Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н-д холбогдох

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаартай, 93.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас Г.Н-г албадан чөлөөлж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, С.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байр, 2 тоотод байрлах 93.6 мкв 3 өрөө орон сууц нь “П” ХХК-ийн өмч юм. Г.Н- сүүлийн хэдэн жил ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд удаа дараа шаардлага тавихад огт биелүүлдэггүй. Анх худалдаж авна гэж байсан боловч төлбөр тооцоо огт хийгээгүй учраас худалдах боломжгүй болсон бөгөөд орон сууц чөлөөлөхийг шаардсан шаардлагыг хүлээж авахгүй байна.

Г.Н- нь “З” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээний захиалагчийн хувьд нийт 175 736 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй байсан. “П” ХХК нь “З” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, “Зенит Интелиженс Корпоррэйшнз” XXK болон Г.Н- нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг “З” ХХК-иас шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Н- “З” ХХК-тэй байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2 жил өнгөрсөн. Иймд нэхэмжлэгч “П” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгчийн хувьд захиалагчийн буруугаас гэрээ цуцлагдсан үндэслэлээр өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 93.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Н- (түүний гэр бүл)-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, “П” ХХК-д хүлээлгэн өгөхийг Г.Н-д даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н- нь “Цахим гал” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Ц” ХХК 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр БАГ-2014/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг “Хуур магнай” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 166 айлын орон сууцны 16-н давхар Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. “Ц” ХХК гэрээнд заасан хугацаанд зохих чанар, стандарт, шаардлагыг хангаж барилгыг барьсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэж өгсөн. Бидний хийж гүйцэтгэсэн ажилд “Хуур магнай” ХХК-ийн ерөнхий захирал Рави Крашнадас Жагасиа /нэхэмжлэл гаргасан “П” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч/ сэтгэл ханамжтай байж 2016 оны 2 дугаар сард “Цахим гал” ХХК, ТОСК, “Баяжих зууч” ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүлийг гэртээ урьж Баяжих цогцолбор-оос сонгосон орон сууцны түлхүүрийг ёслол төгөлдөр гардуулж өгсөн. Дээрх 5 ажилтны нэг миний бие Г.Н- болно. “Хуурмагнай” ХХК нь Монгол Улсад албан татвар төлөхөөс зайлсхийн орон сууцны өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр бус оффшор бүсэд байрлах Vision express Ltd, Zenith intelligencecorporations Ltd /“Зенит Интелиженс Корпоррэйшнз” XXK/ гэх 2 компанийн нэр дээр гаргуулан авсан бөгөөд К.Равигийн надад бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрх Zenith intelligence corporations Ltd /“Зенит Интелиженс Корпоррэйшнз” XXK /-д шилжсэн байдаг. Орон сууцыг бэлэглэх үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь албан ёсоор гараагүй байсан бөгөөд тухайн үед орон сууцны өмчлөх эрх аль компанийн нэр дээр шилжих нь тодорхойгүй байсан учраас бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй, бичгээр байгуулаагүй болно.

Ийнхүү “Хуурмагнай” ХХК болон Zenith intelligence corporations Ltd /“Зенит Интелиженс Корпоррэйшнз” XXK/-н тавьсан шаардлагын дагуу орон сууцны өмчлөгч компанийн хууль ёсны төлөөлөгчтэй 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №12 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Миний бие орон сууцыг бэлэглэлийн гэрээ болон, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу эзэмшиж байгаа тул энэхүү и мэйлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа нь орон сууцыг надад бэлэглэсэн атлаа өөрийнхөө бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн эзэмшлийн өөр компанийн нэр дээр шилжүүлэн, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх цогцолборын ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч компанийн хооронд төлбөрийн үлдэгдлийн асуудал байсан бөгөөд захиалагч “Хуурмагнай” ХХК нь гэрээний дагуу өгөх ёстой хөрөнгө оруулалтаа бүрэн оруулаагүйгээс “Цахим гал” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрсэн байдаг. Энэ талаар захиалагч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиад хэлэхэд та нарт бэлэглэсэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, банкнаас зээл аваад эхний ээлжийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болох юм байна гэснийг хүлээн зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэвч худалдагч тал нь банкны тавьсан ипотекийн зээл авах шаардлагыг хангаж чадаагүй тул уг гэрээний дагуу зээл авч чадаагүй болно.

“З” ХХК болон Г.Н- нарын 2016 оны 6 сарын 12-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь анхнаасаа талуудад эрх үүрэг үүсгэх зорилгоор байгуулагдаагүй бөгөөд зөвхөн бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын тохиролцооны дагуу компанийн санхүүгийн асуудлыг цэгцлэх зорилготой ба энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Дээр дурдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа талуудад эрх, үүрэг үүсгэхгүй бөгөөд энэхүү хэлцлийн эрх үүргийг шилжүүлж буй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулан гэрээний эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ нь мөн “П” ХХК-д ямар эрх үүсгэхгүй юм.

