Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01836

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр Дуга210/МА2023/01836

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/01703 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.*******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,054,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж, 315,005,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээгээр "******* ******* ХХК-ийн ******* дүүргийн 22 дугаар хороо, аж хаягт байрлах 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөө байгуулах ажлыг 75 хоногт буюу 2020 оны 08 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр тохирсон. Бид ажлыг чанарын гүйцэтгэлтэй хугацаанд нь хийж дуусгасан. Гэрээний 4.1-д зааснаар гэрээт ажлыг 333,708,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд гэрээний 2.3-т зааснаар захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг урьдчилан төлөх, 30 хувийг ажил бүрэн дуусч, актаар хүлээлцсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор төлнө гэж заасан. Хариуцагч нь гэрээт ажлын төлбөр 333,708,000 төгрөгөөс 18,703,000 төгрөгийг төлөөгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай компанийг хохироосоор байна.

 

1.2. Ажил гүйцэтгэх гэрээний 7.2, 7.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 9,351,500 төгрөгийн алданги хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,703,000 төгрөг, алданги 9,351,500 төгрөг, нийт 28,054,500 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж С.*******д олгож, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 ******* ******* ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл таван жилийн хугацаатай, ******* дүүргийн 33 дугаар хороо, ******* 27 дугаар гудамж, 74-2 тоотод байрлах 1140 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Буман-Эрдэнэ, Ц.Баярмагнай нартай эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, түүний дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Уг гэрээний дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр ******* ******* ХХК нь С.*******тэй 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200/А тоот гэрээг байгуулж, гэрээгээр захиалагчийн ******* дүүргийн 22 дугаар хороо, ******* 27 дугаар гудамжинд байрлах 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалттай агуулах байгуулах ажлыг 75 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 333,708,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан.

2.2.Гэрээний 2.3-т заасны дагуу ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгээс 280,000,000 төгрөг, мөн тоног төхөөрөмж худалдан авсан газартаа мөнгө өгөх хэрэгтэй байна гээд нэхэмжлээд байхаар нь 45,000,000 төгрөгт Бенз S500 маркийн автомашиныг бодож, нийт 325,000,000 төгрөгийг төлсөн.

2.3.Гэвч С.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. С.*******ийн хийж гүйцэтгэсэн 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан боловч хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий агуулах нь угсралтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл стандарт техникийн шаардлагын дагуу хэвийн горимоор ажиллаагүй ба нэг ч удаа асалгүй 2 жил болох гэж байна.

 

3.Хариуцагч ******* ******* ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.С.******* нь суурилуулсан тоног төхөөрөмжийг хэвийн горимд ажиллуулж өг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ гэхээр тоног төхөөрөмжийн гол ажиллуулах төхөөрөмжийг бидэнд хэлэлгүй хулгай хийж авч явсан. Улмаар БНХАУ-ын нэр бүхий компанийн 1 кг нь 50,000 төгрөгөөр зарагддаг үхрийн үнэтэй мах муудаж, ашиглах боломжгүй болж, 2 модон сагс, 2 тонн мах өмхийрч, муудсан. Үүний баримт нь ирэхээр С.*******ээс нэхэмжилнэ. Мөн агуулахыг хариуцаж байсан н.Батбилэгт сонгино хадгалуулсан боловч хадгалсан сонгино хөргүүрийн зориулалтын дагуу ажиллаагүйгээс өмхийрч муудаж, хогийн цэгт хаясан. Уг сонгины эзэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 140,000,000 төгрөг нэхэмжилж байна.

 

3.2.Бид ******* дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, гомдол гаргасны дагуу хэрэг үүсч, улмаар буцааж тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, байршуулсан байдаг. Гэтэл уг тоног төхөөрөмжүүд нь өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ажиллахгүй байна.

 

3.3.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу С.******* нь өнөөдрийг хүртэл 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулах байгуулах ажлыг хийж үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 325,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, бусдын өмнө учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 352 дугаар зүйлд ажлын үр дүн ажил гүйцэтгэх гэрээнд заасан тоо, хэмжээнд тохирч байна гэж заасан.

