Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/01703

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/01703

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Д овогт С.Б/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,, байрлах, "С М" ХХК/РД:, гүйцэтгэх захирал Ё.У/-д холбогдох

 

28,054,500 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 315,005,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, гэрч А.Н, гэрч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х К" ХХК нь "С М" ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан ба уг гэрээгээр "Содов майнинг ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт хаягт байрлах 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөө байгуулах ажлыг 75 хоногийн хугацаанд буюу 2020 оны 08 сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд бидний зүгээс ажлыг чанарын гүйцэтгэлтэй хугацаанд нь хийж дуусгасан.

Гэрээний 4.1-д зааснаар гэрээт ажлыг 333,708,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд гэрээний 2.3-т зааснаар захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 70% хувийг урьдчилж төлөх, 30%-ийг ажил бүрэн дуусч, актаар хүлээлцсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор бүрэн төлнө гэж заасан байна. Хариуцагч нь гэрээт ажлын төлбөр 333,708,000 төгрөгөөс 18,703,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд "С М" ХХК нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай компанийг хохироосоор өнөөдрийг хүрсэн.

Гэрээний 7.2-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө, 7.3-т тогтоосон торгууль болон алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй байна, Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч нь нийт 9,351,500 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Гэрээний 7.2-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. 7.3-т тогтоосон торгууль болон алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч нь нийт 9,351,500 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,703,000 төгрөг, алданги 9,351,500 төгрөг, нийт 28,054,500 төгрөгийг хариуцагч "С М" ХХК-иас гаргуулж С.Б-д олгож хохиролгүй болгож өгнө үү

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээж авах үүрэг хүлээсэн боловч хүлээж аваагүй.

Хариуцагчаас ажлын доголдолтой холбоотой гомдол гаргаагүй.

Иймд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,703,000 төгрөг, алданги 9,351,500 төгрөг, нийт 28,054,500 төгрөгийг хариуцагч "С М" ХХК-аас гаргуулж, С.Б-д олгож, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч С.Б-ийн өмгөөлөгч Ш.Ошүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар ажлын үр дүн Ажил гүйцэтгэх гэрээнд заасан тоо, хэмжээнд тохирч байна гэж заасан.

Хийж гүйцэтгэсэн ажлын яг юу нь доголдолтой юм бэ гэдгийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс 0 градустай 5 ширхэг агуулах хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн.

Хариуцагч "М У" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу -25 градус бүхий агуулах нэмэлтээр хийлгэж байгаа гэж ойлгож байгаа.

Өнгөрсөн хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. гэв.

 

Хариуцагч "С М" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х К"ХХК-ийн зүгээс манай компанид холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэлд нийт 28,054,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч, үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг гаргаж байна. Мөн манай компанийн зүгээс "Х К" ХХК-тай гэрээ байгуулаагүй бөгөөд иргэн "С.Б" -тэй гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн байх тул татгалзаж өгнө үү. Түүнчлэн манай компанийн зүгээс С.Б-д холбогдуулан нэхэмжлэлийг шүүхэд гаргах шатанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулахаар хандаж шийдвэрлүүлнэ.

Учир нь "С М" ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5-н жилийн хугацаатайгаар Нийслэлийн, Тахилт 27 гудамж, 74-2 тоотод байрлах 1140 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Б, Ц.Б нартай Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, түүний дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Уг гэрээний дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр "С М" ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200/А тоот гэрээг иргэн С.Б-тэй байгуулж, гэрээгээр захиалагчийн, агуулахын барилга дотор 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг 75-н өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээ гэж заасны дагуу 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу манай компани 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг иргэн С.Б-ээр хийлгүүлсний хөлсөнд нийт 333,708,000 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Тохиролцсон төлбөрөөс гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгээс 280,000,000 төгрөг, мөн тоног төхөөрөмж худалдан авсан газартаа мөнгө өгөх хэрэгтэй байна гээд нэхэмжлээд байхаар нь үлдэгдэл төлбөрөөс 45 сая төгрөгт нь Бенз 8500 маркийн автомашиныг бодож өгсөн. Нийт 325,000,000 төгрөгийг төлсөн.

