Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1392

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэртэй Ж.Г-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ба-, Б.Бу-э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Ж.Г- нь Б.Бу-э, Б.Ба- нартай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Б.Бу-э, Б.Ба- нар гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хуулийн дагуу барьцаалсан. Бид нотариатын газар 10 000 000 төгрөг тоолж өгсөн, 5 000 000 төгрөгийг өөрсдийн хэлсэн 5076056969 тоот дансанд нь 1 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгөөр шилжүүлсэн. Б.Бу-э, Б.Ба- нар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл миний дансанд нийт 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч үүнээс хойш мөнгө төлөөгүй. Төлсөн мөнгөний тооцоог бодоход гэрээний дагуу хүүд 891 130 төгрөг, үндсэн зээлэнд 8 108 870 төгрөг шилжүүлсэн байна.

          Эхний гэрээнээс төлөх ёстой хүү 2 108 870 төгрөг, үндсэн зээлд 6 891 130 төгрөг, нийт 9 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцоход 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хоногийн 45 000 төгрөгийг 249 хоногт тооцоход 11 205 000 төгрөг болох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснээр алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг нэхэмжилнэ.

          Б.Бу-э, Б.Ба- нар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзаад “бидэнд 10 000 000 төгрөг хэрэгтэй байна, өмнөх тооцоогоо харж үзээд хүүнээс хасаад нийт 7 800 000 төгрөгөөр бодож өгөөч, сар сард нь хүүгээ төлж байгаад дэлгүүр зарагдахаар зээлээ хаана, 7 800 000 төгрөгт 10 200 000 төгрөгийг нэмж зээлээд 18 000 000 төгрөгийн гэрээ хийе, бидний үл хөдлөх хөрөнгө таны барьцаанд байгаа” гээд Б.Ба- гэрээнийхээ нөхцлийг өөрөө бичсэн. Тэгээд 10 200 000 төгрөгийг нөхөр бид хоёр машин дотроо бэлнээр тоолж өгсөн. Б.Ба-ийн бичсэн зээлийн гэрээг нотариатаар батлуулах уу гэхэд “яах юм бэ өмнөх гэрээ үргэлжилж байгаа, бид хоёрын барьцаа хөрөнгө байгаа” гэхээр нь нотариат ороогүй. Дэлгүүр зарагдах нь тодорхойгүй байснаас хугацаа заагаагүй, харин сар бүр хүүг төлөөд явна гэсэн. 10 200 000 төгрөг зээлээр өгсөн нь үнэн. Б.Ба-ийг мөнгөө өгөхийг удаа шаардсан боловч эхэндээ өгнө гэдэг байснаа утсаа авахаа больсон.

          Иймд сүүлийн гэрээний үндсэн зээл 10 200 000 төгрөг, 10 сарын хүүд 10 200 000 төгрөг, алдангид 9 600 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг нэхэмжилнэ. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 43 500 000 төгрөгийг Б.Бу-э, Б.Ба- нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ба- тайлбартаа: Миний бие Ж.Г-тай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж нотариатаар батлуулсан нь үнэн. Зээлийн гэрээнд нэг талаас Ж.Г-, нөгөө талаас Б.Ба- бид хоёр гарын үсэг зурсан. Харин барьцаалахаар тохирсон эд хөрөнгө нь хариуцагчаар татагдсан Б.Бу-ийн нэр дээрх түүний өмчлөлийн эд хөрөнгө байсан учраас Б.Бу-э барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд гэрээ байгуулсны дараа миний бие түүнээс 15 000 000 төгрөгийг авах болоход 15 000 000 төгрөгөө өгөлгүй, урьд өмнө нь байсан зээлийн харилцаа дуусаагүй, үлдэгдэлтэй учир энэ мөнгөнөөс суутгана гэх зэргээр үл ойлголцол гарсан. Би уг мөнгийг бэлнээр эсвэл өөрийн дансаар авах хүсэлтэй байсан ч авч чадаагүй.

Харин манай нөхөр Б.Бу-э нь Ж.Г-гаас 12 680 000 төгрөгийг тухайн өдрийн орой зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг надад өгөөгүй тул Ж.Г-гаас мөнгө авах хэрэггүй гэж нөхөртөө тухайн үед хэлж байсан ч Б.Бу-э надад мөнгө хэрэгтэй байна, би өөрөө энэ зээлийг аваад хөдөө явах ажилдаа зарцуулж эргүүлээд би төлчихнө гэсээр байгаад авсан.

Үүнээс хойш Б.Бу-э 12 680 000 төгрөгөөс цувуулж төлөөд дуусч байгаа гэж надад хэлж байсан ч яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэйг мэдээгүй. Ж.Г- 15 000 000 төгрөгийг зээлдэгч миний өмчлөлд шилжүүлээгүй тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй тул уг гэрээг үндэслэн шаардлага гаргах эрхгүй. Ж.Г- төлөөд байгаа мөнгийг зээлийн хүү гэж тооцож аваад үндсэн зээл 15 000 000 төгрөг хэвээр, та нар  хүүг төлж байсан гэх байдлаар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ үйлдэж, хүүд 3 000 000 төгрөг нэмж нийт 18 000 000 төгрөг гэж бичиж өгсөн. Иймд Ж.Г-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ба-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бу-э тайлбартаа: Ж.Г- надаас 43 500 000 төгрөгийг шаардахдаа манай эхнэрийг хамт  хариуцагчаар татсан байна. Анх манай эхнэр Б.Ба- нь Ж.Г-гаас 15 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэд зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Ж.Г- гэрээг хийж эхнэрээр олон баримтуудад гарын үсэг зуруулж авсныхаа дараа өмнөх үлдэгдэл байгаа, хасч өгнө гэснээс болж тэдний хооронд үл ойлголцол үүссэн. Ингээд манай эхнэр дутуу зээлийг авахгүй гээд аваагүй.

Харин миний хувьд мөнгө хэрэгтэй, би өөрөө төлчихнө гэж эхнэрээсээ зөрсөөр тухайн өдрийн үдээс хойш оройхон Ж.Г-гаас 12 680 000 төгрөгийг зээлж авсан. Ж.Г- надад 7 680 000 төгрөгийг бэлнээр, “Хаан банк” ХХК-ийн 5076056969 тоот данс руу өөрийн “Хаан банк” ХХК-ийн 5087258646 тоот данснаас 4 000 000 төгрөг, мөн 5025269491 тоот данснаас 1 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 7 680 000 төгрөгийг АТМ машинаар өөрийн дансанд 5 000 000 төгрөг болон 2 680 000 төгрөгөөр хоёр хувааж 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөө хийсэн.

Зээлсэн 12 680 000 төгрөгөө буцаагаад 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 9 000 000 төгрөг төлсөн. Ж.Г- надад дээрх зээлийг өгөхдөө өдрийн зээл гээд өдөр бүр 300 000 төгрөгийг өгөөрэй гэсний дагуу өдөр бүр буцааж төлж байсан. Уг нь манай эхнэр Б.Ба-, Ж.Г-гаас 15 000 000 төгрөгөө авсан бол тэдний хооронд хийсэн гэрээний нөхцөл нь өдрийн зээл биш харин 2 сарын хугацаатай зээл байсан. Би өөрийн авсан зээлээ төлөөд дуусч байгаа. Ж.Г- болон бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Ж.Г-гийн 43 500 000 төгрөг гаргуулах шаардлагаас төлөөгүй үлдсэн 3 680 000 төгрөг зөвшөөрч байгаа тул 39 820 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зураагүй учраас уг зээл надад хамаагүй. Миний төлөх ёстой төлбөрийг Ж.Г- Б.Ба- хоёр уулзаад ийм гэрээ хийсэн байсан. Зөвхөн Б.Ба- 18 000 000 төгрөг авлаа гэсэн агуулга бүхий бичигт гарын үсэг зурсан баримт байгаа. Тийм учраас энэ баримтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй. Бэлнээр 18 000 000 төгрөгийг аваагүй, өмнөх тооцоо дээрээ нэмж авсныг Ж.Г- өөрөө хэлж байсан учраас хүү, алданги тооцох үндэслэлгүй. 2017 оны гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлж болно гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Ба-, Б.Бу-э нараас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-д олгож, 2018 оны 03 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ба-, Б.Бу-э нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Ба-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 гудамж, 21 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201048846 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бу-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 гудамж, 22 тоот хаягт байршилтай 164 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201048847 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ба-, Б.Бу-э нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид    295 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Ба- миний бие Ж.Г-тай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийг зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч би уг зээлийг аваагүй. Харин нөхөр Б.Бу-э нь Ж.Г-гаас 12 680 000 төгрөгийг тухайн өдрийн орой зээлж аваад цувуулж төлөөд дуусч байгаа гэж хэлдэг байсан ч яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэйг миний хувьд мэдээгүй. Ж.Г- нь 15 000 000 төгрөгийг хууль болон гэрээнд зааснаар миний өмчлөлд шилжүүлээгүй тул бидний хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй, уг гэрээг үндэслэн шаардлага гаргах эрхгүй атал шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар надаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээнд нэг талаас Ж.Г-, нөгөө талаас Б.Ба- оролцсон бөгөөд Б.Бу-э гарын үсэг зураагүй тул би Б.Бу-этэй хамтран үүрэг хүлээхгүй.