 

4.1. Хийж гүйцэтгэсэн ажлын юу нь доголдолтой гэдгийг хариуцагч нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 0 градустай 5 ширхэг агуулах хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагч Мөнгөн Ундарга ХХК-тай байгуулсан гэрээний дагуу -25 градус бүхий агуулах нэмэлтээр хийлгэж байгаа гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд хариуцагч талаас ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаагүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 18,703,000 /арван найман сая долоон зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид С.*******д олгож, үлдсэн 9,351,500 /есөн сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-ийн 200/А Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаж, 315,005,000 /гурван зуун арван таван сая таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,222 төгрөгийг, хариуцагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,732,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* ******* ХХК-ийн ******* дүүргийн 33 дугаар хороо, ******* хаягт байрлах 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулахын өрөө байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч, ажлыг чанарын шаардлага ханган заасан хугацаанд бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн. Талууд ажлыг 333,708,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон.

6.1. Хариуцагч үлдэгдэл төлбөр 18,703,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.2, 7.3-т зааны дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 9,351,500 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, суурилуулсан тоног төхөөрөмж нь нэг ч удаа асаагүй талаар маргасан бөгөөд талууд ажлын төлбөрийн үлдэгдэл, алданги төлөх үндэслэлгүй талаар маргаагүй болно.

Шүүхийн шийдвэрээр хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 18,703,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн атал, алдангитай холбоотой тайлбар хийж маргаагүй зүйл дээр үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу төлбөгүй 615 хоног хэтрүүлсэн нь хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс талуудын маргаагүй зүйл дээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн алданги 9,351,500 өгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Алданги болон үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Харин гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаах үндэслэлтэй.

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй ба үүрэг хүлээж, алданги төлөх үндэслэлгүй болно гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг дурдаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн.

8.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, ажил хүлээлцэх актыг өнөөдрийг хүртэл үйлдээгүй, ажлаа хүлээлгэн өгч, үр дүнг гаргасан гэж байгаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Манай компани мах, сонгиныг туршилтын байдлаар хэвийн горимоор ажиллаж байгааг шалгахаар хадгалсан боловч хэвийн горимоор ажлаагүй, харин ч муутгаж, бусдын өмнө их хэмжээний хохирол учруулсныг тайлбарлан маргаж байхад шүүх буруу дүгнэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг мах, сонгино хадгалсанаараа хангаж байна гэж үзсэн нь хууль бус. Хэрэгт гэрээ дүгнэсэн акт байхгүй, талууд хэвийн журмаар ажиллаж байвал хүлээж аваад гарын үсэг зурдаггүй, энэ үйл явцын зөвтгөж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлээгүй нь хууль бус байна

8.2. Шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа нь 6 сар гэж буруу дүгнэлт хийсэн. Гомдлын шаардлага гаргах хугацааг тоолж эхлэхдээ заавал ажил хүлээн авснаас хойш тооцон тоолохоор хуульд тусгайлан заасан байхад өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй талаар маргаж байхад ажлыг хүлээлгэж өгсөн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Гомдлын шаардлага гаргаагүй нь хууль бус гэж дүгнэж байгаа нь хууль бус байна.

8.3. Гэрээний 2.3-т заасны дагуу 233,595,600 төгрөгийг төлсөн. Гэтэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байж нэхсээр байгаад 315,000,000 төгрөгийг авсан. Үүнийг шүүх төлбөр төлсөн нь ажлаа хүлээлгэж өгсөн байж болзошгүй мэтээр дүгнэсэн нь хууль бус юм. Бодит байдалд төлбөрийг түрүүлж шаардсаар байгаад авсан бөгөөд автомашиныг 65,000,000 төгрөгт бодож өгсөн байхад шүүх баримтгүйгээр 45,000,000 төгрөгт өгсөн, одоо 18,700,000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.4.Хэрэгт үүнийг нотлох зорилгоор гэрчүүд асуулгах, нотлох баримтууд гаргаж өгөх хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүдийг болон ******* ******* ХХК-ийн захирал Ё.Ууганбаяр намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох боломжийг хангаагүй, шүүх хуралдаан хойшлуулаагүй, гомдол гаргах эрхгүй захирамж гарган хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус байна.

8.5. Хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтуудыг хүлээж аваагүй, цуглуулж бүрдүүлэх боломжоор хангаагүй.

8.5.а. Шинээр ажиллагаатай тоног төхөөрөмжүүд тавьж байгаатай холбогдуулан тоног төхөөрөмжийн зураг, суурилуулаад ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжийн фото зургуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримтыг үнэлээгүй. Уг баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэх, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоор хангаагүй.

8.5.б. С.******* нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн С.******* нь гэрээний дагуу ажлыг дутуу гүйцэтгэсний дараа 8 ширхэг, хүнс хөлдөөж хадгалах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн удирдлага түлхүүрийг хулгай хийж авч явснаас болж 7 хоног ажиллаагүй. Үүний дагуу компаниас ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, цагдаагийн мөрдөгч шалгах явцад С.******* авчирч өгсөн. Агуулахад хүнс хадгалах зориулалт бүхий хөргүүрийн тоног төхөөрөмж нь ажиллагаагүйгээс болж БНХАУ-ын нэр бүхий компанийн мах муудаж, ашиглах боломжгүй болон 2 модон сагс, 2 тонн мах өмхийрч, муудсан. Энэ тухай хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

8.5.в. С.*******ийн барьсан агуулахад хадгалагдаж байсан сонгино нь хөргүүр хэвийн температурт хадгалалт хийж чадаагүйн улмаас муудсан. Үүний хохирлыг иргэн Э.Цэрэнтогтох нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэхүү хохирол үүсэх болсон шалтгаан нь сөрөг нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал үүсч, С.*******ийн ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжөөс бүрэн шалтгаалсан. Уг сонгино юунаас болж муудсан болохыг тогтоох, хөргүүрийн ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгдэхээр байна. Түүнчлэн Э.Цэрэнтогтохын сонгино муудсан шалтгаан нь хөргүүрийн удирдлагын системийг авч явсантай холбоотой, мөн хөргүүр огт ажиллахгүй болсон эсэхийг тогтоох юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар зааснаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй, үүнийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо тайлбарласан шийдвэрийг бичгээр гаргаагүй.

8.5.г. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар менежер Г.Батбаатар, хянагч Ч.Батжаргал нарыг асуулгах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хуралдаанд шийдвэрлэхдээ өмнө нь гэрчүүдийг асуулгах хүсэлтийг гаргаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын мэтгэлцээнээс хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой нотлох баримт цуглуулж бүрдүүлж өгөх нь хуулиар олгосон эрх байтал уг эрхийг хангалгүй зөрчиж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад хүргэж байна.

8.6. Энэ хугацаанд суурилуулсан гэж танилцуулж, агуулахыг хариуцаж байсан н.Батбилэг сонгино хадгалуулсан боловч хадгалсан сонгино хөргүүрийн зориулалтын дагуу ажиллаагүйгээс муудаж, хогийн цэгт хаясан. Уг сонгины эзэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 140,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Түүнчлэн ******* ******* ХХК нэхэмжлэл гаргах байтал, гэрээг тус компаниар байгуулсан. Гэтэл С.*******д 18 сая төгрөгийг төлөх төлбөрийг үүргийг шүүх үүсгэж байгаа нь хуульд үл нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1.Хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсон. Анхан шатны шүүх хариуцагч талд хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх хангалттай хугацаа олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ё.Ууганбаяр захирлыг оролцуулаагүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

9.2.Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа 6 сар бөгөөд энэ хугацаанд шаардлага гаргаагүй. Хариуцагч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш амаар болон бичгээр гаргасан тайлбартаа доголдлын талаар мэдэгдэж байсан, албан бичиг хүргүүлж байсан гэж маргадаг боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй.

9.3.Нэхэмжлэгч тал 2023 ны 04 дүгээр сард шүүхийн журмаар дүрс бичлэгт үзлэг хийлгэсэн. Үзлэгээр хариуцагч тал өөрсдийн оролцуулахгүй хийж болохыг мэдэгдсэн. Тухайн үзлэгээр хөргүүр 1 жилийн хугацаанд доголдолгүй, хэвийн ажиллаж байсан ба тус зоорийг түрээслүүлж байсан зэрэг нотлогддог. ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн хүлээн авсан талаар шүүх зөв дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч тал хариуцагчид боломжит хугацаа олгосон гэж үзэж байна.

9.4.Бенз маркийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд хариуцагч 65,000,000 төгрөгийн үнийн дүнтэй талаар хариу тайлбартаа дурдаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 18,003,000 төгрөг, алдангид 9,351,500 төгрөг, нийт 28,054,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 315,005,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

3.Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-гээр С.******* нь ******* дүүргийн 33 дугаар хороо, ******* хаягт байрлах, 1 давхар агуулахын барилга дотор 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий өрөө барьж ажлын 75 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 333,708,000 төгрөг төлөх нөхцлийг талууд харилцан тохиролцжээ. /1хх 6-7/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд 315,005,000 төгрөг хүлээж авсан, үлдэх төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 18,003,000 төгрөг, уг үүргээс хэтэрсэн хугацааны алданги тооцон 9,351,500 төгрөг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч тал эс зөвшөөрч, ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэл заан татгалзаж, талууд маргасан байна.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлстээс мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Г.Батбаатараас авсан гэрчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. /1хх-87-94/

 

6.Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэл болно.