Гэвч С.Б нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг гэрээнд заасан үе шатын дагуу авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ... Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна ... гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, бүрэн ашиглах ямар ч боломжгүй, хийж өгсөн ажлын дагуу тоног төхөөрөмжийг хэвийн горимоор ямар ч ажиллуулах боломжгүй байдлаар суурилуулан тавьж, үүнээс болж тухайн хүнс хөлдөөх хадгалах зориулалт бүхий агуулахад байсан хүнсний бүтээгдэхүүнд бүгд муудаж их хэмжээний хохирол амсаад байна.

С.Б нь 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг, агуулахын барилга дотор хийж гүйцэтгэнэ гэж гэрээг байгуулсан боловч 8 ширхэг хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах нь угсралтад орсон өдрөөс авхуулаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа стандарт техникийн шаардлагын дагуу хэвийн горимоор ажиллаагүй ба бүр нэг ч удаа асалгүй 2 жил болох гэж байна. Энэ тухай түүнд удаа дараа хэлсэн боловч ажиллана гэдэг худал тайлбар өгсөөр өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд С.Б нь суурилуулсан тоног төхөөрөмжийг хэвийн горимд ажиллуулж өг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ гэхлээр тоног төхөөрөмжийн гол ажиллуулах төхөөрөмжийг бидэнд хэлэлгүйгээр хулгай хийж авч явсан байдаг. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, гомдол гаргасны дагуу хэрэг үүсч, улмаар буцааж тоног төхөөрөмжүүдийг суурилуулж төдий байршуулсан байдаг. Гэтэл ут тоног төхөөрөмжүүд нь өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ажиллахгүй өнөөдрийг хүрээд байна.

Манай компанийн зүгээс С.Б-д Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэж өгч хууль болон гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэхгүй байгаа болно. Бид хэвийн горимоор ажиллах боломжтой тоног төхөөрөмжүүдийг суурилуулаагүй, дээрээс нь тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах удирдлагын системийг хулгай хийж авч явсан учраас гэрээг цуцлахыг С.Б-д хэлсэн бөгөөд үүний дараагаар тэрээр шүүхэд хандсан байна.

Манай компанийн зүгээс С.Б-ээс хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн ажил хийлгүүлэхээр захиалга өгч, төлбөр төлсөн байтал тэрээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хадгалах ямар ч боломжгүй тоног төхөөрөмжүүд суулгаснаас болж өнөөдөр манай компани их хэмжээний хохирол сүүлийн 2 жилийн хугацаанд амссан.

Иймд нэгэнт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "... ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ..., 343.2-т ... Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна ..., 343.3-т ... Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ ... гэж заасны дагуу С.Б нь өнөөдрийг хүртэл 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах байгуулах ажлыг хийж үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 325,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд Гэрээнээс татгалзах журам гээд 204.1-т ... Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ ..., мөн хуулийн 205 дугаар зүйлд Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар гээд 205.1-т ... хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ... гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргаж, бусдын өмнө учруулсан хохирлыг түүнээс гаргуулж шийдвэрлүүлнэ. гэв.

 

Хариуцагч "С М" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "С М" ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5-н жилийн хугацаатайгаар Нийслэлийн, Тахилт 27 гудамж 74-2 тоотод байрлах 1140 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч овогт Б.Б, Нялцгай овогт Ц.Б нартай Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, түүний дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж ажилласан.

Уг гэрээний дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр "С М" ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200/А тоот гэрээг иргэн С.Б-тэй байгуулж, гэрээгээр захиалагчийн, Тахилт 27 дугаар гудамжид байрлах 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг 75-н өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээ гэж заасны дагуу 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу манай компани 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг иргэн С.Б-ээр хийлгүүлсний хөлсөнд нийт 333,708,000 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Тохиролцсон төлбөрөөс гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 70% буюу 230,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч С.Б нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг гэрээнд заасан үе шатын дагуу авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ...Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна... гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй.

С.Б нь 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулахыг байгуулах ажлыг, агуулахын барилга дотор хийж гүйцэтгэнэ гэрээг байгуулсан боловч 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах нь угсралтад орсон өдрөөс авхуулаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа стандарт техникийн шаардлагын дагуу ажиллаагүй ба бүр нэг ч удаа асалгүй 2 жил гаруй болох гэж байна.

Манай компанийн зүгээс С. Б-д Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэж өгч хууль болон гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэхгүй байгаа болно.

Иймд ИХ-ийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 343.2-т ...Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна..9 343.3-т ...Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ... гэж заасны дагуу С.Б нь өнөөдрийг хүртэл 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах байгуулах ажлыг хийж үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 230,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн С.Б нь энэхүү гэрээний дагуу ажлыг дутуу гүйцэтгэсний дараагаар, Тахилт 27 дугаар гудамжны байрлах 1 давхар агуулахын барилга дотор байсан 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн удирдлага түлхүүрийг хулгай хийж авч явсан. Үүнийг авч явснаас болж 7 хоног ажиллаагүй. Үүний дагуу компанийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж, цагдаагийн мөрдөгч н.У-д шалгаж, шалгах явцад С.Б авчирч өгсөн. Энэ хугацаанд агуулахад хүнс хадгалагдах зориулалт бүхий хөргүүрийн тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болж улмаар БНХАУ-ын нэр бүхий компанийн нэг кг нь 50,000 төгрөгөөр зарагддаг махны чиглэлийн үхрийн үнэтэй мах муудаж, ашиглах ямар ч боломжгүй болж, 2 модон сагс, 2 тонн мах өмхийрч, муудсан. Энэхүү хохирлыг биднээс нэхэмжилж байгаа. Тиймээс үүнийг баримт нь ирэхээр С.Б-ээс нэхэмжилнэ.

Мөн агуулахад хүнс хадгалж болно гэх зориулалт бүхий зоорийн тоног төхөөрөмж суурилуулсан гэж танилцуулж, агуулахыг хариуцаж байсан Б сонгино хадгалуулсан байсан боловч хадгалсан сонгино хөргүүрийн зориулалтын дагуу ажиллаагүйгээс болж өмхийрч муудаж, Улаан чулуутын хогын цэгт хаясан. Одоо уг сонгины эзэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 140,000,000 сая төгрөг нэхэмжилж байна.

Энэ мэт манай компанид их хэмжээний төлбөр, хохирол учраад байгааг С.Б-ээс нэхэмжилнэ.

Иймд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн 200/А дугаар Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 315,005,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "Х К" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 200/А дугаар Ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 20/10-15 дугаар Хөргөх болон хөлдөөх агуулахыг ашиглалтад оруулах комиссын акт, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн №20/10-16 Сорилтоор шалгасан акт,

Хариуцагчийн баримтаар гаргасан "С М" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 200/А дугаар Ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Б-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 02 сарын 09-ний өдрийн "С М" ХХК-ийн хүсэлт, 2023 оны 02 сарын 16-ны өдрийн "С М" ХХК-ийн хүсэлт, СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрэл зургийн үзүүлэлт,

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу явуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2022/02623 дугаар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, Нэхэмжлэгч Э.Цэрэнтогтохын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар,

Хариуцагчийн баримтаар гаргасан 2023 оны 03-р сарын 21-ний өдрийн №23/16 Ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Мөнгөнхуягийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-ийн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 сарын 21-ний өдрийн Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-ийн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 23/26 дугаар Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-ийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б хариуцагч "С М" ХХК-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэлд 18,703,000/арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг, алдангид 9,351,500/есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, нийт 28,054,500/хорин найман сая тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч "С М" ХХК нэхэмжлэгч С.Б-д холбогдуулан 200/А Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "С М" ХХК нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөж, хадгалах ямар ч боломжгүй тоног төхөөрөмжүүд суулгаснаас болж өнөөдөр манай компани их хэмжээний хохирол амссан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.Б нь сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр №200/А Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр №200/А Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№200/А Ажил гүйцэтгэх гэрээ-ий 2-ын 2.1, 2.3, 3-ын 3.5, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт хаягт байрлах 1 давхар, агуулахын барилга дотор 8/найм/ ширхэг, хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөө байгуулах ажлыг Хавсралт №1-т заасан барааны жагсаалт, төсвийн дагуу 75/далан тав/ хоногийн хугацаанд гүйцэтгэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хөлсөд нийт 333,708,000/гурван зуун гучин гурван сая долоон зуун найман мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №200/А Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэж, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь агуулах угсралтад орсон өдрөөс авахуулаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа стандарт техникийн шаардлагын дагуу ажиллаагүй ба бүр нэг ч удаа асалгүй 2 жил гаруй болох гэж байна, сонгино хөргүүрийн зориулалтын дагуу ажиллаагүйгээс болж өмхийрч муудсан гэж маргаж байна.

 

Гэрээний 2-ын 2.3-т Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 70%-ийг урьдчилж төлөх, 30%-ийг ажил бүрэн дуусч, актаар хүлээлцсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор бүрэн төлнө. гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000/тавин сая/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 80,000,000/наян сая/ төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийн ажлын хөлсөд Мерседес бенц Эс500 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж, нийт 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг төлсөн талаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргахгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн нийт 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөг нь Гэрээнд заасан ажлын хөлсний 94/ерэн дөрөв/ хувьтай тэнцэж байна.

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар 30%-ийг ажил бүрэн дуусч хүлээлцсэн өдрөөс хойш 3/гурав/ хоногийн дотор төлнө гэжээ.

 

Хариуцагч нь агуулах угсралтад орсон өдрөөс хойш бүр нэг ч удаа асалгүй 2/хоёр/ жил гаруй болох гэж байна гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээнд заасан ажлын хөлсний 94/ерэн дөрөв/ хувийг төлж, хүнс хадгалах, хөлдөөх агуулахад мах, сонгино хадгалсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ болон Хавсралт №1-т заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь гэрч А.Н, Л.Д нарын гэрчийн мэдүүлэг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл болон Гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ... гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ... дотор гаргана ... гэж заасан.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь агуулахыг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байх боловч агуулахад мах, сонгино зэргийг хадгалуулсан байх тул ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т Талууд өөрөөр тохиролцоогүй бол ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.3-т зааснаар гэрээний нийт үнийн дүнгийн 70%-ийг урьдчилж төлөх, 30%-ийг ажил бүрэн дуусч хүлээлцсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор бүрэн төлөхөөр заасан байх ба хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 18,703,000/арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй алдангид 9,351,500/есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 3-ын 3.5-д зааснаар ажлыг 75/далан тав/ хоногийн хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэхээр заасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөргөх болон хөлдөөх агуулахыг ашиглалтад оруулах комиссын акт, Сорилтаар шалгасан актаар нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан.

Гэрээний 3-ын 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал хариуцагчийн гэм буруугаас болоогүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 9,351,500/есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 18,703,000/арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9,351,500/28,054,500-18,703,000=9,351,500/ /есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр "М Э У" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гэрээнд заасан ажлыг "М Э У" ХХК-иар шинээр гүйцэтгүүлсэн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулснаас хойш 2/хоёр/ жил 9/ес/ сарын дараа "М Э У" ХХК-тай Ажил гүйцтгэх гэрээ гэх гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгчийн Гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг " М Э У" ХХК-иар шинээр гүйцэтгүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөд шилжүүлсэн 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээнд заасан ажлыг хөлсийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчээс 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 200/А Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаж, 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "С М" ХХК-иас нийт 18,703,000/арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид С.Б-д олгож, үлдсэн 9,351,500/есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "С М" ХХК-ийн 200/А Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаж, 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,222 төгрөгийг, хариуцагч "С М" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,732,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "С М" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 251,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "С М" ХХК-иас нийт 18,703,000/арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид С.Б-д олгож, үлдсэн 9,351,500/есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "С М" ХХК-ийн 200/А Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаж, 315,005,000/гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,222 төгрөгийг, хариуцагч "С М" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,732,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "С М" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 251,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