          Миний хувьд Ж.Г-тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх зааснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. Шүүх ямар баримтыг үндэслэж Ж.Г-г миний өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй. Иймд Б.Ба- надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу.

Б.Бу-ийн хувьд дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч байна. Анх эхнэр Б.Ба- нь Ж.Г-гаас 15 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэд зээлийн болон барьцааны гэрээ хийсэн. Энэ үед би барьцаа хөрөнгийн өмчлөгч тул барьцааны гэрээний гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Ж.Г- гэрээ хийж, эхнэрээр олон баримтуудад гарын үсгүүд зуруулж авсны дараа өмнөх үлдэгдэлийг хасч өгнө гэснээс болж үл ойлголцсон, эхнэр дутуу зээл авахгүй гээд аваагүй. Миний бие Ж.Г-гаас эхнэрт суутгаад өгөх гэж байсан 12 680 000 төгрөгийг зээлж авсан.

Тухайн үед Ж.Г- надад 7 680 000 төгрөгийг бэлнээр өгч, “Хаан банк” ХХК-ийн данснаар 5 000 000 төгрөгийг шилжүүлж нийт 12 680 000 төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 22 удаагийн гүйлгээгээр 9 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3 680 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин Ж.Г-тай бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй.

Гэтэл шүүх Б.Ба-, Ж.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг гэрээний үүргийг хамтран хүлээх үүрэгтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Б.Ба-, Ж.Г- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ Ж.Г- нь зээлийг Б.Ба-т бус Б.Бу-э миний өмчлөлд 12 680 000 төгрөг бус 15 000 000 төгрөг олгосон гэж дүгнэсэн нь ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй.

Шүүх Ж.Г-, Б.Ба- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож намайг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг хүлээлгэж байгаагаас харвал уг бичгээр байгуулсан зээлийн гэрээг намайг байгуулсанд тооцсон гэж дүгнэхээр байна. Гэтэл би гэрээний тал биш, гарын үсэг зураагүй тул Ж.Г-, Б.Ба- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх үүрэгтэй этгээд биш.

Хэдийгээр Ж.Г-, Б.Ба- нар зээлийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч мөнгийг бүрэн өгөөгүйгээс 15 000 000 төгрөгийг Б.Ба- аваагүй тул тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Мөн барьцааны гэрээ байгуулагдсанд тооцож, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Уг гэрээ тухайн үед Б.Ба-, Ж.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан, миний бие барьцаа хөрөнгийн өмчлөгч тул гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар Ж.Г-гаас 12 680 000 төгрөгийг миний бие зээлж авахдаа түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, амаар харилцан тохиролцож авсан тул хүү төлөх үүрэг хүлээхгүй.

Иймд үлдэгдэл төлбөр 3 680 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үлдэх 39 820 000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч Б.Ба-, Б.Бу-э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Г- хариуцагч Б.Ба- нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг хангах баталгаа болгож Б.Ба-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин 44 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах 68 м.кв, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бу-ийн өмчлөлийн мөн хаягт байрлах 22 тоотын 164 м.кв, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх 7-11/ Барьцааны гэрээнд хариуцагч Б.Бу-э үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд гарын үсэг зурж баталгаажуулсан ба тэрээр энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.4-д “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр 10 000 000 төгрөг, дансаар 5 000 000 төгрөг олгосон” гэж бичигдсэн. /хх7/ Хариуцагч Б.Ба- ийнхүү гэрээ байгуулсан болон түүнд гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч гэрээний зүйл болох 15 000 000 төгрөгийг зээлдүүлэгч Ж.Г- нь шилжүүлж өгөөгүй, мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан.

 

Хариуцагч Б.Бу-ийн хувьд “эхнэр Б.Ба- нь Ж.Г-гаас 15 000 000 төгрөгийн зээл авахаар тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэд зээл, барьцааны гэрээ хийсэн боловч, нэхэмжлэгч өмнөх зээлийн үлдэгдэл байгааг тооцож, 12 680 000 төгрөг зээлүүлнэ гэснээс үл ойлголцож, эхнэр дутуу зээл авахгүй гэсэн. Миний бие энэ 12 680 000 төгрөгийг нь тухайн өдрийн орой зээлж авахдаа зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, бэлнээр 7 680 000 төгрөг, дансаар 5 000 000 төгрөг, нийт 12 680 000 төгрөгийг хүлээж авсан, үүнээс 9 000 000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 3 680 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэж тайлбарлаж байна.

  

Шүүх Ж.Г-, Б.Ба- нарын хооронд байгуулсан дээрх гэрээнд хариуцагч Б.Бу-э хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д тус тус заасны дагуу  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд хариуцагч Б.Бу-э 9 000 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Дээрх тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийг бэлнээр 10 000 000 төгрөгийг зээлдэгч нарт өгсөн гэснийг няцаасан гэж үзэхгүй. Учир нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дах Б.Бу-ийн 5076056969 тоот “Депозит дансны хуулга”-аар /хх31/ 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр АТМ-ээс 5 000 000 төгрөг, 2 680 000 төгрөг, нийт 7 680 000 төгрөгийг хариуцагч өөрийн дансанд орлогоор хийсэн нь бүртгэгдсэн байх боловч энэхүү шилжүүлгийг нэхэмжлэгч нь зээлдэгч нарт шилжүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн дансанд хийсэн мөнгөн дүнгээр нэхэмжлэгчээс бэлнээр авсан гэх                10 000 000 төгрөгийн зээлийн дүнг 7 680 000 төгрөг гэж тооцох боломжгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

Иймд нэхэмжлэгч Ж.Г- нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ ёсоор 15 000 000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэж, үндсэн зээл, түүний хүүд 3 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг төлөх үүргээс Б.Бу-ийн буцааж төлсөн 9 000 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ /хх46/ гэх баримтад “Б.Бу-э, Б.Ба- бид нар иргэн Ж.Г-гаас 18 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлэх, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин задгай 44-21, 44-22 тоотод байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүр, 9:7 хэмжээтэй байшинг барьцаалж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, 18 000 000 төгрөг бэлнээр хүлээн авлаа” гэсэн байх бөгөөд “Батцэцэг” гэх гарын үсэг зурагдсан байна. Уг баримтад Б.Ба- гарын үсэг зурсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх баримтад үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 10 200 000 төгрөг, зээлийн хүүд 10 200 000 төгрөг, алдангид 9 600 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт тухайн гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй. Иймд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал ч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул төлбөр төлөх үүрэг хариуцагч нарт  үүсэхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч Б.Бу-ийн “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бу-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч талууд шүүхэд ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Т.ТУЯА