6.1.Хэргийн нотлох баримтаас үзвэл, ******* дүүргийн 33 дугаар хороо, ******* 27 дугаар гудамж, 74-2 тоод хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль өмчлөгч нар нь ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө байна. /1хх61-66/ Уг барилга дотор 8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулах барих ажлыг гүйцэтгэх, ажлыг акт үйлдэн хүлээлгэж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.

6.2.Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэх тайлбараа нотлохоор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон Хөргөх болон хөлдөөх агуулахыг ашиглалтад оруулах комиссын акт, Сорилоор шалгасан акт гэх баримтыг шүүхэд гарган өгсөн байна. /1хх-33-34/ Уг баримтад гэрээний талуудын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүх үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч Н.Бүрэнжаргал гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

6.3.Харин талууд гэрээний дагуу акт үйлдэн ажлыг хүлээж аваагүй боловч хариуцагч ажлын дүнг бодит үйлдлээр хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбар, гэрч А.Наранбаатар, Л.Даваадалай нарын мэдүүлэг, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, бичгийн нотлох баримт болох зэрэг нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдож байна. /1хх-118-120, 195-197, Тодруулбал, хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшилд агуулах байдаг, мөн тус агуулахыг бусдад түрээслэн ногоо хадгалуулж байсан болох нь ...8 ширхэг хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий агуулах нь угсралтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл стандарт техникийн шаардлагын дагуу ажиллаагүй ба 2 жил гаруй болох гэж байна. Агуулахыг хариуцаж байсан манаач н.Батбилэг сонгино хадгалуулсан байсан боловч хадгалсан сонгино хөргүүр зориулалтын дагуу ажиллаагүйгээс болж муудаж, хаясан гэх өөрсдийнх нь тайлбар, мөн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хариуцагч талыг хүлээж авсан гэж үзэх тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас 18,003,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

6.4.Харин алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч нь гэрээний 3.5-д зааснаар ажлыг 75 хоногийн хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Уг үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь алданги авах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас алдангид 9,351,500 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй байна.

 

7.Хариуцагч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ доголдолтой ажил хүлээлгэж өгсөн, доголдлоо засахыг мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй, өөр этгээдээр доголдлыг арилгуулсан гэж тайлбарлажээ.

 

8.Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

8.1.Тодруулбал, талуудын маргаж буй хүнс хөлдөөж, хадгалах зориулалт бүхий өрөө хийх ажлыг хийх обьект нь хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байснаас гадна гүйцэтгэсэн ажлын чанар, доголдолтой байсан гэх татгалзал нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

8.2.Түүнчлэн, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага нэхэмжлэгч талд гаргаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг доголдолтой ажил хүлээлгэж өгсөн гэх боловч доголдлын талаар мэдэгдэж байсан, шаардлага хүргүүлж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах эрхийг хариуцагч хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ.

8.3.Хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Учир нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 23/16 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр нэхэмжлэгч Н.*******ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй юм.

Хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэхээр байна. Учир нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн Мөнгөн эрдэнийн ундарга ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 23/16 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр нэхэмжлэгч Н.*******ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. Мөн хариуцагч нь доголдолтой холбоотойгоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээ эдлэх боломжтой байжээ.

 

9.Дараах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

9.1.Тодруулбал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Г.Батбаатар, Ч.Батжаргал нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

9.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг С.*******ээр сольсон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч талаас С.*******тэй гэрээ байгуулсан талаар шүүхэд тайлбар гаргасан байх тул ... ******* ******* ХХК нэхэмжлэл гаргах байсан, С.******* шаардах эрхгүйгэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

9.3.Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Ууганбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Ч.Мөнхцэцэг, Д.Хишигбаяр, С.Далайцэрэн, Х.Батсуурь нарт итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлээсээ татгалзаагүй тул шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хуулийн үндэслэлгүй.

9.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тохиолдод шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус зохицуулсан. Э.Цэрэнтогтохын нэхэмжлэлтэй Ё.Ууганбаярт холбогдох гэм хорын хохиролд 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

10.Анхан шатны шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/01703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т гэж өөрчлөн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 315,005,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 164,566 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,732,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД