Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00080

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******, Б.Буд-Эрдэнэ нарт холбогдох,

 Нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 43.500.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч Б.Буд-Эрдэнэ,******* нартай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Б.Буд-Эрдэнэ,******* нар гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хуулийн дагуу барьцаалсан. Бид нотариатын газар 10.000.000 төгрөг тоолж өгсөн, 5.000.000 төгрөгийг өөрсдийн хэлсэн 5076056969 тоот дансанд нь 1.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгөөр шилжүүлсэн. Б.Буд-Эрдэнэ,******* нар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл миний дансанд нийт 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үүнээс хойш мөнгө төлөөгүй. Төлсөн мөнгөний тооцоог бодоход гэрээний дагуу хүүд 891.130 төгрөг, үндсэн зээлэнд 8.108.870 төгрөг шилжүүлсэн байна. Эхний гэрээнээс төлөх ёстой хүү 2.108.870 төгрөг, үндсэн зээлд 6.891.130 төгрөг, нийт 9.000.000 төгрөг, зээлийн гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцоход 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хоногийн 45.000 төгрөгийг 249 хоногт тооцоход 11.205.000 төгрөг болох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэснээр алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Б.Буд-Эрдэнэ,******* нар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзаад бидэнд 10.000.000 төгрөг хэрэгтэй байна, өмнөх тооцоогоо харж үзээд хүүнээс хасаад нийт 7.800.000 төгрөгөөр бодож өгөөч, сар сард нь хүүгээ төлж байгаад дэлгүүр зарагдахаар зээлээ хаана, 7.800.000 төгрөгт 10.200.000 төгрөгийг нэмж зээлээд 18.000.000 төгрөгийн гэрээ хийе, бидний үл хөдлөх хөрөнгө таны барьцаанд байгаа гээд******* гэрээнийхээ нөхцлийг өөрөө бичсэн. Тэгээд 10.200.000 төгрөгийг нөхөр бид хоёр машин дотроо бэлнээр тоолж өгсөн.*******ийн бичсэн зээлийн гэрээг нотариатаар батлуулах уу гэхэд яах юм бэ өмнөх гэрээ үргэлжилж байгаа, бид хоёрын барьцаа хөрөнгө байгаа гэхээр нь нотариат ороогүй. Дэлгүүр зарагдах нь тодорхойгүй байснаас хугацаа заагаагүй, харин сар бүр хүүг төлөөд явна гэсэн. 10.200.000 төгрөг зээлээр өгсөн нь үнэн.*******ийг мөнгөө өгөхийг удаа шаардсан боловч эхэндээ өгнө гэдэг байснаа утсаа авахаа больсон. Иймд сүүлийн гэрээний үндсэн зээл 10.200.000 төгрөг, 10 сарын хүүд 10.200.000 төгрөг, алдангид 9.600.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг нэхэмжилнэ. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу нийт 43.500.000 төгрөгийг Б.Буд-Эрдэнэ,******* нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч*******ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие *******тай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөгийг зээлэхээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж нотариатаар батлуулсан нь үнэн. Зээлийн гэрээнд нэг талаас *******, нөгөө талаас******* бид хоёр гарын үсэг зурсан. Харин барьцаалахаар тохирсон эд хөрөнгө нь хариуцагчаар татагдсан Б.Буд-Эрдэнийн нэр дээрх түүний өмчлөлийн эд хөрөнгө байсан учраас Б.Буд-Эрдэнэ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд гэрээ байгуулсны дараа миний бие түүнээс 15.000.000 төгрөгийг авах болоход 15.000.000 төгрөгөө өгөлгүй, урьд өмнө нь байсан зээлийн харилцаа дуусаагүй, үлдэгдэлтэй учир энэ мөнгөнөөс суутгана гэх зэргээр үл ойлголцол гарсан. Би уг мөнгийг бэлнээр эсвэл өөрийн дансаар авах хүсэлтэй байсан ч авч чадаагүй. Харин манай нөхөр Б.Буд-Эрдэнэ нь *******гаас 12.680.000 төгрөгийг тухайн өдрийн орой зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг надад өгөөгүй тул *******гаас мөнгө авах хэрэггүй гэж нөхөртөө тухайн үед хэлж байсан ч Б.Буд-Эрдэнэ надад мөнгө хэрэгтэй байна, би өөрөө энэ зээлийг аваад хөдөө явах ажилдаа зарцуулж эргүүлээд би төлчихнө гэсээр байгаад авсан. Үүнээс хойш Б.Буд-Эрдэнэ 12.680.000 төгрөгөөс цувуулж төлөөд дуусч байгаа гэж надад хэлж байсан ч яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэйг мэдээгүй. ******* 15.000.000 төгрөгийг зээлдэгч миний өмчлөлд шилжүүлээгүй тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй тул уг гэрээг үндэслэн шаардлага гаргах эрхгүй. ******* төлөөд байгаа мөнгийг зээлийн хүү гэж тооцож аваад үндсэн зээл 15.000.000 төгрөг хэвээр, та нар хүүг төлж байсан гэх байдлаар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ үйлдэж, хүүд 3.000.000 төгрөг нэмж нийт 18.000.000 төгрөг гэж бичиж өгсөн. Иймд *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Буд-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: ...******* надаас 43.500.000 төгрөгийг шаардахдаа манай эхнэрийг хамт хариуцагчаар татсан байна. Анх манай эхнэр******* нь *******гаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тэд зээлийн гэрээ хийсэн. Гэтэл ******* гэрээг хийж эхнэрээр олон баримтуудад гарын үсэг зуруулж авсныхаа дараа өмнөх үлдэгдэл байгаа, хасч өгнө гэснээс болж тэдний хооронд үл ойлголцол үүссэн. Ингээд манай эхнэр дутуу зээлийг авахгүй гээд аваагүй. Харин миний хувьд мөнгө хэрэгтэй, би өөрөө төлчихнө гэж эхнэрээсээ зөрсөөр тухайн өдрийн үдээс хойш оройхон *******гаас 12.680.000 төгрөгийг зээлж авсан. ******* надад 7.680.000 төгрөгийг бэлнээр, Хаан банк ХХК-ийн 5076056969 тоот данс руу өөрийн Хаан банк ХХК-ийн 5087258646 тоот данснаас 4.000.000 төгрөг, мөн 5025269491 тоот данснаас 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 7.680.000 төгрөгийг АТМ машинаар өөрийн дансанд 5.000.000 төгрөг болон 2.680.000 төгрөгөөр хоёр хувааж 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөө хийсэн. Зээлсэн 12.680.000 төгрөгөө буцаагаад 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 9.000.000 төгрөг төлсөн. ******* надад дээрх зээлийг өгөхдөө өдрийн зээл гээд өдөр бүр 300.000 төгрөгийг өгөөрэй гэсний дагуу өдөр бүр буцааж төлж байсан. Уг нь манай эхнэр*******, *******гаас 15.000.000 төгрөгөө авсан бол тэдний хооронд хийсэн гэрээний нөхцөл нь өдрийн зээл биш харин 2 сарын хугацаатай зээл байсан. Би өөрийн авсан зээлээ төлөөд дуусч байгаа. ******* болон бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. *******гийн 43.500.000 төгрөг гаргуулах шаардлагаас төлөөгүй үлдсэн 3.680.000 төгрөг зөвшөөрч байгаа тул 39.820.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зураагүй учраас уг зээл надад хамаагүй. Миний төлөх ёстой төлбөрийг ************** хоёр уулзаад ийм гэрээ хийсэн байсан. Зөвхөн******* 18.000.000 төгрөг авлаа гэсэн агуулга бүхий бичигт гарын үсэг зурсан баримт байгаа. Тийм учраас энэ баримтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй. Бэлнээр 18.000.000 төгрөгийг аваагүй, өмнөх тооцоо дээрээ нэмж авсныг ******* өөрөө хэлж байсан учраас хүү, алданги тооцох үндэслэлгүй. 2017 оны гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлж болно гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч*******, Б.Буд-Эрдэнэ нараас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 2018 оны 03 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч*******, Б.Буд-Эрдэнэ нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох*******ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 гудамж, 21 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201048846 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Буд-Эрдэнийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 гудамж, 22 тоот хаягт байршилтай 164 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201048847 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, Б.Буд-Эрдэнэ нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 295 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Буд-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бодит байдалд тулгуурлан үнэлж шийдвэрлэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.*******, Б.Буд-Эрдэнэ нар нь 10.200.000 төгрөгийг 2018.03.25-ны өдөр бодитоор зээлсэн нь үнэн. Эдгээр хүмүүс нь өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ 10.200.000 төгрөг дахин нэмж зээлсэн юм. Учир нь тэр өдөр*******, Б.Буд-Эрдэнэ нар нь өөрсдөө утсаар яаралтай уулзах хэрэг байна өмнөх тооцоо тооллогоо тулгаад мөнгө дахин зээлж авах гэсэн юм бид хоёрт 10.000.000 төгрөг яаралтай хэрэг болоод байна. Өмнөх тооцоогоо хүүгээ багасгаад 7.800.000 төгрөг болгоод бидэнд 18.000.000 төгрөг болгож өгөөч хоёр дүү нь хашаа байшингаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан хураах гээд байна хоёр дүү нь таныг алахгүй итгэлийг чинь алдахгүй гээд өдөржин залгаж, гуйсаар байгаад 10.200.000 төгрөг бэлнээр тоолж аваад явсан ингэхдээ******* баярлалаа гээд өөрөө сайн дураараа зээлийн гэрээ, баталгаа гэсэн баримтыг үйлдэж өгсөн энэ баримт нь надаас мөнгө авсан болохыг нотлох баримт болох юм мөн би үйлдвэрийнхээ бэлэн орлогоос 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад тэр өдрөө Батцэцэгт өгсөн энэ баримт нь нотлох баримт болох ёстой гэж үзэж байна. Түүнээс Баярцэцэг надад өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл мөнгөө өгөхгүй, уулзахгүй, утсаа авахгүй зугтаж байсан хүн гэнэт надтай уулзаж надаас мөнгө аваагүй байж 18.000.000 төгрөг авлаа гэсэн баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой билээ. Миний хувьд ийм мөнгө өгөөгүй байж авсан гэж хүн гүтгэн нэхэмжлэх эрх надад ч байхгүй юм. Гэвч анхан шатны шүүх 10.200.000 төгрөг зээлүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь би энэ мөнгөөрөө хохироход хүрч Баярцэцэг Буд-Эрдэнэ нар нь завшаад үлдэж байна. Нэхэмжлэгч би үндсэн зээл болох 10.200.000 төгрөгөө л эдгээр хүмүүсээс нэхэж байна. Харин хүү болох 10.200.000 төгрөг, алданги болох 9.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний өмнөх зээлээр олгосон үндсэн зээл болон түүний хүү алданги болох 13.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээр 2018.03.25-ны өдөр бодитойгоор зээлүүлсэн 10.200.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч*******, Б.Буд-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул хариуцагч нар нь зээлийн болон барьцааны гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Б.Буд-Эрдэнэ,******* нараас шаардсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан байна. Гэтэл миний бие Б.Буд-Эрдэнэтэй хамтран зээлийн гэрээний харилцааг *******тай үүсгэсэн зүйл байхгүй. Учир нь миний бие зээлийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулж гарын үсэг зурж батлуулсан боловч зээлдүүлэгч нь миний өмчлөлд мөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Нэгэнт зээлдэгч миний өмчлөлд мөнгийг шилжүүлээгүй, шилжүүлсэн гэдгээ нотлоогүй байхад зээлийн гэрээний харилцааг бидний хооронд үүссэн гэж үзэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Буд-Эрдэнэ нь бидний хэлбэрийн хувьд бичгээр байгуулсан зээлийн гэрээний нэг тал буюу оролцогч этгээд биш мөн уг гэрээнд Б.Буд-Эрдэнэ нь гарын үсэг зураагүй тул миний бие Б.Буд-Эрдэнэтэй хамтран үүрэг хүлээгээгүй. Миний *******тай байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1, 282.4-д зааснаар хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхгүй тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус юм. Шүүх ямар баримтыг үндэслэж зээлдүүлэгч *******г зээлдэгч миний өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд******* надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Б.Буд-Эрдэнэ миний бие миний бие *******гаас зээлж авсан 12.680.000 төгрөгнөөс зээл авсан өдрийнхөө маргаашнаас нь буюу 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 22 удаагийн гүйлгээгээр эхлэн нийт 9.000.000 төгрөгийг төлсөн юм. Учир нь ******* надад 12.680.000 төгрөгийг өгөхдөө өдрийн зээл гэдэг зээл буцаагаад өдөр бүр 300.000 төгрөгийг надад өгөөрэй гэсний дагуу өдөр бүр буцаагаад л төлөөд явсан. Бүх утга Буд-Эрдэнээс гэсэн байгаа. Миний бие *******д мөнгө хэрэгтэй гэдгээ хэлж 12.680.000 төгрөг авснаас дээр дурдсанаар өөрийнхөө Хаан банкны 5076056969 тоот данснаас *******гийн Хаан банкны 5087258646 гэсэн данс руу Буд-Эрдэнэ гэсэн өөрийн нэрээ бичиж 9.000.000 төгрөгийг төлсөн. Одоо надад төлөх 3.680.000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд энэ мөнгийг би төлөхийг зөвшөөрч байгаа. Гэтэл шүүх******* ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ гэж үзэж Иргэний хуулийн 242.1-д заасныг үндэслэн уг гэрээний үүргийг хариуцагч намайг хамтран хүлээх үүрэгтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүх******* ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ ******* нь зээлийг*******т бус Б.Буд-Эрдэнэ миний өмчлөлд 12.680.000 төгрөг бус 15.000.000 төгрөг олгосон гэж дүтнэсэн нь ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Шүүх ************** нарын байгуулсан гэрээг байгуулагдсанд тооцож намайг Иргэний хуулийн 242.1-д зааснаар хамтран үүрэг хүлээлгэж байгаагаас харвал уг бичгээр байгуулсан зээлийн гэрээг хариуцагч намайг байгуулсанд тооцсон гэж дүгнэхээр байна. Гэтэл дээр дурдсанаар миний бие гэрээний тал биш, мөн гэрээнд гарын үсэг зураагүй тул миний бие *******,******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх үүрэгтэй этгээд биш юм. Хэдийгээр ************** нар нь зээлийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч мөнгийг бүрэн өгөхгүй гэснээс болж 15.000.000 төгрөгийг******* аваагүй тул тэдний хооронд хийгдсэн гэрээг байгуулагдсанд тооцохгүй юм. Мөн барьцааны гэрээг байгуулагдсанд тооцож барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Уг гэрээ нь тухайн үед*******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр байгуулсан гэрээ бөгөөд миний бие барьцаа хөрөнгийн өмчлөгч байсан тул гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ гэж заасан. *******гаас 12.680.000 төгрөгийг миний бие зээлж авахдаа түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй харин амаар харилцан тохиролцож авсан зээл тул хүү төлөх үүрэг хүлээхгүй. Иймд *******гийн шүүхэд гаргасан 43.500.000 төгрөг гаргуулах шаардлагаас миний бие үлдэгдэл төлбөр болох 3.680.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үлдэх 39.820.000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, Б.Буд-Эрдэнэ нарт холбогдуулан 2017.05.19-ний зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.891.130 төгрөг, зээлийн хүү 2.108.870 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, нийт 13.500.000 төгрөг, 2018.03.25-ны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.200.000 төгрөг, зээлийн хүү 10.200.000 төгрөг, алданги 9.600.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг, бүгд 43.500.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч нар нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй 2017.05.19-ний өдрийн зээлийн гэрээ *******,******* нарын хооронд байгуулагдсан боловч уг гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй, харин мөн өдөр Б.БудЭрдэнэ амаар тохирч *******гаас 12.680.000 төгрөг зээлж, буцааж 9.000.000 төгрөг төлсөн тул үлдэх 3.680.000 төгрөг төлнө, 2018.03.25-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй, ...өмнө авсан зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 3.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг гэж *******,*******ээр гарын үсэг зуруулсан. гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 Зохигчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 1. ******* нь*******, Б.Буд-Эрдэнэ нараас 2017.05.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд нийт 13.500.000 төгрөг шаардах, энэхүү зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болгосон эхний буюу 2017.05.19-ний зээлийн гэрээнд зээлдүүлэгч ******* зээлдэгч******* гэж гарын үсэг зурагдсан, уг гэрээгээр 15.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэх, тогтоосон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь тогтоогджээ.

 Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд*******ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 гудамж, 21 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Буд-Эрдэнийн өмчлөлийн мөн гудамжны 22 тоот хаягт байршилтай 164 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж зохигч 2017.05.19-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулна. Түүнчлэн барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 Зээлийн болон барьцааны гэрээг зохигч бичгээр байгуулсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцнэ. Энэ талаархи шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 Зээлийн гэрээнд зээлдэгч талаас******* гарын үсэг зурсан боловч*******, Б.Буд-Эрдэнэ нар тус бүрийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж гэр бүлийн хэрэгцээнд зориулж зээл авах хүсэл зоригтой байж, мөнгийг Б.Буд-Эрдэнэ хүлээн авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчтэй маргаснаас болж мөнгийг бодитоор аваагүй гэх*******ийн, амаар тохиролцож 12.680.000 төгрөг авсан гэх Б.Буд-Эрдэнийн татгалзал тус тус үгүйсгэгдсэн гэж үзнэ. Иймээс хариуцагч нар нэхэмжлэгчтэй тусдаа зээлийн гэрээ байгуулсан гэх боломжгүй, хариуцагч нарыг зээлийн болон барьцааны гэрээний аль алины хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэхдээ шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг зөрчөөгүй байна.

 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заажээ.

 ******* нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт бэлнээр 10.000.000 төгрөг, дансаар 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болон хариуцагч нар буцааж 9.000.000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу байна.

 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 Зээлийн гэрээний 3.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5%-ийн алданги тооцох-оор заасан нь хуульд харшлаагүй байна.

 Иймд шүүх 2017.05.19-ний өдрийн зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг буюу зээл 15.000.000 төгрөг, 2 сарын хүү 3.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөгөөс, төлсөн 9.000.000 төгрөгийг хасч, үлдэх 9.000.000 төгрөг, уг дүнгээс алдангийг 50 хувиар тооцон нийт 13.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 323 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Барьцааны шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, уг шаардлагыг гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

 Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 2. ******* нь*******, Б.Буд-Эрдэнэ нараас 2018.03.25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10.200.000 төгрөг, зээлийн хүү 10.200.000 төгрөг, алданги 9.600.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтад үндэслэсэн гэж үзэв.

 2018.03.25-ны өдрийн Зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь гэсэн бичигт, *******гаас*******, Б.Буд-Эрдэнэ нар 18.000.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин задгай 44-21, 44-22 тоотод байрлах 8 нэрийн дэлгүүр, 9х7 хэмжээтэй байшинг барьцаалах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх, 18.000.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэх агуулга тусгагдсан байна. Уг бичигт******* гарын үсэг зурснаас үзвэл нэг талын баримт гэх үндэслэлтэй.

 Нэхэмжлэгч уг баримтын дагуу 18.000.000 бус 10.200.000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж, хариуцагч нар мөнгө аваагүй өмнөх үүргийг дүгнэсэн баримт гэж маргажээ.

 Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч хэзээ, хэрхэн биелүүлсэн, тухайлбал, 10.200.000 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлснээ нотлох үүрэгтэй ба үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 Нэхэмжлэгчийн гаргасан 2018.03.25-ны өдөр Гэрэлт наран гэрэлт ХХК-с 10.000.000 төгрөг авсан тухай бэлэн мөнгөний зарлагын баримт нь уг мөнгийг хариуцагч нарт өгснийг нотлохгүй юм.

 Иймээс шүүх дээрх гэрээгээр нэхэмжлэгч зээлийн үүргийг шаардах эрхгүй, хариуцагч нарт зээл төлөх үүрэг үүсэхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

 3. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/01437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 175.000 төгрөг, хариуцагч Б.Буд-Эрдэнэ,******* нарын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 295.650 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                              Г.АЛТАНЧИМЭГ