Харин нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Рави Крашнадас Жагасиа нь орон сууцыг Г.Н- болон бусад 5 айлд маргаан бүхий орон сууцыг бэлэглэж, түлхүүрийг гардуулан өгсөн бодит үйлдэл хийсэн нь орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх хангалттай баримт бөгөөд тус бэлэглэл гэрээний дагуу орон сууцны эзэмшлийг бодитоор шилжүүлэн авсан байдаг. Өмнөх тайлбарт дурдсанчлан тухай үед орон сууцны гэрчилгээ аль компанийн нэр дээр гарах асуудал нь тодорхой болоогүй байсан учраас бичгээр бэлэглэлийн гэрээ байгуулаагүй боловч орон сууцыг бэлэглэсэн бодит үйлдэл хийсэн нөхцөлийг шүүх харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм. Иймд дээр дурдсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байгаа “П” ХХК-н шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч Г.Н-г Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаартай, 93.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “П” ХХК-иас 966 430 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

Хариуцагч Г.Н- нь ”З” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр захиалагч Г.Н- 175 736 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгч нь ”З” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, ”З” ХХК болон Г.Н- нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 012 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг ”З” ХХК-иас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн авсан болно.

 Уг гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээний 4-5 дугаар зүйлүүдэд Г.Н-гээс гүйцэтгэгчид төлсөн гэх төлбөрийн талаар бичигдсэн байхад шүүх уг зүйлүүдийг ”З” ХХК-д нэхэмжлэгчээс төлбөр төлөх үүрэг хүлээсэн мэтээр буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь ”З” ХХК-д дээрх гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсны төлөө ямар нэг төлбөр төлөөгүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. “П” ХХК болон ”З” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулга байхгүй байхад шүүхээс худалдах, худалдан авах гэрээ байна гэж гэрээний агуулга болон Иргэний хуулийг буруу тайлбарласан байна.

“П” ХХК болон ”З” ХХК-ийн хооронд ямар ч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь ”З” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ байгуулах үед хариуцагч нь орон сууцыг эзэмшиж байгааг гэрээний талууд мэдэж байсан. Гэрээний 4 дүгээр зүйлд “үндсэн гэрээний бүх төлбөрийг Г.Н-гээс шаардах эрх болон төлбөр төлөөгүй үндэслэлээр үндсэн гэрээг цуцлах эрх, мөн бусад бүх эрхүүд энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор эрх хүлээн авагчид бүрэн шилжинэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь гүйцэтгэгчийн хувьд өөрт олгогдсон гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлсэн, мөн гүйцэтгэгч болон өмчлөгчийн хувьд орон сууцыг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардсан баримт нь хэрэгт байгаа. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө гүйцэтгэгч болсны хувьд ”З” ХХК-иас орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардах үндэслэл байхгүй.

Шүүх мөн шийдвэртээ “гэрээний үүрэгтэй холбогдуулан хариуцагчийг орон сууцнаас чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар орон сууцны үнээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй, тиймээс улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байна” гэсэн үндэслэлээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримттай бүрэн танилцаагүй гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Г.Н-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаартай, 93.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас Г.Н-г албадан чөлөөлж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцыг бэлэглэлээр хүлээн авсан гэж маргажээ.

Г.Н- нь “З” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалан бариулах 012 тоот гэрээ байгуулж, “З” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын А блокын 1-р орц, 3-р давхрын 2 тоот, 3 өрөө 79.88 м.кв талбайтай орон сууцыг 175 736 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 16-21 дүгээр тал/

“П” ХХК нь “З” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүрэг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Г.Н-тэй 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 012 тоот гэрээний гүйцэтгэгч талын бүх эрх, үүргийг бүрэн хэмжээгээр эрх хүлээн авагч буюу “П” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 68-71 дүгээр тал/  

 “П” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хэргийн 6 дугаар талд авагджээ.

Хариуцагчийн орон сууцыг бэлэглэлээр хүлээн авсан гэх тайлбар татгалзал нь хангалттай баримтаар нотлогдоогүй байх бөгөөд хэргийн 12-13 дугаар талд авагдсан гэрэл зургаар уг нөхцөл байдал нь эргэлзээгүй тогтоогдоогүй тул Г.Н- нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.

Хэргийн 72 дугаар талд нэхэмжлэгчээс 1 065 870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тушаасан баримт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн талаар гаргасан гомдол үндэслэлтэй бөгөөд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж, 18 дугаар байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204092632 дугаартай, 93.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Г.Н-гийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлсүгэй” гэж,

2 дахь заалтын “нэхэмжлэгч Перенниал холдингс ХХК-иас 966,430 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг хасч, “хариуцагч Г.Н-гээс 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 036 630 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                

                             ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО