж хүлээж байсан. Тэр хугацааны төлөлтдөө биш нийт хэзээ хэдэн төгрөг төлөх бол гэдэгтээ анхаарч байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэж тооцсон зөвшөөрөхгүй байна. Шүүхэд хандсанаар зээлийн хүү, алданги тооцохгүй болохийг хэлж байсан. Дээрх хугацаанаас хойш албан ёсны бус хаягаар хоёр удаа шүүхэд хандаж, тухайн шүүх  буцааж байсан ба өөрсдийн цаг явуулсан буруутай үйлдэлд хамрах цаг хугацаандаа хүү алданги тооцож, анх зээлсэн 25.000.000 төгрөгөөс зээлийн төлбөрт 11.880.000 төгрөг төлсөөр байтал 42,952.605 төгрөг нэхэмжилж байгаа нь Монголд байтугай дэлхийд байхгүй 100 хувийн хүүтэй гэж үзэж эсэргүүцэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх 3-6/

3.2. Итгэмжлэл /хх 7/

3.3. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-8/

3.4. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх9-10/

3.5. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 11/ зэрэг баримтууд болно.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан болно.

4.1. Итгэмжлэл /хх 17/

4.2. П.С Хаан банкны 5059042254 тоот дансны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хуулга /хх 24-103/ зэрэг болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч П.С-с 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1347 дугаар зээлийн гэрээний үүрэг 42,962,605 төгрөг нэхэмжилж байх ба үүний 21,760,073 төгрөгийг үндсэн зээлд, 7,146,843 төгрөгийг зээлийн хүүнд, 14,055,690 төгрөгийг алданги гэж тайлбарлаж байна.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги хэт өндрөөр тооцсон учир зөвшөөрөхгүй, үндсэн хүүнээс 11,880,000 төгрөг төлсөн байтал 11,837,451 төгрөг төлсөн гэж 42,549 төгрөгийг дутуу тооцож нэхэмжилсэн, 2023 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргана гэсэн атлаа гаргаагүй хугацаа явуулж хүү алданги нэмэгдэх нөхцөл бүрдүүлсэн гэж маргаж байна.  

           

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч П.С-тэй 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 3 жилийн хугацаатай, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги тооцож авахаар харилцан харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлжээ. /хх-8/

 

3.2. Мөн талууд нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор П.С-н өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202004786 дугаартай 18 м.кв орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 9-11/

 

3.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

 Нэхэмжлэгч Ё.М нь зээлийн гэрээний дагуу хариуцагч П.С-д 25,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь хариуцагч П.С-ийн Хаан банкны 5059042254 тоот дансны хуулга /хх 39/-р нотлогдсон, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээн авсан, 11,880,000 төгрөгийг буцаан төлсөн ба өөр төлбөр төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

3.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх ба энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

3.5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуусах хэдий ч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцлийг 2022 оны 02 дугаар сараас зөрчиж, төлөлт хийхгүй байх тул зээлдүүлэгч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 21,760,073 төгрөг, хүүнд 7,146,843 төгрөг, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар алданги тооцож 14,055,690 төгрөгийг нэхэмжилж байна.

 

3.6. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт:

1. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,146,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээл 406,274 төгрөг, зээлийн хүү 739,726 төгрөг,  

2. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,146,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээл 394,038 төгрөг, зээлийн хүү 751,962 төгрөг,  

3. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,146,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээл 239,009 төгрөг, зээлийн хүү 906,991 төгрөг,  

4. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,146,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч  зээл 555,189 төгрөг, зээлийн хүү 590,811 төгрөг, ,

5. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,600,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээл 1,545,447 төгрөг, зээлийн хүү 2,054,553 төгрөг,

6. 2022 оны 08 дугаар сарын 16-ний өдөр 2,400,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээл 71,456 төгрөг, зээлийн хүү 2,328,544 төгрөг,

7. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 50,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн хүүд,

8. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн хүүд,

9. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн хүүд,

10. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,146,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээл 28,514 төгрөг, зээлийн хүүд 1,117,486 төгрөгт тус тус тооцсон байна. 

 

Нэхэмжлэгчээс зээл болон хүү тооцооллоо нийтлэг банк бус санхүүгийн байгууллага дээр хэрэглэгддэг хүү тооцооллоор бодож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан, зээлийн гэрээний 3.6 дугаар зүйлд сар бүрийн 29-ний өдөр 1,146,000 төгрөгийг төлөхөөр тусгасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэтэй,  хариуцагч нь сарын 29-ний өдөр 1,146,000 төгрөгийг төлж байсан ба дээрх төлбөр төлөлтийн хуваарьт маргаагүй болно.

 

3.7. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 3,239,927 төгрөг, зээлийн хүү 8,640,073 төгрөг, нийт 11,880,000 төгрөгийг төлж барагдуулсан, зээлийн үлдэгдэл 21,760,073 төгрөг байна.

 

3.8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3 дугаар зүйлд сарын 3 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарийн 29-ний өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн зөрчилгүй байна. Үүнээс хойш зөрчил үүссэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгээр буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан, энэ өдрийг хүртэл төлөх ёстой хүү 7,146,843 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй, тооцооллын алдаагүй байна.

 

3.9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7 дугаар зүйлд “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байх ба хуульд заасан анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

3.10. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 21,760,073 төгрөг, зээлийн хүү 7,146,843 төгрөг, алданги 14,055,690 төгрөг, нийт 42,962,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3.11. Талууд харилцан тохиролцож сарын хүү 3 хувь байхаар зээлийн гэрээндээ тусгасан байх ба зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нөхцөл байдалгүй байх тул хариуцагчийн илт өндөр хүү тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээг 2023 оны 02 дугаар сард цуцалсан, үүнээс хойш хүү, алданги тооцохгүй, зээлийн хүү, алданги хэт өндрөөр тогтоогдсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг бүрэн тайлбарлаж өгсөн, зохигч ойлгосон гэж тайлбарласан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

            3.12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.13. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

           

3.14. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

3.15. Иймд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202004786 дугаартай 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            3.16. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.-с зээлийн гэрээний үүрэгт 42,962,605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202004786 дугаартай 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр  зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хоёр баримтаар төлсөн 442,963.1 төгрөг /372,763.1+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 442,963.1 төгрөг /372,763.1+70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч П.С-с зээлийн гэрээний үүрэгт 42,962,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.С-н өмчлөлийн  Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202004786 дугаартай 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хоёр баримтаар төлсөн 442,963.1 төгрөг /372,763.1+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 442,963.1 төгрөг /372,763.1+70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА